Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн Амаржаргалын Амбасэлмааг “Өглөөний зочин”-оор урьж, ярилцлаа. Тэрбээр одоо Эрүүл мэндийн сайдын Халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
-Эрүүл мэндийн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж Төрийн дээд одон медаль Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэн танд халуун баяр хүргэе. Төрийн дээд одон медаль хүртэх баярт мөчийнхөө сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцана уу?
-Төрийн хайр хишгийг хүртлээ. Төр, түмэндээ баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажил бол багийн ажил байдаг. Энэ шагнал зөвхөн миний шагнал биш, 40 орчим жил хамтарч ажилласан үе үеийн баг, хамт олны маань шагнал юм. Ялангуяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн, “ковид”-той тэмцэх ажилд одоо хүртэл хамтарч ажиллаж байгаа хамт олондоо баярлалаа.
-Та ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байгаад өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд ажлаа хүлээлгэн өгсөн. Ковид-19 халдвар анх гарсан үеэс эхлэн баг хамт олныхоо гол хүч болж, заавар зөвлөгөө, туршлагаа хуваалцаж байгаа танд олон хүн талархдаг. Монголд халдвар анх бүртгэгдсэн, үүнээс хойш халдварын голомт дээр ажиллаж байсан үеийнхээ ололт, амжилтыг та одоо хэрхэн дүгнэж бодох юм?
-ХӨСҮТ нь Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллагын хувьд дэлхий дахинаа гарсан шинэ халдварын мэдээллийг тусгай хаягаар өдөрт хоёроос гурван удаа авдаг. Тэр хаягаар 2020 оны нэгдүгээр сарын 6-нд БНХАУ-ын Ухань хотод шалтгаан тодорхойгүй уушгины хатгалаа өвчин гарч, олон хүнийг хамран өвчлүүлж, үхэл эндэгдэл ихтэй байна гэсэн мэдээллийг анх авсан юм. Мэдээллийг аваад судлахад Монгол Улсад орж ирэх эрсдэл “дунд” байсан учир бэлэн байдлаа хангах, ялангуяа хилийн нэвтрэх цэгүүд дээр халдвар орж ирэх эрсдэлийг бууруулах, хяналт тавих, гаднын улс орон, Хятад улсаас ирж байгаа хүмүүст эрүүл мэндийн хяналт тавих, эрүүл мэндийн байгууллага, бусад салбар хоорондын байгууллагуудын бэлэн байдлыг хангах ажлыг дорвитой явуулж байсан. Удалгүй 2020 оны гуравдугаар сарын 11-ндээ “Дэлхий дахиныг хамарсан цар тахал боллоо” гэж зарлаж байлаа. Нэгдүгээр сараас эхлэн бэлэн байдлаа хангаж, гаднаас эх орондоо ирэх гэсэн иргэдээ татан авах явцад гуравдугаар сард манайд ирсэн гадаадын иргэн өвчилсөн. Дараа нь халдвартай хүмүүсийг тусгаарлах, халдварыг алдахгүй байх тал дээр онцгой анхаарч ажилласны үр дүнд бүтэн 10 сарын хугацаанд халдварыг эх орондоо оруулахгүй барьж чадсан. Цар тахал учраас “Хэзээ ч Монголд орж ирэх эрсдэл бий” гэдгийг бид тухайн үедээ ч хэлдэг байсан. Энэ бол цаг хугацааны асуудал гэж сануулж байсан. 2020 оны арваннэгдүгээр сард халдвар орж ирж, төмөр зам дагасан зургаан аймаг, нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Гэхдээ бид кластерт нь халдварыг дөрвөн сар барьсан. Ингэж хугацаа хожиж, бэлэн байдлыг хангасны үр дүнд өнөөдрийн том дэгдэлттэй нэлээд тэмцэж байна. 2021 оны гуравдугаар сарын 1-нээс халдвар их тархаж байна. Өдийг хүртэл Монгол Улс цар тахлын бүхий л үе шатыг дамжиж ирлээ. Халдваргүй байлаа, зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолтой байлаа. Кластер өвчлөлтэй байлаа. Одоо бол бүх нийтийг хамарсан халдвар бүртгэгдсэн цаг үед, дэлхий нийтийг хамарсан цар тахал үе шатаараа явж байгаа энэ цаг үед бид ажиллаж, амьдарч байна.
Монгол Улс “Ковид-19” цар тахлын бүхий л үе шатыг туулж ирлээ
-Та одоо Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа. Цар тахал зөөвөрлөгдсөн, дотоодод бүртгэгдсэн, кластер байдлаар гарсан гээд тэр үеүдэд хэдий хугацаанд ажилласан билээ дээ?
-Үндсэндээ бүтэн жил, хоёр сарын хугацаанд коронавирустэй тэмцэх ажлыг зохион байгуулж байгаад 2021 оны гуравдугаар сарын 1-нээс гавьяаныхаа амралтад гарсан. Тэгээд Эрүүл мэндийн яаман дээр сайдын Халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх гэдэг ажлыг хийгээд явж байна. Эрүүл мэндийн яамныхан, ХӨСҮТ, аймаг, орон нутаг, улсын хэмжээнд халдварт өвчний асуудлаар зөвлөх ажлыг хийгээд явж байна.
-Гавьяаныхаа амралтад гарсан ч гэсэн зөвлөх ажлаа хийж байгаа танд баярлалаа. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар авсан хүмүүсийн тоо буурч байгаа боловч нас баралт өндөр хэвээр байгаад та байр сууриа хэлнэ үү?
-Ер нь халдвар буураагүй. Өнөөдөр лабораториор батлагдсан тохиолдлын тоо буурч байгаа гэсэн үг. Үүний цаана лабораторид оношлогдоогүй, шинжилгээ өгөөгүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилсөн, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс өдий төдийгөөр байгаа. Бас тэдгээр хүмүүсийн хавьтал, өвчлөлд өртөх өндөр эрсдэлтэй хүмүүсийн тоо буураагүй. Тиймээс бид халдвар буурсан гэж ойлгож, тайвширч болохгүй. Олзуурхууштай нь, нийт хүн амын дунд халдвар тархсан үед вакцинтай болно гэдэг том ач холбогдол бүхий зүйл. Шинэ цар тахал гарах, шинэ вирусний халдвар, нянгийн халдвар гарах үед хүн төрөлхтний тэмцдэг гол арга бол вакцин байдаг. Вакцин цар тахал гарангуут гарахгүй. Гарснаас нь хойш зургаан жил, нэг жил, хэдэн жилийн дараа ч вакциныг гарган авч болно. Вакцин гарах хүртэлх хугацаанд халдварыг барьж ирсэн нь маш ач холбогдолтой. Өнөөдөр эмнэлгүүдэд хэвтэж байгаа хүмүүсийн 48-55 хүртэлх хувь нь хүндэвтэрээс нэн хүнд гэсэн зэрэгтэй өвчтнүүд эмчлэгдэж байна. Энэ бол аюултай. Олон хүнийг хамарсан цар тахлын ард үргэлжлээд хүндрэл үгдрэл маш их байдаг. Гэрээр эмчлэгдэж байх явцдаа иргэд маань хүндрүүлэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар архаг хууч өвчин, хавдартай, өндөр настай эрсдэлт бүлгийн хүмүүс өвчилж орж ирж байна. Нэлээд хүндэрсний дараа эмнэлэгт ирж байна. Тийм учраас нас баралт өндөр байна. Шинж тэмдэггүй, гэрээр хяналтад байгаа хүмүүс амьсгалахад бэрхшээлтэй болох, цээж давчдах, халуурах, хүчилтөрөгч унавал маш яаралтай эмнэлэгт хандаарай. Өндөр настай хүмүүс халдварт өртсөн үедээ өөртөө сайн хяналт тавих хэрэгтэй. Гэр бүлийнхэн нь ч бие биедээ хяналт тавих хэрэгтэй. Тал талаасаа анхаарч байхгүй бол халдвар аваад хэд хоноод хүндрэх эрсдэл маш их байна. Түүнээс гадна хөнгөн балархай хэлбэрээр гэрээр эмчлэгдэж байгаа өвчтнүүд маань вирусний халдвар оношлогдсоноос хойш 14 хоногийн хугацаанд халдвар тараах эрсдэлтэй. Энэ үедээ нэг ч гэсэн хүнд халдвар халдаахгүй байх юмсан гэж анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллага, бусад салбар хоорондын байгууллага, ард түмэн бүгд нэгдэж нийлж халдвараас сэргийлж, анхааралтай байхгүй бол тайвшрах болоогүй.
Вакцинд сайн, муу гэж сэтгэл хоёрдох зүйл ерөөсөө байхгүй
-Вакцины талаар янз бүрийн таамаг хэлэх хүмүүс байх юм. Дархлаажуулалтын үйл явцад та хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Сэтгэл хангалуун байна. Би түрүүнд хэлсэн. Энэ халдварыг давж гарахын тулд бид вакцин л хийнэ. Угаасаа шинэ вирус учраас цар тахлын давлагааг тойрч гарахгүй. Нэг давлагаанд өртөөгүй ч дараагийн давлагаанд өртөх эрсдэлтэй. Иргэн хүн нэг бол халдвар аваад дархлаатай болно. Эс бөгөөс вакцин хийлгээд дархлаа тогтоно. Тиймээс зориуд өвдөж дархлаа авснаас вакцинаар авах нь зөв шүү дээ. Санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй янз бүрийн хэлбэрээр вакцины талаар сөрөг сурталчилгаанууд их явж байна. Угаасаа л тэгдэг. Би олон халдварт өвчний дэгдэлт, олон тархалт, H1N1 цар тахлын үед ч ажиллаж байсан. Вакцин тарихаар заавал нэг өрөөсгөл юмнууд гарч ирдэг. Тэдгээрт итгэж болохгүй. Дэлхийн улс орнууд халдварт өвчин, цар тахлыг вакцинаар дардаг. Дэлхийн 220 орчим улсад цар тахал гарсан байхад тэд бүгдээрээ л хүн амаа халдвараас сэргийлэхийн тулд вакциныг хайж, хийж байна. Тэгэхээр вакцины хэрэгцээ, хомсдол дэлхий дахинаа их байна. Бас вакцин бол үнэтэй эд, зүгээр авахгүй. Тиймээс Монгол Улс янз бүрийн аргаар вакциныг олж ирж хүн амаа вакцинжуулж байна. Ямар ч вакцин байсан тухайн халдварын эсрэг, тэр халдварын үүсгэгчээс нь бэлдсэн биологийн бүтээгдэхүүн. Дээрээс нь тухайн үйлдвэрлэсэн улс орондоо олон шатны дамжлагыг дамжаад олон хүн дээр туршигдаад ирсний дараа Монгол Улс авч байгаа болохоос биш хүний юм аваад туршаад байгаа юм биш. Вакцин бол угаасаа вирусний эсрэг бэлдмэл, гаргаж байгаа арга технологи, эх үүсвэр адилхан. Сайн, муу гэж сэтгэл хоёрдоод байх юм ерөөсөө байхгүй.
-“Ковид”-той тэмцэж ажиллаж байгаа нь манай ХӨСҮТ-ийн хувьд ч нэлээд туршлага болж байна. Таны хувьд ч гэсэн өмнө нь олон халдварт өвчин, H1N1 цар тахлын үед ажиллаж халдварыг хумьж байсан туршлагатай. Энэ бүхнээс дүгнэхэд өмнө нь яаж ажиллаж байв, одоо юуг олж аваад байна вэ?
-Өмнө нь бид олон хүнийг хамарсан улаанбурханы дэгдэлт, менингококкт халдварыг Монгол Улсад цөөн тооны бүртгэгддэг болтол тэмцэж ирлээ. H1N1 халдвар дээр ч ажиллалаа. Эдгээрт бид боломжийн хэмжээнд ажиллаж байсан. Гэвч коронавируст халдварын цар тахал бол дэлхийд байгаагүй маш өргөн хүрээтэй, олон хүнийг хамарсан, хугацаа урт үргэлжилж байна. Ар араасаа давлагаа гарсаар байна. Монгол Улсын хувьд 10 сар халдварыг бариад, дөрвөн сар кластерт нь бариад манай эмч, мэргэжилтнүүд, олон байгууллага, төр засаг маань тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж байна. Цаашдаа хэрвээ олон хүнийг хамарсан цар тахал гарахад бэлэн байх ёстой гэдгийг харж авч байна. Дэлхий дахинд дөрвөн цар тахал гарсан. Ковид дөрөв дэх цар тахал нь. Цар тахлуудын хоорондын хугацаа 10-15 жил байдаг байсан. Тэгвэл энэ глобалчлалын эрин үетэй холбоотой янз янзын шалтгаанаар ялангуяа зоонозын гаралтай, амьтны гаралтай халдварууд нэмэгдэх эрсдэлтэй болсон үед магадгүй ойрхон хугацаанд өөр өөр төрлийн олныг хамарсан шинэ халдвар гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас бэлэн байх, олон хүнийг хамраад ирвэл яах вэ гэсэн дадлага туршлага тодорхой хэмжээнд хуримтлагдаж байна. Ард иргэд маань ч суралцаж байна. Бүгд л маскаа зүүж, бүгд л хичээж байна.
-Таны хувьд эрүүл мэндийн салбартаа 40 орчим жил ажилласан. Үүн дотроо ХӨСҮТ-д 14-15 жил ажилласан гэдэг. Анхны ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?
-1982 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд Дундговь аймгаас хөдөлмөрийн гараагаа эхлээд аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцад анх эмчээр очоод, дараа нь Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын дарга болоод мөн Мэргэжлийн хяналтын газарт ажиллаж байсан. 2007 онд Улаанбаатарт ирээд ХӨСҮТ-д орсон. 2009 оноос ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга гэсэн ажлыг 12 жил хийсэн. Ажиллах хугацаандаа менингококкт халдвар, улаанбурхны дэгдэлт, балнадын дэгдэлт гээд юу эсийг үзэх вэ дээ. Одоо ч олон халдвар устаж үгүй болж байна. Өнөөдөр балнад гэдэг өвчин бараг бүртгэгдэхгүй болсон, цөөрч байна. Саа өвчнийг Монгол Улс устгасан. Намайг Халдвартад ирсний дараахан 2012 оноос А вирус гепатитийн өвчнийг вакцинаар дарсан. Энэ мэтээр вакцинаар л халдварыг дардаг учиртай.
Амьдрах хугацаандаа 40-50 том халдварын дэгдэлтэд орж байжээ
-Яг халдварт өвчний голомтод ажиллах маш хүнд хэцүү ажил юм аа. Одоо ингээд эмч ажилчдыг харахад өмссөн хувцаснаас нь эхлээд л ойлгомжтой харагддаг?
-Маш хэцүү, маш эрсдэлтэй. Өөрөө халдварт өртөнө. Үр хүүхдээ өртүүлнэ. Ялангуяа олныг хамарсан тахал, цар тахлын үед хэцүү байдаг. Манай эмч ажилчид 14 хоног эмнэлэгтээ байрлаж ажиллаад, дахиад 14 хоног буудалд тусгаарлагддаг байсан. Одоо харин вакцинаар дархлаа тогтож байгаа учраас ХӨСҮТ энгийн горимоор хамгаалах хувцас хэрэглэлүүдээ өмсөөд ажиллаж байна. Ер нь халдварт өвчний голомтод ажиллах хэцүү. Халдварт өвчнийг цаашаа алдахгүйн тулд, тараахгүйн тулд, олон хүнийг хамруулж өвчлүүлэхгүйн тулд тэмцэж ажиллана. Нөгөө талаар гэдэсний халдварт өвчин, амьсгалын замын халдварт өвчин, ялангуяа тахал гэхээр бүр аюултай. Би амьдрах хугацаандаа 40-50 том халдварын дэгдэлтэд орж байжээ.
-Менингококкт халдвар, улаанбурхан, балнад гээд 40-50 том халдварын дэгдэлтэд голомт дээр нь ажиллаж байсан гэхээр дархлаагаа сайн дэмжинэ биз. Халдвараас өөрийгөө яаж хамгаалдаг вэ?
-Дархлаагаа дэмжинэ. Тухайн халдвараас сэргийлэх вакцинаа хийлгэнэ. Халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмээ барина. Би жаахан хүүхэд байхдаа улаанбурханаар өвчилсөн. Үүнээс хойш янз бүрийн халдвар дээр ажиллана. Энэ бүхэнд дэглэмээ барих, маскаа зүүх, хамгаалах хувцсаа өмсөх, гараа угаахаас эхлээд л аргуудаа хэрэгжүүлнэ. Мэргэжлийн хүмүүс чинь бас нэг өөрийгөө сэргийлээд явна аа.
-Халдварт өвчнөөс хүн бүхэн сэрэмжилж, халгаж байхад та бүхэн шууд дунд нь ороод явдаг. Галын шугамд ажилладаг баатрууд юм аа?
-Мэргэжил юм чинь тоохгүй ш дээ. Дунд нь ороод ажиллана. Ажиллахаас ч аргагүй. Халдвар болгоны ард хамгаалах дэглэм нь нарийн. Тэрнийгээ л мөрдөж ажиллана.
-Таны яг мэргэжил нь юу вэ. Анх мэргэжлээ сонгож байхад гэр бүлийнхэн нь дэмжиж байсан уу?
-Би 18 настай Анагаах ухааны дээд сургуульд клиникийн эмчлэгч эмчийн конкурс өгөөд тэнцээд наймдугаар сарын эхээр ирээд бүртгүүлчихсэн. Наймдугаар сарын 15-нд Сангийн аж ахуйд яваад ирсэн чинь эхний хоёр ангийг Эрүүл ахуй халдвар судлалын анги болгочихсон байв. Тэгээд л халдвар судлагч гэсэн мэргэжлийг эзэмшсэн. Багаасаа л эмч болно гэж боддог байгаад халдвар судлагч мэргэжлийг эзэмшээд 39 жил ажиллаж дээ. Эмчлэгч эмч бол нэг, хоёр хүнийг эмчлээд явна. Халдвар судлагч эмч бол хэсэг бүлэг хүмүүсийг, нийт хүмүүсийг нийгмээр нь, улсаар нь аварч явдаг. Өргөн хүрээтэй, халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэх бодлогыг боловсруулахад мэргэжил арга зүйн шууд нөлөөллийг төр засгийн шийдвэр гаргах түвшинд өгч байдаг чухал мэргэжил. Мэргэжилдээ их дуртай.
-Та халдварын голомтод ажиллаж байсан түүхээсээ хуваалцаач. Коронавирусний халдварын үед бол эмч нар олон хоногоор тусгаарлагдаж ажиллаж байгаа. Өмнө нь хэчнээн өдөр гэртээ харихгүй явж байв. Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авах уу?
-Гэртээ харихгүй өдөр олон. Дундговь аймагт ажиллаж байхад тахлын сэжигтэй дуудлага ирэнгүүт шууд ажил дээрээсээ л яваад өгнө. Дуудлагад явсныхаа дараа л “Би тэнд явна, энд явна” гээд ярина. Заримдаа явахаасаа өмнө хэлээд явна. Дундговь аймагт 1980-н хэдэн онд ажиллаж байхад менингококкт халдвар их гардаг байлаа. Манай ажил багийн ажил учраас халдвартын эмч, халдвар судлагч эмч, лаборант, ариутгагчтайгаа явна. Дундговь аймгийн баруун урд талын Сайхан-Овоо гээд 210 км зайтай суманд “менин”-гийн дуудлагад яваад, хоёр, гурав дахь хоног дээрээ шөнө ирэхэд дахиад залгаад хүлээн авах дээр дуудлага ирчихсэн. Ганц халдвар судлагч эмчтэй учраас дуудлагаа аваад дахиад 130-аад км-т Цагаандэлгэр сум руу гараад явж байлаа. Олон хоногоор дуудлагад явдаг, халдварын голомтод ажилладаг. Менингококкт халдварыг бууруулахад Монгол Улс тухайн үедээ маш сайн ажиллаж байсан. Дуудлагад яваад хавьтал болсон хүмүүсийг 200, 300, 20, 30 гээд хэдэн ч хүн байсан, шөнө ч байсан хамаагүй шууд шинжилгээнд оруулна. Шинжилгээ аваад "Менин"-гийн нян тээгч илрэхээр тухайн хүмүүсийг антибиотикоор яаж эмчлэх зэргийг зааж өгнө. Нян тээгч болсон хүмүүсээс долоо, найм хоноод дахиад очиж шинжилгээ авна. Тэднээс үлдсэн хүмүүсийг дахиж шинжилгээнд оруулна. Тэгэж нарийн хөөж явж байж менингококкт халдварыг бууруулсан. Балнад өвчин ч ялгаагүй. Халдварын голомтод ажиллана гэдэг үр үндэсгүй устгахаас нааш санаа амардаггүй. Тийм ч учраас анхны коронавируст халдвар гарахад маш хатуу дэглэмийг барьж байхад гайхах хүмүүс байсан. Бид өөрийнхөө улсын онцлогт тохирсон өөрийнхөө хүн ардынхаа байдалд нь тохирсон хариу арга хэмжээг авдаг. Бүрэн бүтэн юм хийхгүй бол сэтгэл амардаггүй ажил. Өнгөрсөн гуравдугаар сарын 1-н хүртэл ажлаа өгөөд гарахад 3000, 4000 гаруй өвчлөлтэй байсан. Одоо хааяадаа “Арай л алдчих вуу” гээд бодох үе ч бий. Өнөөдөр өвчлөл 50 мянга гарсан. Ажлаа өгөөд гарсны дараа дэгдэлт гараад их хэцүү боллоо. Яалт ч үгүй цар тахал учраас хэцүү юм даа.
-Та гэр бүлээ танилцуулаач. Гэр бүлд нь эмч байдаг уу?
-Миний хань бурхан болсон. Нефть баазад ажилладаг, нефтийн мэргэжилтэй хүн байсан. Гурван хүүхэдтэй. Хоёр хүү, нэг охинтой. Охин маань Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажилладаг. Хоёр хүү хувийн бизнестэй. Эмч мэргэжил өвлөсөн гэвэл дүү нарын хүүхдүүд ХӨСҮТ-д ажилладаг. Халдвар судлагч мэргэжилтэй, голомтод орж эмчилгээ хийж байгаа гээд дүү нарын хүүхдүүд эмч болохоор нь халдвартын эмч болоосой гээд өөрийнхөө мэргэжлийг өвлүүлсэн нь бий.
-Таныг эрүүл мэндийн салбарын олон эмч, ажилтан хүндэлж байгаа нь лав. Таны хувьд хүндэлж явдаг багшийнхаа талаар ярина уу?
-Бидний багш нар, өмнөх үе, ахмад үе мундаг улс байсан. Анагаах ухааны дээд сургууль төгсөөд очиход өлгийдөж авсан сайхан эмч багш нар байлаа. Тэдэндээ баярладаг. Би Нямдаваа академичийг маш их хүндэлдэг. Бидэнд хичээл заадаг байлаа. Цэнд гээд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, халдвар судлалын мэргэжилтэй багш байлаа. Дэлгэр гээд гавьяат халдвартын багш байлаа. Мөн бага эмч, дунд мэргэжлийн олон эмч байна. Онол үзээд гарсан хүн практик дээр очиход ахмад үеийн багш, эмч нараас л их юм сурдаг. Тэд нараасаа суралцаж, хүндэлж, тэдэнтэйгээ их ойр ажиллаж байх хэрэгтэй. Тэд чинь ёстой нэг амьд боть ном байдаг шүү дээ.
-Багш нарынхаа үлдээсэн сургамж, сургаалиас ихийг сурсан байх даа?
-Намайг Дундговь аймагт төгсөөд халдвар судлагчаар ажиллахаар очиход Жаргал эмч гээд их мундаг хүн байсан. Тэр хүн олон юмыг надад зааж сургасан. Биднийг халдварт өвчний эх уурхайг олох, дамжсан замыг олох, тархаж байгаа байдлыг хянахад бүрэн гүйцэд сургаж өгдөг байсан. Тэдгээр эмч, багш нараас тэр үеийн хатуу дэглэм, хатуу ёс заншлыг сураагүй бол ингэж явахгүй. Улсын хэмжээнд олон олон халдварыг бууруулсан нь тэр л хүмүүсийн ач гавьяа. ХӨСҮТ гэж үндэсний хэмжээний том төв 700-800 хүнтэй хамт олонтой байна. Энд байгаа хүмүүсээс алхах тутамдаа, залуу ч бай, хөгшин ч бай суралцаж байна. Ахмад үеэсээ суралцана, залуусаасаа орчин үеийн юмсыг суралцана. Ерөөсөө эрүүл мэндийн байгууллага янз бүрийн халдвартай тулахад бие биенээсээ сурах, олон улсын байгууллагаас дэмжлэг авах гээд тал талын дэмжлэгээр л явдаг. Нэг хүн цойлоод мундаг болдог юм биш. Би ч олон жил мэргэжлээрээ уйгагүй ажиллаж дээ. Ажлаа л хийсээр явсан. Илүү дутуу ийш тийш холбирсонгүй. Хүн бол ажил хийж байхдаа мэргэжлийн хамт олны сайхан хүрээлэлтэй байх хэрэгтэй. Тэр бүхний ачаар мэргэжилдээ эзэн болоод чадлаараа ажиллаад явж байна.
Халдвар судлагч эмч бол эрүүл мэндийн байгууллагын мөрдөн байцаагч
-Халдвар судлагчаар сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулаад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөч?
-Анагаахын шинжлэх ухааны түүхэнд сүүлийн 10-аад жил халдвар судлагч эмчийг бэлдэхгүй нэг хэсэг явсан. Нийгмийн эрүүл мэндийн ажилтан гэж бэлдэж байснаас нарийн халдвар судлалын мэргэжлийг бэлдэхгүй явсан. Хоёр, гурван жилийн өмнөөс ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд Анагаахын сургуульд санал тавьж байж халдвар судлагчийн ангийг нь нээж байгаа. Халдвар судлагч эмч хэчнээн чухал хэрэгтэйг одоо харж байна. Энэ хэдхэн байгаа халдвар судлагч маань одоо хүрэлцэхгүй байна. Монгол Улсад Талбарын тархвар судлалын алба гээд 60-70 хүнийг бэлдсэн сургалтын том хөтөлбөр байдаг. Тэр байсан тулдаа л цар тахлыг давахад нөлөөлж, ач холбогдол өгч байна. Халдвар судлагч эмч бол ерөөсөө эрүүл мэндийн байгууллагын мөрдөн байцаагч юм. Халдварт өвчнийг мөрдөх нь байна шүү дээ. Энэ халдварыг хаанаас хэзээ хэнээс авав, хэнд дамжуулсан байна. Халдвар авсан хүн нь цаашдаа яав гээд маш нарийн судална. Халдварыг хумихдаа зөвхөн одоо байгаа юмыг хараад байж болохгүй. Урагшаа, хойшоогоо харж, халдварын нууц үеийн хугацаагаа тооцно. Нууц үеийн хугацаанд хэнтэй уулзаж байв, тэр уулзаж байсан хүмүүс нь урагшаа хэнтэй уулзаж байв гээд л хөөж, мухарлаж байж санаа амарна. Дараа нь авсан хүмүүс нь хойшоо яаж хэнд аваачив гээд хоёр тийшээ бүрэн гүйцэд хянаж явахгүй бол ерөөсөө болохгүй. Халдварыг уйгагүй, маш нарийн хөөж явж байж халдварын голомтоо устгадаг. Эмнэл зүйн менежмент гээд хүндрэл, үгдрэл, нас баралтаас сэргийлэх, тэмцэх ажлын хажуугаар судалгаа, шинжилгээний ажлыг ихээр хийдэг. Ямар насны хүмүүс өвдөж, ямар насны хүмүүс нь хүндрээд байна, хаана халдвар их байна, ямар голомт нь цаашаа тархах эрсдэлтэй, ямар нь гайгүй байна зэргийг судалдаг нарийн ажил байдаг. ХӨСҮТ-ийн халдвар судлагч нараас миний гараар орсон, судалгаа шинжилгээний ажилд нь зөвлөгөө өгсөн хүмүүс олон байдаг. Хойч үе маань сайн ажиллана аа.
-Улсын хэмжээнд одоо яг хэдэн халдвар судлагч ажилладаг вэ. Таны ярианаас сонсоход цөөн байдаг бололтой?
-Цөөхөн дөө. ХӨСҮТ-д 40, 50-иад хүн байна. Аймаг болгонд сайн л бол хоёр, гурав, заримдаа зургаа гээд тоолвол улсын хэмжээнд 200 хүрэхгүй халдвар судлагч ажиллаж байна. Тиймээс халдвар судлагчийг бэлдэх хэрэгтэй гэж байгаа юм.
-Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд сар болж байгаа хүмүүс олон боллоо. Вакцинжуулалт аль хоёрдугаар сарын 23-наас эхэлж байлаа. Одоо тэгэхээр бүрэн тундаа хамрагдаад санаа амрах тал руугаа орох шинжтэй. Вакцин хийлгэсэн хүмүүсийн хувьд шүү дээ?
-Зөв зөв. Вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 21-28 хоногоос дээш болоход вирусний эсрэг дархлаатай болно. Заавал үзүүлээд, эсрэг биетийг тоолуулаад байх шаардлага байхгүй. Тэртэй тэргүй вирусний эсрэг биологийн бэлдмэлийг хийлгэсэн учраас надад дархлаа тогтсон л гэж бодох хэрэгтэй. Вакцинууд дээд тал нь 90 хувь, доод тал нь 70, 80 хувь ч юм уу хамгаална гэхээр үлдсэн хувьд байх эрсдэлийг тооцох хэрэгтэй. Ялангуяа өргөн тархалттай байгаа үед эрсдэлийг тооцож байхгүй бол хэцүү. Мөн өөрчлөгдсөн вирус ч байхыг үгүйсгэхгүй учраас ерөнхий тархалтын байдлыг харна.
-Манай улсад Энэтхэгээс мутацид орсон вирус орж ирсэн байж магадгүй гээд албан бус эх сурвалжууд ярих юм. Энэ талаар та бүхэн бас судалж байгаа байх?
-Монгол Улсад мутацид орсон вирус бүртгэгдээгүй байна. Өөрчлөгдсөн, мутацилагдсан вирусийг зүгээр нэг лабораторийн шинжилгээнд генийн дараалал өөрчлөгдсөнөөр тогтоох нь өрөөсгөл болно. Монгол Улсад "Мутаци явлаа" гэдгийг гурван талаас нь тогтооно. Халдвар судлалын зүй тогтлоор нь өөр вирус ороод, өөр явцтай байна уу яаж явж байна гэдгийг судална. Нөгөө талаас нь эмнэлзүйгээр түрүүчийн гарч байсан хүмүүстэй адил шинж тэмдэг илэрч байна уу зэргээр судална. Дараа нь лабораторийн шинжилгээгээр тогтооно. Энэ гурав нийлж байж нэгдсэн ойлголтод хүрсний дараа мутацийг зарладаг. Тэгэхээр одоогоор мутацитай, тийм шинж төрхтэй, эмнэлзүй, халдвар судлалын тийм зүй тогтолтой вирус одоогоор Монголд гараагүй байна. Ер нь вирус бол өөрөө орчиндоо бага зэрэг өөрчлөгдөөд явдаг үүнийг мутаци гээд үзэж болохгүй. Энэтхэг улсын хувьд Англи мутаци, Африк мутаци гээд л ярьж байна. Тэр бол тухайн улс орондоо тогтоогдсон гэсэн үг.
Вакцин гараагүй үед ийм дэгдэлт гарсан бол “бид яана аа” гэж бодохоос ч айдаг
-Халдвар хэзээнээс хумигдана гэсэн таамаг байна вэ. Намраас гайгүй болох болов уу гээд л итгэх юм?
-Халдвар хумигдах болоогүй. Вирус өргөн хүрээтэй тархсан учраас хэзээ хумигдахыг яг тийм, ийм гээд тогтоож мэдэхгүй. Азид Европоос арай сүүлд вирус тархсан учраас хоёр дахь, гурав дахь давлагаа байж магадгүй гэж ДЭМБ-аас үзэж байна. “Ковид-19” халуунд тэсвэргүй вирус улирлын чанартай, дээрээс нь вакцин хийж байгаа учраас зун бага зэрэг намдах байх. Уг вирус бол устахгүй шүү дээ, байж л байна. Харин намрын сэрүүн болоод ирэхээр вирусууд идэвхждэг. Ханиад томуу нэмэгддэг. Дахиад давлагаа гарна байх. Тийм учраас бид вакцинаа сайн хийлгэх, дархлаагаа дэмжих тал дээр анхаарах ёстой. Цар тахал дуусах арай л болоогүй.
-Тантай ярилцахад мэргэжилдээ их хайртай хүн юм аа. Бидний харахад их хэцүү ажлыг энэ олон жил үнэнч хийсээр иржээ. Нөгөө талаас хүмүүсийг авран хамгаалдаг мэргэжил юм. Таны хувьд мэргэжлийнхээ үнэ цэн, сайхныг хэрхэн хардаг вэ?
-Улс эх орныг, нийгмээр нь хамгаалдаг өргөн хүрээтэй мэргэжил. Магадгүй том дэгдэлт, халдвар гараагүй үед бидний ажлыг ойлгохгүй хүмүүс байгаа байх. Эзэмшсэн мэргэжлийнхээ ачаар халдварт өвчнөөс хүн амыг хамгаална гэдэг их гоё. Нийтийг хамарсан арга хэмжээг амжилттай зохион байгуулах ч сайхан ажил. Ялангуяа хоолны хордлогот халдварууд, нян, вирусний халдвар гарсан үед халдварыг огт мэдэхгүй байж эх уурхайг нь олж тогтоох, дамжсан замыг нь олох, цаашдаа яах вэ гээд учрыг нь олоод халдвар нь буурчихаар их баярлаж явдаг. Жишээлбэл, хоолны хордлогын эх уурхайг тогтооё гэхэд тэр хүний идсэн хоолноос, хүнээс нь, хоолыг хийсэн түүхий эдээс нян гараад ирдэг гээд л олон зүйлийг илрүүлчихээд, учрыг нь олоод хариу арга хэмжээг аваад сууж байдаг хорхой хүрч ажилладаг мэргэжил байхгүй юу. Манай улсад 2007-2010 онд А вируст гепатит буюу бохир гарын шар өвчин маш их дэгддэг байлаа. Үүнд, бид судалгаа хийгээд төлөвлөгөө гаргаад 2012 оноос вакцинаа тариад, 2013 онд дэгдэлтийг хумьсаны дараагаар одоо бол хүн амын дунд 10 мянгад 0.01 бүртгэгдэж байна. Дэгдэлтийнхээ үед 10 мянган хүнээс 41 хүн өвдөж байсан. Энэ мэтээр үр дүн гараад ирэх л хамгийн сайхан даа. Халдварт өвчний эх уурхай, дамжсан замыг тогтоож, халдварласан хүнээ олж авчихаад, халдварын голомтыг хумьж авчихаад сууж байх бол гоё.
-Эмчээс гадна судлаачийн ур чадварыг шаардсан мэргэжил юм аа?
-Судалдаг, мөрддөг, тагнадаг эмнэлгийн байгууллагын мөрдөн байцаагч бол халдвар судлагч эмч юм. Залуудаа би чинь хөдөө ажиллаж байхдаа дуудлагад их явдаг хэнхэг байсан байгаа юм. Насаараа энэ мэргэжлээрээ ажиллаад насныхаа эцэст ийм айхтар цар тахалтай учирчихсан. Гэхдээ ард нь гарна л гэж итгэж байна. Одоо бодоход хэрвээ вакцин гараагүй байхад ийм дэгдэлт гарсан бол “бид яана аа” гэж айдаг. Жил гаруй бариад жилийн дараа вакцин гарчихсан байна гэдэг бол Монгол Улс, Монголын ард түмэн, Монголын Төр, засаг, олон салбарын байгууллага, олон хүний хүч оролцоо юм.
-Танд нээрээ урлагийн ч юм уу нууц авьяас байдаг уу?
-Дундговийнх ч дуу хууранд муу. Гар бөмбөг л их тоглодог байсан. 2019 онд хүртэл ХӨСҮТ-д захирлын нэрэмжит тэмцээнд оролцож, цом авсан. Ажлаа өгөхдөө “За хүүхдүүд минь цомоо битгий алдаарай” гэдгээ ч захиад амжсан.
-Миний бодоход та эрүүл мэнддээ их анхаардаг уу. 40-өөд жил том том халдварын дэгдэлтийг хумихад ажиллаад, одоо ч энэ том цар тахлын үед онцлох үүрэгтэй ажиллаад л байна шүү дээ. Нийт уншигчийнхаа өмнөөс танд дахин “баярлалаа” гэж хэлээд ярилцлагаа өндөрлөе?
-Би чинь мах, гурил гээд л үндэсний хоолоо л иднэ. Бусад янз бүрийн хоолонд тааруу. Дасгал гайгүй хийдэг шүү. Залуудаа айраг сайн ууж өссөн болохоор ч тэр үү эрүүл мэнд гайгүй ээ. Одоо нийт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа “баярлалаа” гэдгээ дахин хэлье.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Gaviyat baitugai ard ba baatar ugsun ch bolokhor khundee bayar khurgie
Hevlel medeelliin terguunii ajiltan tsol bas uguh heregtei.
Монгол хүн хэзээч нэгнээ буруугаар, муухайгаар хэлж болохгүй. Шүүмжилж болно, гэхдээ атаархуу,хорон саннаг агуулж бичих муухай. Амбаа эмч Монголчуудын хайрыг татаж, сэтгэлээсээ хариуцсан ажлаа сайн хийдэг хүн. Тэтгэвэртээ гарсан ч, туршлагаа залуу эмч нартаа хуваалцаж,зөвлөлгөө өгч ажилана гэдэг хүн чанарын асуудал. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Одоо үед ингэж уйгагүй, шантрахгүй зүтгэх ахмад байтугай залуу хүн ч олдохгүй. Танд баярлалаа
ene hun beltgel hangaagui mash muu ajillasan haldbariig golomtod barilaa l geed hudal medeelj ooriigoo omoorsoor taraasan ymar gabiyat be jinhene ajillaagui zuragtiin medeelegch hud hud \n
Yostoi l 2 gui setgeleer ajlaa mundag hiideg hun dee. Az jargal daihn buhniig huseye. Harahaas hair hurch bn shuu emchdee
Ямар ч өвчин эдгэж бүрэн устдаггүй шүү дээ.