Жил бүрийн хавар, намар номын баяр Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болдог билээ. Энэ удаагийн номын баяр 29 дэх удаагаа зохиогдсон бөгөөд хоёр жил хөл хорионд байсан зохиолч, уншигчид урьд өмнөхөөсөө ч илүү идэвтэй оролцож байлаа.
ЖИЛ БҮРИЙН ТАВ БОЛОН ЕСДҮГЭЭР САРД НОМ, БИЧИГ СОЁЛЫН ӨДӨРТЭЙ БОЛГОН ТЭМДЭГЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЖЭЭ
Номын нээлт МУГЖ Чимэдцэеэ “Мандухай” дуугаар ая дууны мялаалга өргөж , “Хатун” төвийн загвар өмсөгчид өв соёл үндэсний хувцасны брэнд үзүүлбэр үзүүлж, түүхэн номын танилцуулгатай загварын үзүүлбэр толилуулснаар эхлэв. Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар “Жил бүрийн номын баярыг уншигч, зохиолчид хүсэн хүлээдэг үндэсний хэмжээний том баяр болжээ. Цар тахлын бараан сүүдрийг энэ өдрүүдэд номын гэгээгээр гэрэлтүүлж байна. Энэ удаагийн номын баярыг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж зохион байгуулж байна. Сургууль соёлын байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж хүүхэд багачууд оюунаар цангаж байгаа энэ үед хүндэлдэг уншдаг зохиолчидтойгоо уулзаж байгаад баяртай байна. Улаанбаатар хотоо дэлхийн номын нийслэл болгохын төлөө зорьж яваа Б.Сувд болон түүний баг хамт олонд халуун баяр хүргэе. Монгол үндэстэн бол бичиг соёлын агуу их түүхтэй. Дэлхийн номын сан хөмрөгт монголчуудын оруулсан хувь нэмэр асар их. Израйль гэх мэт бусад улсын жишгээр хүн бүр өдөрт дор хаяж таваас доошгүй хуудас ном уншихыг уриалж байна. Уншдаг ард түмэн хөгждөг тул номын цонхоор дэлхий ертөнцийг харахын тулд ном уншицгаая. Хүүхэд багачуудаа зүрх сэтгэлийн боловсролтой болгоход анхааръя. УИХ-аас Хүмүүнлэгийн боловсролын тухай хуулийг боловсруулан хэлэлцэж, жил бүрийн тав болон есдүгээр сард ном бичиг соёлын өдөртэй болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо” хэмээлээ. Засгийн газрын бүтцэд Соёлын яам шинээр байгуулагдсан. Энэхүү яам нь ном эрдэм, үндэсний бичиг соёлоо дээдлэх, хадгалан хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх, зохиолч бүтээгчдээ дэмжих үүрэгтэй. Энэ хүрээнд зохиолч, уншигчдын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх, үндэсний монгол бичгээ сурах дэлгэрүүлэх, цахим номын дэлгүүр, аудио номын санг Монголын номын санд эрчимтэй хөгжүүлэх нь нэн чухал ажил болоод байгаа билээ. Номын хур буусан энэ өдрөөр төр засгаас номын өдөрлөгийг дэмжих бичиг соёлын өдөртэй болох тухай таатай мэдээтэй байлаа. Энэ мэдээ олон ч хүний сэтгэлийг тэнийлгэв. Номын хоймор асарт Ардын уран зохиолч П. Бадарч, Д.Цоодол, нэрт соён гэгээрүүлэгч Д.Урианхай, Чингис хааны одонт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Төрийн соёрхолт зохиолч яруу найрагч Ц.Бавуудорж тэргүүтэй бичгийн мэргидүүд тухалжээ. Зохиолчид өөрсдийн ном бүтээлээ дээжлэн хүргэж уншигч олонтойгоо уулзан магнай тэнэгэр байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо “Би номын баяртаа жилийн жилд идэвхтэй оролцож байгаа. Уншигчдын хэрэглээ шаардлага ч өндөр болжээ. Тиймээс номынхоо чанар, хэвлэлийн өнгө үзэмж, хавтас зэрэгт ач холбогдол өгч байна. Чанартай сайн ном нь үеэс үед өвлөгдөх өв болж үлддэг. Өвөрмонголд Ардын хэвлэх хорооноос миний уран бүтээлийг 10 ботиор хэвлэсэн. Энэхүү 10 ботио хүлээж авлаа. “Шилийн богд” романыхаа үргэлжлэл “Шармаань” туужийг гаргасан. Баримтат уран зохиолынхоо “Цагаан манан, гэгээн гуниг” дэвтрийг хэвлүүллээ. Яг одоо томоохон хэмжэээний роман дээр сууж байна. Уншигч олондоо томоохон бизнесийн байгууллагууд номын сантай болоосой гэж хүсдэг. Мөн айл бүр номын сантай болж, үнэ цэнтэй толь бичгүүд, дэлхийн болон Монголын түүх, соёлын өв, эртний болоод орчин үеийн уран зохиолын ном, “Монголын нууц товчоон”-оо хоймортоо залж байгаасай гэж боддог доо” гэлээ.
Зохиолч Г.АЮУРЗАНЫН "ШИНЭ ҮЕИЙН НОМЫН САН" ЦУВРАЛ 19 БОТЬ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
Номын баярт 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, эх зохиогч, зураач, 50 мянга гаруй уншигч сонирхогчид оролцдог билээ. Энэ удаагийн номын баяр “Илүү их уншъя” уриатайгаар энэ сарын 11-13-ны өдрүүдэд үргэлжлэв. Цаг агаар ч тогтуун нар илчээрээ ээсэн сайхан өдрүүд байсан нь номын баярыг улам хөгтэй, хөлтэй болгов. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Сувд “Энэ удаагийн номын баяр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор болж, НЗДТГ хамтран ажиллаж байна. Хүний унших хэрэгцээ болон сонирхол өөр, өөр учраас хүссэн хүн бүхэн оролцох боломжтой. Номын баяр бэрхшээл, асуудалгүй зохион байгуулагдана гэж байдаггүй. Товлосон хугацаанаасаа жаахан хоцорлоо. Энэ жилийн хамгийн том бэрхшээл бол цар тахал байлаа. Төр засгаас номтой өдрийг ийнхүү дэмжиж байгаа нь цаашид номын урт хугацааны хөтөлбөр, номын татварыг тэглэх зэрэг нааштай олон шийдвэр гаргах болов уу гэж найдаж байна” гэв. Эдгээр өдрүүдэд Хүүхдийн номын сангаас хүүхдүүдэд карт үнэгүй нээж өгч байлаа. 10 настай охиноо дагуулсан ээж Б.Энхээ “Миний охин ном унших маш дуртай. Номын өдөрлөгт явъя гэж шалсаар байгаад л ирлээ. Охин бид хоёр Хүүхдийн номын санд карт нээлгүүллээ. Хүссэн үедээ дуртай номоо унших болсондоо охин маань баяртай байна. Мөн энэ өдөрлөгийн үеэр эцэг, эхчүүдэд ном сонгох зөвлөгөө өгч байгаа нь таалагдлаа. Охиндоо өөрийнх нь хүсэл сонирхлын дагуу шидэт үлгэрийн номууд авна” гэж хэллээ. Номын баярын үеэр ном сэргээн засах үйлчилгээ өгч байв. Хуучирсан боловч үнэ цэнтэй номуудаа засварлуулахаар багагүй иргэд дугаарлажээ. Мөн хажууд нь хэрэглэсэн сурах бичиг болон дахиварыг нэг килограммыг нь 20 төгрөгөөр худалдан авч байлаа. Ховор, нандин хуучны номын тасгаар хүн ихтэй байв. Нүдний гэм болсон хуучин номуудыг 1000 төгрөгөөс эхлэн 20 мянган төгрөг хүртэл худалдаалж байв. Зүүн асарт орчуулгын бүтээлүүдийг дэлгэжээ. “Тагтаа паблишн”-аас эмхэтгэн гаргасан “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, “Саяака Мурата нэрийн дэлгүүрийн эмэгтэй”, “Төгсгөлийн мэдрэмж” тэргүүтэй бүтээлүүд хараа булаана. Дөнгөж саяхан хэвлэлтээс гараад буй яруу найргийн шинэхэн ном хэвлэгджээ. Зохиолч, яруу найрагч П.Батхуягийн “Цэннн”, яруу найрагч Т.Амар-Амгалангийн “Жиннн” нэртэй хоёр талаараа уншдаг ном тун сонирхолтой ажээ. Багш, шавь хоёрын шүлэг найраг ямархан жингээр цэнлэж ийнхүү бүтээгдсэнийг та бүхэн уншаарай. Яруу найрагт дуртай уншигчдын гар дээр Болор цомын эзэн Ц.Бавуудоржийн “Уянгын шүлгүүд” бууж байлаа. Номын баярт хоёр дахь удаагаа оролцож байгаа тэрбээр үргэлжилсэн үгийн гурван ном, шүлгийн шилмэл түүврийн хоёр ном, найраглалын нэг номоо дэлгэжээ. Ц.Бавуудорж “Зохиолчид анир гүмхэн аглагт сууж бүтээл номоо туурвидаг. Хөл хорионы үеэр үзэг нэгт нөхөд минь уран бүтээлийн хур ихтэй байжээ. Эх хэлээ хамгаалах, оюун санааны дархлааг тогтоох ариун үйлсэд бид уран бүтээлээрээ хүчин зүтгэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас оюуны бүтээлийг маш их дэмджэг болсон. Залуус маань дэлхийн сонгодгуудыг уншиж сэтгэлгээ нь задарч байна, шүлэг бүтээл нь гадаад хэл дээр хэвлэгдэж байна. Соёлын яамтай болсноор утга уран зохиолын академиудтай хамтын ажиллагаатай байж, зохиолчдынхоо бүтээлийг дэмжих, дэлхийн зах зээлд орчуулан хүргэх, монголчуудынхаа оюун санааны өндөр өв соёлыг хүн төрөлхтөний оюун санааны сан хөмрөгт нийлүүлэх жим харгуйг илүү өргөн нээж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ. Энэ номын баярын утга учир, үнэ цэн болсон нэгэн сод бүтээл бол зохиолч яруу найрагч Г.Аюурзанын “Шинэ үеийн номын сан” цуврал байлаа. Тус цувралд “Дурлалгүй ертөнцийн блюз тэргүүтэн хүүрнэл зохиолууд” –аа боть болгож хайрцаг, шоголтой нь хэвлүүлжээ. Уншигч олны хорхойг эрхгүй хүргэсэн хар өнгийн хайрцагтай багцад иргэд гар татахгүй байгаа нь оюуны хэрэгцээ, цангаа тун их байсныг илтгэнэ.
Ц.ДОРЖСЭМБЭ АГСНЫ “ЦАС, БОРОО” ШҮЛГИЙН ТҮҮВЭР УНШИГЧДЫН ГАРТ ХҮРЧ БАЙВ
Ном уншдаг хүмүүс ухамсартай, соёлтой байдаг . Нэг үеэ бодвол монголчууд ширхэг ч хоггүй, ганц ч согтуу хөлчүү хүнгүй баярлаж чаддаг болжээ. Энэ бол том дэвшил. Талбайн голд Парламентын номын сангаас 76 гишүүний номоор үзэсгэлэн гаргажээ. Тор дүүрэн, цүнх дүүрэн номоо дааж ядан алхах хүмүүсээс баярын мишээл тодорно. Гэртээ очоод номуудаа амтархан уншина даа гэсэн хүсэл, догдлол нь нүүрэнд нь бичээстэй харагдана. Аав, ээжүүд хүүхдээ хөтлөн хүүхдийн номын асруудыг бүчжээ. Үлгэрийн номууд, буддаг, зурдаг номууд өнгө алаглана. Бяцхан жаалууд номын хуудас бүрийг сониучирхан эргүүлж тун ч аз жаргалтай сууна. “Нисдэг ном”, “Өнгөт мэдлэг”, “Хүүхдийн санхүүгийн ном”, “Уншигч бяцхан зөгий”, “Эхлэл паблишинг” зэрэг асрын үүдээр цэцэг ургасан мэт хүүхдүүд шавжээ. Харин “Гадаадад сурах гарц”, “Хүмүүн паблишн”, “Япон хэл”, “Англи хэл” зэрэг асрын үүдээр оюутан залуус хөлхөлдөнө. Тэд сурах боловсрох эрхээ эдэлж, гадаад хэл сурч, хилийн дээс алхахыг эрмэлзэж буй учир энэ талаар асууж, зөвлөгөө авч, мөн гарын авлага, ном сурах бичиг худалдан авч байлаа. “Анар”, Мир”, “Азхур”, “Интер”, “Bookmarket”, “Мажестик” зэрэг номын дэлгүүрүүд номоо 20-30 хувь хямдруулж уншигчдыг шууруулав. “Номын соёлт ертөнц” ТББ, “Монцамэ”, “Анд” хэвлэлийн газар зэрэг тоолж тоймшгүй олон газрууд өөрсдийн эрхлэн хэвлүүлсэн ном бүтээлээ дэлгэжээ. Талбайн баруун жигүүрт Монголын зохиолчдын эвлэлийн асарт МУСГЗ Д.Цэнджав “Цэвдэг жаран, “Бөмбөгөр ногоон” тэргүүтэй романуудаа худалдаалж байв. Түүний зэрэгцээ МЗЭ шагналт яруу найрагч Л.Батцэнгэл “Өндгөн толгойт” өгүүллэг туурийн ном, яруу найрагч Ц.Доржсэмбэ агсны гэгээн дурсгалд зориулсан “Цас, бороо” шүлэг, дурсамжийн номоо хүмүүст хүргэж байлаа. Тэрбээр “Сүхбаатарын талбайд наадам болж байгаа юм шиг л байна. Хөл хорионы хоёр жилийн хугацаанд иргэд оюуны бүтээлээр их цангажээ. Бурхан болооч Ц.Доржсэмбэ найзынхаа бүрэн түүврийг энэ жил хэвлүүлсэн. Энэ номонд “Хэнд би таалагдах ёстой вэ, “Хэд дэх бороо”, “Харсан тэнгэр” гурван номоос нь гадна хэвлэгдээгүй байсан 60 шахам шүлэг нь багтсан. Амьд ахуйдаа бичиж байсан “Миний Өлзийт” нийтлэлийг нь ч орхигдуулаагүй оруулсан. Ц.Доржсэмбэд зориулан бичсэн 40 гаруй хүний дурсамж дурдатгал, 16 хүний 25 шүлэг орсон. “Цас, бороо” номыг Монголын Ардчилсан холбооны зохицуулагч С.Эрдэнэцогт анд маань ивээн тэтгэсэн. Хэдийгээр яруу найрагч нь бурхан болсон ч бүтээл ном нь амьд тунгалаг хэвээрээ уншигчдын гарт хүрсээр байна. Би найзынхаа номыг зарах гэхээсээ илүү бүгдийг нь хүмүүст үнэгүй тарааж байна. Анд нөхөр минь ингэх л байсан. Аль ч цаг үеийн сонгодог яруу найрагч гудамжинд өлсөж байсан ч номоо зарж байсан түүх байдаггүй. Сэмбээ маань тийм л сонгодог яруу найрагч байсан даа” хэмээв. Ийнхүү номын баяр өөр, өөрийн өнгөөр сүлэлдэн нэгэн цул болж илүү их унших, илүү их сэтгэхийн хүсэл тэмүүллийг авчрав. Намрын номын баяр хүртэл шимтэн унших номоо нөөцөлж авсан иргэд сэтгэл хангалуун байлаа.
Мөн түүнчлэн "M plus", "Esan" зэрэг цахим номын сангийнхан уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа танилцуулж, тэднийг бүртгэлжүүлж байв. Номын баярыг цахимаар шууд дамжуулсан нь илүү хөгжингүй, илүү боловсронгуй, илүү шинэлэг болжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )