Эрдэмтэд Шотландад коронавирусний халдвар аваад эдгэрсэн өвчтөнүүдийн мэдээлэл дээр үндэслэн “Дельта” буюу Энэтхэгт анх илэрсэн коронавирусний омог “Альфа” буюу Их Британид анх бүртгэгдсэн хувилбараас илүү аюултай болохыг тогтоожээ. Судалгааны дүнг анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн байна.
“Альфа” хувилбараар өвчилсөн өвчтөнүүдтэй харьцуулбал “Дельта” хувилбарын халдвар авсан хүмүүсийн өвчин нь хүндрэх магадлал хоёр дахин их байна. Харин вакцинжуулалт энэ эрсдэлийг буруулах хамгийн үр дүнтэй арга зам гэж нийтлэлд онцолжээ. Түүнээс гадна, вакцин нь хүнийг “британи” хувилбарын халдвараас илүү сайн хамгаалдаг байна.
Судалгаанд энэ оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд Шотландын хүн амын 99 хувийн дунд тархсан халдварын тохиолдлуудын мэдээллийг ашиглажээ.
“Дельта” буюу B.1.617 омог нь давхар мутацтай гэдгээрээ бусдаас онцлог. Энэ омог анх Энэтхэгийн Махараштра мужид бүртгэгдсэн. Эмч нарын үзэж буйгаар “Дельта” хувилбар нь Энэтхэгт цар тахлын хоёр дахь давлагаа үүсэх шалтгаан болжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, “Дельта” омог дэлхийн 74 улсад тархаад байна.
Сэтгэгдэл ( 0 )