Оросын төрийн корпорац болох "Ростех"-ийн тэргүүн Сергей Чемезов коксжих нүүрсний томоохонд орох "Эльгауголь" төсөл Хятадын зах зээл дээр Австралийн нүүрсийг орлохоор төлөвлөж байгаа талаар ярьжээ. Тэрбээр "Хятадын зах зээл рүү нийлүүлж байсан Австралийн нүүрсний 60-70 хувийг манайх хангах бүрэн боломжтой. Үүнд хэдэн жил шаардлагатай. Гэхдээ Оросын төмөр замын нэвтрүүлэх чадвараас ихээхэн шалтгаална" гэжээ. Австрали улс 2020 оны хоёрдугаар хагас хүртэл Хятадын зах зээлд коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч байв. Харин хоёр орны хооронд үүссэн улс төрийн харилцааны хурцадмал байдлаас болж өнгөрсөн оны аравдугаар сард Хятад Австралиас нүүрс нийлүүлэхийг хориглосон юм. Үүнийг ашиглан “Эльгауголь”-ийн толгой компани “А-Проперти” Хятадад нийлүүлэх нүүрсний экпортоо нэмэгдүүлэхээр шийдсэн бөгөөд өнгөрсөн оны сүүлчээр Хятадын “GH-Shipping”-тай хамтарсан компани байгуулсан. Ингэснээр нүүрсний экспортын тээвэрлэлтийн найдвартай сүлжээг бий болгоно гэж талууд үзэж байгаа юм. Урьдчилан төлөвлөснөөр, Эльга ордын коксжих нүүрсийг Хятадад нийлүүлэх хэмжээг 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 онд 30 сая тонн, түүнээс цааш 45 сая тоннд хүргэх аж. “Эльгауголь”-ийн толгой компани “А-Проперти”-ийн танилцуулснаар, 2023 он хүртэлх ордын коксжих нүүрсний олборлолтыг 45 сая тоннд хүргэх, Баяжуулах үйлдвэр шинээр байгуулах, Улак өртөөтэй холбосон төмөр замын хүчин чадлыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэх, Ванино боомт дахь нүүрсний терминалыг өргөтгөх ажлуудыг хэрэгжүүлэх юм. Эдгээр ажилд нийт 130 тэрбум рублийн хөрөнгө оруулахаар тооцжээ.
ОХУ-ын Якутын нутаг дахь Эльга ордын 51 хувийг “А-Проперти” компани 89 тэрбум рублиэр “Мечел”-ээс өнгөрсөн онд худалдаж авсан. Түүнчлэн, ордын үлдсэн 49 хувийг эзэмшлийг 45 тэрбум рублиэр Газпромбанкнаас худалдаж авах опцион гэрээг байгуулсан билээ. Тэгэхээр “А-Проперти” компани Эльга ордын төслийг 100 хувь эзэмшинэ гэсэн үг юм. Эльга орд нь 2.2 тэрбум тонн коксжих нүүрсний нөөцтэй. Ордын 51хувийг эзэмшиж байсан “Мечел” компанийн хувьд төслийг сүүлийн 10 жил хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хугацаанд нийт хоёр гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Оросын нүүрсний салбар асар хурдацтай хөгжиж, дэд бүтэц, баяжуулах үйлдвэрүүд нь жилээс жилд хүчирхэгжиж байгаа бөгөөд сүүлийн 20 жилд дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа 3.5 дахин тэлж чадсан байна. Тус улс 2024 он хүртэл дотоодын нүүрсний олборлолтоо жилд 448-530 сая тонн, 2035 он хүртэл жилд 485-668 сая тонноор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж. Арав гаруй жилийн өмнөөс ОХУ-ын эрх баригчид Хятадтай ойролцоо бүс нутаг дахь нүүрсний ордуудаа бодлогоор дэмжих болсон. 2035 он гэхэд дэлхийд нүүрсний экспортоороо тэргүүлж, газрын тос, байгалийн хийнээс хэт хамаарал бүхий эдийн засгаа төрөлжүүлэхээр төлөвлөж буй тус улс нь нүүрсний гол зах зээл болох Хятадаас гадна зүүн өмнөд Азийн орнууд руу ч экспортоо хүчтэй тэлж буй юм. Энэ хүрээнд нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн компаниуддаа тусгай зөвшөөрөл олгох, санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтуудад нь онцгой ач холбогдол өгч байна.
Тухайлбал, 720 тэрбум рубль буюу 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар Оросын хамгийн урт төмөр замууд болох Транс-Сибирийн төмөр зам болон ОХУ-ын баруун бүс нутаг, Номхон далайг холбодог Зөвлөлт Байгал-Амурын төмөр замыг шинэчлэн өргөтгөж байна. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нүүрс олборлогчидтой уулзаж, нүүрсний экспортод ахиц гаргахыг уриалсан билээ. Лондоны “TS Lombard”-ийн бүс нутгаар мэргэшсэн шинжээч Мадина Хрусталева Орос нүүрсний нөөцөө богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа нь тус улсын ДНБ-нд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдгийг онцолсон байна.
ОХУ, БНХАУ-ын харилцаа өндөр түвшинд хүрсэн энэ үед Ерөнхийлөгч Путин хуурай замаараа дамжуулан Хятадын зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхээр зорьж байна гэж тоймчид үзэж байна. Түүнчлэн коронавирусний гарал үүслийн тухай дипломат маргаан өрнөж эхэлсэн энэ үед нүүрсний экспортоор тэргүүлэгч Австрали нь Хятадын импортын хоригтой нүүр тулаад буй нь ОХУ-ын зорилгоо биелүүлэхэд түлхэц болж байгаа юм. Түүнчлэн Азийн нүүрсний эрэлт өссөөр байгаа бөгөөд Хятадад хэрэглээ энэ онд түхэн дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг ажиглагчид тодотгож байна. Тус улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа үргэлжлүүлэн барьж байгаа ч 2026 оноос эхлэн хэрэглээгээ хумихаар төлөвлөсөн. ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн онд баталсан нүүрсний стратеги нь зөвхөн Хятад төдийгүй эрэлт нь өсөн нэмэгдэж буй Энэтхэг, Япон, БНСУ, Вьетнам улсыг чиглэж байгаа аж.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
манайх чбас амжуулж хэдэн төгрөг хиймээр байх юмаа
НҮҮРС ОРЛУУАХ ЗҮЙЛ БИЙ БОЛОХ БАЙЛГҮЙДЭЭ. ХЯТАД НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ БАЙНА.
Тэр үед нүүрсний хэрэгцээ багассан байх болно