ШХАБ эгнээгээ өргөтгөж, Турк, Иран хоёр тун удахгүй тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болох төлөвтэй байна.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад (ШХАБ) элсэхийг хүсэж буй улс орнууд жил бүр нэмэгдсээр байгааг ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Владимир Норов өчигдөр “ТАСС” агентлагийн орлогч дарга Михаил Гусмантай хийсэн ярилцлагынхаа үеэр онцолжээ. Хэрэв Иран, Турк ШХАБ-ын гишүүн болбол Евразийн интеграцийн гол хүчнүүд тус байгууллагад төлөөлөлтэй болно гэсэн үг. Одоогоор ШХАБ нь Хятад, Казахстан, Киргизстан, ОХУ, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан гэсэн найман байнгын гишүүнтэй. Афганистан, Беларусь, Иран, Монгол ажиглагчийн статустай, Армени, Азарбайжан, Камбож, Непаль, Шри Ланк, Турк яриа хэлэлцээний түнш гэсэн статустай байна. ОХУ болон Хятадын эрх ашгийг хамгаалсан НАТО, АНУ, зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулгатай заалтууд ШХАБ-ын гэрээнд байдаг гэж үзэн АНУ тэргүүтэй Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж үздэг.
Түүнчлэн Иран Улс ШХАБ-д элссэнийг АНУ болон Европын орнуудаас ирэх дарамтыг саармагжуулж дэмжлэг авах зорилготой гэж тодорхойлж байгаа юм. АНУ тэргүүтэй барууны ертөнц Иран Улсыг цөмийн зэвсэг хийдэг хэмээн хардаж, үе үе хүчтэй хориг арга хэмжээнүүдийг тавьдаг билээ. Уг байгууллагын анхдагч зорилго нь Евро-Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, юуны өмнө гурван аюул буюу хүчирхийлэл, салан тусгаарлалт, хэт туйлшрах үйлдэлтэй (terrorism, separatism, extremism) тэмцэх байсан бол эдүгээ эдийн засгийн олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорилгоо болгоод байна. Монгол Улс тус байгууллагын анхны ажиглагч орны нэг. Олон жил ажиглагчаар явсан Монголыг жинхэнэ гишүүн болгох яриа 2014 оноос цухалзах болсон. ШХАБ-ын дүрэм ёсоор тус байгууллагын үйл ажиллагааг даргалах эрх ротациар гишүүн орнуудад шилждэг. Душанбе халаагаа Москвад өгсөн жил халааг нь авсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ ШХАБ-ыг даргалах үед өргөжүүлнэ” гэдгээ хэлсэн. Манай дараа жил ажиглагч орноор нэгдсэн Энэтхэг, Пакистан, Иран аль аль нь жинхэнэ гишүүн болох хүсэлтээ илэрхийлсэн билээ. ШХАБ ирэх жилүүдэд гишүүнчлэлээ өргөтгөнө гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын нутаг дэвсгэрийг холбосон олон улсын дэд бүтцийн сүлжээ буюу авто зам, агаарын нислэгийн зам болон төмөр замын шугамуудыг бий болгох санаачилга гаргаад буй. Энэ бүхнээс үзэхэд ШХАБ-ын үйл ажиллагааны цар хүрээ болоод үр нөлөөг улам бүр тэлэх бодлого идэвхтэй хэрэгжихээр байгаа юм.
Зарим ажиглагчийн үзэж байгаагаар бол яг дээрх асуудлаар Шанхайн байгууллагын гол тулгуур багана болох Орос, Хятад хоёр орны хооронд тус байгууллагын бодлогыг тодорхойлох талаар эсрэг тэсрэг үзэл бодолтой байгаа гэсэн мэдээлэл мөн гарч байгаа юм. Тухайлбал, Хятад Улс Шанхайн байгууллагын үйл ажиллагааг төв Азийн бүс нутагт эдийн засгийн чиглэлээр тулгуур болгох сонирхолтой байна.Тиймээс ч тус улс энэ чиглэлд түлхүү анхаарахыг хүсч байгаа бөгөөд Шанхайн байгууллага бий болсноос хойшхи хугацаанд гишүүн орнуудыг нь хамарсан бүс нутагт оруулсан хөрөнгө оруулалтаа бараг найм дахин өсгөж чадсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бүс нутагт арван жилийн өмнө 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байсан Хятадын хөрөнгө оруулалт 84 тэрбум ам.доллар болж өсөөд байна. Тэгвэл ОХУ Шанхайн байгууллага нь илүү геополитикийн нөлөөллийн хүчин зүйл болох талаас буюу улс төрийн “зэмсэг” болгох сонирхол нь давамгайлж байгаа гэж ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )