Биатлоны шигшээгийн ахлах дасгалжуулагч А.Поповыг Хүндэт тэмдгээр шагналаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 08

Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр Монгол Улсын биатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Попов болон Монголын биатлоны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монголын биатлончдын хамтарсан бэлтгэл сургуулилт, амжилт, алдаа оноо, төлөвлөж буй ажил, тэмцээн уралдааны талаар санал солилцлоо.

Биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс өвлийн спортыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөний дагуу биатлоны спортыг өнгөрсөн 2020 онд Үндэсний шигшээ багийн төрөлд албан ёсоор оруулсан. Энэ дагуу 2 дасгалжуулагч 8 тамирчин Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд биатлоны шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ 4 улсад хамтарсан бэлтгэлд хамрагдаж, мөн Монголын тамирчид анх удаа дэлхийн цомын тэмцээнд оролцсон юм.

Олимп, дэлхийн аварга А.Попов Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж, хамтын хүчин чармайлтаар энэ спортыг хүн ардын дунд өргөн тархсан спортын төрөл шиг хөгжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.


БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаярын зүгээс Монгол Улсын биатлоны хөгжилд оруулж буй түүний хувь нэмрийг үнэлж Биеийн тамир, спортын салбарын хүндэт тэмдгээр шагнав.

Zindaa.mn орчуулан хүргэж байсан түүний ярилцлагыг ЭНД ДАРЖ унших боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top