Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигийн улирал шувтарч, плей-оффын гал гарсан өрсөлдөөн эхлээд удаагүй байна. Плей-оффт шалгарсан 16 багийн хэн нь аялалаа үргэлжлүүлж алтан цом өргөх боломжтойг ердөө ганц асуултад багтаан тайлбарлая.
ДОРНО БҮС
Филаделфи 76 (1): Бен Симмонс шидэлттэй байж чадах уу?
Улирлын тоглолтоос ялгагдах нэг онцлог нь плей-оффт тоглолтын хэмнэл удааширч, хамгаалалт нягтардаг. Үүнээс шалтгаалан хурдан тоглолтоос оноо авах боломж багасдаг тул шидэлт чухал нөлөөтэй. Яг ийм тохиолдолд Бен Симмонс дундын шидэлтээ байндаа тусгаж чадах уу гэдэг асуудал үүснэ. Плей-оффын туршид Бен Симмонсын шидэлтийн сул талыг Сет Карри, Тобиас Харрис нар нөхөх боломжтой ч чухал үед байндаа тусгах эсэх нь эргэлзээтэй.
Плей-оффын эхний тоглолтын өнгийг харахад Тобиас Харрис, Жоел Эмбийд нар онцгой байж 37, 30 оноо тус бүрдээ авсны ачаар цувралыг тэргүүлж эхэлсэн. Яг таамагласнаар шидэлт муутай Бен Симмонсыг будагтай талбайд нэвтрүүлээгүй ч бусад тоглогчид ачааллыг давхар үүрснээр ялалт тэднийх болсон. Гэхдээ энэ хувилбар байнга амжилтад хүрэх үү гэдэг асуулт гарч ирэх нь гарцаагүй.
Вашингтон Уизардс (8): Дейвис Бертансд юу тохиолдох вэ?
Холын зайнаас шидэлт бага байдаг сул талаа нөхөхийн тулд өмнөх улирлын завсарлагааны дараа шидтэнүүд түүнийг багтаа нэгтгэсэн. Чөлөөт агент байсан түүнийг 80 сая ам.доллароор авсан ч сайн тоглож чадахгүй л байна. Шидэлтүүд нь байндаа тусахгүй байгаагаас гадна бөмбөгтэй гүйлт нь ч амжилт олохгүй байгаа. Энэ цаг үед “нийслэлчүүдийн” ачааны хүндийг Рассел Уестбрук л үүрч яваа. Түүнээс гадна Бредли Бийлийн шөрмөсний бэртэл илаар болж эргэн ирнэ.
Эхний тоглолтод багаараа муу шидэж байсан болохоор нэг тоглогчийнх нь тааруу амжилт бусдадаа нөлөөлсөн гэж дүгнэж болохоор байна. Дейвис Бертанс эхний тоглолтод 10 удаа оролдлого хийгээд талыг нь л амжилттай болгосноор багийн амжилтад нөлөөлжээ. Бэртлээсээ эргэж ирсэн Бредли Бийл 33 оноо авсан ч ялалт байгуулж чадаагүй.
Бруклин Нетс (2): Хамгаалалтаа нягтруулж чадах уу?
Гарааны бүрэлдэхүүнийг харахад л энэ баг цаасан дээр аль хэдийнээ аваргын цом авсан байгаа. Оноо авах өндөр ур чадвартай тоглогчид байгаа ч энэ хэрээрээ мөн л өндөр оноо алддаг. Бүгдээрээ гарааг нь нэрлэе л дээ. Жеймс Харден, Кевин Дюрант, Кайри Өрвинг нар дээр сэлгээнээс Жо Харрис, Блейк Гриффин нар тус хүргэнэ. Үүнээс харвал Нетсүүд бараг бүх өрсөлдөгчдөө 140-150 оноо алдахаар байна.
Эхний тоглолтоос харахад бүх зүйл Нетсийн болон Нешийн төлөвлөгөөгөөр болж байгаа бололтой. Бостонд бага оноо алдсан. Бага оноо алдаж, өөрсдийнх нь тоглолт ч сайн байсан болохоор Бостоныг 104-93 онооны харьцаагаар ялсан юм. Эхний тоглолтод Кевин Дюрант 32 оноо, Кайри Өрвинг 29 оноо, Жеймс Харден 21 оноо авсан нь ялалт байгуулахад хангалттай үзүүлэлт байлаа. Эхний тоглолтоос харахад Нетсийн хамгаалалт энэ плей-оффт нэг юм дуулгах нь.
Бостон Селтикс (7): Жейсон Тейтум ачааны хүндийг үүрэх үү!
NBA-д шинээр нэвтэрсэн плей-ин гэх ойлголт Бостон Селтикст сайнаар туссан. Плей-инд Жейсон Тейтумын гайхалтай гүйцэтгэл Бостонд авралын нар мандааж Дорнын өрсөлдөөнд нэгдэх боломжтой болсон билээ. Ачааны хүндийг бүтэн плей-оффт үүрнэ гэдэг боломжгүй зүйл. Боломжгүйг бүр боломжгүй болгож байгаа нь Жейлэн Брауны бугуйн гэмтэл. Улирлын туршид Тейтумд түшиг болж байсан түүний бэртэл гурван сарын дараа эдгэнэ.
Эхний тоглолтоос дүгнэхэд энэ эрсдэл бодит байдал болон хувирчээ. Жейсон Тейтум хэдийгээр 22 оноо авч багаа тэргүүлсэн ч ялалт байгуулахад хангалттай байсангүй. Маркус Смарт, Кемба Уолкер, Роберт Уиллиамс нар 10-аас дээш оноо авсан ч Бруклины “их гурвал”-ыг яагаад ч зогсоож барсангүй.
Милуоки Бакc (3): Жрю Холидей итгэл даах уу!
Түүнийг Милуокид ирэхэд бараг бүх хүн алга ташин угтсан. Энэ цаг үед магадгүй түүн шиг хайрлуулж байгаа хамгаалагч байхгүй ч байж мэднэ. Тэр бол сайн хамгаалагчийн дээр ухаалаг шийдвэр гаргадаг IQ өндөртэй тоглогч. Эсрэг багаас хэрэгтэй бол алдаа салгахдаа ч гаргууд. Плей-оффт тэр Эрик Бледсогоос ч илүү ачааг үүрч мэднэ. Амжилт гэхээр зүйл маш бага, бүх оддын тоглолтод ердөө нэг удаа Энтони Дейвистэй хамт тоглож байсан ч Милуоки хот түүнд итгэсэн хэвээр байна.
Эхний тоглотоос харахад Жрю Холидей үүргээ хангалттай гүйцэтгэж 20 оноо авсан. Харин багийн лидер болох Яннис 26 оноо, Крис Миддлетон 27 оноо авсан юм. Тоглолтын нийт зургийг харахад Милуоки олон шидсэн ч багаараа ердөө л таван удаа амжилттай болгожээ. Шидэлт нь ердөө болоогүй эхний тоглолтдоо тэд Крис Миддлетоны гайхалтай тоглолтын ачаар ялалт байгуулсан. Жрю Холидей ч итгэл алдалгүй сайн тоглосон.
Майами Хит (6): Ид шид үргэлжлэх үү!
Өнгөрсөн жил цар тахлын үеэр Майами хотод ид шид тохиож лигийн финалд шалгаран, аварга болсон Лейкерсээс хоёр ч ялалт салгаж амжсан. Энэ улиралд тэдний байдал өмнөхөөс тэс өөр байлаа. Улирлын туршид орон гаран тоглосон тэд эгээтэй л плей-оффын гадна үлдчихээгүй. Улирлын эхэнд Жимми Батлер, Данкан Робинсон, Тайлер Хирро, Бам Адебаио нар дээд түвшинд тоглосон. Батлер ямар ч үед ямар ч багийг “Аваад залчих” чадалтай гэдгийг туулсан замнал нь бэлхнээ харуулна.
Эхний тоглолтоос харахад Майамид потенциаль байна. Гэхдээ Жимми Батлер арга эвээ олоогүй. Тэр 22 удаа довтолсноос ердөө дөрвийг нь амжилттай болгожээ. Сэлгээнээс Горан Драгич 25 оноо авснаар багтаа томоохон тус хүргэсэн. Хоёр багийн ялгаа сэлгээний тоглогч дээр л ажиглагдсан гэхэд нэг их буруудахгүй.
Нью-Йорк Никс (4): Үнсгэлжингийн үлгэр хаана хүрээд зогсох вэ?
Улирал эхэлж байхад Никсийг хэн ч энэ хүртэл явна гэж төсөөлөөгүй. Баячуудын хараал шүгэлсэн мэт хэдэн жил плей-оффын гадна “таваргасан” Никсчүүд энэ жил маш өөр байлаа. Тэд бол азгүйтлээ өөрсдөө даван туулж байгаа баг. Өмнө нь “цэцэглэж” байсан Деррик Рөүзээс өөр гялтайх тоглогч лав гараанд нь байгаагүй. Гэхдээ тэд улирлын дундаас тэс өөр дүр төрхөөр эргэн ирсэн. Эхний тоглолтоос харахад тэд л өөрсдийнхөө тоглолтод бүдэрсэн. Магадгүй тэд эхний үед амжилттай тоглосон бол хувь заяа өөрөөр эргэж болох байлаа. Гарааны тоглогчдоос илүү сэлгээнийхэн л эхний тоглолтын ачааг үүрсэн. Жулиус Рандл эхний тоглолтод тийм ч сайн байж чадаагүй. Харин сэлгээнээс Алек Бөркс 27 оноо авч багаа тэргүүлсэн.
Атланта Хокс (5): Дасгалжуулагч түүх бүтээх үү?
Атланта плей-оффт шалгарсан гол нууц нь Нейт Макмиллан дасгалжуулагч байлаа. Улирлын дундуур Ллойд Пирсийг орлож ирсэн тэрээр үүрэгт ажлаа авснаасаа хойш 27 ялж, 11 удаа хожигджээ. Зөвхөн энэ үзүүлэлт л нэгийг хэлээд өгнө. Баг амжилттай яваагийн бас нэг шалтгаан нь бэртэлтэй тоглогчид эргэн эрж, бусад тоглогчид нь бэртэл гэмтлээс холуур байсанд оршино. Одоо энэ багт нэг л асуудал бий. Сайн удирдаж буй Нейт Макмиллан дасгалжуулагч плей-оффын нэгдүгээр шатыг давж үзээгүй.
Эхний тоглолтыг харахад бүх зүйл Атлантагийн талд байгаа бололтой. Трей Янг энэ багийн амин сүнс, чухал үед хувь заяа дэнслэх тоглогч яах аргагүй мөн юм байна. Түүний гайхалтай шидэлт Атлантаг цуврал тэргүүлэх боломж олгосон. Тэрээр эхний тоглолтод 32 оноо авсан бол Богдан Богданович 18 оноогоор, Жон Коллинс 12 оноогоор тус хүргэжээ.
ӨРНӨ БҮС
Юта Жазз (1): Супер одгүй Жазз хаа хүрэх вэ?
Донован Митчелл гэж од байгаа юм биш үү гэж эргэлзэх хүн магадгүй л дээ. Гэхдээ түүх худлаа хэлэхгүй. Тэр хэзээ ч Бүх NBA-н багт нэрлэгдэж байгаагүй, MVP-ийн өрсөлдөөнд ч түүний нэр байсангүй. Супер од гэх тоглогчгүй баг плей-оффт хол явж байсан түүх үгүй. Тэдэнд байгаа ганц зүйл бол улирлын туршид гурвын шидэлт нь оновчтой байж, байрлал бүр дээрээ жигд тоглосон гэх л үзүүлэлт байна. Тэд шидээд байвал шидээд л байна. Харин шидэлтүүд оноо болохгүй бол тэд яах бол гэдэг асуулт гарч ирнэ. Плей-оффын туршлагатай тоглогчгүй Жазз хамтлагын ая чухам хэзээ хүртэл эгшиглэх вэ гэдэг нь эргэлзээтэй.
Эхний тоглолтод тэд плей-оффт арай гэж шалгарсан Мемфисийн баавгайнуудад хожигдсон. Юта багаараа гурваас 45 шидээд ердөө 11 нь л оноо болсон. Шидээд байвал шидээд л байна оноо болохгүй бол яах вэ гэдэг асуултын хариу энд тайлагдаж байж болох юм.
Мемфис Гриззлис (8): Жарен Жексон одоо эсвэл хэзээ ч үгүй
Мемфисийнхэн түүнийг ихээхэн энхрийлүүштэй. Байсгээд л гэмтчихгээд байдаг түүнийг бэртэл гэмтлээс сэргийлж чадвал багийн амжилт нь дагаад дээшилнэ. Бэртлээсээ ирснээс хойш минутын хязгаарлалттай тоглож байгаа тэрээр 42.4 хувьтай довтолгоо гүйцэтгэж байна. Ерөөс тэр гэлтгүй бэртэл гэмтэл л тохиолдохгүй бол плей-инд гялалзсан Мемфис яагаад түүх бүтээж болохгүй гэж.
Эхний тоглолтыг харвал бэртэл гэмтэл холуур байгаа бололтой. Жарен Жексон минутын хязгаарлалттай тоглохдоо ердөө долоон оноо авсан. Гэхдээ Диллон Брукс 31 оноо, Жа Морант 26 оноо авсан нь улирлыг тэргүүлсэн Юта Жаззыг хожиход хангалттай байлаа. Мемфисийнхэн энэ тоглолтын хоёр болон гуравдугаар үед гайхалтай тоглож улмаар ялалт байгуулж чадсан юм.
Финикс Санс (2): Эйтон бэлэн үү!
Энэ улирлын нээлт бол яах аргагүй Финикс Санс байсан. Өнгөрсөн жилүүдэд лигийн хомоол хамаж байсан энэ баг өнгөрсөн жил томоохон мэдэгдэл хийсэн. Тэд өнгөрсөн жил Орландогийн нэгдсэн тоглолтод нэг ч хожигдолгүй гарч ирсэн нь олон багт дохио болсон билээ. Эйтон энэ улирлыг тун боломжийн өнгөрөөсөн. Мэдээж хэрэг Крис Полын тус дэм байгаа л даа. Тэр будагтай талбайд хэр зэрэг байхаад өрсөлдөгчөө хожих, хожих нь шалтгаална. Эсрэг талд Жеймс, Дейвис гэх хоёр том од байгаа учраас ачааны хүнд түүнд ногдож байгаа гэхэд дэгс болохгүй. Тэд довтолгоонд идэвхтэй байж чадвал Лейкэрсийн тоглолтод нөлөөлөх болно.
Эхний тоглолтоос харвал Финикст бололцоо дүүрэн байна. Ялангуяа эхний үед тэд 32 оноо авч өрсөлдөгчдөө 25 оноо алдсан. Энэ тоглолтоо гуравдугаар үе хүртэл хадгалж чадсанаар хожил байгуулах боломжтой болсон юм. Тоглолтын үзүүлэлтийг харахад хоёр баг хамгаалалтдаа ихэд анхаарчээ. Эйтон ч тэднийг сайн хамгаалсан. Девин Букер 34 оноо, Деандре Эйтон 21 оноо авч томоохон үүрэг гүйцэтгэжээ. Хэрэв сэлгээний тоглогчид учраа олоод эхэлбэл Финикст ямар ч асуудал алга. Крис Пол гэмтсэн гэдэг нь тэдний хувьд харин муу мэдээ.
Лос Анжелес Лейкэрс (7): Туслах дүрүүд тус болох уу!
Леброн, Дейвис нар угаасаа атлетик чанар сайтай, энэ цагийн шилдэг тоглогч гэдэгтэй хэн ч маргахгүй. Одоо харин тэдэнд хэн туслах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Уесли Метюс хэдийгээр туслагчийн дүртэй ч хангалттай тус болж чадах эсэх дээр мэргэжилтнүүд итгэлгүй байгаа. Гарааны тоглогчид болон оддын статусыг харахад хоёроор гарсан Финикст бус долоогоор гарсан Лейкэрсд итгэх мэргэжилтнүүд цөөнгүй байна.
Эхний тоглолтдоо тэд өөрсдийнхөө орон гаран тоглолтын гайгаар хожигдсон. Тус болж чадах эсэхийг туслах дүрүүд хангалттай харууллаа. Хоёр од нь тус бүрдээ 13-18 оноо авсан бол туслах дүрүүдээс Драммонд 12, Шродер 14, Монтрецл Харрел 12, Карузо 10 оноо авч тус хүргэсэн.
Денвер Наггетс (3): Жамал Мюррейн дутууг Аарон Гордон нөхөх үү!
Багийн гол тоглогчдын нэг Жамал Мюррей зүүн хөлний бэртлийн улмаас улирлаа дуусгасан. Түүнийг Аарон Гордон нөхөж чадах уу гэдгээс Денверийн плей-оффын аялал шалтгаалах болоод байна. Гордон түүнээс бага ачаа үүрч байсан ч түүний тоглолт хэрхэхээс Денверийн амжилт шалтгаална. Гордон бол Мюррейн дутууг атлетик шинж чанаараа, будагтай талбайн хамгаалалтаараа нөхнө. Нөгөөтээгүүр Аарон Гордон сагсан бөмбөгийн замналдаа чухал гэж хэлж болох ямар ч тоглолтод орж байгаагүй.
Эхний тоглолтоос харахад Денвер нэг л учраа олж өгсөнгүй. Жамал Мюррейн эзгүйтэй үүнийг холбож болох ч энэ бол шалтгаан биш. Хэдийгээр Никола Йокич хийдгээ хийн 34 оноотой трипл-дабл гүйцэтгэж, Майкл Портер 25 оноо авч, хамгийн гол нь Аарон Гордон маш чухал 16 оноо авсан ч ялалт байгуулахад хангалтгүй байлаа.
Портленд Трэйл Блэйзерс (6): Лиллард, Макколумын хослол үр дүнд хүрэх үү!
Портлендын арын шугам ямар ч асуудалгүй байна гэж тооцоход урд шугмын Лиллард, Макколум нар учраа олж чадах уу гэдэг асуулт гарч ирнэ. Тэд плей-оффын нэгдүгээр шатаа давж чаддаг ч цааш явъя гэхнээ даанч болдоггүй. Нөгөөтээгүүр тэдэнд тус болох гуравдагч тоглогч байгаагүйтэй үүнийг холбон тайлбарладаг. Хэдэн жилийн өмнө тэдэнд боломж гарсан ч Нуркич, Коллинс нар бэртэлтэй байснаар Уарриорс цааш шалгарсан. Хэрэв тэд энэ шатнаас зовлонгүй гардаг дүр зургаараа шийдэгдвэл дараагийн шатнаас цааш шалгарах нь тэдний зорилго.
Эхний тоглолт ерөнхийдөө дүр зургийнхаа дагуу боллоо. Гураваар гарсан зургаагаар гарсан хоёр багийн хооронд эрс тэс ялгаа байсангүй. Харин ч довтолгоо, хамгаалалт, сэлгээ зэргээрээ Портлендийнхэн илүү байна. Тэд хоёрдугаар үеэс бусдад нь өрсөлдөгчөөсөө хувь илүү байснаар цувралыг тэргүүлж эхэлсэн билээ. Лиллард, Макколум нарт асуудал алга, тус бүрдээ 34, 24 оноо авцгаасан.
Лос Анжелес Клипперс (4): Одоо л Пол Жоржийн цаг
Ур чадвартай ч дутуу үнэлэгдсээр байсан тоглогч бол яах аргагүй Пол Жорж. Бүх одод тоглогч түүнд плей-оффын хамгаалалтын ачаа ногдож байна. Улирлын турш тэрээр хийдгээ хийсэн. Ялангуяа Денвер Наггеттстай таарахад түүний хүчин зүтгэл хангалттай байсныг дурдах нь зүй. Плей-оффт гарч ирэхдээ л ямар нэгэн байдлаар азгүйтээд байдаг түүнийг экспертүүд ч хангалттай буруутгадаг. Одоо тэр талбайн гадна ч, талбай дээр багтаа ямар нэгэн байдлаар итгэл төрүүлэх нь чухал болоод байна.
Эхний тоглолтыг товчоор дүгнэвэл азгүйтэл гэж нэрлэж болохоор. Пол Жорж нөгөө л азгүйтэлтэйгээ дахин нүүр туллаа. Тоглолтын туршид Клипперсийнхэн өрсөлдөгчөөсөө илүү гарсангүй. Дөрвөн үеийн турш дутуу явсаар дуусгасан. Хэдийгээр Пол Жорж 23 оноо, Кавай Леонард 26 оноо авч багаа тэргүүлсэн ч ялалт байгуулахад хангалтгүй байжээ. Энэ тоглолтын хувь заяаг сэлгээнийхэн шийдсэн.
Даллас Маверикс (5): Лукагийн шид үргэлжлэх үү!
Лука Дончич шиг нөлөөтэй тоглогч тун цөөн. Энэ улиралд ч тэр юу чадах аа, юу чаддаг аа хангалттай харуулсан. Өнгөрсөн жил Порцингис гэмтсэнээр Дончич ганцаардсан. Энэ плей-оффт түүн шиг хүнд ачаа үүрч яваа од тоглогч цөөн байгаа.
Эхний тоглолтоос харахад Далласт асуудал алга. Гарааны тавт маш сайн тоглосон. Сэлгээнийхэн өрсөлдөгчөөсөө үл ялиг илүү байлаа. Дончич хийдгээ хийж 31 оноотой трипл-дабль, Кристапс Порцингис 14 оноо, Тим Хардвей 21 оноо авч багтаа тус хүргэсэн. Плей-оффыг нэг тоглолтоор дүгнэж болохгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )