Зарим нохой дөнгөж төрөхдөө хүнийг ойлгох чадвартай байдаг ба энэ чадвар генд нь суусан байдаг гэж үзэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ.
“Current Biology” сэтгүүлд бичсэнээр, АНУ-ын Аризона мужийн их сургуулийн Нохой судлалын дээд сургуулийн эрдэмтэд лабрадор үүлдрийн хоёр сартай гөлөгнүүдийн үйлдэлд ажиглалт хийжээ. Үүний дүнд гөлөгнүүдийг тусгайлан сургаагүй байхад хүний өгсөн ихэнх дохио, тэр бүү хэл нүүрний хувирлыг ойлгох чадвартай болохыг тогтоосон байна.
Хүнтэй харьцах ур чадвар нохойд бага наснаас нь бий болдог бөгөөд генд суусан байдаг гэж судлаач Эмили Брэй ярьжээ. Гөлөгнүүд хүний янз бүрийн үйлдэлд хариу үйлдэл үзүүлж байжээ. Ингэхдээ тэднийг хэн ч үүнд бэлдэж, сургаагүй байна.
Судалгаанд хоёр орчим сартай 375 гөлөгийг хамруулсан байна. Тэднийг туслагч нохой бэлтгэх төвөөс сонгосон аж. Гарал үүсэл нь тодорхой тул энэ чадвар өвлөгддөг байх боломжтой гэж эрдэмтэд үзсэн байна. Төвд байхад нь гөлөгнүүдтэй сургагчид харьцдаггүй байсан гэнэ. Судлаачид тэднийг байгалиас хүнтэй харилцах чадвартай бол бага насанд нь энэ чадвар бий болсон байх ёстой гэж үзэн янз бүрийн байдлаар сорьжээ. Судалгаанд оролцсон гөлөгнүүдийн 70 хувь нь өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн байна. Хэдийгээр энэ нь өндөр үр дүн биш ч тохиолдлын босгыг давж байна гэж Брэй онцолжээ.
Эдгээр гөлөгийг насанд хүрсэн хойно нь өмнөх сорилтуудад дахин оруулсан байна. Ингэхдээ тэд бүгд өгсөн даалгаврын илүү сайн биелүүлжээ. Энэхүү судалгаа албаны нохдыг сонгоход хувь нэмэр оруулна гэж судлаачид итгэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сургуультай хэл мэдлэг нохой хэрсүү м, сургуульгүй гудамжны ноход үхэр м.