Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдсэн асуудалд эсрэг байр суурьтайгаар эсэргүүцлээ удаа дараа илэрхийлсэн. Эхний удаад нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй гэх байр суурьтай байсан бол УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийн төсөлд шимтгэлийг долоодугаар сарын 1-нээс бууруулахаар болсны хугацааг нь эсэргүүцэж, энэ сарын 19-нд МҮЭ-ийн 13 холбоод Сүхбаатарын талбайд суулт зарлалаа.
Мэргэжил үйлдвэрлэлийн 14, аймаг, нийслэлийн 22 холбоотой Монголын үйлдвэрчний эвлэл нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа 200 мянга гаруй гишүүдийг төлөөлсөн, хөдөлмөр эрхлэгчдийн хамгийн том төлөөлөл болсон байгууллага. Тэдний үзэж буйгаар нэмэгдүүлсэн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахаар болсон нь сайшаалтай ч цаг хугацааны хувьд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд алдагдалтай, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гэдгийг тодотгож байгаа юм.
Энэ тухайд “МҮЭ-ийн холбоо, түүний нийт гишүүн байгууллагын зүгээс тус хуулийн мөрдөх хугацааг төр, хувийн хэвшил гэж аливаа ялгаварлалгүй 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх саналыг УИХ-ын дарга болон УИХ-ын гишүүдэд удаа дараа хүргүүлж байсан. Цар тахлын хүндрэлтэй үед олон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа зогсож, цалин орлого эрс буурч байгааг харгалзан 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг УИХ-ын нэгдсэн чуулганаар дахин хэлэлцэн, дэмжиж шийдвэрлэх”-ийг хүссэн утга бүхий мэдэгдлийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүдэд хандан хүргүүллээ.
Долоодугаар сарын 1-нийг хүртэл НДШ-ийг хоёр хувиар төлөхөд зөвхөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд гэхэд таван тэрбум гаруй төгрөгийг төлөхөөр байна
Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдийн ажил амьдралд цар тахал хүндээр нөлөөлж, үүний хажуугаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн нь дарамт болж байгааг гишүүдийн төлөөллүүд хэлсэн юм. Тухайлбал, манай улсын эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалин бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад 8-10 дахин бага, ихэнх эмч, эмнэлгийн ажилтнууд 15 хоногт 220-280 мянган төгрөгийн хооронд урьдчилгаа цалин авдаг байна. Амьжиргаандаа хүрэлцэхэд ч хангалтгүй цалин авч байхад, дээрээс нь цар тахлын хүнд нөхцөлд татвар, шимтгэл, суутгалыг нэмэгдүүлсэн нь тохиромжгүй гэдгийг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа хэллээ.
Тэрбээр “Цар тахлын хүнд үед эрүүл мэндийн салбар 24 цагаар амралтгүй 1.5 жил ажиллаж ирлээ. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдсэн. Бүтэн таван сар нэмэгдсэн шимтгэлийг төлсөн. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт 56 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд долоодугаар сарын 1-нийг хүртэл НДШ-ийг хоёр хувиар төлөхөд таван тэрбум гаруй төгрөгийг зөвхөн шимтгэлд төлөхөөр байна. Төр, засгаас эрүүл мэндийн салбарт онцгой нөхцөлд, цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүст 2.8 тэрбум төгрөг, 1.4 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өглөө гэж байгаа боловч салбарын нийт ажилчдад хувааж үзэхээр маш хангалтгүй хүрэлцэж байна. Энэ мөнгөө нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, татвараараа буцаагаад улс авчихаж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын нийт ажилчдын 80 гаруй хувь нь цалингийн зээлтэй, цалингийнхаа 26 хувийг улсад тушаачихаар цалин буулаа, маргааш нь мөнгөгүй үлдэж, өдөр тутмын хэрэгцээгээ ч хангаж чадахгүйд хүрсэн. Тиймээс эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд долоодугаар сарын 1-нээс НДШ-ийн нэмэгдлийг цуцлахад эсрэг байр суурьтай байна” хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудыг төлөөлөн эсэргүүцлээ хэлэв.
Үйлдвэрчний эвлэлийн салбар холбоод, гишүүд НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг нэмэгдсэн өдөр нь буюу 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөсөө тооцож цуцлах шаардлагыг биеллээ олтол тавьсаар байх аж. “Үндэсний статистикийн хорооноос дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа ч бодит байдал дээр 400-500 мянган төгрөг байдаг. 300 гаруй мянган хүн Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөний улмаас ажлын байргүй болсон зэрэгт НДШ-ийн нэмэгдэл маш хүндээр тусч байгаа” хэмээн МТХГТАҮЭ-ийн холбооны дарга Б.Рагчаа онцоллоо.
С.ЭРДЭНЭБАТ: ШИМТГЭЛИЙГ НЭМЭХДЭЭ ДААТГАЛ ТӨЛӨГЧДӨӨС САНАЛ АВДАГГҮЙ
Сурвалжилгын төгсгөлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж, хоёр хувийн нэмэгдлийг цуцлах хугацааг наашлуулахыг яагаад шаардаж байгаа талаар МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодрууллаа.
-2017 онд Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орсноор нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттай нэмэх төлөвлөгөө баталгаажсан. Хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг хоёр хувиар нэмэхээр болсон нь шимтгэл төлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. Монголын үйлдвэрчний эвлэлийн зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл анх нэмэгдэхдээ Нийгмийн даатгалын сангийн алдагдал гэдэг байдлаар Олон улсын валютын сангаас зээл авахын тулд тэдний шаардлагын үүднээс төсвийн алдагдлыг бууруулах нэрийдлээр шийдэгдсэн. Тухайн үед ч бид үүнийг эсэргүүцэж байсан. Шимтгэлийг нэмж, хасаж болох ч даатгал төлөгч нараас асуух ёстой нь алтан зарчим юм. Үүнийг огт хийхгүйгээр асуудлыг шийдвэрлэж, янз бүрийн улс төрийн амлалтын шинжтэй шийдвэрийг гаргадаг. Үүнээс болж Нийгмийн даатгалын сангийн ачаалал нэмэгдсэн. 2007 оноос өмнө ажилтан НДШ-д таван хувийг төлдөг байсан. Ажил олгогч 14 хувийг төлдөг гэхээр нийт 19 хувийн шимтгэл төлдөг байлаа. Харин НДШ-ийг нэмэх болохоороо ажилтанд ажил олгогчтой адилхан тэнцүүлээд нэмчихдэг. Одоо бол ажилтан нийт 12.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Ажилтанд ирж байгаа энэхүү шимтгэлийг сүүлийн 10 жилээр нь тооцоод үзвэл ажилтанд нийт 7.5 функт нэмэгдсэн. УИХ-д суудалтай намууд татвар шимтгэл нэмэхгүй гэсэн амлалтыг аль аль нь өгсөн. Тиймээс энэ амлалтаа биелүүлэхийг үйлдвэрчний эвлэлийн гишүүд маш ихээр тавьж байна. Цалин орлого нэмэгдээгүй эсрэгээрээ бууралттай, “ковид”-ын хямралтай үед татвар шимтгэл нэмэх бодлого явуулдаг механизм байхгүй. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны бүх салбар холбоо 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлахыг шаардаж байна.
-Хэрвээ хоёр хувийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 1-нээс тооцож цуцална гэвэл эх үүсвэрийн асуудлаа яаж шийдэх боломжтой вэ?
-2021 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж шийдвэрлэх юм бол 40 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэж байгаа. Энэ эх үүсвэрийг хэрхэн гаргах боломжтойг тайлбарлая. Капитал банкны 234 тэрбум төгрөгийг барагдуулах ёстой. Одоо хүртэл хоёрхон тэрбум төгрөгийг барагдуулсан, хүүнд нь өдөрт 90 сая төгрөг алдаж байна. Хоёр жилийн хугацаанд 75 гаруй тэрбум төгрөгийн хүү авах боломжоо алдсан. Үүн дээр алдангийг нэмбэл 100 орчим тэрбум төгрөг болно. Энэ хүүгийн орлогын боломжийг бодоод үзвэл өнөөдөр 40, 50, 100 тэрбум төгрөгийг ч богино хугацаанд хаах бололцоо бий. Түүнчлэн тэтгэврийг өвлүүлэх, үр өгөөжийг нь сайжруулаагүй байж шимтгэлийг нэмээд байгаа нь иргэдэд яаж нөлөөлөх бол.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хэрхэн тогтоож байгаа бол?
-Дэлхийн улс орнуудтай харьцуулж шимтгэлийн хувь хэмжээг тооцож байгаа нь Монгол Улсын нийгмийн нөхцөлд тохирохгүй. Хөгжингүй орнуудын дундаж цалин манай улсынхаас 7-10 дахин ч өндөр байдаг. Нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар төлдөг улс ч бий. Ийм байхад хэрвээ нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын иргэд сайн дураараа төлнө гэвэл төлөх хүн бараг олдохгүйд хүрч мэднэ. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөд өөрт үр өгөөж багатай байгааг манай холбооны гишүүд хэлж байна. Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын төлөөллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс хассан, нөлөө бүхий хүмүүсийг, улстөрчдийг үндэсний зөвлөлд оруулж байгаа нь буруу шийдвэр гаргахад нөлөөлж, тогтолцооны хямралд хүргэсэн гэж үздэг. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд байсан болон байгаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүст хариуцлага тооцох ёстой. Даатгал төлөгчдөөсөө үйл ажиллагаандаа санал авч баймаар байна.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг Үйлдвэрчний эвлэл хаа хүртлээ эсэргүүцэх вэ?
-Нийгмийн даатгалын хоёр хувийн шимтгэлийн асуудал Үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн дөнгөж эхлэл. Үүнд, тэтгэврийг өвлүүлэх, тогтолцооны гажуудал, засаглалын асуудал гээд яригдах сэдвүүд олон байна. Даатгуулагчдыг дарамталсан шийдвэрүүдийг нэг дор гаргаж, эргээд үр өгөөж муутай байгаа нь иргэдэд бухимдал үүсгэж байгааг дахин дахин сануулъя.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )