Э.Тамир: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар төр, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны сайн жишээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Тамиртай ярилцлаа.


-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар 2021 онд хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байгаа вэ. Энэ жилийн хувьд КОВИД-оос болоод олон ажил зогсож байна. Танай агентлагийн ажил хэр байгаа бол?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар энэ онд хийхээр төлөвлөсөн олон ажил графикийн дагуу эхнээсээ ажил хэрэг болоод явж байна. Азийн хөгжлийн банк болоод ЖАЙКА-гийн хоёр том төсөл хэрэгжинэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Архангай гэсэн зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв баригдана. Одоогийн байдлаар тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон.

-Энэ аймгуудаа хэрхэн сонгосон бэ?

-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн 2050 хөтөлбөртэй уялдуулан эдгээр аймгуудыг сонгосон юм. Энэ аймгуудад портезийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөн болон хөдөлмөр засал зэрэг үйлчилгээг орон нутагт нь үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийн заавар зөвлөгөөг тэнд нь өгнө. Манай агентлагийн харьяанд Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв, Сэргээн засах эмнэлэг, Портезийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв гээд газрууд бий. Гэсэн ч эдгээр том төвүүдийн үйлчилгээг авч чадахгүй иргэд орон нутагт амьдардаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ойртож тусалж, дэмжихийн тулд анхан шатны тусламж үйлчилгээг орон нутагт нь төвлөрүүлэх нь зөв гэж үзсэн. Гэрээний дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд барилгын ажил дуусаж ашиглалтад орно.

ЖАЙКА-гийн төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих юм. Энэ нь хүрээнд тав, зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ерөнхий судалгаа хийгдэнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ногдох байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулах заалтын хэрэгжилтийг судална. Судалгааны дараа сургалтын ажлууд эхэлнэ. Ажилд орох гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сургахын зэрэгцээ ажилд авах компаниудтай нь хамтран тохируулгатай ажлын байрыг бий болгоно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан инкубатор төв барина гэсэн үү?

-Тийм. Энэ онд нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих найман давхар инкубатор төвийг барина. Тухайлбал, гар утас засварчнаас эхлээд энэ төвөөрөө дамжуулан тухайн иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л ажлыг хийнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдаад гурван жил болж байгаа, харьцангуй шинэ газар. Шинэ учраас хууль эрх зүйн орчин талаасаа дутагдалтай тал бий. Бид боловсон хүчин, ажиллах хүчийг бэлдэхийн тулд нэгдүгээрт, байр саваа бэлдэх ёстой. Хоёрдугаарт, ажиллах хүчээ сайн бэлдэх шаардлагатай. Гуравдугаарт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийн томоохон өөрчлөлт оруулах саналаа нэгтгээд, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар зэхэж байна. Түүнчлэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг мөн өргөн барина. Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай ярихад хамгийн түрүүнд хүртээмжийн тухай асуудал яригдана. Зам талбайн зохицуулалт, налуу замаас эхлэн олон асуудал бий. Энэ бүхнийг тусад нь хуульчилж өгөхөөр ажиллаж байгаа. Хууль эрх зүй, боловсон хүчин, дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил ид явагдаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээ хэр хүрч ажиллаж чадаж байгаа бол?

-Ерөнхий газрын хувьд харьяа газруудаараа, жишээлбэл, Сэргээн засах төвүүд маань байнга хүмүүсээ аваад үйлчилгээгээ үзүүлээд явж байна. Мэргэжлийн боловсрол, сургалт үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй 150 оюутан суралцдаг. Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв бол хараагүй хүмүүсээ ажиллуулаад явж байгаа. Манай агентлаг 389 ажилтантай. Үүний гуравны нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Мөн бид салбар дундын зохицуулалтыг хариуцах ёстой. Яамдын дэд сайд нар, орон нутгийн Засаг дарга нар Хөгжлийн бэрхшээлтэй хүний орон тооны бус салбар зөвлөлийг тэргүүлдэг. Тиймээс бид байнгын мэдээ, мэдээллээр хангах, тэднээсээ хэрхэн ажиллах төлөвлөгөөг нь авах, эргээд ажлыг нь үнэлдэг. Төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хамгийн сайн жишээ бол манай агентлаг гэж би боддог. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөө бидэнтэй хамтарч ажилладаг 150 гаруй төрийн бус байгууллага байдаг. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийн хурлаар саяхан Хөгжлийн брэхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд нэг хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг 10 сая төгрөгөөр үнэлээд сонгон шалгаруулалт нь явагдаад долоодугаар сараас санхүүжилтийг нь өгөхөөр болсон. КОВИД-ын үед ТИКА, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэг авч байнгын асаргаатай байдаг хүмүүстээ анхан шатны хэрэглээний багцыг гэрээр нь очиж тараасан. Мөн 60 гаруй байгууллагад 36 сая төгрөгийн ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлсэн. Энэ ажил маань долоодугаар сарын 1 хүртэл үргэлжилэх ёстой.

-Төрийн  зүгээс бодлогын түвшинд хэр дэмжиж байгаа вэ. Хуучин бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөвхөн гэртээ асаргаанд байдаг, хөдөлмөрлөх боломжгүй гэсэн ойлголттой байсан?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай байлгах, бие даан амьдрах боломжийг нь бүрдүүлэх тал дээр анхаарч байна. Жишээлбэл, төрийн бус байгууллагуудтай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өглөө гэрээс нь авч ажилд нь хүргээд, орой ажлаас нь авч гэрт нь хүргэдэг үйлчилгээг үзүүлж байгаа. Ингэснээр бас тусдаа хүмүүсийн ажлын байр бий болж байна гэсэн үг. Төрийн дэмжлэгийн тухайд харьцангуй сайн байгаа гэж хэлнэ. Агентлаг байгуулагдаж бүх шатны оролцоог нь дэмжиж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст багшилж байгаа багш нар, асарч байгаа сувилагч нарт цалингийн 20-30 хувийн нэмэгдэл өгөхөөр болсон. Энэ нь мэргэшсэн боловсон хүчнээ тогтоож барихад их дэмтэй зүйл болж байна. Үндэсний зөвлөлийг маань А.Ариунзаяа сайд ахалдаг. Сайдын зүгээс маш онцгой анхаарч ажиллаж байгааг хэлэх нь зөв.

-Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд аль болох түлхүү оролцуулах гэж ажиллаж байгаа юм байна, тийм үү?

-Тийм. Нийгмийн харилцаанд оруулахын төлөө ажиллана, өөрсдийг нь бэлдэнэ. Мөн нийгмийн хандлагыг өөрчлөх тал дээр ч тогтмол ажлуудыг хийж байна. Энэ тал дээр хамтарч ажилладаг төрийн бус байгууллагууд маань маш сайн дэмжлэг үзүүлдэг. Азийн хөгжлийн банкны төсөл, орон нутагт ажиллах хүмүүсийн чадамжийг нэмэгдүүлэх зэрэг төслүүд төрийн бус байгууллагууд бүгд долоо хоног бүрийн баасан гарагт тайлангаа тавьдаг. Төр, бизнесийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг маш сайн хангаж ажиллаж байгаа.

-Хоёр хуулийн төсөл бэлэн болж байгаа гэсэн. Яг ямар ямар өөрчлөлт оруулахаар зорьж байгаа вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 онд батлагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг боловсрол эзэмшүүлэхийг Боловсрол шинжлэх ухааны яам хариуцна гэсэн зэрэг ерөнхий заалттай байсан. Эдгээрийг илүү сайн нарийвчилж өгч байгаа. Хүртээмжийн тухай хуулиар нийгмийн амьдралд бусадтай адил эрх тэгш оролцох эрхийг нь хангаж, хуульчилж өгч байгаа юм. Хэрэв түүнийг нь хангаагүй бол стандарт биш цаашлаад бүр хууль зөрчиж эхэлнэ гэсэн үг. Илүү, нарийвчлалтай, илүү хяналттай, тэр хүмүүсийг амьдрах боломжийг нээж өгнө гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд хуулиудын төсөлд идэвхтэй оролцож, саналаа өгч байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ерөнхий газартаа ханддаг байх. Иргэдийн зүгээс тавьдаг санал, асуудлуудын дийлэнх нь юу байдаг вэ?

-Иргэд маань олон зүйлийн хүрээнд бидэнд ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн шаардлагыг хангасан барилга байгууламж манай нийслэл, орон нутагт маш бага байдаг. Дээрээс нь цар тахлын үед албан байгууллагууд санхүүгийн хүндрэлд ороход хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажлаас чөлөөлж байх жишээтэй. Дээрээс нь хөдөлмөр эрхлэлт, халамжийн бодлого зорилтот хэсэгтээ очиж байна уу гэдгээс эхлээд олон зүйл бий. Хуулийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахгүй бол улсад хураамж төлдөг. Энэ хураамж 2019 онд 1-2 тэрбум байсан бол 2020 онд 8.3 тэрбум болсон. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн ойлголт сайжирах тусам хураамж төлөх нь нэмэгдэж байна. Энэ 8.3 тэрбумаас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ажлын байрыг дэмжих, нэмэгдүүлэх, сэргэлт гээд олон ажилд 4.3 тэрбумыг нь зарцуулаад байгаа. Үүнийг бүтнээр нь эргээд тэдэндээ зарцуулаач гэсэн санал нэлээд ирдэг. Энэ мэтчилэн тулгамдаж байгаа бүхий л асуудлаар манай агентлагт ханддаг. Нэг зовлонтой юм бий. Юу гэхээр манайх бодлогыг хэрэгжүүлэгч агентлаг учраас тохируулагч агентлаг шиг ямар нэгэн торгууль тавьж чаддаггүй, эрх зүйн байдал сул. Тиймээс чадахаараа хариуцаж байгаа байгууллагуудад нь уламжилдаг. Жишээлбэл, бид сонгуульд оролцож байгаа намуудад та нар тараах материалаа ингэж хийгээчээ гэдэг зөвлөмжийг өгдөг. Сонгуулийн ерөнхий хороонд гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ирж саналаа өгөхийн тулд байрыг нь ингэж засаачээ гэх мэтчилэн хамгийн ойрын жишээ болох сонгуулиар жишээлэхэд ийм байна. Агентлагийн зүгээс 16 яаманд хүртээмжийн үнэлгээ хийхэд тав яам л хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй гэж гарсан тул Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандаж яам бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулаачээ гээд хандсан байгаа. Энэ мэтчилэн иргэддээ чиглэсэн ажлуудыг цаг алдалгүй явуулахыг хичээж байна. Цаашдаа энэ агентлаг маань илүү чадавхижаад, хууль эрх зүйн орчин нь шинэчлэгдээд ирэхээр маш сайн ажиллаж чадна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэших, боловсрох боломжийг хэр хангаж өгдөг вэ?

-Бид нэгдүгээрт, сургуулиудын хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай. МУИС-тай гэрээ хийж, хамтарч ажилладаг. Харьцангуй олон хүмүүс суралцдаг учраас бид багш нарт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон сургалтыг нь ордог. Цар тахлын үетэй холбогдуулан бид сургалтуудаа, МСҮТ-ийн хичээлүүдээ цахим хэлбэрт шилжүүлсэн. Бидний гол зорилго бол бүх сургуулиудыг хүртээмжтэй болгочихвол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг төвлөрүүлэхээсээ илүүтэй тэднийг нийгмийн амьдралд оруулахын тулд хүртээмж, багш нарыг нь бэлдэх юм.

-Өөрсдийнх нь сурах, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхол хэр байдаг вэ?

-Маш их байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг Эмнэлэг магадлах комиссоос тодорхой дүгнэлт нь гардаг. Тэгэхээр тэр хүнд зориулсан яг ямар ажил байх вэ гэдэг нь энэ ЖАЙКА-гийн төслийн үр дүнгээр гарах юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв үүнд чиглэж байгаа. Би хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, дауны синдромтой гээд хүмүүс маань ирэхэд тэдэнд зориулсан ажлын байрыг бий болгож, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвдөө тухайн хүнээ бэлдэнэ. Нэг ёсондоо дадлагажсан хүмүүсийг ажлын байранд зуучлах ажил яг одоо л эхлэх гэж байна. Өмнө нь бол сургалтын түвшинд л хийгдэж байсан бол одоо дадлагажигч багш нарыг бэлдэж эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн гэртээ тусгаарлагдлаа гэхэд түүнийгээ дагаад нэг хүн заавал асрах шаардлага гардаг. Тиймээс тухайн өрхийн орлого маш хүнд байдалд ордог. Тиймээс бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ аль болох л ажилтай байлгах тал дээр анхаарч ажиллаж байна гэсэн үг.

-Өнгөрсөн долоо хоногт ХБХХЕГ-ын алба хаагчид амралтын газар, ажлын цагаар архи дарс хэрэглэж байна гэсэн мэдээлэл гарсан. Цар тахлын үед хаагуур нь яаж яваад тийм юм болоод байна вэ. Мөн үнэтэй машин худалдаж авсан гэх юм. Мөн уралдааны шагналаа өгөөгүй гэж ч байх шиг?

-Би 2020 оны есдүгээр сард энэ албанд томилогдоод даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. Тэр яваад байгаа бичлэг 2020 оны тавдугаар сарынх юм билээ. Тухайн үед байсан удирдлага ажлаа өгсөн. Цахимаар яваад байсан тэр бичлэг ямар үйл ажиллагааных байсныг мэдэхгүй. Гэхдээ ганц тэр зугаалганы асуудал биш хэд хэдэн асуудлаар яамны Ажлын хэсэг гарч шалгалт хийсэн. Зугаалга, хүүхдүүдийн уралдаан тэмцээн зохион байгуулаад шагналаа өгөөгүй, машины худалдан авалт зэрэг асуудлууд байгаа. Машины худалдан авалттай холбоотойгоор АТГ өмнөх удирдлагуудыг шалгаж байна. Шалгаад дүгнэлт нь гарсны дараа үнэн зөв нь тогтоогдох байх.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ажлын байрыг дэмжих мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудлыг яамнаас ажлын хэсэг гарч манай байгууллага дээр суугаад шалгаж байгаа. Харин уралдааны тухайд нэг уралдаан зарлагдсан юм билээ. Гэхдээ дөрвөн төрлөөр байр эзлүүлсэн. Тэндээс нь дөрвөн хүн шалгарсан байгаа юм. Улсын уралдаанд шалгарсан дөрвөн хүн олон улсын уралдаанд оролцох мандатаа авсан. Харин IT zone-оос нэг хүнд нь компьютер, принтерээр шагнана гэсэн юм билээ. Тиймээс нэгэнд нь шагналыг нь өгч нөгөө гурвыг нь хоосон үлдээж болохгүй гээд тухайн үеийн удирдлагууд шагналыг нь агентлаг дээрээ байлгаж байсан юм байна. Ингээд Ажлын хэсгээс шагналыг тухайн үеийн мөнгөн дүнгээр нь тооцоод мөнгөн хэлбэрээр дөрвөн хүүхдэдээ хувааж олгох шийдвэр гарсан. Зугаалгад явсан гэгдэж буй тэр бичлэгт орсон хүмүүст бүгдэд нь сахилгын хариуцлагыг нэлээд чанга тооцсон.

-Манайхан чинь ийм асуудлыг сошиалаар шуугиж байгаад заавал нэг ажлаас нь халах, шорон оронд оруулах хэмжээнд хүргэж байж санаа амардаг болчихоод л байна даа?

-Харин тийм ээ. Төрийн захиргааны албан хаагч гэхээр нийгэмд хамгийн болохгүй бүтэхгүй юм хийдэг, хамгийн муу хүн юм шиг нэр хүнд нь уначихаад байна. Нийгэм маань рецедив зүйлийг хүлээдэг болчихож. Гэтэл төрийн албанд ажиллаж байгаа ч гэсэн ардаа амьдралтай хүмүүс. Гол нь Төрийн албаны тухай хууль, зарчим, дотоод журам гээд олон гаргалгаа бий. Тиймээс шууд халах гэсэн ганц гарцаар шийдээд байж боломгүй санагддаг. Мэдээж алдаа гаргасан хүн хариуцлага хүлээх ёстой. Тэр бичлэгтэй холбоотой асуудлууд хаагдсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэддорж(124.158.69.81) 2021 оны 05 сарын 18

хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэрийг солих шаардлагатай.Хөгжиж чадаагүй дутуу хөгжилтэй хүмүүс юмуу.Хөдөлгөөний,харааны, сонсголын,ярианы/харвалт өгсөн/,сэтгэцийн бэрхшээлтэй гэж нэрлэх зүйд нийцнэ. Нас барсан хүнийг”нөхөж баршгүй гарз”гэх нь зуданд үхсэн мал биш зохимжгүй,өөр үг ээр уй гашуугаа илэрхийлэх нь зөв.Одоо хүн болгон амар амгаланг айлтгадаг боллоо.Энэ үгийг зөвхөн Богд буюу төр,улсын тэргүүн айлтгадаг уламжлалтай байсан.Одоо бол ерөнхийлөгч л айлдах ёстой болов уу.

0  |  0
Top