Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийж байгаа айлчлал үргэлжилж байна. Тэрээр ОХУ-ын "Риа новости" агентлагийн сэтгүүлч Дмитрий Виноградов, Дарья Лабутина нартай уулзаж, Сэлэнгэ мөрний УЦС, төмөр зам, аялал жуулчлал гэсэн өргөн сэдвээр ярилцжээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
-Таны айлчлалын гол зорилго юу вэ. Хэнтэй уулзалт хийх вэ. Ямар нэг гэрээ, хэлэлцээ байгуулах уу?
-Энэ айлчлал Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд явагдаж байна. Хоёр тал энэ тэгш ойг өргөн тэмдэглэхээр төлөвлөгөө гаргасан байгаа. Монголын ГХЯ-ны сайдын хувиар хийж байгаа анхны айлчлал маань ОХУ-д болж байгаа нь их билэг дэмбэрэлтэй, утга учиртай хэрэг гэж би бодож байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хоёр улсын хамтын ажиллагааны маш олон асуудлын талаар ярилцах болно. Монгол, ОХУ-ын Төрийн тэргүүдийн уулзалтын асуудлыг хөндөнө. Удахгүй, энэ сарын 9-нд Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Шинэ Ерөнхийлөгчийн гадаад бодлогод ч ОХУ-тай хийх хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх болно. Мөн би Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Миний айлчлалын үр дүн хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.
-Дээд хэмжээний уулзалт хэзээ болох бол?
-Энэ сарын 9-нд болох сонгуулийн дараа Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болох юм. Энэ ёслол МАН, Ардын хувьсгалын 100 жилийн ойтой давхцаж байгаа. Баярын арга хэмжээ долоодугаар сард болно. Бид Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведевийг урьсан.
Монгол Улсын ард түмэн Ерөнхийлөгчөөрөө хэнийг ч сонгосон байлаа шинэ Ерөнхийлөгч ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагааг дэмжих болно гэдэгт итгэлтэй байна.
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын ажиглагч гишүүн. Бүрэн эрхт гишүүнээр элсэх боломжтой юу?
-Монгол Улс ажиглагч гишүүнээр олон жил болж байна. Бид энэ байгууллагын дээд, дунд шатны бүх уулзалтад оролцдог. ШХАБ-д Энэтхэг, Пакистан улсууд гишүүнээр элссэнээр энэ байгууллагын цар хүрээ, нөлөө улам өссөн. ШХАБ бол Төв Азийн улс орнуудын хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг. Манай улс ШХАБ-тай худалдаа, эдийн засаг, ХАА, тээвэр, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах сонирхолтой. ШХАБ-ын гишүүдээс манай улсыг байнгын гишүүн болох санал тавьдаг. Бид тус байгууллагын дүрэм, үндсэн баримт бичгүүдийг судалж байна. Эрдэмтэн, судлаачид, албаны хүмүүс олон нийтийн дунд судалгаа явуулж, одоогийн байдлаар ажиглагч гишүүний байр сууриа хадгалж үлдэх нь дээр гэсэн дүгнэлт гаргасан байгаа.
-Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд элсэх, чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийн талаар хэлэлцэж байсан. Энэ асуудал ямар үе шатандаа явж байгаа бол. Монгол Улс энэ холбоонд элсэх боломжтой юу, элсвэл хэзээ?
-Манай хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай ч ашиглаагүй маш олон нөөц, боломж байна. Худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай. Ковид гарахаас өмнө хоёр улсын худалдаа хоёр тэрбум ам.долларт хүрч байлаа. Гэхдээ үүний 90 хувь нь нефтийн бүтээгдэхүүн, өргөн хэрэглээний бараа, техник, технологи зэрэг ОХУ-аас нийлүүлсэн импорт эзэлж байсан. Харин Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж байгаа барааны хэмжээ маш бага. Ийм байдал олон жил үргэлжилж байна. Үүнд гаалийн өндөр татвар, олон тооны хязгаарлалт нөлөөлж байна. Энэ асуудлуудыг шийдэхийн тулд Евразийн эдийн засгийн холбоотой хамтран ажиллах, чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэрэгтэй. Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооноос хамтарсан ажлын хэсэг гаргаж, чөлөөт худалдааны бүс байгуулах асуудлыг судалж байгаа. 2021 он дуусахаас өмнө урьдчилсан дүгнэлт гарч, гэрээ хэлэлцээ эхэлнэ гэж найдаж байгаа.
-Энэ жил гэрээ байгуулна гэж хүлээж болох уу?
-Энэ жил амжихгүй. Ийм гэрээ байгуулах ач холбогдлын талаар эхлээд сайтар судлах хэрэгтэй. Тусгай ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож байж асуудлыг шийднэ.
-Монгол Улсаас ОХУ-д нийлүүлж байгаа бараа бага байна гэж санаа зовж байгаа бол Гаалийн холбоонд элсвэл дээр биш үү? Тэгвэл татваргүй бараагаа нийлүүлж чадна.
-ОХУ нь Гаалийн холбооны гишүүн тул бид зөвхөн ОХУ-тай худалдааны нөхцөл байдлыг хэлэлцэж болохгүй байна. Тийм болохоор бид зөвхөн Оростой биш ЕАЭЗХ-ны гишүүн бусад улстай экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд тус холбоотой хэлэлцээ хийж байна. Одоогийн байдлаар манай улс Гаалийн холбоонд элсэх бодолгүй байгаа.
-Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад /ХАБГБ/ элсэх талаар?
-Манай улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд Монгол Улсад гадаадаас шууд аюул заналхийлээгүй тохиолдолд ямар нэг улс төр, цэргийн байгууллагад элсэхгүй гэж заасан байдаг. Азаар одоо бидэнд гаднын аюул алга. Тийм болохоор ХАБГБ-д элсэх шаардлага байхгүй. Нөгөө талаас бид цэрэг, техникийн салбарт ОХУ-тай нягт хамтран ажилладаг. Оросын их, дээд сургуулиудад манай цэргийн мэргэжилтнүүд суралцаж байна. Оросоос бид цэргийн техник хэрэгсэл авдаг. Манай улс ОХУ, Хятад улсын голд оршдог. Нэг талаас далайд гарцгүй, гуравдагч хөрштэйгээ харилцахдаа заавал энэ хоёр улсын нутаг дэвсгэрээр дайрах хүндрэл бий. Гэхдээ нөгөө талаас бид аюулгүй байдалд байгаа гэсэн сайн талтай.
Монгол Улс эдийн засаг, худалдааны төслүүдэд оролцох илүү сонирхолтой байна.
-Эдийн засгийн хөгжилд ийм ач холбогдол өгч байгаа учир эдийн засгийн талаар хоёул ярилцья. Сэлэнгэ мөрний Усан цахилгаан станц (УЦС)-ын барилгын төсөл ямар үе шатанд явж байна вэ. ОХУ-аас эрчим хүч аваад, энэ УЦС-аа хаах солилцоо хийхэд бэлэн үү. ОХУ-аас ямар хэмжээний эрчим хүч авбал болох вэ?
-Та маш чухал асуулт тавьлаа. Дэлгэрэнгүй хариулья. Монголын нутаг дэвсгэр дээрх Усан цахилгаан станцын төслийг ОХУ-ын шаардлагаар зогсоосон. Би Монгол Улсын байр суурийг хэлье.
Нэгдүгээрт, энэ станцыг Сэлэнгэ мөрөн дээр барих гээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин тус мөрний цутгал Шүрэн, Эгийн голуудад барих төлөвлөгөөтэй байсан. Сэлэнгэ бол Байгаль нуурын усны нөөцийн дөнгөж 18 хувийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, Байгаль нуурын усан сангийн 80 хувь нь ОХУ-ын нутагт оршиж байна гэсэн үг. УЦС барих гэж байгаа Эгийн гол бол бүр дөнгөж 5 хувь. Нөгөө талаас УЦС барина гэдэг нь гол усыг хаана гэсэн үг биш. Гол мөрөн урссан хэвээр байна. Энэ төслөөс болж Байгаль нуур ширгэнэ гэдэг нь маш маргаантай асуудал.
Хоёрдугаарт, хуучин ЗХУ-ын үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд Эгийн гол, Шүрэн голд УЦС барих санал гаргаж байсан. Бид энэ зөвлөлт шинжээчдийн судалгаанд үндэслэн төслийг эхлүүлсэн. Тийм болохоор энэ төсөл дээр ОХУ-ын байр суурь маш ойлгомжгүй байлаа.
Гуравдугаарт, УЦС барихаар Байгаль нуурыг бохирдуулна гэж яриад байгаа. Гэвч Байгаль нуур ОХУ-ын талаас л бохирдож байгаа нь нууц биш. Байгаль нуур дээр цаасны үйлдвэр ажилласаар л байна. Эрэг дээр нь маш их жуулчны бааз бий. Тийм болохоор энэ асуудалд эргэлзээтэй зүйл олон бий.
Дөрөвдүгээрт, Шүрэн станцын төслийг эхлүүлэхээс өмнө Францын компаниар Байгаль нуурын амьтан, ургамал, усны түвшинд ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийлгэсэн. Ямар ч нөлөөгүй гэж гарсан. Харин Оросын тал үүнийг анхаарч үзээгүй, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд өргөдөл гаргаж, манай төсөл зогссон. Хариуд нь ОХУ эрчим хүч худалдан авахыг санал болгосон. Гэхдээ Монголд одоо байгаа дулааны цахилгаан станцуудаа шинэчлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх төсөл хэрэгжиж байгаа. Шинэ цахилгаан станц барих төлөвлөгөөтэй. Сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэхээр нар, салхины төхөөрөмж ажиллуулж байна. Тиймээс зарчмын хувьд манайд эрчим хүчний хангалтад асуудал байхгүй. Бидэнд эрчим хүчний дутагдал тулгарсан биш бидэнд уян хатан ажиллах цахилгаан станц хэрэгтэй байна. Эрчим хүчний хэрэглээ багасдаг шөнийн цагт эрчим хүч буцаад хямд үнээр ОХУ-д урсдаг, харин дараа нь хэрэгцээтэй эрчим хүчээ бид зах зээлийн үнээр авах гэх мэт. Шөнийн цагийн илүүдэл эрчим хүч, ОХУ-аас орж ирдэг эрчим хүчний импортын хомсдол улс орны санхүүд хүнд дарамт болж байна.
-Яг одоо ийм байдалтай байгаа юм уу?
-Тийм ээ. Манайд эрчим хүч дутагдаж байгаа хэрэг биш. Бид Оросын эрчим хүчнийхэнд энэ асуудлаар хамтран ажиллах санал тавьсан ч одоогоор хариу аваагүй байна.
-Одоо УЦС-ын төсөл зогссон байгаа юм байна. Дахин сэргэх боломж бий юу?
-Бид Оросын талтай олон жил энэ талаар ярилцаж байна. Харилцан ашигтай шийдэлд хүрнэ гэж найдаж байна.
-Оросын төмөр замаас Монголын төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, анхны хөрөнгө оруулалтад 260 сая ам.доллар хэрэгтэй гэж дүгнэсэн. ОХУ-аас энэ төсөлд зориулж Монголд 100 тэрбум рублийн зээл олгож болно гэсэн. Энэ төсөл хэрэгжиж эхэлсэн үү. Яг ямар төсөл гэдэг нь тодорхой болсон уу?
-Манайд "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) гэсэн хамтарсан аж ахуйн нэгж бий. Төмөр замыг үр ашигтай, орчин үеийн болгохын тулд том хэмжээний өөрчлөлт шаардлагатай. Их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Харин УБТЗ өмнө нь авсан их хэмжээний өртэй. УБТЗ нийгэмлэгийн Оросын талын хувьцаа эзэмшигч болох ОХУ-ын Засгийн газарт бид өр, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх санал тавьсан байгаа. Хоёр орны тээврийн газрууд энэ асуудал дээр идэвхтэй ажиллаж байна. Манайд шинэ төмөр замын шугамууд баригдаж байгаа. Маш ирээдүйтэй төслүүд. Юуны өмнө Таван толгойн нүүрсний орд газрыг Хятадын хилтэй холбож байгаа төмөр зам байна. Мөн Улаанбаатар хотыг тойруулсан төмөр замын сүлжээ барих төлөвлөгөөтэй. Одоо төмөр замын шугам хотыг дайрч байгаа нь хотын иргэдэд түвэгтэй байгаа юм. Энэ бүх төсөлд оролцох саналыг Оросын төмөр замд тавьсан байгаа.
-Монголын нүүрс олборлох төсөлд ОХУ оролцох боломжтой юу?
-Монгол нүүрсээр баян орон. Нийт нөөц нь 173.3 тэрбум тонн. Хэд хэдэн маш том ордтойгоос хамгийн том нь Тавантолгой. Уул уурхай бол эдийн засгийн хөгжлийн стратегийн чиглэлийн нэг тул их анхаарал тавьдаг. Энэ салбарт ОХУ-той хамтран ажилладаг сайхан уламжлалтай. ЗХУ-ын үеэс "Эрдэнэт" зэс молибдений үйлдвэрт орос мэргэжилтнүүд ажилладаг байлаа. Манай мэргэжилтнүүд ОХУ-д бэлтгэгдэж, хамтарсан геологийн эрэл хайгуул хийдэг байсан. Харамсалтай нь, одоо уул уурхайд хамтын ажиллагаа багассан. Одоогийн байдлаар ОХУ-тай хамтарсан нүүрсний төсөл байхгүй. Харин өөр чиглэлд хамтын ажиллагаа хөгжиж байна. Жишээ нь, "Эрдэнэт" үйлдвэр, Оросын "Росгео" нйигэмлэгтэй геологийн судалгаа хийх гэрээ байгуулсан. Бид ОХУ-тай хамтарсан төсөл байгуулахдаа нээлттэй, баяртай хүлээн авах болно.
-Монгол Улс сүүлийн үед худалдаа, банк, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж байна. Энэ салбарт ОХУ-тай хамтран ажиллах боломж бий юу? SWIFT шиг банкны системд шилжихэд Монгол Улс бэлэн үү?
-Тийм ээ, бид бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Хоёр улсын Төв банк энэ асуудлыг судалж үзсэн. Гэвч харилцан худалдааны хэмжээ бага тул банк хоорондын гүйлгээ бага байгаа нь ажиглагдсан. Худалдаа, банкны үйлчилгээ бол нягт холбоотой зүйл. Тийм болохоор эхлээд худалдааны хэмжээг нэмэх хэрэгтэй.
-Монгол Улс Оросын зайрмагны гол худалдан авагчийн нэг. Худалдан авалтын хэмжээг нэмэх төлөвлөгөө бий юу. Монголын нутагт хамтарсан мөхөөлдөсний үйлдвэр барих боломжтой юу. Та орос мөхөөлдсөнд дуртай юу?
-Мөхөөлдсөнд дургүй хүн гэж байхгүй шүү дээ. Миний мэдэж байгаагаар АНУ Оросоос хамгийн их мөхөөлдөс авдаг орон. Дараа нь Хятад байгаа. Хятад улс энэ оны 1-3 сард 2.6 сая ам.долларын мөхөөлдөс худалдан авсан байсан. Энэ том гүрнүүдтэй харьцуулахад Монголын худалдан авдаг зайрмагны хэмжээ бага. Мэдээгээр бид Ерөнхийлөгч В.Путин гадаадын Төрийн тэргүүдийг орос мөхөөлдсөөр дайлж байгааг хардаг. Энэ бол мөхөөлдөсний дипломат бодлого гэх шинэ дипломат бодлого юм. Сүүлийн үед манай эх орны үйлдвэрлэгчид төрөл бүрийн мөхөөлдөс үйлдвэрлэж, хэмжээ нь нэмэгдэж байна. Өрсөлдөөн тун их. Гэхдээ "Айс марк" компани Монголын зах зээлийн 72 хувийг эзэлдэг. Энэ компани 40 төрлийн зайрмаг үйлдвэрлэдэг. Цаашдын зорилго нь дэлхийн зах зээлд брэнд мөхөөлдөс гаргах. Манай зах зээлд төрөл бүрийн орос мөхөөлдөс бий. Хүмүүс их дуртай. Энэ зах зээлд эрүүл өрсөлдөөн их гэж хэлж болно. Би багаасаа мөхөөлдсөнд дуртай байсан. Зөвлөлт технологиор хийдэг байсан тэр мөхөөлдөсний амтыг одоо ч мартаагүй байна.
-Маш их нөөц боломж бий ч одоогоор хоёр улсын хоорондын аялал жуулчлалын хэмжээ маш бага байгаа. Оросын жуулчдыг олноор нь татахын тулд Монгол Улс юу хийхийг зорьж байна вэ?
-Манай Засгийн газар аялал жуулчлалыг эдийн засгийн үндсэн чиглэлийн нэг гэж үздэг. Жилд нэг сая жуулчин хүлээн авах том төлөвлөгөөтэй. 2019 онд бид 577 мянган жуулчин хүлээж авсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Тогтвортой жуулчлал" төслийн хүрээнд Хөвсгөл, Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт жуулчлалын төв байгуулж байгаа. Цар тахлын улмаас жуулчлалын салбарын үйл ажиллагаа зогссон. Гэхдээ удахгүй байдал сайжирна гэдэгт итгэлтэй байна. Тийм болохоор одоо бид гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ хангах хэрэгтэй. Цар тахал эхлэхээс өмнө манай аялалын компаниуд “Улаанбаатар - Улаан-Үд - Байгаль нуур” чиглэлээр сайн ажиллаж байсан. Монгол, ОХУ, Хятадын Аялал, жуулчлалын сайд нар Монголын Говь, Оросын Алтай, Хятадын Өвөр Монголд хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ойрын ирээдүйд Орос, Хятадын жуулчдыг олноор хүлээн авна гэж итгэж байна. Үүний тулд манай гурван улс Засгийн газрын түвшинд аялал жуулчлалын салбарыг дэмжих хэрэгтэй.
-Монгол Улс ОХУ-ын "Спутник V" вакциныг хүлээн зөвшөөрсөн. Орос вакцин ямар хэмжээгээр авах бодолтой байгаа бол. Та өөрөө вакцин хийлгэсэн үү. Орос вакцин уу... Орос вакциныг дүгнэж хэлбэл?
-Манай ЭМЯ-наас Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай нягт хамтран ажилладаг. Энэ хамтын ажиллагааны дүнд 60 мянган тун "Спутник V" вакцин авсан. Энэ нь ард түмнийг дархлаажуулалтад амжилттай хамруулахад их дэмжлэг болсон. Манай бараг насанд хүрсэн бүх хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн байгаа. Зургаадугаар сард бүх нийтийн дархлаажуулалтыг дуусгах зорилготой байна. Зургаадугаар сарын 1-нээс үе шаттайгаар хилээ нээнэ. Вакцинжуулалтад Хятадын Засгийн газар үнэлж баршгүй том тусламж үзүүлсэн. Би хятад вакцин хийлгэсэн. Яагаад гэвэл хятад вакцин Оросоос өмнө Монголд орж ирсэн. "Спутник V" сүүлд орж ирсэн бөгөөд бид энэ вакцинаар 55-аас дээш насны иргэдээ дархлаажуулсан. Одоо Монголд Оросын "Спутник Лайт" вакциныг туршиж байна. Орос, эсвэл өөр ямар нэг оронд хүүхдийн вакцин гарахыг бид хүлээж байна. Манай хүн амын 30 хувь нь хүүхэд, багачууд. Монголын Засгийн газрын хувьд есдүгээр сард сургуулийн хичээлийг танхимд эхлүүлэх нь маш чухал асуудал.
Сэтгэгдэл ( 22 )