А.Хишигбаяр: Нийгмийн хамгааллын хэлэлцээрээр хоёр улсын иргэдийн нийгмийн баталгааг тэгш хангадаг

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 17

Манай улсаас гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд цөөнгүй бий. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас монголчууд олноор ажиллаж, амьдарч байгаа улс оронтой нийгмийн баталгааг хангах үүднээс хоёр улсын хооронд хэлэлцээр байгуулдаг. Тухайлбал, Орос, Солонгос, Унгар, Польш, Турк, Чех улстай албан ёсны хэлэлцээр байгуулсан байдаг аж. Хэлэлцээрийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон ач холбогдлын талаар ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяртай ярилцлаа.


 

-Монгол Улсаас гадаадад оршин суугаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг хангах, сайжруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Манай улс бусад улс оронтой нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулснаар иргэдийн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож тэтгэвэр тогтоох эрх үүсгэх, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг харилцан шилжүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдахаас урьдчилан сэргийлэх, зарим богино хугацааны тэтгэмж авах талаар харилцан тохиролцон улмаар өөрийн улсын иргэдийн нийгмийн баталгааг хангах ач холбогдолтой.

Аливаа нийгмийн хамгааллын хэлэлцээрийг хийхдээ хэлэлцээр хийж буй хоёр улсын иргэд аль аль улсад олноор ажиллаж, амьдардаг байх, хоёр улсын иргэдийн нийгмийн баталгаа хангагдах тэгш эрхтэй байхаар хийдэг.

-Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар хэдэн улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан бэ?

-Сүүлийн жилүүдэд гадаадад оршин сууж амьдарч, ажиллаж, суралцах монгол иргэдийн тоо нэмэгдсээр байна. Гадаад харилцааны консулын байгууллагын судалгаагаар 110 мянга орчим  монгол иргэд албан ёсны эрхтэйгээр амьдардаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн Монгол Улсад  амьдарч байгаа гадаад иргэдийн тоо нэмэгдэж байна. Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад олноор ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах,  ирээдүйн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийт зургаан улсын Засгийн газар, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн холбогдох яамдтай одоогийн байдлаар нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг байгуулан, хэрэгжүүлж байна.

-Ямар улс оронтой хэзээ­нээс эхэлж нийгмийн хамгааллын хэлэлцээр хийсэн байдаг бэ?

-Монгол Улсын Засгийн газар Орос улстай “Нийгэм хангамжийн талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд нийгэм хангамжийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 1981 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр байгуулсан. Мөн Солонгос улстай “Нийгмийн хамгааллын тухай  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар  хоорондын хэлэлцээр”-ийг 2006 оны тавдугаар сарын 6-ны өдөр, Унгар улстай “Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улсын хоорондын нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2011 оны зургаадугаар сарын 11-ний өдөр, Польш улстай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээр” 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр, Турк улстай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр” 2018 оны гуравдугаар сарын 9-ний өдөр, Чех улстай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулсан.

-Хэлэлцээрийн гол агуулгыг иргэдэд тайлбарлаж өгөхгүй юу. Түүний ач холбогдол, давуу тал нь юу байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Улс бүрийн хэлэлцээр өөр өөр. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар Орос улстай байгуулсан хэлэлцээрийн гол агуулга нь хэлэлцэн тохирогч талуудын хууль тогтоомжоор иргэдэд үзүүлэх нийгэм хангамжийн бүх төрлийн үйлчил­гээг өөрийн улсын иргэний нэгэн адил хамаарахаар, тэтгэвэр, тэтгэмж тогтооход хэлэлцэн тохирогч хоёр талын хоёулангийнх нь нутаг дэвсгэр дээр ажилласан бүх хугацаа, түүний дотор хөнгөлөлттэй нөхцөл, хэмжээгээр тэтгэвэр тогтоох хугацааг оруулан тооцох зохицуулалтыг тусгасан байдаг.

-Манай улсын иргэд гаднын улс орнууд тэр дундаа БНСУ-д ажиллаж амьдрахаар цөөнгүй явдаг. Тэдний нийгмийн хам­гаал­­лыг сайжруулах талаас ямар хэлэлцээр байгуулсан бэ?

-Солонгос улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын иргэд аль нэг улсад хуанлийн жаран сарын хугацаанд ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд тухайн орондоо нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан төлөхгүй байх зохицуулалтыг тусгасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн 60 сар буюу таван жилээс хэтрэхгүй хугацаанд Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд сард 40 мянган вон төлж, Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдаж байна. Ингэснээр Монгол Улсын иргэн Солонгос улсад ажиллаж, амьдарч байх хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ирээдүйд тэтгэвэр тогтоолгох нөхцөл бүрдэх юм.

Унгар улстай байгуулсан хэлэлцээрээр “Даатгуулсан хугацаа нь давхардаагүй тохиолдолд нөгөө талын хууль тогтоомжоор шимтгэл төлсөн хугацааг өөрийн хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөнтэй нэгэн адилаар тооцож үзнэ” гэж заасан. Хоёр улсад шимтгэл төлсөн нийт хугацааг нэгтгэн тооцож, өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу тэтгэврийн эрхийг үүсгэж, тухайн нутаг дэвсгэрт шимтгэл төлсөн нийт хугацаанд ногдох тэтгэврийг олгох харилцааг зохицуулсан байдаг.

-Харин Польш болон бусад улстай байгуулсан хэлэлцээрээр ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?

-Польш улстай байгуулсан хэлэлцээрийн тухайд “Шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг өөрийн талын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөнтэй нэгэн адилаар тооцож үзнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хоёр улсад ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэвэр авах эрх үүсэхгүй тохиолдолд хэлэлцэн тохиролцогч хоёр талтай хэлэлцээр байгуулсан гуравдагч талд шимтгэл төлсөн хугацааг харгалзан үзэж тэтгэвэр тогтоох эрхийг үүсгэнэ. Шимтгэл төлсөн бүх хугацаанаас өөрийн орны хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд харгалзах тэтгэврийг олгоно. Мөн шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны, жирэмсний, амаржсаны, ажилгүйдлийн, оршуулгын тэтгэмжийг хууль тогтоомжийнхоо дагуу олгох юм.

Турк улстай байгуулсан хэлэлцээрт хоёр улсад ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, хэлэлцэн тохиролцогч хоёр талтай хэлэлцээр байгуулсан гуравдагч талд шимтгэл төлсөн хугацааг харгалзан үзэж тэтгэвэр тогтоох эрх үүснэ. Шимтгэл төлсөн бүх хугацаанаас өөрийн орны хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд харгалзах тэтгэврийг олгоно.  Шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, оршуулгын, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж тооцож олгох зохицуулалттай.

Харин Чех улстай байгуулсан хэлэлцээрээр хоёр улсад шимтгэл төлсөн хугацаа давхцаагүй тохиолдолд нэгтгэн тооцно. Гуравдагч улстай байгуулсан  хэлэлцээрээс үүсэх хариуцлагыг харгалзан үзэж өөрийн улсын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийн хэмжээг тогтооно. Чех улсад байнгын оршин суугч бол тахир дутуугийн бүрэн тэтгэвэр авах эрхтэй. Чех улсад 1995 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл техник мэргэжлийн дунд сургуульд багшилсан, Монгол Улсад үзүүлсэн хөгжлийн тусламжийн хүрээнд их сургуульд тэтгэлэгтэй сурсан болон Чехословакийн байгууллагуудад түр хугацаагаар ажиллуулсан хугацааг зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу тооцдог.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цаашид аль улстай гэрээ байгуулахаар төлөвлөж байна?

-“Нийгэм хангамжийн талаар  Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хооронд нийгэм хангамжийн салбарт хамтран  ажиллах тухай хэлэлцээр”-ийг шинэчлэхээр ажлын хэсгийн шинжээчид ажиллаж байна. Мөн Казахстан улстай байгуулах тэтгэврийн талаарх хэлэлцээрийн төслийг ажлын хэсгийн шинжээчид боловсруулан үндсэндээ дуусаж байгаа. Уг хэлэлцээрт 2021 онд гарын үсэг зуруулахаар төлөвлөсөн.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Монголчууд олноор ажиллаж, амьдарч байгаа АНУ, Канад, Швед улсуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах хүсэлтийг тавиад хариу хүлээж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Japan ?(64.119.19.160) 2023 оны 06 сарын 15

Japan ulstai yagad hiihgui bgan bol? Mash olon mongolchuud alban yosoor ajillaj bgaa shuudee! Jhan idevhitei sain ajillah heregtei sanagddag Aygui udaan yumaa hedhen l orontoi hsen yadaj olon orond huselt tavij ajillahgui bol gadaad bga mongolchuud tetgevert hamragdajgui hohirch bna.

1  |  0
Top