Хулгайлдаг барилаа өөрчлөхгүй бол баялгийн мянган сан байгаад ч нэмэргүй!

2021 оны 05 сарын 20

Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, танилцуулсан өдрөө эдийн засгийн хүрээг тэлэх, эрчимжүүлэх 100+ төслийг ирэх жилүүдэд хэрэгжүүлнэ гэж зарласан.

Энэ хүрээнд уул уурхайн салбарт бодлогын реформ хийнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн юм. Геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн уул уурхайг  нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэхчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлнэ лээ.

Тэгвэл өчигдөр ч Засгийн газрын хурал дээр эл сэдэв үргэлжлэн яригдаж, Үндэсний баялгийн тогтолцоо, Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд тургуурлах замаар ипотекийн зээлийн урьдчилгааг үе шаттай шийдвэрлэх үүргийг  Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд нарт даалгалаа.

Үнэндээ бол засгийн тэргүүний яриад буй уул уурхайн салбарт түшиглэсэн реформын тухай сэдэв  олон ч жил яригдсан, яригдах тусмаа шинэ байдаг асуудал л даа.

Тавантолгойг, Эрдэнэтийг түшиглэн боловсруулах үйлдвэр байгуулах, Монгол Улс зэс, гангийн үйлдвэртэй болох тухай том том сэдвүүдийг арван жилийн өмнөх Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо ч цагаан цаасан дээр зураглаж байлаа.

Тэгвэл өнөөдрийн Үндэсний Хөгжлийн Газар ч ялгаагүй л хуучирдаггүй төслүүдийг засгийн бодлогоор ноороглож л байна.

Гол нь тэгээд хэзээ нэг ажил хэрэг болгож, хэрэгжүүлж эдийн засгаа сууриар нь тэлэхүйц үр дүнд хүрэх вэ гэдэг нь олон  хүчин зүйлээс шалтгаалах нь нэгэнт ил тод болсон зүйл юм.

Ерөнхий сайдын хэлээд буй баялгийн сангийн тухайд тогтож авч үзэхэд, мөн л эртний хэрнээ хуучраагүй сэдэв.

Өдгөө хотын даргаар ажиллаж буй Д.Сумъяабазар УУХҮЯ-ыг удирдаж байх үедээ 2018 он гэхэд Монгол Улс Баялгийн сантай болчихсон байна хэмээн хэлж ярьж байв.

Өдгөө Ерөнхий сайдаар ажиллаж буй Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргын хувиар  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзахдаа  “Эрдэнэс Монгол” ХХК-ийг хөгжүүлэх замаар Баялгийн сан байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгаж байв.

Ер нь манай УИХ-ын гишүүд, Засгийн газрын төлөөллүүд Норвегийн баялгийн сан, Эмиратын баялгийн сан гээд дэлхийн жишиг болсон сангуудтай явж танилцсан жишээ цөөнгүй. Яриад л, яваад үзээд л байдаг жишиг тогтсон.

Байгуулсан хэдэн сан нь энэ улс оронд биш эрх мэдэлтнүүдэд илүү ээлтэй байдаг нь ЖДҮ-ийн сангийн жишээгээр илэрч байсныг сануулахад гэмгүй. Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан зэрэг нь энэ улс оронд чухам ямар эерэг нөлөөтэй нь өнөөдрийг хүртэл тодорхой бус.

Төсвийн бодлогод хувьсгал хийнэ гэж ярьж байгаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж байсан ч, тэр хувьсгал нь ирээгүй. Хуулийн дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс хоёрынхоо үнийг Нэрлэсэн үнэ, Тэнцвэржүүлсэн үнэ гэж ялгачихаад, Тэнцвэржүүлсэн үнээс нь илүү гарч борлогдвол, тэр хэсгийг нь Тогтворжуулалтын сандаа хийгээд байгаа гэдэг ч, тэр сангийн мөнгөний зарцуулалт олон жилийн туршид ойлгомжгүй явж ирсэн.

Санд байгаа мөнгийг өөр эх үүсвэрүүдэд байршуулж, арвижуулах санаа оноо байгаа талаар, гадаадын Засгийн газрын өрийн бичгийг авч, тэднээс хүү авч, хэрэглэх тухай нэг хэсэг яригдаад л байсан, ажил хэрэг болоогүй.

Монголын төр засаг уул уурхайн  салбараас олсон 1 ам.доллар тутмаас 1 л центийг ирээдүй хойчдоо үлдээхдээ гар татаж, хадгалсан данснаасаа нууцаар авч хэрэглэдэг, муухай арга барилаасаа салж, ангижрах хэрэгтэй.

Нэг ёсондоо байгаа хэдэн сангуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, ил тод, хүртээмжтэй, өгөөжтэй байлгахад дутуу дулимаг хандсаар өнөөдрийг хүрсэн Монгол Улс дараа дараагийн шинэ сангуудад тулгуурлан нийгмийн олон салбарт реформ хийнэ гээд яриад байгааг сонсохоор үнэндээ 100 хувь итгэж, найдах боломж алга байна.

Байгалийн баялаг ихтэй байх нь хөгжлийн зайлшгүй нөхцөл биш, хангалттай ч нөхцөл биш. Байгалийн баялаг нь хөгжлийг түргэтгэх увдистай ч, хараал болох бас чадвартай гэдгийг мэдрүүлсэн он жилүүдийг Монгол Улс туулж өнөөдрийг хүрсэн. Чухам харин үүнийг үнэхээр ойлгож, алдаагаа давтах ёсгүйг ухаарсан эсэхийг харуулах он жилүүд Монгол Улсыг хүлээж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.64.48) 2021 оны 05 сарын 23

Ouynerdene shiner hij butehig sanachilj chadhgui! hedn jil tur alvnihni sanachilsn zuikududig ish tathda Uuru hih gj baiga um shig l medmhirch yarhig ni yana aa! Ali ertnes Norweg,...Baylgin santai uls ornudin talar yarihgui erdemten merged ch Э/З-chid ch ih l eljlen yaritsgaj baisnig odo heregjuleh gj baiga um u? Ouynerdene bsl Norweg yarusn humusin neg ni! Ed nar san baigulah nerer huiwaldan idetsgej! Ard iregded um hisn dur uzulhde turshlagjsn humuse! Iim Santai boloh! Tetegweri san! hukhdin Fondudtai bh estoi! Mongold baidggui! Edger humusig ur udam undser ni urchilj bj! Ulsin nutsin sangu

0  |  0
Зочин (202.9.40.170) 2021 оны 05 сарын 23

Үнэн шүү! Хулгайч хүн сурсан зангаа тавьдаггүй гэдэг юм билээ.

2  |  0
Бат(202.9.46.212) 2021 оны 05 сарын 23

Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

3  |  0
Top