Б.Мөнхдэлгэр: Эх орондоо ирж буй иргэдийн асуудал нь хүлээлтийн зөрүү, орчин байдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Дэлхийн өнцөг булан бүрд ажиллаж, амьдарч буй монголчууд олон. Тэд хүний нутагт эрдэм боловсрол эзэмшиж, арвин туршлага хуримтлуулж эх орноо тэмүүлэн тэмцэн ирдэг. Нийгмийн тогтолцоо, харилцаа, хандлага нь өөр орноос эх орондоо ирээд тэд багагүй бэрхшээлтэй тулгардаг нь нууц биш. Хилийн чанад дахь монголчууд нэгдэж өөрсдийн бэрхшээлийг ярьж хэлэлцэж, асуудлаа шийдэж, нийгмийн сайн сайхны төлөө олон үйлс хийсээр иржээ. Хилийн чанад дахь монголчууд зөвлөлийн Монгол дахь ажлын албаны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Мөнхдэлгэртэй ярилцлаа.


-Өдгөө хилийн чанадад хэчнээн монголчууд амьдарч байна вэ, тэдний хэдэн хувь нь ажиллаж, сурч байгаа бол?

-Хилийн чанадад энэ оны байдлаар 97 улсад 170 мянган Монгол Улсын иргэн сурч ажиллаж амьдарч байна. Тэдний суралцаж, ажиллаж байгаа нарийн тоог гаргахад хэцүү. Зарим нь сурахаар очоод ажилладаг бол, зарим нь ажиллахаар очоод сурдаг, зарим нь сурангаа ажилладаг. Ер нь ихэнх хувь нь сурангаа ажилладаг гэсэн статистик тоо байдаг. Хүний нутагт бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрийнхөө зорилгын төлөө тууштай тэмцдэг хүмүүс бол хилийн чанад дахь монголчууд байдаг.

-Гадаадад очсон хүмүүст тулгардаг асуудал бэрхшээлүүд юу байдаг вэ. Түүнийг даван туулахын тулд мэдэх ёстой зүйлсийг зөвлөөч?

-Хамгийн эхлээд очих гэж зорьсон газраа улсаа судлах хэрэгтэй. Судалгаа хийж мэдээлэлгүй явснаар асар их мэдэхгүй чадахгүй бэрхшээлүүд тулгардаг. Хамгийн чухал асуудал бол тухайн улсын соёл болон хууль,  хүмүүсийн онцлогийг судлах анхан шатны мэдээлэлтэй байх хэрэгтэй байдаг. Энэ мэдээллийг манай зөвлөлөөр дамжуулан Монгол дахь албаны гишүүдээс авах боломжтой байдаг. Мэдээж хэлний бэрхшээл бий. Гадаад руу явах гэж буй залуустаа хандаж хэлэхэд хэлээ маш сайн сурах хэрэгтэй. Хэлтэй бол хөлтэй гэдэг дээ. Монголоос суралцахаар ажиллахаар явахдаа маш сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Наад зах нь газрын зураг дээр ажиллаж сурах нь чухал. Хэрвээ гадаадад очоод ямар нэг хүндрэл учирвал тухайн улсад үйл ажиллагаа явуулж буй монголчуудын холбоод, оюутны холбоод, эх хэл соёлын төвүүд мөн элчин сайдын яам руугаа хандаж зөвлөгөө дэмжлэг аваарай. Манай төв оффисын info@mongoliansabroad.org хаягаар холбогдож асуудлаа шийдвэрлэхэд зөвлөгөө мэдээлэл авахад нээлттэй байдаг.

-Таны хувьд ямар, ямар оронд сурч, амьдарч байв. Эх орондоо ирээд юу хийж байна вэ?

-Би ОХУ-ын Новосибирк хотын нэгэн хүнсний үйлдвэрийн гэрээт борлуулалтын ажлаар гадаад харилцаагаа эхэлж 10 жил ажилласан. 2015 онд Япон улс руу МУИС-ийн дэргэдэх Монгол Япон төвийн шугамаар Жайка тэтгэлгээр Японы шилдэг компаниудаас туршлага судлах япон менежментийн сургалтанд сууж ирсэн. Энэ сургалт маань Хоккайдад япон менежментийн богино хугацааны дадлага сургалт бөгөөд  Кайзен холбооны шугамаар суралцсан л даа. Сургалтын дараа Японы дөрвөн хотын 10 гаруй үйлдвэрээр туршлага судалсан. Энэ хугацаанд хөгжлийн түлхүүр нь улсын философи, байгууллагын философи, хувь хүний философи нь нэгдмэл байх нь чухал гэдгийг ойлгосон. Түүнийгээ эх орондоо хэрэгжүүлэх эрмэлзэл төрсөн. Эх орондоо ирээд “Дэлхийн мөрөөдлийн сургууль” байгуулж, “Нүүдлийн соёлын боловсрол” төслөө эхлүүлсэн. Одоо тав дахь жилдээ амжилттай хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж Монголын боловсролыг дэлхийд түгээх уриатай ажиллаж байна. Хөгжил дэвшил гэдэг язгуур соёл, боловсрол гэдэг зүйлээс эхэлдэг юм байна. Энэ төслөө ирэх 10 жилд  21 аймагт хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор Хэнтий аймагт хүүхэд хөгжлийн зуны жишиг кэмпээ нээн ажиллуулж байгаа. Мөн Өвөрхангай аймагт шинэ салбараа нээхээр бэлтгэл ажил хийгдэж байна даа. Одоогоор манай хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор 5000 орчим хүүхэд хамрагджээ.

 

Хамгийн том асуудал бол сэтгэл зүйн бэлтгэл, хүлээлтийн зөрүү, бас орчин байдаг.  Энийг л давчих юм бол бүх зүйл боломжтой. Дараагийн асуудал бол найз нөхөд танилын хүрээ хумигдсан байдаг. Энэ асуудлыг манай байгууллага  төгсөөд ирсэн залуусыг ажлын албандаа гишүүнээр авч тэднийг угтаж авах танилцах хүрээг нь нээх олон арга хэмжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг . Одоогоор манай Монгол дахь албанд 41 залуу ажиллаж байна. Дөрвөн  хороонд хуваагдан өөр өөрсдийн чадвараар нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажилд хүчээ өргөн ажиллаж байгаа болохоор илүү өөдрөг тэмүүлэлтэй байдаг шүү. Эх орныхоо хөгжил дэвшилд мэдлэг хувь нэмрээ оруулах нь иргэн хүний үүрэг юм гэдгийг ойлгуулж тэднийг ирэхэд нь тосож авч чиглүүлэх ажил хамгийн чухал ажил юм.

 

-Эх орондоо ирсэн  залууст тулгардаг бэрхшээл юу байна вэ?

-Хамгийн том асуудал бол сэтгэл зүйн бэлтгэл, хүлээлтийн зөрүү, бас орчин байдаг.  Энийг л давчих юм бол бүх зүйл боломжтой. Дараагийн асуудал бол найз нөхөд танилын хүрээ хумигдсан байдаг. Энэ асуудлыг манай байгууллага  төгсөөд ирсэн залуусыг ажлын албандаа гишүүнээр авч тэднийг угтаж авах танилцах хүрээг нь нээх олон арга хэмжээ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг . Одоогоор манай Монгол дахь албанд 41 залуу ажиллаж байна. Дөрвөн  хороонд хуваагдан өөр өөрсдийн чадвараар нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажилд хүчээ өргөн ажиллаж байгаа болохоор илүү өөдрөг тэмүүлэлтэй байдаг шүү. Эх орныхоо хөгжил дэвшилд мэдлэг хувь нэмрээ оруулах нь иргэн хүний үүрэг юм гэдгийг ойлгуулж тэднийг ирэхэд нь тосож авч чиглүүлэх ажил хамгийн чухал ажил юм.

-Хилийн чанад дахь монголчууд хандив тусламжийн олон үйл ажиллагаанд гар сунгадаг. Та бүхний хийж байсан хүмүүнлэгийн, сайн сайхны үйлсийн ажлуудаа дурдвал?

-Хилийн Чанад дахь Монголчууд Зөвлөл нь Монгол Улсын иргэн хаана амьдарч буйгаас үл шалтгаалан язгуур өв соёл түүхээ судлах суралцах, нийгмийн бүхий л үйл ажиллагаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, үндэстний нэгдмэл үнэ цэнийг хүүхэд багачууддаа бага балчир наснаас нь түгээж ойлгуулах, сургаж, хөгжүүлэн дэлхийн монгол иргэдийг төлөвшүүлэхэд төвлөрч, дэлхийн монголчуудын нэгдлийг бий болгож ажилладаг. “Гадаад дахь монгол хэл соёлын багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт”, “Монгол хүүхэд Монголын бахархал”,  “Гадаадад гацсан монголчууддаа тусалцгаая” зэрэг олон ажлыг зохион байгуулсан. 2020 онд “Монгол орны хөгжилд” XVI чуулганыг зохион байгууллаа. Хамгийн сүүлийн үеийн ажлаасаа товч дурдвал Монгол дахь албаны залуус 2020 онд нэг сарын хугацаанд “Эх орондоо амны хаалт илгээе” аяныг амжилттай өрнүүлж 20 гауй улсаас 200 мянган амны хаалт, эмнэлгийн хэрэгсэлийг ЭМЯ болон УОК, Цагдаагийн газарт  түгээн ажилласан. Мөн “Халуун сэтгэл” аяныг жил болгон явуулж эмзэг бүлгийн хүүхдүүдэд ном хичээлийн хэрэгсэл хандивладаг, энэ жил энэ ажлаа мөн хийсэн. Мөн “Шийдэл” хөтөлбөрийн хүрээнд “Гэртээ харих зам” подкастыг тогтмол явуулж байна. “Ковидын үеийн боловсрол, ковидын дараах боловсрол” сэдвээр цуврал ярилцлага хийж байна.

-Гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд Монголынхоо эдийн засагт хэчнээн долларын хөрөнгө оруулалтыг гадаадаас оруулдаг вэ?

-2018 оны байдлаар 574 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хилийн чанадад байгаа иргэд оруулсан үзүүлэлттэй байна. Энэ тоо илүү өссөн. Бид чинь ар гэртээ, аав ээждээ байдаг бүхнээ л барьдаг хүмүүс шүү дээ. Бүгд ардаа амьдралтай учраас хүлээсэн үүрэг хариуцлага гэдэг зүйл биднийг ямагт өглөө бүр сэрээж байдаг. Мөнгөөр хэмжишгүй зүйл бол оюуны хөрөнгө оруулалт гэж боддог.

-Эх орныхоо эмзэглэж бас бахархаж байдаг зүйлсээ хэлнэ үү?

-Монгол угсаатан бол хүн төрөлхтний өвөг генийг тээж яваа гэдгээрээ бахархам сайхан санагддаг. Бидэнд өөрсдийгөө судлах дэлхийд үүцээ дэлгэх асар их боломж байна. Гэвч бид үргэлж бусдыг өндөрт өөрөөсөө илүү гэж бодож ханддаг тэр хандлага жаахан тиймэрхүү санагддаг. Тэр тусмаа Монголд байгаа залуустай ярилцаж байхад ажиглагддаг. Цаашдаа энэ хандлага өөрчлөгдөх байх. Монгол гэдэг үндэсний язгуур шинжээ сэрээж дэлхийд гайхалтай том брэндүүдийг гаргаж яваа монгол залуус олон болжээ.

-Гадаад залуус монгол залуусын харилцаа хандлагын ялгаа хэр зөрүүтэй байна вэ?

-Ялгаа гэвэл соёл, ёс заншил байна. Хандлагын хувьд бид илүү сэтгэлгээгээ задлах бүхнийг болно бүтнэ гэдэг өөртөө итгэх итгэл л дутуу байгаад байна гэж харагддаг. Дэлхий даяаршиж байгаа энэ үед монгол залуус маань соёл, боловсролтой, харилцааны соёлтой болж байгаа нь магтууштай.

-Цар тахал гадаадад буй монголчуудад хэрхэн нөлөөлсөн бэ, вакцинжуулалтад хамрагдаж чадаж байна уу?

-Дэлхий нийтээр тархсан цар тахал эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн. Эергээс нь дурдвал бид илүү нягт хамтын ажиллагаатай болж байна. Тэднийхээ дуу хоолойг хүргэх, асуудал үүссэн нэг иргэндээ ч гэсэн тусламжийн гараа сунган ажиллаж байна. Турк, Бельги дэх монголчуудын холбоогоо энд дурдах нь зөв байх. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай нягт ажиллаж эх орондоо буцах хүсэлтэй 1000-аад иргэнд бид тусламж дэмжлэг үзүүлэн буцах зардал хоол унааны зардлыг гарган ажилласан сайн жишээ байна. Сөрөг нөлөө нь гадаадад байгаа манай иргэдийн вакцины асуудал одоогоор шийдэгдээгүй явж байна. Өвдөөд тусаад, өөрсдөө гэрийн эмчилгээгээр эдгэж байна. Цар тахал гарсны дараа ажилгүй, мөнгөгүй, орон байргүй болсон жишээ олон доо. Цаг үе өөрчлөгдөж байдал сайжирч байгаа.

-Хилийн чанад дахь монголчууд Зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал?

-Бидний гол ажил бол иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг яаралтай холбогдох газруудад мэдэгдэж ажилладаг. “Дэлхийн монголчууд”  хөтөлбөрийг хэрэгжүүлж, цаашид энэ хөтөлбөрийн хоёр дахь үе шатыг Засгийн газар УИХ-аар батлагдаад төсөв тавигдана гэж бид итгэж байна. Бидний алсын хараа бол дэлхийн монголчуудын нэгдлийг бий болгох “Дэлхийн монголчуудын нэгдэл сан” бий болгож төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллах юм.

Манай зөвлөл Боловсролын хороо, Шинжлэх ухаан инновацийн бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Биеийн тамир спортын хороо, Оюутан залуучуудын хороо, Соёл гадаад сурталчилгааны хороодтой. Тус тусдаа хариуцсан үүрэг хариуцлагатай ажилладаг. Гадаад ба дотоодод хийгдэж буй соёл боловсролын чиглэлийн судалгаа шинжилгээ хийж буй судлаачдын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хамтын ажиллагааг бий болгох судалгаа бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад зуучлах, хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулах, хөтөлбөр төслүүдийг санаачлах, хөрвөх чадвартай баг бүрдүүлэх, хөгжүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.23.50.131) 2021 оны 06 сарын 10

эх орондоо баялаг бүтээж ирдэг хүмүүс шүү

0  |  0
Зангараг(202.179.25.111) 2021 оны 06 сарын 03

Зөвхөн ирэх болохоороо эх орон гээд байдаг. Уг нь бүх насаараа эх оронч байх ёстой ш дээ. Коммунистууд тийм биш юмаа.

0  |  0
Top