"Оддын үсчин" Д.Одонгоо: Үсчин хүний мэдрэмж хувьсаж өөрчлөгдөхгүй бол мартагддаг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 01

Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоог “Өглөөний зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр үсчин, гоо сайхны салбартаа 30 гаруй жил тасралтгүй ажиллаж, “Оддын үсчин” тодотголоор түмэн олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн, мэргэжлийнхээ эзэн нь болж яваа эрхэм гавьяатай.


 

-Үйлчилгээний гавьяат ажилтан цолыг анх 1978 онд олгож эхэлсэн. Үүнээс хойш нийтийн аж ахуй, үйлчилгээний салбараас оёдолчин, техникч, токарьчин гээд олон гавьяат төрлөө. Яг үсчин, гоо сайхны салбарын гавьяат цөөхөн байх. Төр, түмнийхээ итгэлийг хүлээсэн баярт мөчид та юуг тунгаан бодсон бэ?

-Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа, сам, хайч барьж сургасан Монгол Улсын Мастер үсчин Я.Заман, Ч.Болдхуяг багш нартаа баярлалаа. Олон жил түшиж тулсан гэр бүл, хамт олон, үнэнч үйлчлүүлэгчийнхээ дэмжлэгээр энэ хүртэл явж ирлээ. Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа болон Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн нартаа баярлалаа. Ахуй, үйлчилгээний салбар үүсэж хөгжөөд 90 жилийнхээ түүхэнд үсчин, гоо сайхны салбар хоёр гавьяаттай боллоо. Насаараа ордны үсчингээр ажилласан, “төрийн үсчин” Цээсүрэн гэж Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан байдаг.

-Таныг “Оддын үсчин” гэсэн тодотголоор хүмүүс танина. Үсчин, гоо сайхны салбарт 30 гаруй жил ажиллаж байна уу?

-“Оддын үсчин” нэрийг ард түмэн надад өгсөн. Монголын рок, попын салбар болон драмын урлаг, кино урлаг, соёлыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан гэж бодож явдаг. Надаар үсээ засуулаагүй урлагийнхан цөөхөн шүү. Сам, хайч бариад 30 дахь жилдээ золгож байна. Энэ хугацаанд урлаг, соёлынхныхоо үсийг гоёж, засаж тайзны ард олон ч удаа ажиллалаа. Тухайлбал, Л.Балхжавын дуунууд, “Пентатоник” наадам гэхчилэн рок попын томоохон наадам, “Гоёл” наадам, “Монголын сайхан бүсгүй” тэмцээний үс засалт дээр ажилладаг. “Гэгээн муза” наадам үүсэж хөгжсөн 15 жилийн хугацаанд жил бүр наадамд оролцсон алдартнуудын үсийг засаж, гоёх арын албыг хашиж ирсэн.

-Мэргэжлээ сонгож, хүсэл мөрөөдлийнхөө ажлаа эхлүүлж байсан сайхан түүхээ яриач?

-Багаасаа багш, бүжигчин болохыг мөрөөдөж, төсөөлдөг ч байлаа. Багшийн сургуульд шалгалт өгч, 140-өөд хүүхдээс эхний тавд орсон ч урдуураа хувиараа таслуулсан. Тиймээс ээж маань намайг 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвийн Үсчний нэгдүгээр салбарт анх хөтөлж аваачсан. Монгол Улсын Мастер үсчин Я.Заман багшийнхаа удирдлага дор үсчин мэргэжлийг дагалдаж сурч эхэлсэн. Тухайн үед үсчний дамжаа гэж байгаагүй, хичээл зүтгэл, сурах хүсэл эрмэлзлэл, оролдлого чухал байлаа. Дагалдан хийж байх хугацаандаа их зүйлийг сурч, тэвчээр хатуужил, хүнтэй харилцах харилцаа, ажил хөдөлмөр бүх зүйлийг багшаасаа, хамт олноосоо суралцсан. Тэнд амьдралын маань хамгийн нандин, дурсамжтай цаг хугацааны нэгээхэн хэсэг өнгөрсөн. Миний аав, ээж аливаад чин сэтгэлээсээ ханддаг, маш хариуцлагатай хүмүүс, тэр зан чанаруудыг нь ч би өвлөсөн гэж боддог. Ээж маань гэрлийн бүрхүүлэн дээрх тоосыг хүртэл хөвөн бариад шалгадаг, нүднээс далд ажлыг ч хуурахгүй хийдэг сайхан хүн.

-Дагалдан хийсэн тэр үеэсээ л та мэргэжилдээ дурлаж эхэлж дээ. Дурласан, хайрласан мэргэжлээрээ багшилж, багш болох хүслээ ч биелүүлжээ, тийм ээ?

-Тийм ээ. Үсчин болчихоод Олон улсын харилцааны дээд сургуулийн Герман хэлний багш орчуулагч, дипломатч ангийг төгссөн. “Урлах эрдэм” дээд сургуульд Гоо зүйн багшаар, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр боловсролын төв”-д тус тус таван жил ажилласан.

-Хэзээнээс өөрийн гэсэн салонтой болсон бэ. Дагалдангаас тусдаа салонтой үсчин болоход хэр хугацаа орсон бэ?

-1995 онд “Smile” салонд Мастер үсчин Ч.Болдхуяг багшийнхаа шавиар очиж ажиллаж байгаад 1998 онд “Vidal” салоноо байгуулаад одоо 23 дахь жилээ угтаж байна. Энэ хугацаанд “Vidal” салон өөрийн гэсэн өнгө аястай, өөрийн гэсэн түүхтэй үлджээ. Тав, таван жилийн зайтай үсний өнгө загварыг харуулсан үзүүлбэр шоуг хийж ирсэн. Хамтлаг, дуучид, жүжигчид, загвар өмсөгчдийн оролцсон томоохон шоу наадам, тэмцээн бүрийн ард багаараа гардаг. “Vidal” салоноос 15 салон салбарлаж гарсан байна. Тив, дэлхийн аварга үсчид төрөн гарсан. Бид Монгол Улсын аварга, дүүргүүдийн тэмцээнд удаа дараа амжилт үзүүлж, маш амжилттай өдийг хүрлээ.

-Таны ажлын хамгийн сайхан нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж байдаг байх. Гоё, сайхан болоод гарч байгаа хүмүүс танд баярласнаа яаж илэрхийлдэг вэ?

-Үсчин гэдэг хүнийг гоо сайхан харагдуулахад тусалдаг, нарийн мэдрэмжтэй, зөв сэтгэл бодолтой байх хэрэгтэй. Үсээ засах гээд нөмрөг нөмрүүлээд, үсээ зассаны дараа нөмрөгөө аваад үйлчлүүлэгч маань инээх агшин хамгийн сайхан байдаг. Нөгөө талаас тун ч хариуцлагатай мэргэжил. Хагарах гэж буй шаазантай харьцаж байгаа мэтээр үсийг төсөөлсөн тийм нарийн мэдрэмж шаарддаг ажил. Мэргэжилдээ би хайртай.

-Хэрвээ тоолсон бол та хэчнээн алдартанд үйлчилж байсан бэ. Байнгын үйлчлүүлэгч ч олон байх?

-Мэдээж урлаг соёлынхон гол үйлчлүүлэгч байдаг. УИХ-ын гишүүд, улстөрчид томоохон компанийн захирлуудын дүр төрхийг өөрчилж байлаа. Халимаг үстэй эрэгтэйлэг харагдах хүмүүсийн ч дүр төрхийг нь өөрчлөөд эмэгтэйлэг, дэгжин болгоод гаргах сайхан шүү дээ.

-Таныг хэзээнээс “Оддын үсчин” гэх болсон юм бэ?

-“Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ” шоу, 1995-1996 онуудын “Гоёл” наадмын ар талд ажиллах цагаас эхэлж “Оддын үсчин” гэх болсон байх даа.

-Таныг зориод ирсэн хүмүүс ихэвчлэн ямар үйлчилгээ сонирхдог вэ?

-Үсчин бас харилцааны мэргэжил. Зөв бодол, зөв сэтгэлтэй байх гэж хичээдэг, элдэв хов хөөцөлдөхгүй зан гээд надад үйлчлүүлэгчээ татах сайхан чанарууд байдаг байх. Үйлчилгээний хувьд ихэвчлэн үсний тайралт, гоёлын засалт зэргээр дүр төрхөө өөрчлөх гэж хүмүүс зорьж ирдэг.

-Үсний олон төрлийн үйлчилгээ байгаа. Зарим үйлчилгээ материалын чанараасаа ч болдог уу дунджаас доогуур амьжиргаатай хүмүүст бол үнэтэй тусна. Тэдэнд та чаддаг зүйлээрээ туслахыг хүсдэг байх?

-Тэгэлгүй яах вэ. “Алдарт эхийн одонтой ээжүүд” цахим нэгдлийн ээжүүдийн үсийг сургалтаараа дамжуулж олон жил үнэ төлбөргүй гоёж ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажлууд хийдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтот бүлгийн хүүхдүүд, өндөр настан, асрамжийн газрын ахмадуудын үсийг засна. Үүнээс гадна “18 нас хүрсэн зорилтот бүлгийн хүүхдүүд хаачдаг вэ” гэсэн санал асуулгыг тавьж, Гэр бүл, хүүхэд хөгжлийн газартай хамтарч, байгууллагуудыг челлэнжид дуудаж, 450 гаруй хүүхдийг ажил мэргэжилтэй болгох уриалга гаргаж ажилласан. Үсчин, гоо сайхан, маникюр болон гар урлал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, засвар, гар утас, алт мөнгөний дархан, гутал, хувцас урлал гээд 24 байгууллага челлэнжид нэгдсэн байдаг. “Сайн ээж” группийн ээжүүдийн үсийг салоны хамт олонтойгоо очиж, үнэгүй засаж үйлчилдэг. Тайзны ард, салон дээрээ, сайн үйлсийн аянд ч манай хамт олон идэвхтэй оролцож, миний амжилтын үндэс нь сайн хамт олон байдаг.

-Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

-Үсчингээрээ ажиллаад, давхар багшилж байх үедээ юм юмыг л амжуулдаг байлаа. Эд ажиллаж байх үедээ сарын өмнөөс захиалгын цаг дүүрч, хоногт хоёрхон цаг унтана. Өдөр хоол идэх ч завгүй, хоолыг хэдхэн минутад идэж сурсан байж билээ. Өглөө нь багшилна, орой нь үс засна. Шөнө нь уран бүтээлчдийн клипний зураг авалт, тоглолтын ард ажиллана. Одоо бол ажлын найман цагтаа л ажиллаж байна. 5-6 жилийн өмнөөс л ингэж ажилладаг болсон доо.

-Та одоо олон шавьтай. Бусдыг сургаж, мэддэг чаддагаа өвлүүлэх ямар байдаг вэ?

-Бусдад чаддаг, мэддэгээ зааж өгнө гэдэг үнэхээр сайхан ажил. Би хэнээс ч юугаа ч харамлахыг хүсдэггүй. Өдий хугацаанд мэргэжил нэгт нөхөддөө тайралтын болон гоёлын засалтын сургалтыг явуулж, 21 аймаг, сумд, Улаанбаатар хотын үсчид тогтмол хамрагддаг болсон байна. Сургалтаараа бие биенийгээ дадлагажуулж, сурсан мэдсэнээ хуваалцаж, мэргэшүүлдэг.

-Нөгөө талаас чаддаг зүйлтэй байх сайхан юм даа. Таны шавь нараас Ази, Европ, дэлхийн тэмцээнээс шагнал хүртсэн, хувиараа салонтой болсон хүмүүс олон уу?

-Сайн үйлс бүхэн дэлгэрдэг. Шавь нар маань амжилтад хүрч, хүн бүхэн мэргэжилдээ сэтгэл ханамжтай байгаасай, мэргэжлээсээ ихийг сураасай л гэж хүсдэг дээ. Одоо манай салонд хамтарч ажиллаж байсан үсчид Ази тив, Дэлхийн тэмцээнээс ихээхэн амжилт үзүүлсэн. Мэдээж хамтарч ажиллаж байсан үсчид маань амжилт үзүүлэхийг харах сайхан мэдрэмж. Үсчид маань өөрсдийн гэсэн салонтой болж, Монголын үсчид улам чадварлаг болсоор байна. Жишээлбэл, Дэлхийн аварга үсчин С.Мөнхнасан Сүхбаатар дүүргийн тэмцээнд түрүүлээд манай салонд анх орж байсан. Дэлхийн аваргын тэмцээний медальтангууд Наранхүү, Ганцоож нар 16 настай манай салонд орж ирж байсан. Алтаншагай “Vidal”-даа 10 жил ажилласан. Энэ хүүхдүүдээ дэлхийн тэмцээнд явахад нь “яаж дэмжих вэ” гэдгийг их боддог. Нөхрөөсөө хүртэл замын зардлыг нь гуйж авч өгөх үе байсан.

-Ер нь Монголын үсчин, гоо сайханчид сүүлийн жилүүдэд олон улсад амжилтаараа тодорч үнэлэгдэх боллоо. Монголын үсчин, гоо засалчдын холбооны гүйцэтгэх захирлын хувьд та салбарынхаа хөгжлийг, хүмүүсийнхээ ур чадварыг хэрхэн үнэлж, төсөөлдөг вэ?

-Монголын үсчид дэлхийд үнэлэгддэг болсон. Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2006 онд Дэлхийн үсчин, гоо сайхны холбооны гишүүн болж, түүнээс хойш тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд Монголын шигшээ багаа тасралтгүй бэлтгэн, оролцуулж ирсэн. Энэ хугацаанд дэлхийн аварга үсчид, багийн медалиуд, Ази, Европ тивийн аваргууд, Дэлхийн үсчин, гоо засалчдын аварга шалгаруулах тэмцээний алтан цом гээд аваагүй медаль, хүртээгүй амжилт ховор байна. Түүнчлэн Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо сайханчдын тэмцээнийг олон жил амжилттай зохион байгуулж ирсэн түүхтэй. Тийм ч учраас үсчин, гоо сайханчдын маань хөгжил дэлхийд үнэлэгддэг. Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэнээр ахлуулсан баг, хамт олон 2006 оноос дэлхийн тэмцээнд явж эхэлсэн цаг үеэс Монголын үсчид дэлхийд зам мөрөө гаргах болсон юм.

-Үсчин хүн үргэлж тасралтгүй суралцаж, цаг үеийн, трэндийн нарийн мэдрэмжтэй байх ёстой болов уу. Та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?

-Жил бүр, улирал бүр үс, гоо засалтын трэндүүд өөрчлөгдөж байдаг. Тийм болохоор цаг, минут тутамд шинийг сурахын тулд Европын орнуудын багш нараасаа онлайн хичээл авч, Европын тэмцээн, уралдааны бүхий л мэдээлэл, шинэ трэндүүдийг эрж хайж, судалдаг. Очиж суралцахаас гадна цахим хичээл гэж сайхан зүйл бий болсон нь одоо үеийн ололтуудын нэг. Хүмүүст хөгжих нөөц бололцоо үнэхээр их байна.

-Үсчин мэргэжлийг сонирхож, суралцаж, ажиллаж байгаа залуустаа сургамж, зөвлөгөө өгөөч?

-Үсчин гэдэг нарийн мэдрэмж шаардсан мэргэжил учраас цаг үеийг дагаж хувьсаж өөрчлөгдөх хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж, тэмцээн уралдаанд тогтмол оролцож, хүчээ сорьж, бүх зүйлийг шинээр сурч байхгүй бол хоцрогдож, мартагдана. Дээрээс нь бусдад чаддаг, мэддэгээ зааж өгөхгүйгээр хүн хэзээ ч хөгждөггүй. Бүх үсчин өөрийнхөө чаддаг, мэддэг бүхнээ хуваалцаж, суралцаж байгаа хүмүүстээ харамгүй зааж өгч байгаарай.

-Ярилцлагынхаа төгсгөлд үс засалтын 2021 оны трэнд ямар байгааг таниас асуухгүй өнгөрч болохгүй нь ээ?

-Энэ жилийн үс засалтад огцом тайралтууд голлож байна. Өнгөний хувьд зэсэн өнгө, ягаан туяа оруулсан сорнууд зонхилж байгаа. Гэхдээ үс засалтад загвар, трэндээс гадна тухайн хүнд тохирсон засалт, царай төрхөнд нь тохирсон мэдрэмжтэй өөрчлөлт өнгө чухал.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.189.15) 2023 оны 06 сарын 17

Үг яриандаа анхаараарай Цэдэнбалын үсчин дараа нь би авч бна гээд ярьж байсан шүү. Ах захаа хүндэлж зөв ярих нь энэ эрхэм шагналын утга учир оршино шүү. Амжилт хүсье.

1  |  0
Top