Александр Попов: Монгол биатлончдын зорилго бол ОЛИМП

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25


Монголын биатлоны шигшээ багийн дасгалжуулагч Александр Попов ОХУ-ын NEWS.ru цахим сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Аяны гал тогоо, гэртээ харилгүй 1 жил буюу монголчууд хэрхэн биатлон сурч байна вэ?

Сэтгүүлч Александр Круглов

Дасгалжуулагч Александр Попов "нүүдэлчин анчдыг" яаж мэргэжлийн тамирчин болгож байгаа талаараа ярилаа. Саяхан л монгол биатлончид гэхээр хачирхалтай санагдаж байсан бол тэд бага багаар ур чадвараа сайжруулсаар, амжилтад хүрч, дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрх авч чаддаг болжээ. Олимпын наадамд оролцох нь ч нэг их удахгүй шинжтэй. Монголын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, ОХУ, Беларусьт алдартай мэргэжилтэн, олимпын аварга Александр Попов бидэнд ярилцлага өгч, яагаад Монголын багийг дасгалжуулах болсон, монголчууд яаж бэлтгэл хийдэг, европ тамирчдаас юугаараа илүү талаар ярьсан юм.
 

Бидний зорилго – Олимпын наадам

-Монголын шигшээ багт яагаад ажиллах болов?

-Жил хагасын өмнө Минскт болсон Зуны биатлоны дэлхийн аваргын үеэр Монголын багтай анх таарсан. Монголын багийн менежер итали эртэй би нөхөрлөөд олон жил болж байна. Тэр надаас багт нь буудлагын бэлтгэл хийхэд туслахыг хүссэн юм. Дөнгөж байгуулагдсан залуухан баг байлаа. Буудлагын дасгалжуулагч байхгүй. Удалгүй Италид хийж байгаа цугларалт, бэлтгэлдээ намайг урьлаа. 2 хүү, 2 охин гэсэн дөрвөн л тамирчинтай юм. Тэдэнтэй танилцахад их сонирхолтой байсан. Ингээд есдүгээр сарын эхээр буудлагын бэлтгэлдээ орлоо. Зун нь тэд бэлтгэл бараг хийгээгүй, буудлага нь анхан шатны түвшинд байгаа нь мэдэгдэж байв. Цаг агаар сайхан байсны ачаар бид алдсанаа нөхөж, суурь бэлтгэлээ хийж амжсан. Сарын дараа Монголын биатлоны холбооноос нэг улирал ажиллаач гэсэн санал ирсэн. Залуу, сонирхолтой хүүхдүүдтэй ажиллах сайхан байсан болохоор би зөвшөөрсөн юм. Ингээд би нэг улирал биш одоо болтол монголчуудтай хамтран ажиллаж байна.

-Та бүхэн өмнөө ямар зорилго тавьсан бэ?

-Бэлтгэлээ базааж, Олимпын наадамд оролцох. Гэхдээ манай багийнхан маш залуу тул ойрын олимпод оролцох боломж байхгүй. COVID-19 цар тахлын улмаас хүнд хэцүү нөхцөл байдал үүссэн, бид бэлтгэлдээ их оройтож орлоо. Үүнийг холбооноос сайн ойлгож байгаа. Холбооноос ирээдүйгээ харсан бодлого явуулж, цаашдаа олон улсын тавцанд өрсөлдөх сайн баг бэлтгэхийг зорьж байна.
 


-Монгол биатлончдын амжилтаас дурдвал?

-Өнгөрсөн жил Лозаннад болсон өсвөрийн олимпын наадамд Энхсайханы Энхбат хувийн дүнгээр 12 дугаар байрт шалгарсан. Энхбаярын Ариунтунгалаг насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрхээ авч оролцлоо. Монгол биатлонч анх удаа ДАШТ-д оролцсон нь маш том амжилт юм. Харин энэ жил цар тахлын улмаас олон тэмцээн цуцлагдлаа. Э.Энхбат ч гэсэн насанд хүрэгчдийн Дэлхийн аваргад орох эрх авсан. Гэхдээ бид олон шалтгааны улмаас тэр ДАШТ-д оролцохгүйгээр шийдсэн. Монголын биатлоны шигшээ баг 2020 онд Үндэсний шигшээ баг гэсэн албан ёсны статустай болсон. Өмнө нь холбоо л залуучуудаа өөрийн хүчээр бэлтгэдэг байсан бол одоо бид улсаас тусламж, дэмжлэг авч чадах болсон.

-Танай залуус биатлонд орохоосоо өмнө ямар спортоор хичээллэж байсан бэ? Спортоос гадна ажил хийдэг үү, эсвэл оюутан уу?

-Нэг охин энэ жил Биеийн тамирын дээд сургууль төгсөнө. Э.Энхбат ахлах ангиа дүүргээд Дээд сургуульд элсэх юм. Манай тамирчид бүгд гүйлтийн цанаар хичээллэж байсан. Энэ жил бид олон улсын тэмцээнд орохоор таван тамирчин авч явлаа. 2 залуу, 3 охин. Өнгөрсөн жилийн багаас хоёр тамирчин үлдэж, гурван шинэ залуу орж ирсэн. Наймдугаар сард бид бэлтгэлдээ хоцорч орсон ч гэсэн тэмцээн, уралдаанд муугүй оролцлоо. Залуусын ур чадвар сайжирч байгаа нь илт харагдаж байгаа. Наймдугаар сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд тэдний буудлага маш сайжирсан.
 


-Дасгалжуулагчийн багт танд хэн тусладаг вэ? Ямар хэлээр ойлголцож байна вэ?

-Өнгөрсөн жил харилцахад хүндрэл байсан. Миний насны нэг багш байсан нь биатлоны мэргэжлийн хүн биш ч орос хэлээр бага зэрэг ярьдаг байлаа. Харин энэ жил орос, англи хэлээр чөлөөтэй ярьдаг эмэгтэй менежертэй болсноор ажил их хөнгөрлөө. Тэр эмэгтэй спортын байгууллага, багуудтай өмнө нь ажиллаж байсан туршлагатай. Бас гүйлтийн цана, бөхөөр хичээллэж байсан 24 настай залуу туслагчаар ирсэн. Тэр цана бэлтгэхээс эхлээд дасгалжуулагчийн ажилд туршлага хуримтлуулж, сурч байна. Их хичээнгүй залуу. Манай баг найман хүнтэй. 2 дасгалжуулагч, менежер, 5 тамирчинтай.

-Цар тахлын үед танай баг Европт байнга байлаа. Хаана байрлаж байв?

-Монгол Улс Хятадад ковид гарсны дараа шууд хилээ хаасан. Одоо ч гэсэн тусгай үүргийн онгоцоор л гадаад ертөнцтэй холбоотой байгаа. Европ, Сөүл, Истанбулд нислэг үйлдэж байна. Тавдугаар сарын 1-нээс хилээ нээнэ гэж байгаа ч цар тахлын тэр үеийн байдлаас шалтгаална. Манай тамирчид долоодугаар сарын 27-нд Франкфуртын нислэгээр ирж, маргааш нь бид Минскт очсон байсан. Арваннэгдүгээр сарын 17 хүртэл "Раубичи" спорт төвд бэлтгэл хийсэн. Визний асуудал гарсан ч бид Беларусьт тайван бэлтгэл хийж чадсан. Цаг агаар ч сайхан байлаа. Виз саатсан тул Скандинав явах төлөвлөгөөгөө цуцалж, Австрийн Обертиллиахд байрласан. Цас ихтэй, буудлагын том талбайтай тул бэлтгэл хийх сайхан нөхцөл бүрдсэн. Нэгдүгээр сарын эхээс тэмцээнд орж эхэлсэн. Германд IBU цомын тэмцээнд оролцоод Польшид Европын АШТ-д оролцсон. Обертиллиахд буцаж ирээд идэрчүүдийн ДАШТ, IBU цомын финалын шатанд оролцлоо. Ингээд баг маань Франкфуртаас гэртээ харьсан.
 


-Та Монголд очиж байсан уу?

-Цар тахал саад болоогүй бол Монголд очих төлөвлөгөөтэй байсан. Энэ жил дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд очиж, тамирчдынхаа бэлтгэлийн нөхцөлтэй танилцах гэж байгаа. Харамсалтай нь, тэнд Орос, Беларусь шиг бэлтгэл хийх газар байхгүй. Буудлагын тиртэй, машингүй зам дээр дугуйт цанаар л гулгах боломжтой. Тамирчид хээр талд буудлага хийдэг гэж хэлэхэд болно. Гэхдээ гүйлтийн цана, биатлонд зориулсан цомхон спорт бааз, жижигхэн усан сан байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Төсөл нь батлагдсан гэсэн.

-Монгол тамирчдын онцлогийг дурдвал?

-Монголчууд тэсвэртэй, шударга. Багаасаа л ахмад настныг хүндлэн дээдэлдэг уламжлалд суралцсан. Аян замын хүнд хэцүүг хөнгөхөн даван туулдаг. Өнгөрсөн улиралд тэд гэрээсээ тавдугаар сард гараад дараа жилийнх нь гуравдугаар сард л харьцгаасан. Бүгд нэг байранд амьдарна, энэ хооронд баг дотор нэг ч маргаан гараагүй. Маш эвсэг хамт олон. Нэг нэгэндээ маш сайн тусалдаг. Гэрээ санаж уйлсан хүн байгаагүй. Тамирчид маань ингэж ажиллах хэрэгтэй гэдгээ маш сайн ойлгосон. Хөвгүүд охиддоо, охид нь хөвгүүддээ туслана. Энэ бол тэдний онцлог. Арав, 14 хоног л цугларалтад гардаг гадаад тамирчидтай харьцуулахад монголчууд илүү тэсвэр, тэвчээртэй. Европ тамирчид манай тамирчид шиг нөхцлийг даван туулж чадахгүй.
 


-Тамирчдын хобби, сонирхол нь юу вэ? Тэдэнтэй харилцахад хялбар байсан уу?

-Манай менежер хэл сайтай болохоор хүндрэл гараагүй. Бид англи, бага зэрэг орос хэл дээр ярилцдаг. Би герман хэлэндээ сайн ч англидаа тааруу. Гэхдээ мэргэжлийн үг хэллэгээ бүгд ойлгодог. Илүү нарийн тактик, төлөвлөгөөг менежер орчуулж өгнө. Нэг залуу тогоочийн сургууль төгссөн тул хоол сайн хийдэг. Цар тахал гээд ресторан ажиллахгүй байгаа тул манайхан өөрсдөө хоолоо хийж иддэг байлаа. Тогооч залуу маань ёстой л онгод нь орсон мэт хоол хийнэ шүү дээ. Охид ч бас хоол хийхдээ сайн. Энэ бол тэдний хобби гээд хэлчихэд бараг болно.

-Ямар хоол хийдэг байв?

-Ихэнхдээ монгол хоол. Манай банштай ижил хоол ч байлаа. Гэхдээ монгол үндэсний хоол манай биатлон хэмээх спортын төрөлд огт зохицохгүй нь харагдсан. Монголчууд маш их мах, талх (Өөрсдөө гурилаар хийдэг) идэх юм. Ингэхээр байнга мах, гурил идэж байна гэсэн үг. Энэ нь биатлонд тохирдоггүй. Дан махаар энэ спортод амжилт олохгүй. Эхний үед тэд өдөрт гурван удаа мах идэж байлаа. Тамирчин хүн олон янын хоол идэх ёстой. Энэ бүхнийг тайлбарлаж өгсөн. Удалгүй тамирчид маань ямар хоол идэх хэрэгтэйгээ сайн ойлгосон. Загас маш ашигтай ч загасанд дургүй хүн байсаар байлаа. Амьдралын хэв маягаар монголчуудын хоолны дэглэм тогтсон гэдгийг би ойлгож байгаа. Тэд чинь нүүдэлчин малчин, анчин хүмүүс. Өвөл нь -40, зун нь +40 хэмтэй, эрс тэс уур амьсгалтай. Өвөл дан ногоо идээд байвал Монголд онд эсэн мэнд орж чадахгүй. Калори ихтэй хүнс шаардлагатай. Тэр нь мах болж таарч байгаа юм. Мал аж ахуй эрхэлдэг болохоор хүйтний улиралд үхэр, хонь, адууны мах иддэг юм билээ.
 


-Та ОХУ-ын Биатлоны холбооны тэргүүн Виктор Майгуровтой хамтран ажиллах талаар ярилцав уу?

-Мэдээж ярилцсан. Энэ улирлын эхээр бид ОХУ-д бэлтгэл хийж, тэмцээнд орохоор төлөвлөж байсан юм. IBU-гийн олон тэмцээн цулагдсан тул ОХУ-ын Ханты-Мансийск, Тюменьд тэмцээнд орох гэж байлаа. Виктор Майгуров халуун дотно хүлээн авахаа амлаж, бүх талын тусламж үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн ч тэр үед ОХУ-д цар тахлын байдал хэцүүдсэн тул эрсдэлд орохгүйн тулд яваагүй юм. Уг нь зочид буудлаа захиалчихсан байлаа. Гэвч тамирчдаа халдварт өртүүлэхгүйн тулд өөр газар хайх хэрэгтэй болсон. Виктор Майгуров одоо ч биднийг хүлээн авахад бэлэн байгаа. Тэр Монголын биатлоны холбоотой нягт харилцаатай.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тайвка(122.201.21.223) 2021 оны 04 сарын 02

Манайхан мундаг шүү бүгдэнд нь амжилт

2  |  0
Биатлоны тамирчин(103.26.194.69) 2021 оны 04 сарын 02

Удахгүй биатлоноор орос,норвеги за европын бүх улсаас илүү болох нь тодорхой болсон.Хэдэн жилийн дараа биатлоны бүх олимп,дэлхийн аваргын алтан медалийг Монголчууд авах нь цаг хугацааны асуудал болсон шүү.Мөн монголын топ спорт өдөр,бокс,буудлага биш биатлон болох болно.

6  |  0
зочин(150.129.140.188) 2021 оны 03 сарын 28

Александр Попов та МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ

4  |  0
Zochin(192.82.77.12) 2021 оны 03 сарын 28

Neeree l mahaa bag heregleh heregtei.manaihan joohon honghon shingen haragddagyyi bolhi haragdaad bdag.

2  |  0
Цэдэвсүрэн(66.181.161.69) 2021 оны 03 сарын 28

Хийморлог Монгол залуусаараа бахархаж байна. Багш маань мундаг хүн байна. Бүгдэд нь амжилтын дээдийг хүсье.

5  |  0
Иргэн(211.36.140.88) 2021 оны 03 сарын 28

Монголын минь залуусыг дасгалжуулж байгаад баярлалаа.Монгол залуус минь тууштай л зүтгээд байгаарай тэгвэл амжилт өөрөө л хүрээд ирнэ.

8  |  0
bb(66.181.161.118) 2021 оны 03 сарын 28

ухаантай хүүхдүүд бн. Амжилт хүсье.

6  |  0
зочин(49.0.142.33) 2021 оны 03 сарын 28

Залуус минь хөөрхөн шд тэсвэртэй хичээнгүй байхад олимп ойрхондоо.

8  |  0
Ах нар(202.9.46.180) 2021 оны 03 сарын 28

Баярлалаа.

10  |  0
Иргэн(192.82.71.114) 2021 оны 03 сарын 28

Амжилт хусье! Сайхан мэдээлэл байнаа.

8  |  0
Дэмжигч нараас(66.181.177.168) 2021 оны 03 сарын 28

Агуу дасгалжуулагчийн үнэтэй зөвлөгөө, хичээнгүй сэтгэлийн зүтгэл, асар их туршлагааас нь бид бүхэн шамдан суралцаж олимпийн эрх авахын төлөө зүтгээрэй Монгол биатлончиддоо! Александр Попов та МОНГОЛД ТАВТАЙ МОРИЛ

14  |  0
Top