Инфляц буюу Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.6 хувь, өмнөх оны эцсээс 5.5 хувь, өмнөх сараас 2.4 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 2021 оны дөрөвдүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгджээ. 5.6 хувь гарсны 3.4 нэгж буюу 60.7 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ИНФЛЯЦ ДӨРӨВДҮГЭЭР САРД ӨМНӨХ САРААС 2.4 ХУВИАР ӨСӨХӨД:
Хүнсний үнэ дотроо мах, махан бүтээгдэхүүний үнийг авч үзье. Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2021 оны дөрөвдүгээр сард өмнөх оны эцсээс 28.6 хувь, өмнөх сараас 10.9 хувиар өссөн. Өмнөх оны мөн үеэс 17.8 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16 хувь, хонины ястай махны үнэ 22.4 хувиар өссөн голлон нөлөөлжээ.
Мах, махан бүтээгдэхүүний үнийн индекс (өмнөх оны мөн үетэй харьцуулснаар), хувь, сараар
ИНФЛЯЦ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 5.6 ХУВИАР ӨСӨХӨД:
ӨМНӨХ ОНЫ ЭЦСЭЭС 5.5 ХУВИАР ӨСӨХӨД:
Сануулахад, инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг Төв банкнаас дөрөвдүгээр сард гаргасан инфляцын тайланд бичсэн байсан.
Инфляцыг 1 нэгж орчим хувиар бууруулж байгаа шатахууны үнийн суурь үеийн нөлөө арилах, Сайжруулсан түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдаалах Засгийн газрын шийдвэрийн хэрэгжих хугацаа дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болох зэрэг нь инфляцад нөлөөлнө гэж тайлбарласан.
Эрэлтийн хүчин зүйлсийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай. Цаашид нийлүүлэлтийн шалтгаантай үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшний интервалд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байгаа гэж байсан.
Тэгвэл “Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаас үзэхэд игэдийн инфляцын хүлээлт ерөнхийдөө өсөх хандлагатай байна.
Зургаан сарын дараа хүлээгдэж буй инфляц 7.2 хувь байгаа бол нэг жилийн дараах инфляцын хүлээлт 9.1 хувь байна гэсэн судалгааны дүн гарсан.
Инфляцын хүлээлт өндөр байгаа шалтгаан нь төрөөс, Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлоготой, халамжийн бодлоготой холбоотой байж болох уу гэдгийг судлаач Б.Алтанцэцэгээс тодруулахад дараах хариултыг өглөө.
“Өмнө нь 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар мөн инфляцын хүлээлт өссөн. Дахиад нэгдүгээр улиралд үнийн түвшин өндөр байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Үүн дээр аль аль талаас нь л бодох ёстой байх. Нэг талаас иргэдийн дунд ийм хүлээлт байна гэдэг чинь Төв банкнаас бодлого явуулахдаа үүнийг тооцоолж үзэх, хэрэгтэй л болно гэсэн үг. Яагаад гэхээр хэрэв ийм үнийн өсөлт бий болно гэсэн хүлээлттэй байгаа бол тэлэх бодлогын нөлөө бүр ч илүү үнийн түвшин дээр очиж буух хандлага байна гэсэн үг. Иргэдийн дунд яагаад үнэ өснө гэсэн хүлээлт бий болчихов оо гэдэгт өөрийн тань асуултын зарим хэсэг нь чиглэж байх шиг байна. Үүнийг цааш нь дахиад нарийн судлах л ёстой. Бэлэн мөнгө тараах бодлого нь барааны үнийг хөөрөгдөх, эрэлтийг өсгөх магадлалтай гэсэн хүлээлт байж болно. Нөгөө талдаа цар тахлын үед энэ мэдээллийг цуглуулж байгаа. Тиймээс бас нэг нөлөөлөгч хүчин зүйл юу байж болох вэ гэхээр нийлүүлэлт талыг тооцож, судалж байж бид итгэлтэй хариулт өгөх ёстой болох байх. Ямар ч байсан эхний ээлжинд ийм хүлээлт байна аа гэдгийг бид гаргаж ирж байгаа. Яг юунаас болж ийм хүлээлт үүсэв ээ гэдэг дээр дахиад нарийн судлах ёстой болох байх. Мөнгөөр нэлээн дэмжиж буй бодлогууд, тэр тусмаа иргэдээ нэлээн хэмжээний орлогоор дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлого батлагдаж байгаа нь нэг сэжигтэй хүчин зүйл мөн. Нөгөө талаас нийлүүлэлт талын хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль нь илүү давамгайлж байгааг нарийн судлах хэрэгтэй байх” гэсэн хариултыг өгсөн юм.
Мөн сануулахад, Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан.
Тухайн үед, иргэдэд бэлэн мөнгө тараах нь төгрөгийн ханшийг унагах, инфляцыг өсгөх эрсдэл үүсгэхгүй юу гэдгийг асуухад Сангийн сайд “Төгрөгийн ханш 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байгаа. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс нам дор байгаа. Төв банк мэдээж зорилтот түвшнээ барихын төлөө цаашид ч ажиллана, зүгээр хараад суухгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )