Ковидоор нас барсан иргэдийн 61.8% нь вакцинд огт хамрагдаагүй байжээ

2021 оны 06 сарын 23

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өнөөдөр /2021.06.23/ ковидын эсрэг вакцинжуулалттай холбоотой зарим мэдээллийг өглөө.


МОНГОЛ УЛСЫН НИЙТ ХҮН АМЫН 52% НЬ ХОЁРДУГААР ТУНДАА ХАМРАГДСАН

Монгол Улсын хувьд 3.253.283 хүн амтай гэсэн ерөнхий тоо байдаг. Гэтэл иргэдийн зүгээс вакцинжуулалт 90 гаруй хувьтай явж байхад яагаад халдвар буурахгүй байна вэ? гэдэг асуултыг их ирүүлж байна.

Зорилтод бүлэг буюу 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг вакцинжуулахаар эхний ээлжинд төлөвлөсөн байсан. Сүүлд 16-17 насны хүүхдүүдийг нэмээд зорилтод бүлгээ 2.151.545 гэж тооцож байгаа. Эндээс авч үзвэл нэгдүгээр тунд 1.918.397 /89.2%/ хүн, 1.703.223 хүн буюу 79.2 хувь нь ковидын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагдсан байна.

Гэхдээ Монгол Улсын нийт хүн ам буюу 3.3 сая хүндээ харьцуулахад нэгдүгээр тунд хамрагдсан хүний тоо 59%, хоёрдугаар тунд хамрагдсан хүний тоо дөнгөж 52%-ийг эзэлж байгаа юм.

Тийм учраас сүргийн дархлааны талаар ярих цаг болоогүй гэдгийг ЭМЯ-аас онцоллоо.

Нийслэлд Улаанбаатар хотод амьдардаг нийт 1.499.140 хүний 59% нь бүрэн тунд хамрагдсан байна. Харин вакцинжуулахаар зорьсон нийслэлийн 986.946 хүнээс 87 хувь нь бүр тунгаа авчээ.

Нийт хүн амын 75-80 хувь нь вакцинд хамрагдсаны дараа сүргийн дархлаа тогтож, өвчлөл буурах боломжтой гэдгийг дэлхийн дахинд эрдэмтэн судлаачид тогтоогоод, зөвлөж байна. Монгол Улсын эрдэмтэд ч энэ асуудлыг ярьж байгаа. Тиймээс хүн амынхаа вакцинд хамрагдах бүлгийг нэмэгдүүлэх тал дээр арга хэмжээ авах нь зөв юм байна гэдэг саналыг эрдэмтэд маань гаргасан.

Үүний эхний ээлжинд вакцинд хамруулахаар төлөвлөсөн жирэмсэн эхчүүдийн вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 15.110 жирэмсэн эхээс 1031 /6.8%/ нь дархлаажуулалтдаа хамрагдаад байна. Жирэмсэн эхчүүдээ Пфайзер компанийн вакцинаар дархлаажуулж байгаа.

Мөн эцэг, эхийн зөвшөөрлөөр 16-17 насны 84.288 хүүхдийн вакцинжуулах ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нэгдүгээр тундаа 10.294 /12%/ хүүхэд хамрагдаад байна.

Үүнээс гадна вакцинжуулах зорилтод бүлгийн 2.151.545 хүнээс я(мар нэг шалтгаанаар дархлаажуулалтад хамрагдаагүй үлдсэн хэсэг байгаа.

КОВИДЫН ШАЛТГААНААР НАС БАРСАН ИРГЭДИЙН 61.8% НЬ ВАКЦИНД ОГТ ХАМРАГДААГҮЙ

Халдварт өвчнийг бууруулах хоёр л арга зам байгаа. Нэг нь хатуу хөл хорио буюу хөдөлгөөнийг хязгаарлах байдаг. Гэхдээ үүнийг урт хугацаанд хийж болдоггүй учраас урт хугацаанд, хэвий амьдралдаа орох гол хүчин зүйл нь вакцинжуулалт байдаг.

Вакцинжуулалт нь нэгдүгээрт таныг халдвар авахаас хамгаална. Нөгөө талдаа хэрвээ халдвар авбал хүндрэл үүсэх, амь нас эрсдэхээс хамгаалах боломжтой гэдэг дээр бид гол анхаарлаа хандуулах ёстой.

Ковидын улмаас нийт нас барсан 459 тохиолдол дээр авч үзэхэд

Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн 175 хүн (38.1%) байна. Энэ нь дархлаа тогтоох хугацаа болоогүй байсан гэсэн үг.

Вакцин огт хийлгээгүй 284 хүн (61.8%) байна.

Харин хоёр тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон 31 хүн (6.7%) байна.

Үүнээс үзвэл вакцины хамгаалах нөлөө өндөр байгаа юм байна гэж манай эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тодотгож байна.

Хоёр тун аваад 14-өөс дээш хоног болоод нас барсан өвчитний эзлэх хувь 6.7 хувь байгаа нь вакцин нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдлыг илэрхийлж байна.

Олон улсын эрдэмтдийн судалгаагаар ковидын эсрэг вакцин нь 75-95 хувийн хамгаалах нөлөө үзүүлж байгаа. Монгол Улсын хувьд дунджаар 85-95 хувийн нөлөө үзүүлж байна гэсэн зүйлийг хэлж байгаа.

 

 

Top