Инфляц дахин өсөж, Төв банкны 6+ хувь руу шилжлээ

2021 оны 06 сарын 15

Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр 2021 онд баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусган, батлуулсан.

 

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2021.06.15/ танилцуулсан, тавдугаар сарын байдлаарх инфляцын үзүүлэлтийг харахад, үнийн өсөлт Төв банкны зорилтот түвшний 6/+2 хувилбар руу орсон байна.

Инфляц тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 6.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 6.2 хувиар өсжээ.  

Үнэ зах зээл дээрх идэвхжлийг харуулдаг индикатор учраас ковидын нөлөөллөөр агшаад байсан эдийн засаг хөл хорио суларсан, зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнийг даган идэвхжиж  эхэлсэнтэй холбоотойгоор инфляц өсөж болох ч, хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдлүүд өсөлтийг голлон бүрдүүлж байгаа нь анхаарах ёстой асуудал юм.

 

Өнгөрсөн таван удаагийн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийн улмаас ажлын байр нь тогтворгүй болсон устсан олон мянган иргэн, айл өрхүүдэд  хүнсний үнийн өсөлт хүнд тусаж байгаа. 

 

Инфляц өмнөх оны мөн үеэс 6.2 хувийн өсөлттэй гарсны 3.6 нэгж буюу 58.1 хувь нь хүнсний бараа,  ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Тодруулбал:

 

  • Хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 13.1 хувь /мах махан бүтээгдэхүүний үнэ 18.4 хувь/

 

  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 2.4 хувь

 

  • Хувцас, бөс бараа гутлын бүлгийн үнэ 3.1 хувь

 

  • Орон сууц ус цахилгаан хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 5 хувь

 

  • Тээврийн бүлгийн үнэ 3.2 хувиар өссөн нь инфляц 6.2 хувиар өсөхөд голлон нөлөө үзүүлжээ.

Сануулахад,  инфляцын түвшин дөрөвдүгээр сард 5.6 хувь болж өмнөх оны мөн үеэс 0.9 пунктээр нэмэгдсэн. 5.6 хувь гарсны 3.4 нэгж буюу 60.7 хувь нь хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан.

Тэгэхээр дөрөвдүгээр сарын инфляцын өсөлтийн 60.7 хувь, тавдугаар сарын инфляцын өсөлтийн 58.1 хувь нь тус тус хүнсний үнээс хамаарчээ.

Тавдугаар сарын инфляц дахь хүнсний үнийн нөлөөлөл дөрөвдүгээр сарынхаас 2.6 хувиар буурсан харагдаж буй ч, статистикийн тооцооллоос гадна  зах худалдааны төв, жижиглэн худалдаачдын гар дээрээс худалдаалагдаж буй махнаас бусад хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт их байгаа.


МОНГОЛБАНК: Түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна.

Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Эдийн засгийн идэвхжил, шатахуун, cайжруулсан түлшний үнийн нөлөөгөөр инфляц цаашид өсөх дарамттай байх хэдий ч 2021 онд дунд хугацааны зорилтын орчимд хадгалагдах төсөөлөлтэй байна. Эдийн засгийн цаашдын төлөв нь вирусын дотоодын тархалт, түүнээс улбаатай хөл хорио, вакцинжуулалтын явц, үр дүн болон экспортын бүтээгдэхүүний хил дээрх саад тодгор зэргээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй нөхцөл байдал хэвээр байна” гэсэн. Мөн тэрбээр “Эдийн засгийн ийм орчинд эдийн засгийн сэргэлтийг бат суурьтай байлгах зорилгоор Монголбанк мөчлөг сөрсөн мөнгөний бодлогоо 2021 оны туршид баримтлахаар тооцож байна. Эдийн засаг бодитой сэргэж, бизнесийн бүх салбаруудад жигд өсөлт гарч, цар тахлын үед үзүүлж буй хөнгөлөлт, чөлөөлөлтийн дэмжлэгийг буцаасны дараа ч эдийн засаг өөрөө өөрийгөө хэвийн аваад явах чадамжтай болсон үед л бодлогын төлөвөө өөрчлөх стратеги баримталж байна. Бодлогын дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтийг нэгэн зэрэг зогсоох бус, шат дараатай, банкны салбарын нөхцөл байдал, банкны харилцагчдын төлбөрийн чадвар зэргийг тасралтгүй үнэлэн төлбөрийн чадварын дарамт үүсгэхгүй байхаар эдийн засгийн сэргэлттэй уялдаатай алгуур гарах стратеги, зарчим баримталж байна. Энэ хүрээнд Ковид-19 цар тахлын дараах эдийн засагт шилжих, тогтвортой байдлыг хангах бэлтгэлийг одооноос хангаж байна. Энэхүү бодлогын сонголт нь инфляцыг 6/+-2/ хувьд байлгах, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилттой нийцтэй байх болно. Монголбанк түр зуурын, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцад мөнгөний бодлогыг чангаруулж хариу арга хэмжээ авахаас илүүтэй эдийн засгийн суурь сэргэлт, тогтвортой байдалд илүүтэй анхаарна” хэмээн тавдугаар сарын сүүлээр байр сууриа илэрхийлсэн юм.

“Хэрэглэгчийн итгэлийн индекс” судалгааны 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаас үзэхэд иргэдийн инфляцын  хүлээлт ерөнхийдөө өсөх хандлагатай байсан.

Зургаан сарын дараа хүлээгдэж буй инфляц 7.2 хувь байгаа бол нэг жилийн дараах инфляцын хүлээлт 9.1 хувь байна гэсэн судалгааны дүн гарсан.

Инфляцын хүлээлт өндөр байгаа шалтгаан нь төрөөс, Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний тэлэх бодлоготой, халамжийн бодлоготой холбоотой байж болох уу гэдгийг судлаач Б.Алтанцэцэгээс тодруулахад дараах хариултыг өгсөн юм.

“Өмнө нь 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар мөн инфляцын хүлээлт өссөн. Дахиад нэгдүгээр улиралд үнийн түвшин өндөр байна гэсэн хүлээлт иргэдийн дунд байгаа юм. Үүн дээр  аль аль талаас нь л бодох ёстой байх. Нэг талаас иргэдийн дунд ийм хүлээлт байна гэдэг чинь Төв банкнаас бодлого явуулахдаа үүнийг тооцоолж үзэх, хэрэгтэй л болно гэсэн үг. Яагаад гэхээр хэрэв ийм үнийн өсөлт бий болно гэсэн хүлээлттэй байгаа бол тэлэх бодлогын нөлөө бүр ч илүү үнийн түвшин дээр очиж буух хандлага  байна гэсэн үг. Иргэдийн дунд яагаад үнэ өснө гэсэн хүлээлт бий болчихов оо гэдэгт өөрийн тань  асуултын зарим хэсэг нь чиглэж байх шиг байна. Үүнийг  цааш нь дахиад нарийн судлах л ёстой. Бэлэн мөнгө тараах бодлого нь барааны үнийг хөөрөгдөх, эрэлтийг өсгөх магадлалтай гэсэн хүлээлт байж болно. Нөгөө талдаа цар тахлын үед энэ мэдээллийг цуглуулж байгаа. Тиймээс бас нэг нөлөөлөгч хүчин зүйл юу байж болох вэ гэхээр нийлүүлэлт талыг тооцож, судалж байж бид итгэлтэй хариулт өгөх ёстой болох байх. Ямар ч байсан эхний ээлжинд ийм хүлээлт байна аа гэдгийг бид гаргаж ирж байгаа. Яг юунаас болж ийм хүлээлт үүсэв ээ гэдэг дээр дахиад нарийн судлах ёстой болох байх. Мөнгөөр нэлээн дэмжиж буй бодлогууд, тэр тусмаа иргэдээ нэлээн хэмжээний орлогоор дэмжлэг үзүүлнэ гэсэн бодлого батлагдаж байгаа нь нэг  сэжигтэй хүчин зүйл мөн. Нөгөө талаас нийлүүлэлт талын хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Аль нь илүү давамгайлж байгааг нарийн судлах хэрэгтэй байх” гэсэн хариултыг өгсөн юм.

Сануулахад, Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоох шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсонтой холбоотойгоор иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Тухайн үед, иргэдэд бэлэн мөнгө тараах нь төгрөгийн ханшийг унагах, инфляцыг өсгөх эрсдэл үүсгэхгүй  юу гэдгийг асуухад Сангийн сайд “Төгрөгийн ханш 2020 оны наймдугаар сараас хойш тогтвортой байгаа. Инфляц Төв банкны зорилтот түвшнээс нам дор байгаа. Төв банк мэдээж зорилтот түвшнээ барихын төлөө цаашид ч ажиллана, зүгээр хараад суухгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.26.195.162) 2021 оны 06 сарын 15

ИНФЛЯЦИ ГЭЖ БИЧЭЭД ИНФЛЯЦИЙН ГЭХ НЬ ЗӨВ БАЙЛГҮЙ.

0  |  0
Top