Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд барилга барих хамгийн таатай цаг үе нь жилийн гурван улиралд л үргэлжилдэг. Хавар дулаан орохтой зэрэгцэн хэн хүнгүй орон байраа засварлах, шинээр байшин барих гээд эрвийх, дэрвийхээрээ зүтгэдэг. Гэтэл өмнөх жилүүдээ бодоход барилгын материалын үнэ ханш өдрөөр бус цагаар өсөж байгаа гэх яриа олны дунд гарсаар удлаа. Тиймээс бид бүхэн барилгын материалын үнэ ханшийн талаар сурвалжилахаар “100 айл”-ыг зорив. Байшин барьж байгаа хүн “100 айл руу зуу явдаг” гэсэн хэлц шахуу үг байдаг нь энэ л газар барилгын элдэв материал арай үнэ татуу байдагтай холбоотой байх. Улаанбаатар хотод хамгийн анх түгжирч эхэлсэн зам бараг “100 айл”-ынх байх ч байж мэднэ хэмээн ярьдаг ч амралтын өдрөөр биднийг очход харьцангуй сийрэг байлаа.
Бид “100 айл”-д очоод л захын лангуунаас үнэ ханшийн талаар асуувал нилээд бухимдалтай байдал угтлаа. Тэрээр “Хилээр бараагаа гаргахад 20-30 сая төгрөг нэхдэг болсон. Ердөө таван км газарт шүү дээ. Цаанаа нэг тийм бүлэглэл үүсчихсэн юм шиг байна лээ. Тэгэхээр жижиглэнгийн үнэ дээр асар нөлөөлж байна. Барилгын материалын үнэ нэмэгдэхэд цар тахал гэхээсээ илүүтэй гаалиар гаргадаг энэ төлбөр нэмэгдсэн нь нөлөөлж байна” гэсэн юм. Харин байрандаа засвар хийхээр яваа эмэгтэй М “Манай найзынх ноднин жил нэг сая төгрөгөөр таазныхаа уналтыг хийлгэсэн. Гэтэл би одоо үнэ судлаад явахаар 1.6 сая төгрөгөөр авахаар байна” хэмээв. Үүнээс үзэхэд л ердөө нэг жилийн дотор материалын үнэ хэрхэн нэмэгдсэнийг тооцож болохоор байлаа. Гипсэн хавтан 11 мянган төгрөгөөр борлуулагдаж байсан ч саяханаас 15 мянгаар зарахаас өөр аргагүй болсон гэдгээ худалдагч нь хэлж байв. Харин яг ийм хавтан өөр нэг газар 17 мянга гэж байна. Машинтай бүү хэл явган явахад ч хэцүүхэн байдаг “100 айл”-ын гудамж сэлүүхэн бөгөөд 12:00 цагийн орчимд хаалга нь хаалттай газрууд хэд хэд таарсан юм. Учир нь бараа татан авахад олон өдөр болдог болсноос зарим газар бараагаа дууссан учраас хаахаас өөр аргагүй байдалд оржээ. Харин барилгын гадна фасад, дотор заслын замаск зардаг худалдаа эрхлэгч “Цаанаасаа тээврийн зардал асар өндөр нэмэгдсэн нь лүнэд нөлөөлж байгаа. Дээрээс нь бараагаа долоо хоногийн дотор татаад авчихдаг байсан бол одоо 15 хоног, бараг нэг сар болж байна. Өмнө нь нэг машин ачааг шууд явуулаад эндээ тосож авдаг байсан бол одоо нэг машинд 60-70 тонноор нь ачиж хилээр оруулж ирээд Замын-Үүдээс хоёр машинд хуваан ачиж байна” гэж байлаа. Хаашаа ч харсан гар утсаараа оролдсон, хоорондоо хөзөр тоглосон худалдагч нар суух аж. Хаа нэг урдуур нь өнгөрсөн хүнээс “Юу сонирхож байна” гэж асууна. Улиг болсон асуултаа асуун, тосож босохыг нь харвал худалдан авагчаа андахгүй таньдаг бололтой. Ийнхүү хэсэг харж зогсоод эргэвэл ард “Амьжиргаа цагаан”-тай нэг залуу ирээд зогсчихож. Түүнээс яриа өдөн ганц нэгэн зүйл лавлавал өөрийн машины хэрд таарсан ачааг хол, ойроосоо шалтгаалаад 10-30 мянган төгрөгөөр зөөдөг бөгөөд өдөртөө 40-50 мянган төгрөг олж байна гэнэ. Уг нь жирийн үед үүнээс хоёр дахин их орлого олдог байж. Орлого нь буурахын хэрээр амьдрал нь ч хүндэрч байгааг халаглан хэлж байсан юм. Портер машины жолооч Д “Хил нээхгүй болохоор дотор хоосон болчихсон. Худалдан авах чадвар байгаад ч бараа нь байхгүй болохоор бид нарт ажил олдохгүй шүү дээ. Өмнө нь өдөртөө багаар бодож 100 мянган төгрөг олдог байсан бол одоо 20-30 мянгыг л олж байна” гэлээ. Бидний нэрлэж заншсанаар “Би чадна”-чуудад ч гэсэн үнийн өсөлт, хол хорио нөлөөлсөн байна. Бидэнд өөрийгөө н.Базаргүр хэмээн танилцуулсан нэгэн “Би сүүлийн 20 орчим жил үүгээр амьдралаа залгуулж байна. Энэ хугацаанд одоогийнх шиг ингэж орлогогүй, орлого багатай байж үзээгүй. Уг нь бол өдийд ид ажлын үе” гэж ярилаа. Түүний хэлснээр барилгын материалын үнэ, ханш нэмэгдчихсэн байгаа учраас байшин барилга барих, байрандаа засвар хийх хүмүүс байхгүй болчихсон гэнэ. Бид цаашаа жаахан яваад вакум цонхны үнэ сонирхлоо. Өмнө нь 130 мянга байсан цонхыг одоо 185 мянгаар хийж байгаа аж. Цонх хийдэг хүн өдөртөө нэг ажил хийвэл өөрийгөө азтайд тооцох хэмжээнд хүнгүй болчихоод байна гэсэн нь үнэнээс нэг их хол зөрөхгүй бололтой. Барилгын багаж хэрэгсэл зардаг эмэгтэй С-ийн хувьд харин байдал арай өөр бололтой. Хил хаалттай, хөл хориотой үед худалдан авалт бага ч гэсэн нэмэгдсэн гэнэ. Учир нь барилгын компани, хувь хүмүүс өмнө нь өмнөд хөршөөс багаж хэрэгсэлээ захиалаад авчихдаг байсан бол өнгөрсөн хоёр орчим жилийн хугацаанд дотоодоосоо авахаас өөр аргагүй байгаа нь үүнтэй холбоотой аж. Урд хөршид зэс, төмрийн үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор багаж, хэрэгслийн үнэ 15-20 хувь өсжээ.
Барилгын материалын үнэ нэмэгдсэн нь ачаа тээврийн үнэ өссөнтэй холбоотой гэдгийг худалдаа эрхлэгчид дуу нэгтэй хэлж байна. Энэ бүхнээс шалтгаалан энэ жилдээ лав “Зуун айл руу зуу явах” хүний тоо эрс бага байх бололтой. Гурвалжингийн гүүр ороход ч ижил дүр төрх угтлаа. Энэ орчимд машинууд түгжирч, нэг орвол гарах гэж асуудал үүсдэг байсан нь алга. Гүүрэн доогуур буцаж эргэдэг зам шинээр тавьсан нь үүнд тодорхой нөлөөтэй ч худалдан авагч цөөн байгаа гэдгийг худалдаа эрхлэгчид хэлж байна. Энд "МАК" болон "Монцементийн" цемент адилхан шуудай нь 12,5 мянган төгрөг, нэг тонн нь 250 мянган төгрөгийн үнэтэй байна. Өнгөрсөн жил цемент нэг тонн нь 340 мянга хүрч байсан гэнэ. Хил хаалттай учраас хятадаас цемент орж ирэхгүй байгаа ажээ. Харин арматурын үнэ хэмжээнээсээ хамаараад 2,5 сая төгрөг хүртэл үнэтэй байгаа бөгөөд мөн л худалдан авалт тааруу байгааг хэлж байна. Гүүрний баруун талд “Хялганат” модны зах дээр очлоо. Өнгөрсөн жилээсээ модны үнэ дариу хоёр дахин өссөн байна. Ноднин 35 мянга байсан палк 70 мянган төгрөг болжээ. Зургаан метрийн урттай палк нэг ширхэг нь 140 мянга, таван метртэй нь 120 мянгө, дөрвөн метртэй нь 75 мянган төгрөгийн үнэтэй байна. Худалдагчдийн хэлж байгаагаар өнгөрсөн жилийнхээс яг хоёр дахин нугарчээ. Үнэ нь ингэж өсөхөд мод бэлтгэлийн зөвшөөрлийн үнэ нэмэгдсэн, Зүүнхараагийнхан өнгөрсөн жил мод бэлтгээгүй нь шууд нөлөөлсөн гэх. Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Хэнтий гэсэн дөрвөн аймгаас голцуу мод, модон бэлдэц орж ирдэг аж.
Сурвалжилж явахад засвар хийх, байшин барихаар төлөвлөсөн хүмүүс материалынхаа үнийг сонсоод ихэвчлэн “Энэ жилдээ өнжихөөс, дараа болохоос” гэж хойшлуулсан нь олонтаа байсныг худалдагч нар учирлаж байсан юм. Цар тахлаас үүдэн жил гаруй хорионд байсан хүмүүсийн орлого тасарсан нь иргэдийн худалдан авах чадвар муудахад нөлөөлжээ. Нэг ёсондоо “Хүсэхэд хясах”-ын үлгэр болж байгаа учраас амьдрах орчноо сайжруулахын тулд ахиад нэг жил лав хүлээж таарах нь. Хэдийгээр энэ сарын 1-ний өдрөөс манай улс хилээ нээсэн ч өмнөд хөршөөс бараа оруулж ирэх ханш нь тэнгэрт хадчихсан хэвээрээ байсаар л байгаа юм. Ачаа тээврийн зардал ингэж огцом нэмэгдсэн учраас барилгын материалын жижиглэнгийн үнэд багаар бодож 15-40 хувиар нэмэгдэж байгааг худалдаа эрхлэгчид хэлж байлаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )