КОВИД-19: Вакцины гурав дахь тунгийн эмнэлзүйн судалгаа эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

Их Британи коронавирусний эсрэг вакцины гурав дахь тунгийн үр нөлөөний дэлхий дээрх анхны эмнэлзүйн судалгааг эхлүүлээд байна гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

“Бүүстер” буюу батжуулах тунгийн хөтөлбөрт 27 сая ам.доллар зарцуулах бөгөөд 30-аас дээш насны 2.8 мянган сайн дурынхан оролцох юм. Тэд Их Британид хүлээн зөвшөөрөгдсөн долоон вакцинаас сонголт хийн, гурав дахь тунг тариулах юм. Тухайлбал, “Pfizer”, “AstraZeneca”, “Moderna”, “Novavax”, “Valneva”, “CureVac”, “Janssen/Johnson & Johnson” вакциныг судалгаанд ашиглах гэнэ.  Энэхүү судалгаа эдгээр вакцины “бүүстер” тун коронавирусний халдвараас хамгаалахад хэр үр дүнтэй болохыг тогтоох зорилготой.

Эмнэлзүйн туршилтыг тус улсын 16 хотын нийт 18 эмнэлэгт явуулахаар болжээ. Сайн дурынханд хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 10-12 долоо хоногийн дараа “бүүстер” буюу батжуулах тунг тарих юм. Ингэхдээ тэд гурав дахь тунгаа эхний хоёр тунгаас өөр компанийн вакциныг сонгох боломжтой гэнэ. Эмнэлзүйн туршилтын анхны үр дүн ирэх есдүгээр сард гарна гэж төлөвлөж байна.

Хэрэв дэмжих тун үр дүнтэй болох нь тогтоогдвол Их Британийн эрх баригчид энэ оны намраас иргэддээ гурав дахь тунг хийж эхлэхээр зэхэж байна.

Энэ асуудлын зургаадугаар сарын 3-4-нд Оксфордод болох “Их 7” бүлгийн эрүүл мэндийн сайд нарын уулзалтын үеэр хэлэлцэхээр төлөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top