Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Тува улсын шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор, профессор Л.Дашнямыг энэ удаагийн дугаарынхаа зочин хойморьт урилаа.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч тэрбээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул бөгөөд бичиж туурвиж, дуун хөрвүүлсэн тавь гаруй номоо уншигч олноо өргөн барьжээ. “Монгол уламжлал” академийн тэргүүн тэрбээр урлаг утга зохиол, улс төр, нийгмийн амьдралд өөрийн гэсэн үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн билээ. Монгол Улсын гадаад харилцаа, соён гэгээрлийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн түүнтэй олон талын сэдвээр хөндөн ярилцлаа.
ЭЗЭНГҮЙ УЛС БАЙВАЛ БАХАРХАЛ Ч ЭЗЭНГҮЙДНЭ ШҮҮ ДЭЭ
-Юуны өмнө улс хувьсгалын 100 жилийн ой тохиож буй, наадам дөхөж буй торгон мөчид ярилцаж байгаадаа баяртай байна. Та бол түүх, нийгэм соёл, утга зохиол гээд бүхий л салбарт хүрч ажилладаг хүн. Монголчуудын тусгаар тогтнол эв нэгдлийн тухай яриагаа эхэлье. Монгол орны тусгаар тогтнолыг хэр бат бөх оршин тогтнож байгаа гэж хардаг вэ?
-Танай сонин надад хандан, урьд өмнө нь сэтгүүлчид нэг их тавиад байгаагүй асуултаар яриагаа эхэлж байгаад би баяртай байна. Төрийн эрх мэдлээ эргүүлэн олж авч, нэгэн зууны туршид өөртөө эрхшээн оршино гэдэг маш гайхамшигтай хэрэг. Үүнд монгол хүн бүхэн баярлаж байгаа. Хүний эрхэнд орох ч, өөрийн эрхээ олох ч аль аль нь том үйл явдал, мартагдашгүй түүхэн сургамж мөн. Монголын зарим хэсэг нь Манжид дагаар орж, зарим нь эзлэгдэж, 300 -аад жил харийн буулган дор амьдарсан түүхтэй. Нарийндаа монголчуудын оролцоо, дэмжлэгтэйгээр Хятадыг эзэгнэсэн Манжууд сүүлдээ өөрөө өөрийгөө ч уусгаж анирдсан. Харин бидний хувь заяа өөр байж. Би философич хүний хувьд тусгаар тогтнол гэдэг үгийг нэг их ч сайхан оносон нэр томьёо гэж боддоггүй. Бидний зээлдэн хэрэглэсэн, зээлдэх ч юу байхав, дагалдан ухаарч, оноон тогтоосон независимость гэдэг үг маань хэрэгтээ хамааралгүй байх л гэсэн утгатай үг шүү дээ. Independent гээд байгаа нь ч мөн тийм л утгыг илэрхийлдэг. Ер нь энэ хорвоод огт тусдаа байдаг юм гэж байхгүй л дээ. Бүгд харилцаа холбоотой, шүтэлцээтэй байгаа Харин өөрөө өөрийгөө мэдэн, хэнээс ч хамааралгүй эрхшээн оршино гэдэг бол онцгой асуудал. Жишээ нь, Өмнөд нутгийнхан маань харамсалтай нь өөртөө засан тогтноно гэдэг бахархалт үгэнд хууртан, өрөөлийн өвөрт хадуулчихаж л дээ. Бид ч тэднээ орхичихож. Орхих ч юу байхав дээ, Орос, Хятад хоёр монголчууд бидний оролцоогүйгээр нэгэн бүхэл бүтэн үндэстний хувь заяаг "хуйвалдаанаар" шийдчихэж. Бид одоо л олон олон нууцыг үнэн мөнөөр нь мэдэж, улаан нүүрээр нь харж байна. Өөртөө эрхшээн оршино, түүнийг эргэлт буцалтгүй олж авна гэдэг жинхэнэ утгаараа бол гайхамшигтай ч тохиолдол, бахархалтай ч үйл хэрэг юм. Та тун ончтой асуулт тавьж байна. Тийм ч учраас бид баярлаж, бахдахын сацуу энэхүү юугаар ч сольшгүй дархан эрхээ хэрхэн хамгаалж дархлах вэ, яаж бататгаж бэхжүүлэх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Шуудхан хэлбэл, тусгаар тогтнолоо тунгалаг биш булингартай байна гэж хардаг. Магад ч үгүй бид ч, нийгэм маань ч ягуу ягуухан хэврэгшээд л байгааг анзаарах, ухаарч ойлгох хэрэгтэй байна. Шалтгааныг юуны өмнө өөрсдийн харалган бодлого, хөнгөн нимгэн хүсэл эрмэлзлэлээсээ л хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөрсдийгөө ч, өрөөл бусдыг ч том талбайд нь хармаар байна. Бодолгүй,бодлогогүй юм гэж нэг ч байдаггүй.
-“Та Монгол орныг дэлхийн түүхийн архив” гэж хэлэх дуртай. Энэ бахархлаа бид улам бүр умартаад бидний үр хүүхэд бахархах зүйлгүй өсөж байна гэж танд бодогддог уу?
-Мэдээж. Монголын түүхгүйгээр дэлхийн түүх бүрэн бүтэн болохгүй, бидэнгүйгээр дэлхийн хүн ард бүрэн бүтэн байхгүй. Түүхэн дурсгал, өв соёл, эд өлгийн баримт үлдэц, тэр байтугай хүмүүний уугуул төрх, зан чанар, хүнлэг ёс цэвэр ариунаараа хадгалагдаж үлдсэнээр нь би Монгол орныг хүн төрөлхтний түүхийн архив гэж нэрлэдэг юм. Магадгүй бидний түүхэн хувь заяа, уламжлалт амьдрал маань тийм хувийг бидэнд оноосон байна. Ер нь бол Монгол монголоороо л байсандаа тийм түүхэн гавьяатай үлдэж л дээ. Энэ бол бидний өмч, бидний үр хүүхдийн өв юм. Монгол хүн эх орныхоо, ажил үйлийнхээ, хувь заяаныхаа эзэн байх ёстой. Бид мэдэх юмаа мэдэхгүй, бахархах юмаа бахархахгүй байгаа нь бидний л урагшгүйнх. Нарийндаа дагаар амьдарсны маань л гай юм. Хүн хэзээ ч бүхнийг мэддэгээр төрдөггүй. Мэдэж таних, ойлгож ухаарах, тэгээд бүтээж бий болгох нь амьдралын зорилго, эрхшээн оршихын утга учир. Хүүхдүүд маань юу ч мэдэхгүй байна гэдэг бид өөрсдөө юу ч мэдэхгүй, бодохгүй, юу ч хийхгүй байгаагийн л гэрч. Бахархах зүйлгүйдээ биш, бахархах зүйлээ мэдэхгүй байгаадаа, мэдүүлэхийг хичээхгүй байгаадаа байна. Түүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Урьд нь биднийг тийм байлгах хүсэл эрмэлзэл ч байж, хүний, өөрийнгүй. Тийм байлгаад байсан түүхэн үе, нөхцөл ч байсан байна, за тэгээд гол нь бид өөрсдөө тийм байгаад байжээ. Одоо ч хий дэмий л онгирч, бахархал,омогшил хэмээн цээжээ дэлдсэн хүн цөөнгүй бий. Энэ юуг хэлж байна гэхээр, Монголын түүхийг Монгол дээр нь, монгол хүнийг монгол дээр нь буулга аа, бусдаас авах юмаа л ав гэсэн үг болж байна. Одоо бол эзэн Монгол үгүйлэгдэж байна. Эзэнгүй байхад бахархал ч эзэнгүйднэ шүү дээ.
-Нүүдэлчин монгол ахуй маань биднээс улам алсраад “хонины зулзага” гэж ярьдаг багачууд өсөж өндийж байна. Нүүдэлчин уламжлалаа хэвээр хадгалахын тулд бид юу хийх ёстой вэ, өвөг дээдсээс өвлөсөн энэ амьдралын хэв маягаас бид өөртөө юуг шингээх ёстой вэ?
-Хүн ч, нийгэм ч хөгждөг. Амьдрал ямагт л нэг хэвэндээ байгаад байдаггүй. Бид ерөнхийдөө 100-аад жил нүүдлийн болон суурин хэвшлээр амьдарч иржээ. Нэг их сүрхий бодлоготойгоор амьдраад байгаа ч юм биш. Тэгж хэлж би л лав чадахгүй. Харьцангуй асар богино хугацаанд олох, бий болгох юмаа олж, бий болгосон хэдий ч олон олныг бас хаяж гээсэн байна. Яагаад тийм болов, юунаас шалтгаалаад тэр бэ гээд ухалдаад эхэлбэл хоёулаа маш олон юм ярихад хүрнэ. Гол нь уламжлал, шинэчлэлийн асуудал энд хөндөгдөж эхэлнэ. Уламжлал гэдэг бол гагцхүү хөдөлгөж хөндөхгүй байх, царцааж үлдээх зүйлийг ч хэлдэг юм биш л дээ. Хадгалах, хямгадах, хөгжүүлэх зүйлийг ч бас хэлдэг. Тийм учир, шинэчлэлийн тухай яриа бол мөн л уламжлалын тухай яриа юм. Бид хотод амьдрах хэрэгтэй гэж үзвэл дэргэдээ малаа байлгаад байх нөхцөлгүй болно. Нүүдлийн амьдрал гэдэг маань малтайгаа хамт, гол нь малаа л маллаж амьдардаг амьдрал. Мэдээж орчин үед малаа л дагаад явахыг нүүдлийн амьдрал гэхгүй л дээ. Гэхдээ энд нэг л асуудал үлддэг, магадгүй тэр нь мөнхийн асуудал хэвээр байх биз. Хэн нь мал дээр, хэн нь хотдоо амьдрах вэ. Малын биш хүний асуудал байгаа биз. Гэвч явж явж энэ бол хөгжлийн асуудал. Энгийн үгээр хэлэхэд, хаана ч байхгүй амттай мах идье гэвэл бэлчээрийн малын мах л идэх хэрэг гарна. Махаа өөрчилж байж, хүслээ өөрчилж байж, сайн сайхан гэдэг юмаа өөрчилж байж тэр асуудлыг шийдэх нь ээ дээ. Цаана нь нөгөө амьдралын хэв загвар, хэвшлийн асуудал нь нэхэгдсэн хэвээр л үлдэнэ. Тэгэхээр нүүдэл, суудлын асуудал бол монголчуудын нэлээн урт удаан хугацаанд шийдэх асуудал болж таарч байна. Хөгжсөн гээд байгаа орнууд энэ асуудлаа шийдсэн гэдэг. Тэд амьдралын чанараа өөр чанараар сольсон. Бид ч бас тэгэх л байх. Өвөг дээдсийнхээ үлдээсэн амьдралаас бид ухаарлыг нь л шингээн үлдээхийг хичээх хэрэгтэй. Бусад юм цагийн эрхээр бүгд өөрчлөгдөнө. Гагцхүү ямар толгой, хаашаа эргэж байж шийдэх вэ гэдэг том асуулт.
-Та бол “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг толь бичгээр галиглан тайлбар зүүлт хийж гаргаж байгаа. Эхний ботийг нь ч гаргачихсан. Энэ түүхэн товчооныг хятад ханз үсгээр уламжлагдан ирсэн гэдэг байсан. Харин Төвдийн номын сангаас худам монгол бичгийн эх арваад хуудас олдсон гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
ЯМАР ТӨР БАЙНА ТИЙМ АРД ТҮМЭН БАЙДАГ ГЭДЭГ ҮГ БАЙХААС ГАДНА БАС ЯМАР АРД ТҮМЭН БАЙНА ТИЙМ ТӨР БАЙДАГ ГЭДЭГ ҮГ Ч БИЙ
-Судалгаа хийж буй ажлаа одоогоор би бүрэн дуусгаагүй байгаа "Нууц товчоон"- ы харьцуулсан эхийн эхний номоо л хэвлүүлсэн. Юутай ч шавь нар маань олон эх хайж эрэхгүй нэг дор хэд хэдэн эх үзэх боломжтой л болсон байх. Тэнд уугуул эхийн гайгүй гэсэн хувилбартай зэрэгцүүлж гурван ч судлаачийн галигийг хавсаргасан нь бий. Ажил маань ерөнхийдөө ирэх жил л нурууцаж, би санаагаа гүйцээнэ гэж найдаж байна. Тэнд л миний өөрийн ярих хэлэх юм гарах учиртай юм. Таны хэлээд байгаа тэр Төвдөөс олдсон эхийн тухайд бол нэг хэсэг жаахан яригдаад л өнгөрсөн байх шүү. Хүмүүс хэр ойшоож, яаж ойлгосныг би мэдэхгүй. Юутай ч, миний л мэдэхийн Ц. Сумьяабаатар доктор тэр олдворыг уншиж, нягталж, нэлээн сүрхий тайлбар бичсэн байсан. Уг нь Өмнөд нутгийн Цогтнаран гэдэг эхний үед ном цуглуулагч байснаа одоо бол судалгаа руу орох сонирхолтой болж байгаа нэг залуу Төвдөөс тийм нэг эх оллоо гэдгээ мэдээлж, манайханд уламжилсан л даа. Намайг “багш аа” энэ тэр л гэж явдаг, ойр харилцаатай хүн байгаа юм. Ер нь "Нууц товчоон"-ы монгол эх, уг шаг олдохгүй гэх газаргүй л дээ. Бидний мэдэх "Нууц товчоон" бол хэн нэгний зохиосон зүйл, аман ярианы цуглуулга төдий юм биш, бичгийн эх сурвалжтай бүтээл болох нь анзаарагдаж мэдэгддэг. Цаашдаа Хятад / Тайвань/ , Төвдөөр барахгүй Иран, Сири, Армени, Гүрж, Азербайжан тийшээ ч сурвалжлах, сонирхох хэрэгт гарах л байх.
-Та 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан хүн. Монгол Улсын Үндсэн хууль ч батлалцаж явсан. Өнөөгийн улстөрчдийн талаар таны үнэлэлт дүгнэлт ямар байдаг вэ. Саяхан Ерөнхийлөгчийн сонгууль боллоо шүү дээ. Шинэ Ерөнхийлөгчийн талаар таны бодол?
-Бидний тогтоон баталсан Үндсэн хууль бол тун муугүй хууль. Муугүй ч боловсруулсан даа. Ард түмнээрээ хэлэлцүүлж байж баталсан хууль шүү. Даанч өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж чадаагүй байж байн байн дур сонирхолоо шингээн, баахан зэрэмдэглэчихлээ. Монголын нийгмийн уруудал доройтол, болохгүй бүтэхгүй зүйлүүд Үндсэн хуулиас огт шалтгаалаад байгаа юм биш. Харин улстөрч гэгддэг төрийг зайдагнагчдаас л болоод байгаа юм. Гол намууд, оройд нь гарсан хэдэн үл бүтэх нөхдөөс л болж их "самуун дэгдээд" байгаа шүү дээ, ер нь. Үндсэн хуулийн гол ололт нь нам мэдэлд орсон төрийг ард түмний мэдэлд өгсөнд л байсан. Ард түмэн эрхээ эдэлж, төрөө ч байгуулдаг, ажил үйл, амьдралаа ч эрх чөлөөтэй эдэлж, эрхлэх хуулийн эрхийг нь хангасан юм. Одоо бол Үндсэн хуулийн тэр дархан эрхээ намуудад алдчихаад байгаа. Ямар төр байна тийм ард түмэн байдаг гэдэг үг байхаас гадна бас ямар ард түмэн байна тийм төр байдаг гэдэг үг ч бий шүү дээ. Даанч төрийг эзэгнэгчид ард түмнээ өөрсдийн "гарын алчуур" болгочихож л дээ. Ард бидний буруу ч бас их бий. Сонгууль гэдэг нь төлөвлөсөн, боловсруулсан зүйл, хатуу хэлдэг хүмүүсийнхээр бол жүжиг байдаг болохоор юу ч хэлэх сэн билээ. Сонгууль болгоны дараа л олон олон юм ярьдаг ч, өөрчлөгдсөн юм, өөрчилж чадсан юм үндсэндээ алга л байдаг даа. Саяны Ерөнхийлөгчийн сонгууль ч гэсэн нэг л ээлжит сонгууль л боллоо. Гэхдээ ард түмэн бий болгосон сонголттой өөр өөрсдийнхөөрөө, ухаарч болгоосноороо л харьцаж, хандсан болохоор үр дүнг нь бид хүлээн зөвшөөрч, цаашдынхаа л ажил амьдралыг л бодохоос өөр үггүй. Би энэ олон намуудыг, ард түмнээ багагүй шүүмжилдэг ч, нэгэнт бий болсон үр дүнд аль болохоор бодитой хандаж, урагш цааш ахих тухайд л бодол нэмэрлэж суудаг юм.
-Манай улс Ардчилсан тогтолцоонд шилжсэнээр ололттой болон шүүмжлэлтэй талыг нь дурдвал?
-Ардчилал Монголын ард түмэнд оюун санааны эрх чөлөө олгосон. Юм хийж бүтээх, өөртөө эзэн байх бүхий л боломж бололцоо, нөхцөлийг хангасан. Ардчилал, зах зээлийн нийгэм бол хувь хүмүүсийн чадвар, оролцоон дээр тулгуурладаг нийгэм. Харин манайд урьдын л адил төрөөсөө бүхнийг нэхэж, бэлэнчлэх сэтгэлгээ, хандлага хэвээрээ байна. Улс төрийн шинэчлэлтэй зэрэгцээд эдийн засгийн шинэчлэл хийж, өмчийг хувьчилсан нь шударга бус хуваарилалт, тэнцвэргүй байдлыг үүдэн, баян, ядуугийн ялгааг бий болгочихлоо. Төрийн баячууд гэгч бий болж, цагаан гартангууд, мэдээлэлд ойр хүмүүс эрхийг ч, өмчийг ч дангаар эзэгнэх нь хэвшил болоод бага бус хугацаа өнгөрч байна. Нийгмийн гажуудлын мөн утгыг дутуу ойлгосон, зарим нэг залхуучууд, өөрөө хөдөлмөрлөхөөс зайлсхийгчид ардчилсан өөрчлөлтүүдийг гуйвуулах, дургүйцэх тал бий. Ардчилсан нийгэмд хүний эрх,эрх чөлөө гол боловч шударга ёс, бүтээлч хөдөлмөр түүнээс ч илүү чухал байдаг. Үүнийг л бодитойгоор бий болгох нь л нэхэгдээд байна даа.
-Цар тахал гэдэг зүйл дэлхий нийтийг айлгаж амьдралын хэмнэлийг өөрчилж байна шүү дээ. Энэ аймшигт өвчнөөс бид яавал ангижрах бол. Төр засгийн хийж хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгөхгүй тахлыг хяналтаасаа алдчихлаа шүү дээ?
-Цар тахал хүн төрөлхтний бүх нийтийн гамшиг болоод байна Нэрвэгдээгүй үлдсэн оронгүй болсон. Энэ гамшиг орон орны хүмүүс, төрийн нүүр царай, сэтгэл бодол, хандлага, чадварыг харуулж өглөө л дөө. Гамшиг л ер нь хүмүүсийг "нүцгэлж" хэн бэ гэдгийг нь харуулдаг. Миний бодлоор, монголчууд ч өөрсдийгөө нэлээн томоор олж харсан. Зовлон гамшигаар яаж "тоглож" , бизнес хийж, улстөржүүлж, бэлэнчлэх, ашиг хонжоо харах санаагаа хөгжүүлж байгаа нь ил тод харагдаж байгаа биз. Төр, ард түмний нэгдэл байхгүй, зохион байгуулах чадваргүй, замбараагүй байдал, хүмүүсийн хувиа хичээгч зан, бүхнийг өөртөө биш бусдад тохсон, нэхсэн, бэртэгчин авир тов тод боллоо. Цар тахал байгаа байдлын нэвтэрхий толь болж чадсан. Зовлон үзээгүй монголчуудад юм үзүүлсэн. Одоо түүнтэй эвлэрч амьдрах, хувийн чадвараа харуулах л үлдээд байна. Гаднаас бидэнд гараа сунгаад байхад бид өөрсдөө ямар байна даа. Цар тахлын сургамж, сургасан юм гэж их байна. Түүнийг ямар үнэ цэн, өртөгөөр бий болгож байгаагаа л ойлгох хэрэгтэй юм даа.
ШАВЬ НАРАА БИ "ЭХ ОРОНГҮЙ ЭХ ОРОНЧИД" ГЭЖ ЦААШЛУУЛДАГ ЮМ
-Нийгмийг соён гэгээрүүлж яваа эрдэмтэн мэргэд, зохиолч яруу найрагчид, шинжлэх ухааны доктор профессоруудаа төр засаг хэр дэмжиж ажиллаж байна гэж боддог вэ. Жишээ нь та бол “Монгол уламлжлал” академийн тэргүүн хүн. Энэ академийн үйл ажиллагаа ямар бодлого, хүч, зардал мөнгөөр урагшилж байна вэ, тулгамдаж буй асуудал юу байна вэ?
-Монгол хүний иргэнлэг шинж дутагдсаар, нэхэгдсээр л байгаа шүү дээ. Ялангуяа эрдэмтдийн дуу хоолой, нийгмийн амьдрал дахь үлгэрлэгч оролцоо үгүйлэгдсээр л байна. Зарим нь төсөв нэхсэн, өөрөөр хэлбэл "өг, тэгвэл хийнэ" гэдэг үгээ хэлсээр л суугаа. Судалгаа, амьдрал хоёр хол л байсаар байгаа. Төр нь ч зохион байгуулах, шинжлэх ухааны үгийг сонсох нь хангалтгүй байна. Гэхдээ хүний бодол сэдэл, оюун ухаан чөлөөтэй болсны ач тус, үр дүн ч бас бий. Жишээ нь, бид түүх, соёл, өөрсдийгөө тэс өөрөөр хардаг болсон шүү дээ. Манай академийн хувьд байдал хэвийн л үргэлжилж байгаа гэж болно. Ер нь жижигхэн байгууллага шүү дээ. Бид орон тоо хөөцөлддөггүй. Цахимаар ажиллах чинь цар тахлаас аль өмнө бидний хэрэгжүүлж чаддаг байсан арга хэлбэр. Эрдэм шинжилгээний ажил, хурал, хэлэлцүүлгээ бид дэлхийн хэмжээнд голцуу цахимаар л хийдэг байсан. Цар тахлаас хойш судалгааг удирдах ажил, зарим сургалт ч цахимаар л явагдаж байна. Бидний ажил гол нь судалгаа, сургалт, үр дүнгээ хэвлэж нийтлэх, нийгэмд хүргэх л ажил байдаг юм. Цар тахлын үед орлого гэж юу ч байхгүй л байна. Төрөөс аз болж цахилгаан, дулааныг чөлөөлж ачиллаа. Ерөнхийдөө бол хүндхэн л байгаа шүү.
-Монгол туургатан гэдэг нэг дээвэр дор бидний хэдэн монголчууд оюун санаагаараа нэгдэх боломжтой. Тэр тал дээр таныг их үйлс хийж яваа гэж хардаг. Ялангуяа өвөрмонголчуудтай маш ойр ажилладгийн хувьд тэдний үзэл санаа, зовлон жаргалын тухай сэтгэлийнхээ эмзэглэл хөндүүрэл, баяр бахдалыг дэлгээч?
-Биднийг Чингисийн хойчист хүрч ажилладаг гэж хэлж болно. Энэ хүрээг хамарсан “Тэнгэр” судлалын ажил, хуралд байнга оролцож байна. Хичээл, сургалт уулзалтуудыг тогтмол хийж байна. Тэднээс эрдмийн ажил хийхэд нь оролцож, удирдаж залж байна. “Монгол уламжлал” академиас Өвөрмонголын залуучуудад зориулсан зуны сургалтыг 10 зун зохион байгуулсан. Одоо миний шавь нар өмнөд нутагт 200 гаруй болоод байгаа. Манай өмнөд нутгийн ахан дүүс, Дээд монголчууд түүх, соёлоо хайрлаж хамгаалах, зан заншил, уламжлалаа хадгалах нь биднээс хавьгүй илүү шүү дээ. Тэднийг би тоглоом шоглоом болгон "эх оронгүй эх орончид" гэж цаашлуулдаг юм. Үнэхээр ч өөртөө засан тогтнох эрхийг нь Хятадын төр бүрэн дүүрэн эдлүүлэхгүй л байгаа л даа. Үндсэн хуульд заасан эрхээ ч эдэлж чаддаггүй юм билээ. Гэхдээ, би шавь нараа улс төржүүлдэггүй л дээ. Тэдэнд ч тийм хандлага байхгүй. Манайхны хиймэл улстөрчдөөс элдвийг сурчих вий л гэж болгоомжлуулдаг . Тэд ер нь баярламаар. Монголдоо хайртай хүмүүс шүү. Бид тэд нар шиг "Монгол мөхөх" аюулыг мэдэрдэггүй. Хятадын төрийн зүгээс үндэстний биеэ даах байдал, түүх соёл, зан заншлыг нь дэмжих хөгжүүлэх далбаан дор ягуу ягуухан шахаж, хятадчилах ажлаа хийсээр л байгааг тэд сайн ойлгож ухаардаг юм билээ. Гэвч Хятад том, хууль нь чанга, гар хуруу нь хатуу болохоор яалтай билээ. Уусах аюул гэдэг "том мангас" ямагт л зовоосоор л байгаа. Уусгах бодлого, чадвар нь ч лут даа. Зарим нь уусаж ч байгаа даг. Багаас нь монгол бичиг заахгүй болгоно гэдэг бол том бодлого шүү. Бичгээр дамжиж хэлний мэдлэг сайжрах, бэхжих, түүх соёлоо таних мэдэх боломж үгүй болно. Түүний ард монгол хүн монгол биш болно л гэсэн үг л дээ. Би өмнөд нутгийнхныхаа зовлон жаргалыг ямагт л хуваалцаж явдаг аа. Соён гэгээрүүлэх ажлаа ч төрөл бүрийн шугамаар л хийсээр байгаа. Тэнд намайг "багш аа" гэж гэж үздэг хүн цөөн биш шүү.
-Бид монгол бичгээ төрийн бичиг болгохын тулд хэрхэн зөв зүйтэй алхам хийх хэрэгтэй вэ?
-Манайд монгол бичгээрээ төрийн хэрэг хөтлөх болтол бас ч зай бий байх аа. Одоо яриад байгаа хугацааг бол би л лав үнэмшдэггүй. Худам монгол бичиг бол орчин цагийн монгол хэлнээс хол хоцорсон бичиг. Зөв бичиж тэмдэглэхэд хүртэл бэрхшээл бий. Олон олон үгийг шинэ дүрэм, бичиж бололцоо нээхгүй бол чадахгүй. Өвөрмонголчуудтай бид одоо ч олон дүрэм, тэмдэглэл дээр маргадаг шүү дээ. Монгол хэлний хөгжлийн төвшин тэднээс хавьгүй илүү гарсан нь үнэн. Тэр ололтыг крилл үсэг хэрэглэх болсноор, бичиг хэл хоёроо ойртуулснаар л бий болгосон шүү дээ. Монгол бичиг түүхэн соёл бол яриангүй мөн. Хайрлах хамгаалах, өвлөх ч ёстой. Гэвч хийх ажил их бий. Түүнийг хийх, эзэмших чадварыг сайжруулсаар, сайжруулсаар нэг өдөр шийдвэртэй үг хэлэх ёстой л гэж боддог. Ер нь бол 90-ээд оны өмнөхтэй харьцуулбал одоо маш олон хүн худам монголоо мэддэг, ялангуяа уншдаг болсон шүү дээ. Хэрэглэх арга ухаанаа л улам сайжруулаад байх хэрэгтэй. Худам монголоор байгаа ном соёлтой танилцах боломж улам л нэмэгдсээр байгаа нь баярлалтай. Өв соёлоо бид орхиогүй гэж хэлж болно.
НОБЕЛИЙН ШАГНАЛ АВАХЫН ТУЛД ӨӨРТӨӨ БИШ ӨРГӨН ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ ХЭРЭГТЭЙ
-Таныг ном бүтээлээ дэлгүүрт тавьж үзээгүй гэж сонссон?
-Би бичсэн номоо дэлгүүрт тавьж борлуулж үнэхээр чаддаггүй юм аа. Миний л муугийнх байх. Тэгээд ч би өөрийгөө рекламдах дургүй. Намайг зохиолч гэж үздэг хүн, миний номыг уншсан хүн хоёрын тоо хол зөрүүтэй. Нэг удаа би дэлгүүрт тавьсан номоо, би биш хэвлэлийн газар нь тавьсан байсан юм, хэр зарагдаж байна гэсэн худалдагч нь "тийм ном нээрээ хэзээ билээ харагдаж л байсан шүү" гэж байна. Нэгийг авъя гэсэн эрээд олохгүй байна. Зарагдаад дууссан юм болов уу гэсэн чинь тийм биш байна. Тийм байхад зохиолч, худалдагч хоёр яаж нэг дор амьдрах вэ дээ. Өөрийгөө биш юм гэхэд номоо зовоогоод яахав дээ гэж бодсон. Гэхдээ надад өөрийн уншигч бий л дээ. Миний номыг уншдаг өдөр ирэхийг ч би мэдэж байгаа. Томас Элиот номоо ердөө л гучхан хувь хэвлээд найз нөхөд, өөрийн гэсэн уншигчдадаа тараачихдаг юм санж. Дараа нь хэвлэлийнхэн өөрсдөө түүн дээр ирээд номыг нь хэвлэхийг гуйдаг юм гэнэ л дээ. Тийм арга нь Томас Элиотод Нобелийн шагнал авахад нь саад болоогүй л дээ. Ингэж ярихаар хүмүүс намайг бараг л түүнтэй өөрийгөө зүйрлэлээ шахуу юм яриад явчих шиг болсон. Элиот бол Элиот, Дашням бол Дашням шүү дээ. Өөр өөр хувь тавилантай улс.
-Манай орноос Нобелийн шагналтан төрөх боломж бий юу. Та нэр дэвшүүл гэвэл хэн хэнийг нэр цохох вэ?
-Бий бий! Тэр шагналыг авахын тулд эхлээд өөрийн эх оронд өөрийнхөө уншигчдад үнэлэгдэх, улмаар дэлхий дахинд хүрэх хэрэгтэй. Өөртөө биш өргөн дэлхийд үнэлэгдэх ёс ч бий. Юутай ч, манайхны нөгөө юм л бол яриад байдаг дэлхийн хүн болох учиртай л даа. Түүний дараа ярина. Манай залуус тэр зүг рүү л яваад байгаа юм биш үү. Бид өөрсдийн мундаг гэж үздэг хүмүүсээ дэлхийд хүргэж чадаагүй л байгаа л даа. Эзэн нь үгүй болохоор хэн санаа тавив гэж дээ. Нэгт, энэ. Хоёрт, монгол хэлнээс гадаад хэл рүү уран зохиол орчуулах хүн манайд байна уу, үгүй юу. Шагнал ярихаас өмнө хийх ажил бий байх аа. Хүн дотроо юу бодож явааг мэдэхгүй болохоор би хэлэх үг, нэрлэх зохиолч ав завд олохгүй л байна. Манай найз Д.Урианхай нэг удаа дэвшээд үзсэн, Л.Түдэв гуайг урьд нь дэвшүүлж байсан гэдэг. Ч.Галсан “би авах хэмжээний хүн” гэдгээ хэлсэн. Б.Лхагвасүрэнг ч дэвшиж байсан л гээд байдаг юм билээ. Би л лав дуулаагүй, мэдээгүй л юм билээ Санаа, оролдлого бол байгаад л байгаа байх шүү.
-Та Алишер Навойн “Уянгын шүлгүүд” тэргүүтэй олон ном орчуулсан. Нийт хэчнээн орчуулгын бүтээлтэй вэ, гадаадын сэтгэгчид, гүн ухаантан, яруу найрагчдаас хэний бүтээлийг шимтэн унших дуртай вэ?
-Би орчуулгаасаа дээжлээд нэг боть гаргасан. Одоо бас нэгийг хэвлүүлж магадгүй. Тэнд л Навойгаа оруулна даа. Одоо бол би нэг их уншихаа больсон. Нобель аваад шуугиад байх үед нь зарим зохиолчийн бүтээлийг сонирхож л байдаг юм. Жишээ нь би Мо Яныг Нобель авсан хойно нь л уншсан. Япончуудын унших дуртай Мишимагийн "Алтан сүм"- ийг дахиад ч харж л суудаг юм. Гайхамшгийг устгаж байж гайхалтай болно гэдэг сонин санаа шүү. Гүн ухааны талын ном, тэр талын судалгааны зарим бүтээлийг бол уншаад л байна. Хэнийг нь гэж онцлох билээ. Чингис Хааны шүлэглэсэн бүхэн нь үнэхээр л өөрийнх нь мөн юм бол, тийм нуталгаа /нотолгоо/ байж болмоор л доо, тэгвэл түүнийг яруу найрагчийн сэнтийд нь залах цаг болсон юм биш үү гээд бичээд тавьчихсан шүү би. Хүний, миний гэхийн сацуу түүхэн хүмүүсээ ч нээх ажил бидэнд байгаа л байх шүү.
-Дэлхийн улс орнуудаар явж байхад аль улс хөгжлөөрөө хамгийн их гайхшруулж байсан бэ. Ямар улс чинхүү хүний төлөө гэсэн хуультай, эх орондоо нутагшуулмаар зүйлстэй байсан бэ?
-Орон орны хөгжил өөр, харин хэмжүүр нь л ижил болчихоод байгаа юм. Уг нь бол хөгжлийг хэмжихэд, адилтгаж зүйрлэхэд хэцүү л дээ. Нүүдлийн аж ахуй эрхэлсэн, хэрэглээ, хэрэгцээ багатай, үйлдвэрлэл нь хөгжөөгүй орныг эдүгээ хэн ч хөгжөөгүй орон л гэнэ. Гэтэл тэнд хүн чанар үлгэрлэлтэй сайхан бол бас л нэг хөгжсөн орон шүү дээ, уг нь. Хөгжил гэдэг хүний л төлөө байдаг. Хүн нь байж байж хөгжил нь байна. Зарим газар хүн нь чоно болчихсон байхад л хөгжил нь талийгаад өгчээ л гээд байдаг. Би бол хууль хэрэгжсэн орон, шударга ёс, хүнлэг харилцаа хөгжсөн орныг л хөгжсөн орон, дуурайлтай орон гэж боддог. Скандинавын орнууд, Япон тэр талаараа үлгэр авмаар. Тайвань ч гэсэн Хятадаасаа хол илүү шүү. Ер нь тэгээд социализм нь хүн үйлдвэрлэхдээ дээр, капитализм нь бараа таваар үйлдвэрлэхдээ дээр юм биш үү.
ЗОХИОЛЧДЫН ХОРООНЫ БАРИЛГА ДЭЭР ХАМГИЙН ИХ СУББОТНИК ХИЙСЭН НЬ МАНАЙ “ДӨМӨН”-ГИЙНХӨН
-Утга зохиолын алтан үе болох “Дөмөн”-гийн нөхөдтэй дөрөө харшуулж явсан он жилүүдээ дурсаач, ялангуяа Орост өнгөрүүлсэн оюутны он жилүүд хамгийн дурсамжтай байх?
-Би Орост эдийн засгийн мэргэжлээр сурч төгссөн. Ямар ч зохиолчийн сургууль дүүргээгүй. Тийм учраас өөрийгөө “хөрвийн аргаар бойжсон зохиолч” гэж нэрлэдэг. "Дөмөн"-гийн үеийнхнийг харамсалтай нь ямар ч үед оруулдаггүй юм биш үү. Ахмад үеийнхнээ алтан үе гэдэг, 90-ээд оныхноо мөнгөн үе гэдэг шиг билээ. Бид магадгүй модон үеийнхэн нь байх. Гэхдээ л ургасан үеийнхэн. Монголын утга зохиол ид цэцэглэж байсан үеийнхэн шүү. Цэцэглэхэд нь бид гар бие, оюун ухаан оролцсон. Яагаад гар бие гэж байна гээч. Зохиолчдын хорооны барилга дээр хамгийн их субботник хийсэн нь манай “Дөмөн”-гийнхөн. Д.Батбаяр даргатай, дараа нь Л.Дашням даргатай байсан энэ Нэгдлээс уран зохиолын томчуул олон төрсөн дөө. Тэдний дотор манай "таван хурууныхны ихэнх нь бий. Надаас бусад нь. Дурсамж бол их бий. Бид дор дороо л бичээд л байгаа. Би хүртэл “Дөмөн”-гийнхөн бие дааж Дархан хотод уран үгсийн чуулга хийгээд Утга зохиолын Санд таван төгрөг оруулж байснаа бичиж л орхисон.
-Таны “Байх, байхгүйн дунд” нэртэй номд Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Ц.Уламбаяр, Ч.Чимэд, Ц.Гайтав, Б.Явуухулан гээд 60 гаруй зохиолч, яруу найрагчдын дурсамжууд байдаг. Тэр дотроос Мишигийн Цэрэндорж гэдэг их хүний тухай та дэндүү сайн мэддэг юм билээ. С.Удвал гуайн тухай ч бий дээ...?
-Би Ринчен гуайгаас эхлээд Өлзийтөгсийг хүртэл 63 зохиолчийн тухай дурдатгал бичсэн. Заримыг нь мартагнаад үлдээчихсэн байна лээ. Одоо уран зохиолоос өөр хүрээнийхний тухай бичиж байгаа, түүндээ л оруулах бодолтой байна. Бичихгүй орхиход тэд гомдохгүй байж болох ч надад өөрт харамсалтай хэд хэдэн хүн бий. Номондоо бичсэнээс илүүг би ярьж чадахгүй ээ. М.Цэдэндорж гуайг би анх хараад, хөдөө гэрт маань амрахаар ахтай хамт ирсэн байсан, ямар сонин хүн бэ л гэж бодсон. Шөнө орой болсон хойно гэнэт өндийн лаа асаагаад юм бичиж эхлэхэд нь бүүр ч гайхаж л байж билээ. Тэр хүн зохиолоо бодоод нойр нь хүрэхгүй, би тэр хүний тухай бодоод нойр хулжчихсан л байж л дээ. Гэхмэтчилэн олон олон зохиолчийн олон олон сонин учралын тухай би бичсэн дээ тэнд. "Байх байхгүйн дунд" номыг өөрийн нүдээр уншсан нь дээр байх. Ядаж л намайг номоо зарвал ч зарчихдаг хүн байна гэдгийг мэдэж ав л даа.
-Таны ах Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Хуушаан гэж хүн байсан. Ахынхаа гэгээн сайхан дурсамжаас хуваалцана уу, тэр хүний үзэл санаа, зорилго тэмүүлэл, хийсэн бүтээсэн зүйлсийг эргэн дурсвал?
-Ах минь өөд болоод 5-6 жил болчихлоо. Би амьд сэрүүнд нь 85 насных нь ойг эрдэм шинжилгээний хурал хийж сайхан тэмдэглэсэн. Шилдэг бүтээлийнх нь түүврийг өөрөө бэлтгэн, нууцаар хэвлүүлж, гэнэтийн бэлэг барьж л байлаа. 90 насных нь ойг мөн эрдэм шинжилгээний хурал хийж тэмдэглэсэн. Судлаачид ахын маань амьдад нь ч, үхсэн хойно нь ч лут сүрхий уран бүтээлч гэдгийг нь дурьдаж, тэмдэглэдэг л юм билээ. Удах тусмаа л хүнийг илүү сайн нээдэг юм шив дээ. Манай ах зохиолч, яруу найрагч, орчуулагч, дипломат хүн байсан. Тухайн үедээ ардчилагчид итгэж өгөхгүй муу, сайн хэлээд л байснаас ардчилалын анхдагчдын нэг шүү. Шударга шулуун, хэлье гэснээ хэлчихдэг, их нөхөрсөг, олонтой хүн байсан. Аав маань эрт нас барсан болохоор хэдэн муу дүүгээ хүний зэрэгт хүргэсэн л хүн юм. Би ахыгаа анхны үед их үгүйлдэг байсан. Одоо байхгүйд нь жаахан дасаж хэвшээд ч байгаа юм уу даа. Ахгүй байх ер нь амаргүй л дээ.
-Та тэртээ он жилүүдэд анхны номоо “Нялх ногоо” нэртэйгээр гаргаж байсан. Тэр нялх ногоо өдгөө өндрөөс өндөр үр жимсээ өгсөн мод болон ургажээ. Хэчнээн шавьтай болсон бэ, шавь нарынхаа тухай бахархан дурсах байх, шавь нартаа юу гэж захидаг вэ?
-Би 1983 оноос хойш Монголынхоо, за нийслэлийнхээ юм байна даа, их дээд сургуулиудад янз бүрийн хэлбэрээр тасралтгүй багшилсан хүн шүү. Анхны хувийн дээд сургуулийг байгуулж л байлаа. Хувийн дээд сургууль байгуулах тухай Үндсэн хуульд заалт оруулахад оюун санаа оролцсон хүний нэг нь би юм. Одоо намайг "багш аа" гэж үздэг хүмүүс 6000 гарчихаж дээ. Заримд нь эрдэм мэдлэг зааж сургаж л байсан, заримынх нь диплом дээр гарын үсгээ тавьж л байсан, эчнээ шавилсан, эрдмийн ажлыг нь удирдсан гадаад, дотоодын хүмүүс нэлээд бий. Би ер нь багш нэрэндээ л дуртай. Тэр олон цол гуншин яахав, “Дашням багш аа” л гэвэл болоо доо. Шавь нартаа би бүтээлч байхыг л захидаг. Шинэ байхыг зөвлөдөг. Хүн байхыг номлодог. Үглэдэг үг маань “эх орныхоо эзэн, өөртөө эзэн, ажил үйлдээ эзэн байх” юм шүү. Харин уран зохиолын хувьд бол Бүргэд л багшаа гэдэг байх, өөр нэг их шавь байхгүй ээ. Тэгээд ч би багшлахаар том амьтан биш шүү дээ. Нэг удаа яруу найрагч Доржготов "би ер нь таны л шавь болъё. Хоёулаа нэг дээд сургууль төгссөн улс байна даа" гээд ирэхэд нь би “багш, шавь болно гэдэг айхтар лут ажил. Би чамд багш байхаар хэмжээний хүн биш байх аа” гээд явуулж байсан удаатай юм.
-Таныг бичгийн их хүмүүн Б.Ринчен гуайн хэд хэдэн орчуулгын номыг нь редакторлосон гэж сонссон. Тэр хүн ямархуу ааш зантай хүн байв, таныг их л тоож байна гэхээр яггүй шүүлтүүрээр орсон байх?
-Их номч Ринчен гуайн хэд хэдэн номыг нь би редакторлосон. Нэг бодлын азтай хүн шүү. Олон удаа уулзаж, яриа хөөрөөг нь сонсож л явлаа. Ринчен гуай тэгдэг байсан гээд миний яриад байгаа чинь дандаа өөрийн чихээр сонссон үгс. Би "Байх байхгүйн дунд" номдоо бараг л цөмийг нь бичсэн дээ. Ринчен гуай их ёгч, хэрдээ чанга үгтэй хүн. Монголынхоо түүх, соёлд үнэн хайртай даа. Хүнд ялагдах маш дургүй. Тэр дор нь хариулж чадахгүй юм асуух буюу өөрт нь энэ ч нээрээ гэж бодогдсон зүйлээ тэр тухайд нь огт үргэлжлүүлэн ярихгүй, өөр юм яриад явчихна. Гэвч дараа уулзахдаа за бараг л мэнд ус ч үгүй нөгөөхөө л яриад явчихна даа. Зөндөө их юм үзчихсэн, бараг л бүгдийг мухарлачихсан ирнэ. Тийм лут хүн байсан. "Манай монголчууд бол өмнө нь унасан шонг босгоод орхичихож болохгүй улс. Тэгвэл заавал дахиад л унагана Харин унасан зүгийнх нь эсрэг унагавал харин босгоод тавьчихаж магадгүй" гэдэг сэн. Бид хоёр гайгүй ойр байсан шүү.
-Та цаашид хийе бүтээе гэсэн ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Өө, зөндөө л байна даа. Одоо бол би өөртэйгээ тооцоо хийх насны хүн болчихож дээ. Хог новшоо жаахан цэвэрлэж, цэгцэлж байна. Чадвал дутуу орхисноо гүйцээх бодол бий. Дутуу дулим юм үй түм. Задгайдуу, замбараагүй, за тэгээд муугаа мэдэхгүй хүртээлтэй хүн шүү дээ би. Цар тахалд автах хоорондоо хоёр ч ном бэлэн болголоо. Энэ ондоо лав л нэгийг нь хэвлүүлнэ. 90 оноос хойшх бүхий л ярилцлагаа цуглуулж, дийлэнхийг нь эмхэтгэн нэг ном болголоо. "Илчлэгдсэн минь" гэж нэрлэснийг хараад уншигч нэг юм бодох байх аа. Ярилцлага гэдэг намайг төдийгүй надтай ярилцсан нөхрийг ч "илчилдэг" л эд шиг байна шүү. За, тэгээд заримыг нь нэрлэж, ийм тийм гэхээ больё. Ярилцлагууд дотор маань хийчихсэн шахуу юм ярьсан ч гүйцээгээгүй юм мэр сэр цохиж л явна лээ. Хүний худлаа ярих хэзээ ч засрахгүй байх аа. Бид чинь хагас үнэний дунд л амьдардаг юм шүү дээ, ер нь.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Yamar ard tumen baina tiim tur orshmui.....ene unen shuu.Niitleliig tani unshsandaa bayartai baina.
Uuriigoo philosophich gene uu. Philosophy iu ch medehgui bj. Ior n huuchinsag shal demii nuhur. Iim humuus l ih medlegtei ium shig humuusiin tolgoig erguulj hudlaa dongosdog bolohoor Mongol hugjuugui.
Mundag setgegch Khun shuu
Mundag Khun shuu
ҮНЭН ҮНЭН