Б.Жаргалан: Зургаадугаар сарын 10-ны өдрөөс нийт нутгаар дулаарна
Монгол орны зуны улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал урт хугацааны прогнозын судалгааны хэлтэсийн Ерөнхий инженер Б.Жаргаланаас тодрууллаа. Тэрбээр “Энэ зун ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Ялангуяа зүүн болон говийн бүс нутгаар гандуу хуурай байх магадлалтай тул шороон шуурга шуурах, үе үе олон хоног дараалж хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгаа” хэмээн анхаарууллаа.
-Ирэх зургаадугаар сард нийт нутгаар цаг агаар ямар байх вэ?
-Жил бүрийн зургаадугаар сард олон жилийн дунджаар агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-12 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говь талын нутаг болон Орхон Сэлэнгийн сав газраар 20-24 хэм, бусад нутгаар 13-19 хэм дулаан байдаг.
Харин ирэх зургаадугаар сарын хувьд нутгийн зүүн өмнөд хагастаа буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор болон Төв аймгийн өмнөд, Өвөрхангай аймгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна.
-Зургаадугаар сард бороо хэр орох вэ?
-Ерөнхийдөө зургаадугаар сард олон жилийн дунджаар Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 10–20 мм, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 40–60 мм, бусад нутгаар 21–39 мм хур тунадас ордог. Ирэх зургаадугаар сард бол Завханы хойд, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн баруун, Баянхонгор, Хэнтий, Дорнод аймгуудын хойд хэсэг, Төв болон Сэлэнгэ аймгуудын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.
-Зуны сар хэдийн эхэлсэн ч төдийлөн дулаарахгүй байна. Ер нь энэ жил ямархуу зун болно гэж та бүхэн судалсан бэ?
-Ирэх зургаадугаар сарын 10-наас нийт нутгаар харьцангуй дулаан болох төлөвтэй байгаагаас гадна энэ зуны хувьд ихэнх бүс нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй. Долоодугаар сард Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар болон Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн өмнөд хэсэг, мөн Төв аймгийн өмнөд болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Наймдугаар сард Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатар аймгийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй.
-Олон жилийн дундажтай харьцуулахад энэ зун хур тунадас хэр орох бол?
-Хур тунадасны хувьд долоодугаар сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин Завханы хойд хэсэг, Хөвсгөлийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай. Наймдугаар сард нутгийн өмнөд хагастаа олон жилийн дунджаас бага, бусад нутгаар буюу Төвийн бүсийн ихэнх аймгууд, зүүн бүсээс Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадастай байх магадлалтай байна.
-Монгол орны хэмжээнд цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл ямар байгаа вэ. Саяхан зарим аймагт цасан болон шороон шуурга шуурч, иргэд, малчдад ихээхэн хүндрэл учрууллаа. Гамшигт үзэгдлийн давтамж ямар байна вэ?
-Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол оронд хэт халалт, хур тунадасны эрчимжил, агаар мандлын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, учруулах хор хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Ялангуяа зуны улиралд тохиолддог гамшигт үзэгдлийн талаар аваад үзвэл харьцангуй богино хугацаанд, бага хэмжээний газар нутгийг хамран ажиглагддаг конвекцийн гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал илүү эрчимтэй өсч, учруулах хохирлын хэмжээ сүүлийн 20 гаруй жилд хоёр дахин нэмэгдсэн. Иймээс зуны улиралд тохиолдох гэнэтийн хүчтэй аадар бороо, үер усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байж, аялал зугаалга, амралт сувилалд явахдаа цаг агаарын мэдээг тогтмол харж байхыг зөвлөе. Агаарын температурын хувьд мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөв гарсантай холбоотой ялангуяа зүүн болон говийн бүс нутгаар гандуу хуурай байх магадлалтай тул шороон шуурга шуурах, үе үе олон хоног дараалж хэт халалт ажиглагдах магадлал өндөр байгааг анхааруулж байна.
Ойрын өдрүүдийн цаг агаарыг тооцож тариалалт хийхийг зөвлөлөө
Энэ жил улсын хэмжээнд 197 мянган га-д үр тариа, үүнээс 191 мянган га-д улаанбуудай, 7.2 мянган га-д төмс, 1.8 мянган га-д хүнсний ногоо, 2.2 мянган га-д малын тэжээл, 5.7 мянган га-д тосны ургамал, нийтдээ 216 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 50.8 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 52 хувь, төмс 40 хувь, хүнсний ногоо 23 хувь, малын тэжээл 2.3 хувь, тосны ургамал 14 хувьтай байгаа аж. Тариалалтын бүс нутгуудаар энэ жилийн дөрөв, тавдугаар сард бороо, нойтон цас орж хүйтэн сэрүүн байгаагаас хаврын тариалалтын ажил дөрөв, таван хоногоор оройтож эхэлсэн гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Хаврын тариалалт тавдугаар сарын 5-наас эхэлж таримлын төрлөөсөө хамаарч зургаадугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг байна. Өчигдрийн байдлаар тариалангийн ихэнх бүс нутагт үр тарианы таримлын соёололт жигдэрч хасах 3-4 хэмийн хүйтнийг даах хэмжээнд хүрчээ. Гэтэл энэ долоо хоногт ихэнх нутгаар бороо, нойтон цас орж сэрүүсэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлсэн билээ. Тиймээс хүнсний ногоо тариаланчид цаг агаарын төлөв байдал, орж буй хур тунадасны хэмжээ, өдөр шөнийн температурын хэлбэлзлийг сайтар тооцож үрслэгийг ил талбайд шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ирэх сард хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух магадлал ихтэй
Монгол орны ихэнх гол мөрний зургаадугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджийн орчим буюу бага байх төлөвтэй ажээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голын зургаадугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага байх төлөвтэй. Харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны Халх зэрэг голын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй аж. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэйг албаныхан анхаарууллаа. Зургаадугаар сард зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх магадлалтай гэнэ. Иймд гол мөрөн, хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг сануулав.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой сонин ярилцлага өгдөг хүн бнаа. Хэл ярианы хөгжил үгийн баялаг аяга муутай хүн бнаа.