Вакцин сарын тэмдэгт нөлөөлдөг үү?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

Коронавирусний эсрэг вакцин хийлгэж буй хүмүүст халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх зэрэг болзошгүй сөрөг нөлөөний талаар анхааруулдаг. Гэхдээ эдгээр нь нэг, хоёр хоногийн дараа арилдаг. Харин эмэгтэйчүүдэд сарын тэмдэгт нь өөрчлөлт гарна гэсэн анхааруулга байдаггүй.

Гэтэл сүүлийн үед дэлхий даяар эмэгтэйчүүд вакцин хийлгэсний дараа сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд өөрчлөлт орох, зовуурь мэдрэгдэх үү гэсэн асуулт тавих болжээ.

АНУ-ын Иллинойс мужийн их сургуулийн профессор Кейт Клэнси хамт ажилладаг эрдэмтэн Кэтрин Литэй хамтран өөрт тохиолдсон сөрөг нөлөөний талаар асуулга эхлүүлжээ. Маш олон эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хүчтэй эсвэл зовуурь ихтэй ирсэн талаар хариулсан байна. Лондонгийн эзэн хааны коллежийн нөхөн үржихүйн дархлал судлалын мэргэжилтэн Викториа Мэйл хэлснээр, одоогийн байдлаар энэ талаарх судалгаа байхгүй тул вакцин сарын тэмдгийн өөрчлөлтөд нөлөөтэй эсэхийг баттай хэлэхэд эрт байна. Гэхдээ вакцин тариулсны дараа бие организмд ямар нэгэн хариу үйлдэл гарч байгаа бөгөөд сарын тэмдэгт өөрчлөлт гарч байна. Гэсэн хэдий ч сэтгэл түгших шаардлагагүй гэж эрдэмтэн онцолжээ.

Эмэгтэйчүүдийн умайн салст бүрхүүл дархлааны тогтолцооны нэгэн хэсэг гэнэ. Биеийн бараг бүхий л хэсэгт байдаг дархлааны эсүүд умайн салст бүрхүүл бий болох, үйл ажиллагаа нь дэмжихэд гол үүрэг гүйцэтгэдэг байна. Вакцин хийлгэсний дараа бүхий л биеэр олон тооны химийн дохионууд гарч, дархлааны эсийн үйл ажиллагаанд нөлөөлөх боломжтой гэнэ. Тиймээс эдгээр нь сарын тэмдэгт гэнэтийн өөрчлөлт гарахад хүргэх боломжтой гэж доктор Викториа Мэйл тайлбарлажээ.

Оксфордын их сургуулийн эрдэмтэн Александра Овен мөн ийм дүгнэлттэй санал нэг байна. Түүний хэлснээр халуурах зэрэг хүний бие үрэвсэл ажиглагдахад сарын тэмдэгт өөрчлөлт орох магадлал бий.

Өмнө нь явуулж байсан судалгаанаас үзвэл халдварын улмаас үүдэлтэй үрэвсэл сарын тэмдэг илүү зовуурьтай ирэхэд хүргэдэг болохыг тогтоожээ.

Гэхдээ энэ бүх үзэгдэл хүүхэд зулбах тохиолдолтой холбоогүй гэж Викториа Мэйл онцолж байна. Жирэмсэн үед умайн салст бүрхүүлд өөр үйл явц явагддаг байна. Олон тооны мэдээллээс үзвэл вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн хүүхэд зулбах эрсдэл нэмэгдээгүй байна. Гэхдээ КОВИД-19 зэрэг халдвар өвчин ураг зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Томуугийн эсрэг вакцин хийлгэхэд сарын тэмдгийн мөчлөгийн хугацаанд өөрчлөлт орох зэрэг шинж тэмдэг ажиглагддаг байна. Гэхдээ энэ нь түр зуурынх гэнэ.

Эрдэмтэд КОВИД-19-ийн эсрэг вакцин сарын тэмдэгт нөлөөлдөг эсэхийг судлах шаардлагатай гэж үзэж байна. Цэвэршилтийн дараах үед буй эмэгтэйчүүд, дааврын бэлдмэл хэрэглэж буй трансжендер эрчүүдэд вакцин хийлгэсний дараа цус гарах шинж тэмдэг илрэх тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс энэ нь хорт хавдар зэрэг сэтгэл түгших асуудал биш гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top