Зэсийн зах зээлийн супер циклийг СУПЕР АШИГЛАХ хэрэгтэй

2021 оны 06 сарын 04

Цар тахлын улмаас үүссэн эрсдэлт нөхцөл байдал дэлхийн эдийн засгийн шандас, шөрмөсийг 18 дахь сардаа сорьж байна. Гэхдээ ковид-19 вирус анх тархаж эхэлсэн үетэй харьцуулахад улс орнууд харьцангуй итгэл, найдвартай, төсөөлөл, хүлээлттэй болсон. Тухайлбал, дэлхийн эрдэс, түүхий эдийн зах зээлийн супер циклээс хэрхэн яаж үр өгөөж хүртэх вэ гэдэгт улс орнууд идэвхтэй анхаарал хандуулж буй. Манай тухайд ч ялгаагүй. Энэ оны төсөвт эрдсийн салбараас  3.4 их наяд төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн. Гэхдээ нэг зүйлийг тодотгоход, супер цикл нүүрс биш зэсийн салбарт илүү хамаатай юм.

УУХҮЯ-ны мэдээллээр тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар зэсийн баяжмалын экспорт 473.0 мянган тонн байна. Өнгөрсөн оны мөн үед 536.7 мянган тонн байсантай харьцуулахад, 63.7 мянган тонн буюу 11.9 хувиар бага үзүүлэлттэй байна.

Сануулахад, зэсийн экспортын энэ оны  хоёрдугаар сарын 14-ний үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад, 9.8 хувийн өсөлттэй байсан.

Харин гуравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар зэсийн экспортын өсөлт  3.8%-иар хэмжигдсэн бол дөрөвдүгээр сарын 4-ний байдлаар 2 хувийн өсөлттэй гарсан. Зэсийн баяжмалын экспорт ийнхүү  буурсан нь дотоод дахь ковидын нөхцөл байдлын  улмаас БНХАУ зэс, нүүрс зэрэг түүхий эдийн  татан авалтыг зогсоосонтой холбоотой.

“Оюу Толгой” компани “давагдашгүй хүчин зүйл”-ийн улмаас БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар төслийн хөрөнгө оруулагч  “Turquoise Hill Resources” компанийн зүгээс гуравдугаар сарын сүүлээр мэдэгдэж байсан билээ.

Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн мэдээллийг харахад Лондоны металлын бирж дэх зургаадугаар сарын 3-ны өдрийн арилжаагаар зэсийн фьючерс ханш тонн нь 10 мянган ам.доллароос уруудаад байна. Тавдугаар сарын эхээр 10,747.50 ам.доллар болж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрээд байсан зэсийн ханш буурахад  БНХАУ-ын  эрэлт буурах хандлагатай байгаа нь нөлөөллөө. Тус улсын зэсийн эрэлт буурч байгаа нь  Yangshan боомтын зэсийн импортын хураамж,  28.50 ам.доллар болж, 2012 оноос хойших хамгийн бага түвшинд хүрснээс харагдаж байна гэж Reuters мэдээллээ. Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал чангарахаар байгаа нь БНХАУ-ын зэсийн эрэлт цаашид буурах шалтгаан болж магадгүй ч, нөхцөл байдал бусад орнуудаас мөн хамаарна гэж шинжээчид үзэж байна.

Тодотгоход, Монголын эдийн засаг цар тахлаас үүдэн 2020 оны нэгдүгээр улиралд 10.7 хувиар агшсан. Гэхдээ үүнээс хойш эдийн засагт “V” хэлбэрийн сэргэлт гарч, хандлага үргэлжилсээр байгаа гэж Төв банкны зүгээс тайлбарласан. Эдийн засаг сэргэхэд экспортын эрдэс түүхий эдийн гадаад эрэлт, үнийн өсөлт, түүнийг дагасан уул уурхай олборлолт, тээвэр, боловсруулах үйлдвэрийн салбарын идэвхжил, цар тахлын үед эдийн засгийг дэмжихэд чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын багц арга хэмжээ гол нөлөө үзүүлж байна гэж буй юм.

Цаашлаад, дэлхийн зах зээл, түүхий эдийн эрэлттэй дотоодын бодлого шийдвэрүүдээ хэрхэн яаж уялдаатай гаргаж, хэрэгжүүлэх вэ гэдэг нь чухал. Ер нь бол дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг ирэх жилүүдэд идэвхтэй хөгжүүлэх төлөвлөгөө, зорилтуудаа танилцуулсаар байгаа. Ердийн цахилгаан үүсгүүрээс тав дахин их зэс ашиглагддаг сэргээгдэх эрчим хүчний системийн идэвхжил, бусад олон үйлдвэрлэлийг даган зэсийн зах зээлийн супер цикл эрчимжих нь Монголын эдийн засагт үр ашиг дагуулах боломж бол бий.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.50) 2021 оны 06 сарын 04

Ашиглахаа хат. Хамаг юмаа хаалгачихаад сууж байж. Нямдоржийг зайлуулчихвал БНХАУ хилээ нам хаачихдаг юм болов уу?

0  |  0
Top