Киприйн физикчид ургамлын тоосонцор, коронавирусний хэсгүүдтэй хэрхэн харилцан үйлчлэхийг судалсны үндсэн дээр ургамлын тоосонцор вирусийг хүнээс хүнд дамжих хурдыг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
“Physics of Fluids” сэтгүүлд бичсэнээр, салхиар туугдах ургамлын тоосонцрууд коронавирусний тархалтад оролцох боломжтой тул эрх баригчид болон мэргэжилтнүүд хүн хоорондын зай баримтлах тал дээр илүү зохистой арга хэмжээ авна гэж найдаж байна гэж Киприйн Никосиа их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан Талиб Дбук онцолжээ.
Европын биологичдын ажигласнаар, коронавирусний халдварын тархалт тухайн бүс нутагт цэцэг дэлгэрэх үед илүү идэвхжиж байжээ. Зарим эрдэмтэд ургамлын тоосонцор харшил хөдөлгөж, хүний дархлааг бууруулсны дүнд халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн бол бусад эрдэмтэд ургамлын тоосонцор вирусний “хүргэлтийн хэрэгсэл” болж буйтай холбон тайлбарлажээ.
Талиб Дбук, эрдэмтэн Димитрис Дрикакистай хамтран дээрх онолыг батлахын тулд компьютерын программ ашиглан ургамлын тоосонцор бүхий агаар болон цэвэр агаарт коронавирусний тархалтын хурд хэрхэн өөрчлөгдөж буйг судалжээ. Судалгааны дүнд ургамлын тоосонцор бүхий агаарт салхи гараагүй байхад хүртэл коронавирус илүү хурдацтай тархаж байжээ. Ургамлын тоосонцор халдвартай хүн ханиах, найтаах үед агаарт цацагдсан SARS-CoV-2 хэсгүүдийг зургаан метр илүү хол тархахад хүргэж байжээ. Энгийн нөхцөлд вирусний хэсгүүд хоёроос холгүй метрийн зайд тархдаг байна.
Энэхүү судалгаанаас үзвэл Европ болон АНУ-д өнгөрсөн зуны улиралд КОВИД-19 халдвар идэвхэжсэнийг тайлбарлаж байна гэж эрдэмтэд онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )