Мөрөөдөл үгүй МОНГОЛ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Бидний мөрөөдөл юу юм бэ? Төрөхөөсөө үхэх хүртэл бид чухам юу мөрөөддөг юм бэ?

Ядуу, хоосны алинд нь ч нэгнийгээ “үхтэл” нь хайрлах романтик мөрөөдөл үү, эсвэл хоёр гүүрний цаана гадаад нэртэй хороололд амьдрах уу, арай гэж хүрдэг авдаг хэдээ үхтэлээ хураагаад байшинтай болох уу, Засгийн газраас аль нэг өр тэглэхийг хүлээж гутлаа чирээд явах уу. Чухам бид юу мөрөөддөг юм бол оо...

Мөрөөдөл гээд бодохоор Монгол хүн мөрөөдлийг “Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй” гэж тодорхойлсноос өөрөөр ойшоож үздэггүй аж. Гэтэл гаднынхан мөрөөдөл гэж зүйлтэй, түүндээ хүрэх тэмүүлэлтэй аж. Хэрэв Америк мөрөөдөл байгаагүй бол Вандербильт төмөр замын шугам бүтээхгүй, Ж.П.Морган хөрөнгө оруулалтын системээ бүтээхгүй, Эдисон мянга алдаад гэрлийн чийдэн зохион бүтээхгүй, товчноос айдаг айдастай Стив Жобс ухаалаг утас  гээчийг зохиохгүй байлаа. Америк мөрөөдөл оршин байгаа учраас тэнд 78-тай хөгшин улсаа удирдаж байна. Тэнд та өөрөө л хичээ, хичээвэл юунд ч хүрнэ гэдэг үзэл байдаг учраас насаа гололгүй зүтгэдэг, зүтгэл нь эргээд шагнадаг болжээ. Америкт хоёр том нам байдаг ч Америк мөрөөдөл гэдэг зүйл намаас үнэтэй аж. Тиймээс мөрөөдөх, мөрөөдөхдөө хүрэх боломжийг нь олгоод өөр юунд ч үл оролцдог ажээ.

Япон мөрөөдөл бол япон хүн байх тухай ойлголт. Япончууд гэхээр хамгийн түрүүнд чанартай, ёс зүйтэй гэж ойлгогддог. Япон хүн байх тухай ойлголт нь хэдэн мянган жил гажаагүй учраас өдгөө Японыг тодорхойлоход амар болжээ. Япон хүн байх тухай ойлголт дайны дараа ч арилаагүй учраас Дахин хүчирхэгжихийн төлөөнөө бүх Япончууд мөрөөджээ. Гэхдээ тэд мөрөөдөөд л адар ширтээд байсангүй. Түүнийхээ төлөө зүтгэсэн юм. Японы гэх онцлог дээрээ тулгуурлаад Америкийн оролцоотойгоор технократ үндэстэн бий болсон билээ. Өдгөө Японыг “Сони”, “Тоёота”, “Сүзүки”, “Хонда” зэрэг технологийн суутнуудаар нь андахгүй. Япон улсын тухайн үеийн зорилго бол эдийн засаг л байлаа. Аль ч засгийн газар, аль ч нам байсан ялгаагүй үүндээ л анхаарсан болохоор Япон гэх улс өнөөгийн төрхөө олжээ.

Час улаан Хятадууд ч өөрийн гэсэн мөрөөдөлтэй болж. Биднийг эндээ хэзээ мөдгүй эзлээд авчихна гээд хар дарж зүүдэлж байх хооронд Хятадууд мөрөөдлийнхөө хүчээр урагшилсаар байна. Хятад  мөрөөдлийг цөөн үгээр хүчтэй иргэдтэйгээ хамтдаа хөгжих тухай гээд тодорхойлж болно. Хэдийгээр дээр дурдсан хоёр улсыг бодвол илүү албадлагын шинж чанартай ч хамтын хүчээр амжилтад хүрч байгааг Хятадын жишээгээр харж болохоор байна. Өдгөө тэд Америкийг эдийн засгаараа гүйцэх зорилготой, 10 илүү сая хүнээ ядуурлаас аварсан улс болоод дараагийн таван жилээ саравчлан сууна. Хятад хүн бүр Хятадаа бодож байгаа учраас өөрийнхөө төлөө гэхээс илүү улсынхаа төлөө зүтгэх үзэл гүн бат суужээ.

Бидэнд мөрөөдөл бий юу гэх эхний асуултаа асууя. Ямар хариулт гарч ирэхээр байна. Монгол хүн мөрөөдөхгүй бол Монгол Улсад мөрөөдөл гэж байхгүй. Хүн бүр мөрөөддөг, мөрөөдлийнхөө төлөө зүтгэдэг, мөрөөдлийг нь бодит болгох тогтолцоотой байж Монгол мөрөөдөл бий болно. Бидэнд хамтын мөрөөдөл, нийтлэг зорилго бий юу? Дахиад бодоод үзээрэй.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард (49.0.142.98) 2021 оны 05 сарын 25

Монголын ард түмнээ зөв тугаж ярьвал чигээ олно доо, хүн мөрөөдөлгүй биш ээ, тэх тусмаа монгол хүн. Юм болгоныг дагаж далдагнах ”хамхуул” гэж өвчин байна аа.

0  |  0
Эгэл(59.153.115.141) 2021 оны 05 сарын 25

Монгол хүний цалин амьдралд нь хүрэлцдэг байх

0  |  0
Зочин(202.9.46.59) 2021 оны 05 сарын 25

маш зөв асуулт манай иргэд 1 өрөө байрны зээлд хамрагдах мөрөөдөл л байгаа байхдаа

0  |  0
х(103.229.123.33) 2021 оны 05 сарын 25

Танайх нээрээ.........

1  |  0
Top