“Glencore”-ийн гүйцэтгэх захирал Иван Гласенберг Катарын эдийн засгийн форум дээр хэлсэн үгэндээ зэсийн эрэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор нийлүүлэлт 2050 он хүртэл жилд нэг сая тонноор нэмэгдэж, 60 сая тоннд хүрэхээр байгаа тухай урьдчилсан судалгаа гарсан талаар онцолжээ.
Тэрбээр "Өнөөдөр дэлхий даяар жилд 30 сая тонн зэс хэрэглэдэг. Гэхдээ бид жил бүр өсөн нэмэгдэж буй зэсийн хэрэглээг хангахын тулд 2050 он гэхэд жилд 60 сая тонн зэс үйлдвэрлэх ёстой. Хэрэв өнгөрсөн 10 жилийн түүхийг харвал дэлхийн зэсийн хэрэглээ жилд 500 мянган тонноор өссөн байгаа. Гэхдээ бидэнд дэлхийн зэсийн эрэлтийг хангахуйц төсөл алга. Энэ л хамгийн тулгамдаж буй асуудал болж магадгүй” гэжээ.
Сүүлийн үед нүүрстөрөгч ялгарлыг багасгахын тулд улс орнууд олон янзын төсөлт хөтөлбөр хэрэгжүүлж буй нь түүхий эдийн эрэлтийг бий болгосоор байгаа юм. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний төслүүд болон цахилгаан автомашинд ашиглах зэсийн эрэлт нэмэгдсэн. Зэсийн ханш тонн нь 10 мянган ам.доллар даваад байгаа билээ. Ойрын хэдэн жил зэсээс гадна никель, кобальтын эрэлт нэмэгдэх хандлагатай байна.
Гласенберг никелийн жилийн эрэлтийг одоогийн 2.5 сая тонноос 9.2 сая тонн болж огцом өснө гэжээ. Түүнчлэн “CRU Group”-ийн зэсийн гол шинжээч Эрик Хеймлич саяхан "Металлын ногоон хувьсгалыг жолоодох нь" сэдэвт семинарт оролцох үеэрээ 2020 оны дунд үеэс эхлэн зэсийн нийлүүлэлтэд 5.9 сая тонны зөрүү гарч байгааг онцолжээ. Тэрбээр “Энэ салбарын түүхэн жишээнээс харахад нийлүүлэлтийн зөрүүтэй тулгарч байгаагүй. Гэсэн хэдий ч зэсийн томоохон төслүүдийг үйлдвэрлэлд шилжүүлэх хэрэгтэй бөгөөд ингэхийн тулд улам бүр нарийн төвөгтэй, маневр хийх шаардлагатай болно” гэжээ. Олон улсын зэсийн судалгааны групп зэсийн зах зээлд энэ жилээс эхлэн нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай болж буйг онцолсон билээ.
2021 онд дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 79 мянган тонн, ирэх онд 109 мянган тоннд хүрэхээр байгааг тус байгууллага тооцоолсон байна. Учир нь энэ онд дэлхийн зэсийн олборлолт 3.5, ирэх онд 3.7 хувиар тус тус өсөх ажээ. 2021-2022 онд Чилид “Quebrada Blanca”, Перу “Quellaveco”, БНАКонго дахь “Камоа- Какула” зэрэг зэсийн томоохон төслүүд ашиглалтад орох гэж байна. Хэдийгээр тус байгууллага нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж таамаглаж байгаа ч зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чилийн зэсийн уурхайнуудын гарц сүүлийн арван сар дараалан буураад байгаа юм. Гэхдээ Чилийн зэсийн гарц оны эцэс гэхэд 3.7 хувиар өсч 5.96 сая тонн хүрэхээр байна. 2024 онд тус улсын зэсийн гарц 6.7 сая тоннд хүрэх төлөвтэй байгааг “GlobalData” байгууллага мэдээлжээ.
Ийнхүү зэсийн нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч шинжээчид зэсийн ханш өснө гэсэн өөдрөг таамаг дэвшүүлж байна. Зэсийн үнэ өснө гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж буй өөр нэгэн шалтгаан бол Швейцарийн “Glencore” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дахь зэс, кобальтийн Мутанда гэдэг уурхайгаа хоёр жилийн хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн оны эцсээр гаргасан явдал юм. Хаах болсон шалтгаан нь тус уурхай удаан хугацааны хэтийн төлөвт эдийн засгийн хувьд ашиггүй байхаар тооцоо гарчээ.
Мутанда уурхай 2018 онд 200 мянга орчим тонн зэс олборлож байсан аж. Энэ тухайд хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банкны шинжээч Сюзан Бэйтс хэлэхдээ “Мутанда уурхай хаагдсан, Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ өсөх өөдрөг таамаг давагайлж байна” гэлээ. Дэлхий даяар олборлож буй зэсийн 30 орчим хувийг барилгын салбарт, 25 орчим хувийг цахилгаан шугам сүлжээнд, 25 орчим хувийг тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад хэрэглээний бараа үйлдвэрлэхэд, тус бүр 10 хувийг хүнд машин ба тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг байна. Цахилгаан автомашин болон шинэ загварын гэр ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч барилгын ба аж үйлдвэрийн салбар нь зэсийн зах зээлийн өсөлтийн эрчмийг тодорхойлсон хэвээр байна. Дэлхий даяарх зэсийн батлагдсан нөөц 600 сая орчим тонн байгаа нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол 25-30 жилийн хангалттай хүрэлцэх юм.
Сэтгэгдэл ( 0 )