Эх, үрийн холбоог насан туршдаа мэдэрч эхийн цагаан сүүгээр гангарч болно гэвэл та итгэх үү. Б.Дөлгөөнзул гэдэг бүсгүй эхийн сүүг үнэт эрдэнэ болгон хувиргаж гоёл чимэглэлийн бүтээл урлах технологийг Монголд нэвтрүүлээд удаагүй байна. Шинэлэг сонин атлаа үнэ цэнтэй содон бүтээлээр ариун хайрын амин холбоогоо үүрдийн болгохыг хүссэн ээжүүд олон болжээ. Б.Дөлгөөнзултай шинэ технологийн бүтээгдэхүүнийх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу. Зуны тэргүүн сарын шинийн нэгний мэнд хүргэе. Та хүний хөхний сүүгээр гоёл чимэглэлийн бүтээл урлах санаагаа анх хэзээ олсон бэ?
-Баярлалаа. Үртэй бүхэн соёолж, үндэстэй бүхэн цэцэглэж буй урин зуны мэндийг танай сонины уншигчдад дэвшүүлье. Би охиноо төрүүлээд хүүхдээ хөхүүлж суухдаа эхийн сүүг орлуулах эрдэнэ гэж байдаггүй гэдэг үгийг гэнэт бодсон. Миний охин одоо нэг ой есөн сар хүрч байна л даа. Тэгээд энэ хугацаанд дахин давтагдашгүй энэ эрдэнийг яаж мөнхлөх вэ, яаж удаан хадгалах вэ, яаж гарт баригдахуйц бодит эрдэнэ болгох вэ гэж бодож эхэлсэн. Аливаа зүйлийг ухаж төнхөж, эрэл хайгуул хийдэг зандаа хөтлөгдөж энэ тухай судалсаар байгаад гадаадын оронд хөхний сүүгээр гоёл чимэглэл хийж болдгийг мэдээд маш их олзуурхсан. Эх, үрийн нандин холбоог үргэлж холбож байх чамин зүүлттэй болохыг хүсэж АНУ-руу захиалга өгөн, хөхний сүүгээ явуулсан л даа. Надтай адилхан хүсэлтэй ээжүүд олон байгаа даа гэсэн бодлын үүднээс энэ төрлийн бизнесийг эх орондоо авчирч яагаад болохгүй гэж гэсэн санаа төрсөн. Энэ санаа минь хэрэгжиж эхийн цагаан сүүтэй бизнесийнхээ үүд хаалгыг нээгээд хэдхэн хонож байна даа. Нөхөр маань сонсоод маш их урам зориг өгч дэмжсэн. Аав, ээж минь ч “Ариун цагаан сүү гэдэг утгаараа их бэлгэшээлтэй юм аа” гээд их бэлгэшээж хүлээж авсан шүү. Харин хүмүүс эхийн сүүгээр гангараа хийнэ гэхэд эхэндээ маш их гайхаж хүлээж авсан шүү.
-Та эдийн засагч мэргэжилтэй хүн болохоор эрсдэл болоод эрэлт нийлүүлэлтийг нарийн тооцсон байх. Одоогийн байдлаар хэчнээн хүн холбогдоод байна вэ?
-Одоогийн байдлаар 300-аад хүн холбогдож асуусан. Үүний 10-20 хувь нь захиалгаа өгсөн. Би ашиг гэхээсээ илүү захиалагчдынхаа сэтгэл ханамжид анхаарахыг хичээсэн. Учир нь би анх захиалсан зүүлтээ хүлээж аваад маш их догдолж баярласан байхгүй юу. Миний хүлээж төсөөлж байснаас илүү гоё чамин, хайр цацарсан зүүлт ирсэн л дээ. Энэ зүүлт миний хөхний сүүгээр бүтсэн гэж бодохоор л өөрийн эрхгүй сэтгэлж хөдөлсөн. Энэ мэдрэмжийг үртэй, эхтэй хүн болгон аваасай гэж хүссэн. Мөн онцолж нэг зүйл хэлэхэд нэг эхийн сүүгээр олон бүтээл хийхгүй. Цор ганц хувь, дахин давтагдашгүй бүтээл хийнэ.
-Олон эмэгтэйчүүд хөхний сүү нь муудчихгүй юу, яаж хадгалж, хэдий хэмжээний сүүгээр ямар технологиор хийдэг юм бэ гэж сонирхож байгаа байх?
-Би энэ бизнесийг Монголд оруулж ирснээс хойш охиндоо нэг зүүлт хийсэн. Хэзээ нэгэн цагт охиндоо хийлгэнэ дээ гэж бодоод өөрийнхөө хөхний сүүг хөлдөөгөөд хадгалчихсан байсан юм. Хөхний сүүгээр нэг зүүлт хийхэд 50-100 грамм сүү ордог. Тиймээс бид тухайн хүнийхээ хөхний сүүг богино хугацаанд тусгай бодис хольж хоёр хоног хатаадаг. Хатаасан сүүгээ хатуу биет буюу үнэт эрдэнэ болгоход бас нарийн технологи ордог. Энэ нь 2-3 хоног шаардагдана. Технологийн ноу-хау гэж зүйл байдаг учраас холигч бодис зэргийн талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй.
-Тэгэхээр захиалагчдын гарт хэдий хугацааны дараа очих вэ, мөн гинж нь ямар орцтой вэ?
-Захиалснаас хойш 5-7 хоногийн дараа гардаг. Гинж, кулон нь 925 сорьцтой мөнгө тул ямар нэгэн харшил өгнө гэж санаа зовох зүйлгүй. Эмэгтэйчүүдийн хөхний сүүний найрлага идсэн уусан зүйлээсээ хамаараад, хувь хүнийхээ онцлогоос шалтгаалаад өтгөн, шингэн, цагаан, шаргал, цэхэр гээд янз бүр байдаг л даа. Тиймээс бүтээл гарахдаа ч өнгө нь яг л тийм дахин давтагдашгүй өнгөтэй, туяатай гардаг.
-Энэ технологи дэлхийн хэдэн оронд нэвтэрсэн юм бол, хэчнээн жилийн түүхтэй, туршлагатай юм бол?
-АНУ-д үүсээд найман жил болж байгаа юм билээ. Бас Сингапурт гэр бүлийн хоёр хийдэг гэж сонссон. Гаднын оронд эхийн сүүгээр урласан гоёл чимэглэл хамгийн багадаа 600-800 мянган төгрөгийн үнэ ханштай. Хийдэг зардал нь өндөр гардаг учраас борлуулах үнэ нь ч тийм үнэтэй байдаг. Харин Монголд бид хэд дахин хямдхан үнэ өртөгтэй хийж өгч байгаа. Тийм учраас гадаадад байдаг монголчуудаас нэлээн захиалга ирсэн шүү.
-Үнэ ханш хэд вэ, онцгой урамшуулал бий юу?
-Нэг зүүлт нь 220-240 мянган төгрөгийн хооронд борлуулж байна. Манай эмэгтэйчүүд үнэ нь жаахан өндөр байна, үнийн уян хатан нөхцөл бий юу гэж их асуудаг л даа. Тун удахгүй Эх, үрсийн баяр болох гэж байна. Бид үүнтэй холбоотойгоор нэг айл гурваас дээш хүүхэдтэй бол, ихэр хүүхэдтэй бол тодорхой хэмжээний хөнгөлөлт урамшуулал үзүүлье гэж бодож байгаа.
-Хамгийн анхны захиалгаа аваад эхчүүдээс ямар сэтгэгдлүүд сонсож байсан бэ?
-“Үр хүүхдүүд минь намайг үгүй болсон ч үеийн үед дурсаж явах нандин дурсгалтай боллоо доо” гэж баярлаж байсан. Ер нь бол эхчүүд үр хүүхдүүдээ хамгаалах сахиус гэж эх хүний хайр шингээж хийлгэдэг нь надад сайхан санагддаг. Чанар эдэлгээний хувьд насан туршийн баталгаа өгөх тул үр хүүхдээс ач, зээ нарт ч өвлөгдөж явах нандин эрдэнэ болох юм шүү. Бас нэгэн үйлчлүүлэгч маань “Ээж минь надад хөхний сүүгээ сааж нэвчээсэн алчуур биед минь байнга зүүлгэдэг байсан. Сүү нэвчээд дарайгаад хатчихсан алгын чинээ алчуурыг үнэрлээд явахад сэтгэл ариусах шиг санагддаг. Эхийн сүү гэдэг ямагт үрээ хамгаалж байдаг сахиус юм даа” гэж хэлсэн нь надад улам их хүч бэлэглэсэн шүү.
-Цаашид зүүлтнээс гадна ямар, ямар бүтээл урлах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Бид зөвхөн зүүлт хийж байгаа бол тун удахгүй ээмэг, бугуйвч хийх төлөвлөгөөтэй байгаа. Мөн хүмүүсээс янз бүрийн санал ирж байна л даа, хүүхдийнхээ машинд зүүх зүүлт, түлхүүрний оосор, бөгж, нялх хүүхдэд зүүлгэх сахиус хийх үү гэж асуудаг. Бид судалж байгаад боломжтой бол хийнэ. Тэр үед шаардлагатай бол ажиллах хүн хүчээ нэмэгдүүлж магадгүй. Хамгийн гол нь энд нэг зүйлийг дурдахад бид сүү гэдэг онцгой бүтээгдэхүүнээр хувь ганц хүнд зориулж хийдэг учраас үйлдвэрлэлийн шугамаар ажиллах боломжгүй, дэлгүүр нээж худалдаалах шаардлагагүй. Өрхийн үйлдвэрлэлээр л явна. Би технологийг нь суралцсан учраас өөрөө гардаж хийдэг бол манай хүн захиалга, хүргэлтэд явдаг. Бас уран дархантай, дархан маань бэлэн болсон бүтээгдэхүүнийг мөнгөнд шигтгэж, урлаж эцсийн бүтээл болгодог.
-Хэрэглэгчид бүтээгдэхүүнээ захиалахын тулд заавал та бүхэн дээр зорьж очих ёстой юу, эсвэл?
-Манайх “Сүүн цацал” нэртэй цахим хуудаст бүтээлээ тавьж эхэлсэн. Бид бүтээгдэхүүн гэхээсээ илүү бүтээл гэж хардаг. Бүтээгдэхүүн гэдэг нь олон тоогоор үйлдвэрлэж нийлүүлдэг зүйл бол бүтээл гэдэг нь цор ганц үнэ цэнтэй, ганцхан хэрэглэгчтэй зүйл шүү дээ. Хэрэглэгчийн захиалгыг хүргэлтийн ажилтан маань очиж авч болно, эсвэл саасан сүүгээ зориулалтын саванд хийгээд хүнээр өгч явуулж болно. Хүмүүс “миний сүүг хольж сольчих вий дээ” гэсэн болгоомжлол байдаг л даа. Тэр нь ч зөв. Хөхний сүүг зориулалтын саванд хийгээд овог нэр, утасны дугаараа бичээд явуулна. Бид очиж авч байгаа тохиолдолд мөн л бүх мэдээллийг нь бичиж авдаг. Хэрэв “энэ миний сүү гэдгийг яаж мэдэх вэ” гээд эргэлзэж байгаа бол таны сүүнээс дээж авч хадгалдаг тул ДНК-ийн шинжилгээнд явуулж болно. Түүгээр таны генийн мэдээлэл гарч ирдэг тул хольж сольсон ямар ч асуудал гарахгүй. Энэ бол маш том хариуцлагатай ажил тул бид ирсэн бүтээгдэхүүндээ бар код нээж хянуур, няхуур ажилладаг шүү.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )