Үхэл зовлон, цар тахал, бөөндсөн шагнал, Ерөнхийлөгчийн сонгууль дундуур баяр наадмын уухай илэрхий давамгайлж чадахгүй байгаа ч дор бүрнээ бэлдэж байна. Сэргээштэй сэргээшгүй бөхчүүд бэлтгэлээ базааж, уяачид харь цустай цусгүй адуугаа сойхоос эхлээд хөл болох аж. Гэтэл бид баяр наадмаа тэмдэглэхэд олон зүйлээ бэлэн болгоогүй байна. Шуудхан хэлэхэд монголчуудыг “баяр наадам” хэмээх маш том эрсдэл хүлээж байгааг дуулгах эрх мэдэлтэн ч алга. Гагцхүү тэнгэрт тулсан төсөв гаргасан байдалтай сууна.
Энд хэдэн сэргээш голдуу зодгонд боодолтой өөхнүүд барилдах эсэх ч хамаа алга, эрлийз хурлийз адуу уралдах эсэх ч хамаа алга. Хамгийн гол нь дэлхий нийтийг айлгаж байгаа цар тахлын халдварын тоо 1000 давж, хүний амь арваар тоологдох статистиктай өглөөг угтдаг боллоо. Баяр наадмын үеэр энэхүү аюулыг яах вэ гэдэг асуудал угтан уулзаж байна.
Зохих ёсны газраас зургаадугаар сарын 15-наас халдварын тоо эрс буурна гэсэн мэдээлэл өгч, наана нь Ерөнхийлөгчийн сонгууль гэх хөшиг татчихсан түүхт ойдоо бэлдэх аж. Өвчин зовлонг тоож байгаа хүмүүс байгаа эсэхэд ч эргэлзэхэд хүрлээ. Өнөөдөр болтол зарим аймагт зорчиж болохгүй хаалттай байгаа ч хөрөнгө мөнгөө төсөвлөж баяр наадмын бэлтгэл ажил аль эрт гараанаас гарчээ. Үүгээрээ баяр наадмаа эсэргүүцээд байгаа хэрэг биш юм. Халдварын дэгдэлт өсөж байгаа энэ үед чухам хамгаалалтын ямар горимд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх тухай ямар ч журам дүрэм алга. Хэрвээ байгаа бол бэлтгэл ажилтайгаа танилцуулаад явж байх ёстой. Тэр ч бүү хэл төсөв өртөг нь ч гарсан байх учиртай. Өнгөрсөн жилийн баяр наадам шиг Ерөнхийлөгчийнхөө жуулчны баазад тэмдэглэх юм уу, эсвэл Төв цэнгэлдэхдээ тэмдэглэх юм уу гээд хамгийн наад захын асуудал бий. Баяр наадмаар уламжлан ирсэн олон арга хэмжээнд цар тахалтай харшлах эс харшлах зүйлс гээд юу эс мундах билээ.
Одоогоор төр засгаас энэ тухай нэг ч зүйл дуулгаагүй байж баяр наадмынхаа төсвийг 10 тэрбум төгрөгөөр буюу урьд өмнөхөөс гурав дахин их төсөв гаргачихаад найруулагч нэртэй нөхдөд баяр наадмын хувь заяаг даатгав бололтой. Энэ жил тавьсан төсвийг харахад 2020 оныхоос долоон тэрбум төгрөгөөр илүү байна. Онцгой нөхцөл байдал тулгарсан болов уу гэмээр хэтийдсэн нөхцөл байдал харагдана.
Тэгвэл үндэсний баяр наадмыг урьд өмнө хэд хэдэн төгрөгөөр тэмдэглэж байсан тухай аваад үзэхэд 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. Харин 2011 онд 1.3 тэрбум болж, хоёр дахин өссөн бол 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар, 2014 онд 2.2 тэрбум төгрөгөөр тус тус төсвөө өсгөн наадсан. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 3.4 сая төгрөг болсон. Улмаар 2018 онд хоёр тэрбум 98 сая, 2019 онд 2.9 тэрбум, 2020 оны гурван тэрбум төгрөг тус тус зарцуулсан баримт байна. Жилдээ ганц болдог үндэсний их баяр наадамдаа гар татах сайны хэрэг биш ч огцом нэмэгдсэн төсвийн цаана юу байна гэх хардлага оволзож байгааг нуух юун. Харин энэ жил олон тэмдэглэлт ойн баяр, тэгш ой давхцаж байхад энэ зэргийн хөрөнгө гаргах ёстой гэж үзэх ч хүн байна. Зүй ёсны хэрэг. Нөгөө талаас ийм их хэмжээний мөнгийг угаах, идэх замаар төсөвлөсөн гэх ч хүмүүс бий. Бас л буруутгах зүйл биш.
Юуны өмнө Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохионо гэдгийг бултаараа мэдэж байгаа. Харин энэ жил Ардын армийн 100, улс төрийн нам байгуулагдсаны 100, анхны гадаад харилцаа байгуулж гэрээ хийсний 100, Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой тус тус тохионо. Үүнээс харахад тэгш ой нь тохиож байгаа байгууллага бүр дээр нэг бүтээн байгуулалт хийж өгөх хэмжээний мөнгө харагдаж байгаа ч одоогоор нүдэнд харагдаж гарт баригдах зүйл алга. Өдгөө бидэнд мэдэгдэж байгаа төсвийн задаргаа бол урлаг соёлын чиглэлд зарцуулах мөнгөн дүн л байна.
Тухайлбал, Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг зарцуулах аж, Хэн гэдэг яруу найрагч шүлгийг нь бүтээж, хэн гээч хөгжмийн зохиолч аялгууг нь тааруулан, хэн гэгч нь дуулах болохоор ийм их өндөр үнэ хүрч байгаа хэрэг вэ. Хэдийгээр түүхэн сэдэв ч нэг дуунд дэндүү ахадсан мөнгө гэдгийг хэн ч хэлэх байх. Дуу учраас дүрсжүүлэхээс эхлээд ажил орж таарах ч 100 сая бол хөөстэй тоо харагдана. Мөн Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг зарцуулах аж. Энэ ч яахав, ховхорч халцарсан газарт нь цемент чихэж, будаг нялах биз.
Аливаа баяр наадмын амин сүнс нь ард түмэн учраас бүх ард түмний урлагийн наадамд 500 сая төгрөг төсөвлөжээ. Үүнээс гадна утга зохиолын шилдэг бүтээл туурвихад 100 сая төгрөг, “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг, тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг, “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, “Шивээ хиагт” дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг гэх мэтээр төлөвлөжээ. Үүнийг уншигч та өөртөө тунгаан бодно биз ээ. Аливаа уран бүтээлийг чанартай хүргэхийн тулд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө шаарддагийг энд үгүйсгээгүй.
Энэхүү урлаг соёлын арга хэмжээг гурван найруулагчийн оюун санаагаар дэглэн хүргэхээр төлөвлөсөн. Тодотговол, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос баяр наадмын нээлт, хаалтын концертыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, “Хувьсал” продакшний найруулагч Г.Цоггэрэл, “Херо” энтертайментын найруулагч Б.Баатар нарыг хамтран найруулах шийдвэр гаргасан. Ингэхээр их хөрөнгө, гурван найруулагчаар хүч түрсэн сайхан л зүйл үзэх нь ойлгомжтой болж байна.
Өнгөрсөн жилийн наадмын нээлтийг үзэгчгүй хийсэн ч "Херо" энтертайментын найруулагч Б.Баатар найруулсан. Олон түмэн “Б.Баатар маш урт клип хийжээ” гэх зэргээр үзэгчдээс багагүй шүүмжлэл хүлээж, өдгөө ч шуугиан намдаагүй. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын нээлтийг гурван жил дараалан найруулсан. Үүгээрээ тэр яах аргагүй туршлагатай гэж хэлж болно. Харин Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан байдаг. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл гурвын гурван найруулагчтай наадамд ахиад нэг найруулагч бий.
Тэр нь долоодугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болох амьд тоглолтыг Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн найруулан хариуцах юм. Ингэхээр үндсэндээ дөрвөн ч найруулагчийн ур чадвар, авьяас билиг шингэсэн баяр наадмыг бид үзнэ. Ташрамд дуулгахад энэ жил 10 гаруй аймаг, 70 гаруй сум, 30 гаруй салбарын тэгш ойнууд тохиож байгаа. Гэтэл монголчууд дор бүрнээ баяр наадамд бэлдэж, хот хөдөөгүй хөлхөж байхад цар тахлын халдварын тоо нэмэгдсээр байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Сайхан далим авах юмаа. Үсрээд 4 тэрбум биз дээ.
Одоо ковидын дархлаа үүсгэх тарилга хийлгээгүй эрхмүүдэд торгууль оногдуулж төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй
Наадам болохгүй буруу системийг эвдэж устгах монгол үндэстний хувьсгал болно. Монгол ялж монгол өөрчлөгдөнө.