Хүнд хэлбэрийн КОВИД-19 ой тогтоолтод нөлөөлж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 23

Италийн эмч нар коронавирусний халдварыг хүнд хэлбэрээр туссан өвчтөнүүдийн 16 хувьд ой тогтоолт болон мэдээлэл боловсруулах үйл ажиллагаанд урт хугацаанд асуудал үүсдэг болохыг илрүүлжээ. Гэхдээ зарим өвчтөнүүдэд энэ шинж тэмдэг аажмаар алга болдог гэж Италийн Сан Раффаэлийн Вита Салют их сургуулийн профессор Массимо Филиппи Европын мэдрэл судлалын академийн VII их хурал дээр онцолжээ.

Ажиглалтаас үзвэл КОВИД-19 халдвар авч, эдгэрсэн хүмүүс үйл хөдлөлийн болон танин мэдэхүйн тал дээр ихээхэн асуудалтай тулгарч байна. Эдгэрснээс хойш хэдэн сарын дараа ийм асуудал ажиглагдсаар байжээ. Ялангуяа, хүмүүст анхаарлаа төвлөрүүлэх, үйл хөдлөлөө төлөвлөх, шинэ мэдээлэл тогтооход сөргөөр нөлөөлөх өөрчлөлтүүд тархинд гарсан нь эм нарн сэтгэлийг ихээхэн түгшээж байна гэж Массимо Филиппи анхааруулжээ. Зарим тохиолдолд өвчтөнүүдэд тодорхой хугацаанд ой тогтоолт муудах, ухамсар доройтох зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тиймээс эмч нар эдгээр шинж тэмдэг хүндээр өвчилсөн хүмүүст хэр удаан хадгалагдаж, улмаар илүү хүндэрдэг эсэхийг судалж байна.

Филиппи тэргүүтэй эрдэмтэд ийм төрийн анхны өргөн хүрээний судалгаа явуулжээ. Тэд олон сарын турш хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн эрүүл мэндийн байдал, тархины үйл ажиллагаанд гарсан өөрчлөлтүүдийг ажиглажээ. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 16 хувьд эдгэрснээс нь хойш хоёр сарын дараа ой тогтоолт, анхаарал төвлөрөх, мэдээлэл боловсруулах чадварт нөлөөлсөн нь илэрчээ. Зургаан хувийнх нь хараа муудаж, танин мэдэхүйн чадвар нь муудсан бол 25 хувьд эдгээр шинж тэмдэг хавсарч илэрсэн байна.

Ингэхдээ эдгээр зовуурь өвчтөнүүдийн 17 хувьд эдгэрснээс хойш арван сарын дараа аажмаар алга болжээ. Эрдэмтэд эдгээр чадварыг хэрхэн сэргээх тал дээр мөн ажиллаж байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top