И.Одончимэг: Монгол Улс өрсөлдөх чадвараараа түүхэн бага оноо авч, дэлхийн 64 орноос 60 дугаарт жагслаа

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 19

Швейцарийн Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-ийг өчигдөр танилцууллаа. Уг тайлангаар Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй судалж байгаа юм. Тэгвэл энэ жил Монгол Улсын болон дэлхийн орнуудын өрсөлдөх чадвар ямар байгаа талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэгтэй ярилцлаа.


-Энэ жилийн дэлхийн улсуудын өрсөлдөх чадварын тайлан гарсан байна. Монгол Улс 64 орноос 60 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь 2020 оныхоос нэг байр урагшилсан хэдий ч өрсөлдөх чадварын оноогоороо илт уруудсан үзүүлэлт боллоо. Жилээс жилд өрсөлдөх чадвар сайжрахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Манай улсын өрсөлдөх чадварын эрэмбэ өмнөх жилээс ахисан хэдий ч өрсөлдөх чадвараараа өсөөгүй. 2020 онд өрсөлдөх чадвар хамгийн сайтай улстай харьцуулахад Монгол Улсын өрсөлдөх чадварын оноо 43.4 байсан бол энэ жил тайлангийн түүхэнд хамгийн бага буюу 40 оноо авчээ. Манай улсын эрэмбэ өөрчлөгдөхөд судалгаанд хамрагдаж буй улсуудын тоо нэмэгдсэн, цар тахлын улмаас улс орнуудын өрсөлдөх чадвар буурсан зэрэг хүчин зүйл ихээр нөлөөлжээ. Өрсөлдөх чадвар жилээс жилд сул байхад голлон нөлөөлж буй хэд хэдэн хүчин зүйл байна. Тухайлбал, эдийн засгийн чадавхи сул, хөрөнгө оруулалт татах чадвар сул, төсвийн алдаг­дал, ил тод байдал, хуулийн хэрэгжилт, нийгмийн тогтолцоо, эрүүл мэнд, боловсролын сал­барын чанар, хүртээмж гэсэн үзүүлэлт манай улсын өрсөлдөх чадварыг байнга хойш чангааж ирлээ.

-Монгол Улсын өрсөлдөх чадвар Ази, Номхон далайн бүс нутагтаа хэдэд орсон бэ?

-Ази, Номхон далайн бүс нутгийн нийт 14 улс энэхүү судал­гаанд орсон. Монгол Улсын хувьд харамсалтай нь сүүл мушгиж 14 дүгээрт жагссан байна.

-Энэ жилийн манай улсын өрсөлдөх чадварт ямар хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна вэ?

-Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий дахинаа өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж буй хамгийн чухал цаг үеийн хүчин зүйл бол КОВИД-19 цар тахал, үүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд байна. Ихэнхи улс орны өрсөлдөх чадвар, бизнесийн байгууллагуудад хамгийн ихээр сорилт болсон нь цар тахлын нөлөө. Судалгааны үр дүнгээс харахад Монгол Улсын сул талууд гэвэл экспортын төвлөрөл цөөн төрөл байх, үйлчилгээний салбарын экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, төрийн өмчлөл, чадварлаг боловсон хүчний хомс байдал гэсэн асуудлууд орж байна. Түүнчлэн дэд бүтцийн сул байдал, боловсролын чанар үзүүлэлтээр хамгийн сүүлд эрэмбэлэгдсээр байгаа нь бидний сул тал юм.

-Өнгөрсөн жилийнхээс сайжирсан болон буурсан үзүүлэлт юу байв?

-Өмнөх жилээс сайжирсан үзүүлэлтүүд гэвэл интернэт хэрэглэгчдийн тоо, инфляц, урсгал дансны тэнцэл, шатахууны үнэ, менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо, байгууллагын хэрэг­лэгчдэд түгээх цахилгаан, дулааны үнэ, банк санхүүгийн үйлчилгээ орсон байна. Харин өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлтэд төсвийн алдагдал, ДНБ-ийн бууралт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын өсөлт, ил тод байдал, Засгийн газрын татаас, тэгш боломж, судалгаа шинжилгээнд зарцуулж буй зардал, шударга ёсны үзүүлэлтүүд оржээ. Тухайлбал, Монгол Улсын 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий 9.74 хувьд хүрсэн бол 2019 онд 0.56 хувийн илүүдэлтэй байсан. Мөн нэг хүнд ногдох бодит ДНБ-ий өсөлт 3.17 хувиас хасах 5.20 хувь, бодит ДНБ-ий өсөлт 5.1 хувиас хасах 5.4 хувь болж тус тус буурчээ.

-“Дэлхийн өрсөлдөх чад­варын тайлан 2021”-д цар тах­лын нөлөөг хэрхэн дүгнэсэн бэ?

-Цар тахал дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварт маш ихээр нөлөөлсөн байна. Өрсөлдөх чадвараа сайжруулж эсвэл хэвээр хадгалж үлдсэн улсуудын олонхид нь цар тахлын хариу арга хэмжээ, стратеги хамгийн шуурхай, хурдацтай бөгөөд оновчтой байж чадсан. Судалгаанаас харахад Зүүн Ази болон Баруун Европын улс орнуудын өрсөлдөх чадвар сайжирсан. Латин Америк болон бусад бүс нутгийн өрсөлдөх чадвар огцом суларчээ. Улс орнууд өөрсдийн байгаа нөөц бололцоогоо хүнд сорилттой цаг үед дахин төлөвлөж, дайчлах чадвараа сайжруулсан байгаа нь энэ жилийн тайлангийн нэг онцлог боллоо. Жишээ нь, Сингапур улс технологийн нөөц бололцоогоо шинэ зорилгоор ашигласан байна.

-Монголоос бусад улс орны өрсөлдөх чадвар ямар гарав?

-Энэ жилийн тайланд Швей­царь улс өрсөлдөх чадвар хамгийн өндөртэйгээр тэргүүлсэн. Үүний дараа Швед, Дани, Нидерланд болон Сингапур улсууд эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадвар хамгийн султай улс орноор Венесуэл, Аргентин, ӨАБНУ, Ботсвани болон Монгол Улс оржээ. Цар тахалтай тэмцэхэд эдийн засгийн хурдан тэнхрэх байдал, овсгоо самбаа, шинэ технологи нэвтрүүлэлт буюу хуучин технологи, нөөц бололцоогоо дахин дайчлах байдал, нийгмийн халамж болон уялдаа холбоотой ажиллах нь хамгийн чухал байлаа. Тийм ч учраас 2021 оны Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд дээгүүр жагссан улс орнууд дээрх хүчин зүйлүүд дээр анхаарч ажиллажээ. Дэлхий даяар зайнаас ажиллах, суралцах шаардлага үүсч, үүнийг дагаад олон содон техник технологи шинээр бий болсныг КОВИД-19-ын эерэг нөлөө гэж удирдах ажилтнуудаас авсан санал асуулгад дурдсан байгаа. Энэхүү цахим шилжилтийг Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд “Технологийн дэд бүтцийн үзүүлэлт”-ээр хэмжихэд Сингапур, Нидерланд, Швед, Финлянд болон АНУ эхний байруудад жагссан.

-Швейцарь, Швед, Дани, Нидерланд, Сингапур, Норвеги зэрэг улсын өрсөлдөх чадвар ер нь л өндөр гардаг. Яагаад тэр вэ?

-Өрсөлдөх чадварын 10 алтан дүрэм гэж байдаг. Эдгээр улс зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалдаа биш алсын ирээдүйгээ харж, зорилго тавин хөгжихийн зэрэгцээ хуулийн хэрэгжилт сайн, боловсролын салбартаа ихэд анхаардаг улсууд юм. Ингэснээрээ эдийн засаг, дэд бүтэц, засаглалын өрсөлдөх чадвар өндөртэй, тэр байраа хадгалан хөгждөг.

-Өрсөлдөх чадвараар Монгол Улсын дараа сүүлийн байруудад жагссан Ботсвана, ӨАБНУ, Аргентин, Венесуэл улсын нийгэм, эдийн засгийн байдал ямар байв?

-Цар тахлын нөлөөнд хамгийн ихээр орсон болон улс төр, нийгмийн хямрал ихтэй байсан, одоо ч байсаар байгаа улс орнуудын өрсөлдөх чадвар хамгийн сул байна.

-Монгол Улсад 2021 онд тулгарч буй бэрхшээл, сорил­туудыг юу гэж судалсан бэ?

-Бидний зүгээс Монгол Улсад тулгамдаж буй асуудлуудыг дараах байдлаар тодорхойлсон. Экспортын хязгаарлалт, хилийн хориг болон өрийн ачаалал зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байна. КОВИД-19 цар тахлын улмаас зарим компани үйл ажиллагаагаа зогсоох буюу ажилчдаа цомхотгох болсон тул ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Бизнесийн орчин дордсоноор чанаргүй зээлийн тоо хэмжээ нэмэгдлээ. Эдийн засгийг дэмжихийн тулд бэлэн мөнгө тараах болон мөнгөний нийлүүлэлт өссөн нь инфляцын дарамт үүсгэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнөх улс төрийн тодорхойгүй байдал дотооддоо КОВИД-19 цар тахлын халдварыг тогтооход эрүүл мэндийн салбар ачааллаа дийлэхгүй болох байдал ажиглагдаж байгаа.

-"Дэлхийн өрсөлдөх чад­варын тайлан 2021" судалгааны баталгаатай тал, ач холбогдлын талаар та манай уншигчдад товчхон мэдээлэл өгнө үү?

-Энэхүү тайлан нь дэлхий дахинаа Засгийн газар, энэ чиглэлийн эрдэмтэн судлаачдын дунд хамгийн ихээр танигдан хүлээн зөвшөөрөгдсөн, ихэнхдээ статистик мэдээлэл, нотолгоонд суурилдаг гэдгээрээ онцлогтой. Судалгаа нийт 334 шалгуур үзүүлэлттэй гэхээр бидэнд оношоо тогтоох энэ тооны багаж байна гэсэн үг.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 Хуваалцах

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(82.23.254.125) 2021 оны 06 сарын 21

Uhernuud

0  |  0
ЗОЧИН(66.181.184.213) 2021 оны 06 сарын 20

ЭНЭ ХЭДЭН ЖИЛИЙН ДУНДЧААР ГАРСАН ҮР ДҮН ЮМ БОЛ. МАН ХОЁР СОНГУУЛЬД ЯЛЖ ТӨР БАРЬЖ БАЙННА

0  |  0
.(103.212.116.49) 2021 оны 06 сарын 19

Үхэрнүүд өөрсдөө бэлчээртээ гарахгүй бол гадаад хүнээр хариулуулаад нэмэргүй д дээ

2  |  0
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 19

Энэ үзүүлэлт үхэр монголчуудын хаана бэлчиж байгааг зааж өглөө.

2  |  0
Top