Эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчид өөрсдийн санхүүгийн байдлын талаар хэр зэрэг өөдрөг хүлээлттэй байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2021 оны нэгдүгээр улирлын буюу шинэ тайланг “Эн-Ар-Си-Си” ХХК, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс танилцууллаа.
АНУ, Англи, Австрали зэрэг цөөнгүй улс оронд макро эдийн засгийн нэг хэмжигдэхүүн болгож ашигладаг уг судалгааг манай тухайд 2009-2014 онд жилд нэг удаа хийдэг байсан бол 2014 оноос өнөөг хүртэл улирал тутам хийж тогтмолжуулсан.
Түүнчлэн 2021 оны нэгдүгээр улирлын тайлан нь 29 дэх улиралдаа хийсэн судалгааны дүн болж байна. Энэ оны эхний улирлын судалгааг гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Улаанбаатар хот, орон нутгийн 1022 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар хамруулж, уламжлалт хэлбэрээр хийжээ.
Хэрэглэгчийн итгэлийг илтгэдэг ерөнхий индекс өмнөх оны түвшиндээ байгааг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Алтанцэцэг хэлсэн. “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн судалгааг хийхдээ ижил улиралтай харьцуулах зарчмаар, улирлын нөлөөг оруулахгүй харьцуулалт хийдэг гэдгийг тэрбээр тодотголоо.
Дараах графикаас харахад “Хэрэглэгчийн итгэлийн индекс” өмнөх 2020 оны нэгдүгээр улирлын түвшиндээ байна. 2020 оны нэгдүгээр улиралд 81 байсан бол 2021 оны нэгдүгээр улиралд 83 болсон байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС
Сануулахад, өмнөх улирлын буюу 2020 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар “Хэрэглэгчийн итгэлийн индекс” 65.1 байсан. Энэ нь жилийн өмнөхөөс буюу 2019 оны дөрөвдүгээр улирлын үзүүлэлтээс 28.8 пунктээр доогуур үзүүлэлт байв.
Тэгэхээр “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн үзүүлэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад тухайн үеийн түвшиндээ байгаа ч өмнөх улирлын судалгаатай харьцуулахад 18 орчим пунктээр өссөн хэмжээ харагдаж байна.
“Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн дотор нь бүтцийн хувьд ялгаа гарсныг Б.Алтанцэцэг профессор тайлбарлахдаа “Өнөөгийн байдлын индекс өмнөх оны эхний улиралд 49 байсан бол энэ оны эхний улиралд 36 болж буурсан байна. 2021 оны нэгдүгээр улиралд жилийн өмнөхөөс өнөөгийн төлөв байдал тааруухан болсон гэж хэрэглэгчид үнэлж байгаа юм. Харин ирээдүйн хүлээлтийн индексийн хувьд 103 байснаа 113 болж өссөн бол ойрын ирээдүйд буюу хагас жилийн хугацаанд орлого, бизнесийн нөхцөл, ажлын олдцод эерэг өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна гэдгийг харуулж байгаа юм” гэлээ.
Мөн тэрбээр “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийг улирлаар харьцуулж гаргахаас гадна хэвийн онтой харьцуулж мэдээлдэг болж буйг хэлсэн.
Бусад орнуудын туршлагыг харахад их хэмжээний дата хуримтлагдахын хэрээр тэндээсээ хэвийн онтой харьцуулдаг жишиг байдаг гэлээ. Түүнчлэн манай тухайд уг судалгааг улирлаар тооцоолоод нэлээд хугацаа өнгөрсөн учраас хэвийн онтой харьцуулан харах боломжтой болж байгаа.
Сүүлийн 20 гаруй жилийн макро эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн динамикийг шинжилж үзэхэд 2018 онд эдийн засгийн төлөв байдал хэвийн байсан гэж үзэж болохоор байгаа. Тиймээс “Хэрэглэгчийн итгэлийн индекс”-ийн улирал, улирлын утгуудыг 2018 оны индекстэй харьцуулан тооцож эхэлж буй аж.
Тэгснээр энэ индекс нь тухайн улиралд хэрэглэгч хэвийн он болох 2018 онтой харьцуулахад хэр өөдрөг, гутранги байгааг илэрхийлнэ гэсэн үг.
Сүүлийн судалгаанаас харахад, 2020 оны сүүлийн улирлын индексийг хэвийн он болох 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад гарч байсан үзүүлэлтээс 2021 оны эхний улирлыг хэвийн онтой харьцуулахад гарсан өөрчлөлт эерэг буюу 14 пунктээр өссөн үзүүлэлттэй байна.
Хэрэглэгчийн итгэлийн түвшинг бүсээр авч үзвэл Улаанбаатар хотод “Хэрэглэгчийн итгэлийн индекс” 86 байгаа бол хөдөөд 78 байна.
Улаанбаатарт улсын дундаж болох 83-аас бага зэрэг өндөр байгаа бол хөдөөгийн хэрэглэгчид хотынхтой харьцуулахад арай гутранги байгааг судалгаа харуулж байна.
Тэр дотроо бүсээр ялгаад аваад үзвэл зүүн бүсийн хэрэглэгчийн итгэл нэлээд өндөр. Харин төв болон баруун бүс, хангайн бүсэд улсын хэмжээний дундаж индексээс арай бага хэмжээнд байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛИЙН ИНДЕКС БҮСЭЭР
Мөн уг судалгаа Хэрэглэгчийн шинж чанараар ямар өөрчлөлт гарч байгааг судалдаг. Ингэхдээ амьдарч буй сууцны төрөл, боловсролын түвшин, нас, орлого, хүйсээр ангилан харуулдаг. 2021 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтээс харахад орлого багатай, боловсрол доогуур, гэр хорооллын бүлгийн иргэдийн хувьд ХИИ жилийн өмнөхөөс буурсан бол орлого өндөр, залуу, боловсрол дээгүүр, орон сууцны бүлгийн иргэдийн хувьд өссөн байна.
ХЭРЭГЛЭГЧИЙН ИТГЭЛ ШИНЖ ЧАНАРААР
Өмнөх судалгаагаар эдгээр бүлгүүд хоорондоо зөрүүтэй гарч байсан ч ерөнхий өөрчлөлт нь төстэй байдаг байсан. Тэгвэл сүүлийн улирлын судалгаагаар орлого багатай бүлгийн хувьд ХИИ нэлээн буурсан, эдийн засгийн өнөөгийн байдал, ойрын ирээдүйд итгэх итгэл нэлээд буурсан хандлагатай байна. Нөгөө бүлгийн хувьд өсөх хандлага ажиглагдсан байна.
Судалгаанд оролцсон иргэдийн талаас илүү буюу 52.5 хувь нь санхүүгийн байдал муудсан гэж хариулжээ. Цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хөл хорио, хязгаарлалт иргэдийн санхүү, орлогын хэмжээнд сөрөг нөлөөлсөн гэж үзэж болохуйц үзүүлэлт судалгаагаар гарчээ. Орлого буурсан гэж хариулсан иргэдийн 29.1 хувь нь орлого 50 хувиас илүү буурсан гэж хариулсан байна.
ӨРХИЙН САНХҮҮГИЙН БАЙДЛЫГ ЖИЛИЙН ӨМНӨХТЭЙ ХАРЬЦУУЛАХАД
Орлогын бууралт иргэдийн хувьд харилцан адилгүй байгаа бөгөөд нөхцөл байдал хаана хүнд тусаж байгааг харахад хэрэгтэй мэдээлэл гэдгийг тодотгосон.
Судалгаанаас харахад ойрын хоёр улиралд удаан эдэлгээтэй бүтээгдэхүүний буюу том худалдан авалт 2020 оны мөн үе болон дундажтай харьцуулахад нэлээд буурахаар байна.
Иргэдийн инфляцын хүлээлт ерөнхийдөө өсөх хандлагатай байна. Зургаан сарын дараа хүлээгдэж буй инфляц 7.2 хувь байгаа бол нэг жилийн дараах инфляцын хүлээлт 9.1 хувь байна.
ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ
Инфляцын хүлээлт өндөр байгаа шалтгаан нь төрөөс, Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлоготой, халамжийн бодлоготой холбоотой байж болох уу гэдгийг судлаач Б.Алтанцэцэгээс тодруулахад дараах хариултыг өглөө.
“Өмнө нь 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар мөн инфляцын хүлээлт өссөн. Дахиад нэгдүгээр улиралд үнийн түвшин өндөр байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Үүн дээр аль аль талаас нь л бодох ёстой байх. Нэг талаас иргэдийн дунд ийм хүлээлт байна гэдэг чинь Төв банкнаас бодлого явуулахдаа үүнийг тооцоолж үзэх, хэрэгтэй л болно гэсэн үг. Яагаад гэхээр хэрэв ийм үнийн өсөлт бий болно гэсэн хүлээлттэй байгаа бол тэлэх бодлогын нөлөө бүр ч илүү үнийн түвшин дээр очиж буух хандлага байна гэсэн үг. Иргэдийн дунд яагаад үнэ өснө гэсэн хүлээлт бий болчихов оо гэдэгт өөрийн тань асуултын зарим хэсэг нь чиглэж байх шиг байна. Үүнийг цааш нь дахиад нарийн судлах л ёстой. Бэлэн мөнгө тараах бодлого нь барааны үнийг хөөрөгдөх, эрэлтийг өсгөх магадлалтай гэсэн хүлээлт байж болно. Нөгөө талдаа цар тахлын үед энэ мэдээллийг цуглуулж байгаа. Тиймээс бас нэг нөлөөлөгч хүчин зүйл юу байж болох вэ гэхээр нийлүүлэлт талыг тооцож, судалж байж бид итгэлтэй хариулт өгөх ёстой болох байх. Ямар ч байсан эхний ээлжинд ийм хүлээлт байна аа гэдгийг бид гаргаж ирж байгаа. Яг юунаас болж ийм хүлээлт үүсэв ээ гэдэг дээр дахиад нарийн судлах ёстой болох байх. Мөнгөөр нэлээн дэмжиж буй бодлогууд, тэр тусмаа иргэдээ нэлээн хэмжээний орлогоор дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлого батлагдаж байгаа нь нэг сэжигтэй хүчин зүйл мөн. Нөгөө талаас нийлүүлэлт талын хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль нь илүү давамгайлж байгааг нарийн судлах хэрэгтэй байх” гэсэн хариултыг өгсөн юм.
Ханшийн хувьд өмнөх улирлаас буурсан хүлээлттэй. Ойрын зургаан сард ханшид их өөрчлөлт гарахгүй болов уу гэсэн хүлээлтийн дүр зураг харагдаж буй аж.
Ковидын нөхцөл байдал ажил эрхлэлт, ажлын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байна вэ. Иргэд ойрын саруудад юунд хамгийн их санаа зовж байна вэ гэдэгт чиглэсэн судалгааг мөн хийсэн байна.
Судалгаанаас харахад 1-9 ажилтантай буюу харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд хязгаарлалын улмаас үйл ажиллагаа нь “бүрэн зогссон”, “бүр ажилгүй болсон” зэрэг хариултыг өгсөн хувь нь том аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад нэлээн өндөр харагдаж байгаа. Цар тахлын нөлөө жижиг аж ахуйн нэгжүүдэд хүнд тусч байна гэсэн дүр зураг харагдаж байна гэж судлаач Б.Соёлмаа тодотгосон.
Мөн иргэдээс ирэх саруудад ямар хүндрэл бэрхшээл тохиолдож болзошгүй байна вэ гэдгийг асуухад:
Гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх, орлого буурахад хамгийн их санаа зовж байна гэсэн хариултыг өгсөн байна. Орлого багатай, ядуу иргэд эсрэг бүлэгтэй харьцуулахад гол нэр төрлийн барааны үнэ өсөхөд санаа зовж байна гэсэн хариултыг голлон өгчээ.
АЖИЛ ЭРХЛЭЛТ
Сэтгэгдэл ( 0 )