Нутгийнхаа “НОМ”-ыг уншиж, тунгаахуй дор

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Төрж өссөн нутаг минь хар бага наснаас зөөлөн сэтгэлтэй,зөв амьдрахын “цагаан толгой”-г нүдлүүлж, улмаар эх нутаг, эх орноо хайрлахын “ном”-ыг  уншуулсан санагдана.

Нутаг минь хагацаж салшгүй, хайрлаж  баршгүй дөрвөн улиралтай. Эргэх дөрвөн цагийн аясаар байгаль дэлхий өнгөө засаж, хүний амьдралын нүүдэл тасралтгүй  хөвөрч, ирж буцахын жам ёсны түүхийн хуудас завгүй эргэнэ. Нүүдэлчдийн амьдралын мөнхийн хөг айзамыг шингээсэн морин хуурын татлага дуурсан эгшиглэж, хөдөө ахуйн энхэр зураг сарны мөнгөн, нарны алтан шүхэр дор хавтгай зургийн шидээр амилж мэлмий баясгана. Тэр зургийг байгаль дэлхийн мөнхийн хөдөлгөөн, хувьсал өөрчлөлт хийгээд хүний аж амьдрал хамтдаа тэнгэрийн зарлиг, бурхны  өгөгдлөөр  зурж  бичиж үлдээдэг гэж  болно. Түүнийг нүдээр болон ухаанаар уншиж чадвал багтаагүй “ном” байдаггүй юм. Жаргал зовлон, баяр баясгалан,уй гуниг, уярал догдлол, ургаж шинэдэх, унаж мөхөх, өсөж  өндийх, өтөлж  доройдох гээд амьдралын бүх философи шингэмэл.

Манай нутгийн уудамд Уйгарын дугуй, Хиргисийн дөрвөлжин хиргисүүр хийгээд зэл  чулуу өнө эртний гуниг харуусал, айдсаа нуун бараантан харагдана, Хажууханд нь  эртний Монгол цэргийн харуулын хар овоо санаа алдан тэртээ алс руу саравчлан  харах мэт лүглийн чимээгүй дүнсийнэ. Түүнээс наахна улаан  хувьсгалын суртлын салхинд  алагдуулан  нурж сүйдээд  бараа  сураггүй болсон сүм хийдийн  туурь он цагийн шороонд дарагдан газрын сорви мэт овойж товойж үзэгдэнэ. Тэр бүхнийг  бүрэн  дүүрэн “уншиж”  зүрх  сэтгэлдээ  гуниг  тээж  явах хүн өнөөдөр ховор. Тэгж “уншиж” ойлгоод  ч  хэнд  тустай  билээ  гэж  бодмоор...

Намайг бага балчир байхад эдгээр түүхийн дурсгалуудын үүх түүх, хууч домгийг  дэлгээд  ярих  өвгөд  хөгшид  бишгүй  байсан  ч үзэл сурталчдаас айж цэрвэн  чимээгүйхэн  ажил  амьдралынхаа  мөрийг хөөнө. Харин улаан хувьсгалч болсон ганц нэг нь  “Бүдүүлэг харанхуй цагийн хэнд  ч  хэрэггүй  зүйл“ гэх юм уу,  эсвэл “Феодалын  нийгмийн  бурангуй  ёсны үлдэгдэл. Ардын хувьсгал ялсны хүчээр устаж үгүй болсон юм. Шинэ  үеийн боловсон  оюунтнууд  та  нарт  хортой  зүйл. Тэдгээр рүү ойртож болохгүй” гэж сурталдан, сэжигтэй нүдээр  харна. Ийм цагийн хявцаанд би нутгийнхаа зарим “ном”-ыг уншиж ухаарч чадалгүй  өнгөрсөн удаатай. Улаан суртлын цаг хулжирч, орчлонг арай өөрөөр харах болсон үед нутгийнхаа “ном”-ыг илүүтэй ойлгон “унших” болж билээ. Чухамдаа байгалийн дөрвөн улирлын хувьсал өөрчлөлтөөс цаана орчлонгийн мөнх бусын жам ёс эргэж хөрвөж наана нь нийгмийн амьдралын ороо бусгаа, хатуу ширүүн цаг үе хугарч нугарч, хувьсаж  өөрчлөгдөж, сөнөж сөхөрч, сэрж  сэхэж  байдгийг ойлгосон хэрэг. Энэ нь миний төрсөн нутгаасаа “уншсан” номын нэг тал.

Хүн нүдээ нээсэн цагаасаа амьдралын “ном”-ыг ямар нэг хэмжээгээр “уншиж” эхэлдэг  гэдэг. Ингэж миний анх “ном”-ыг нь уншиж, эх орноо ойлгож мэдэрсэн  нутаг бол Өвөрхангай аймгийн  Уянга сум юм. Энэ нутагт 1662  онд  анх  сүм  хийд  байгуулагдаж Энэтхэг, Төвөдийн шашин соёл нэвтэрч, эрдэм боловсролын зул бадарсан  гэдэг. Улмаар 1690  онд Сайн ноёны хүрээ одоогийн сумын төв байгаа дэнжид шаваа тавин үүсэн хөгжиж Төв Халхын түүх  соёлын  томоохон  голомт болжээ. Чингис хааны отгон хөвгүүн  Тулуйгийн хойчис, Гэрсэнзийн удмын Түмэнхэн номын эзний үрс угсаа залгамжлан  засагласан түүхтэй. Тэдний зам мөр, дурсгал, бичээс, ном судар гээддурсгалт зүйл  олон. Тэдгээр хан вангуудын шарил бунхан хүртэл Хангай  нурууны зүүн үзүүрийн өврийн  Арслан магнай хэмээх сүрлэг ууланд мөнхийн зайгаа эзэлсээр байгаа бөлгөө.   

Сайн хан аймгийн хан вангуудын нэг Шамба /Жамба/ дайчин “Асрагч нэртийн түүх“ түүхэн дэвтрээ энэ л нутагт сударлаж бичсэн бол Засаг  хошой  чин ван Ламжав  Манжийн эсрэг боссоны учир 1732 онд  энэ л нутгаас Бээжинд хүргэгдэж, насаараа тэнд гэрийн хорионд суух ял сонсож байжээ.Шамба  дайчны үеэл дүү Ламын Гэгээн  Лувсанданзанжанцан энэ л нутгаас дээдийн номын мөр хөөж Төвөд  орныг зорьж очин тавдугаар  Далай лам болон дөрөвдүгээр Банчин Эрдэнэ нарт шавь орж ихээхэн  номын авшиг  хүртсэн түүх  бий. 1906 онд 13 дугаар Далай лам Сайн ноёны хүрээнд морилон ирж, нутгийн сүсэгтэн олонд номын авшиг хүртээж байжээ. Тус хүрээний үе үеийн хачин лам нар Төвөдийн Дашлхүмбэ хийдээс залагдан ирдэг байсан  нь түүх  болон үлджээ. Энэ мэтээр  дурсан  лавшруулвал  унших  ном, ухаарах  зүйл  арвин  буюу. Цагийн  уртад  хийгээд  Галдан  Бошигтын  самуурал, Манжийн дарлал  болон улаан  суртлын 70  жилд   устаж үгүй болсон зүйл олон чиг нутгийн минь “ном” үл  дундарнам.

Түүхэн он цагийн хувьд саяхан гэж хэлж болох 1950-иад оны дунд үед “Лениний  хоршооллын төлөвлөгөөг хэрэгжүүлж нэгдэл  байгуулна” гэж зүгээ олохгүй зүтгэж явсан  үе  хийгээд  “Соёлын  довтолгоон”-ы жилүүдийн дүр  зураг, Төмөр-Очир, Лоохууз  нарын хэлмэгдлийн сүүдэр, Монгол-Хятадын харилцааны хагарлын хөнөөл гээд нутгийн минь “ном”-д орж үлдсэн “хуудас”-ууд бий. Тэр бүхнийг “унших”-д “Нэгдэл байгуулна“ гээд зүтгэж явсан “Бааюуны цоохор” хэмээх  Х.Галсансоном гуай, ухуулагч алдартай Л.Гэндэн гуай нарын дүр төрх амилж ирнэ. Бас “Нэгдэлд малаа нийгэмчлэхгүй, нугалаа хийж байна” хэмээн дээш нь зарга мэдүүлж явсан А.Доржжанцан, А.Галсандорж, Намгилдорж нарын өвгөд ч амьдын дүрээрээ тодорч ирнэ. Бас цаана нь 1939 оны  халх  голын дайнд оролцож эрэлхгээр тулалдан амь насаа алдсан ч гавъяа нь “арчигдсан” Даргиагийн Лхагвын гэгээн дүр нэг тодорч, нэг бүдгэрэх аж. Энэ бүхнийг нутгийнхаа “ном”-ноос “уншиж” шүүн тунгааж үзэхэд харуусал гуниг, хайр энэрэл цээжийг эзэлнэ. Ялангуяа Богд хаант Монгол Улсын ордны хуйвалдаанд амь насаа алдсан Сайн ноён хан, хошой чин ван Т.Намнансүрэн  дэргэд амьсгалах шиг болно. Мөн хэт хувьсгалчдын гарт хилсээр хэлмэгдсэн лам хуврагууд цуваагаараа харагдаж, нурсан сүм хийдийн тоос, шатаасан судрын  хиншүү хярвас он цагийн туурга нэвтлэн үнэртнэ. Бас хажууд  хувьсгал суртлын  салхинд толгойгоо мулт татуулсан хүн чулууны нүд  нулимстай  харагдана. Энэ бүхнээр дамжуулан нутаг минь хүний мөстэй амьдарч, зөв мөртэй явахыг учирлах аж. Тэр бүхнийг “уншиж” ухаарна гэдэг гэгээрэх хийгээд эх орон, эх нутгаа  хайрлахын үүд аж. Нутаг бүхэн өөрийн давтагдашгүй  номтой. Тэр  бүгд нийлж эх орны түүх болон үзэл санааны үндсийг бүрдүүлдэг. Тийм учраас би Монголоо  төрсөн  бүлээн хонд, угаасан хөндлөн булгийнхаа тунгалаг уснаас  эхлэн  мэдэрч, Уянгынхаа  цэнхэр  уулсаас “уншиж” ухаарсан гэж бодном. Цаг хугацаа улиран өнгөрөх тутам энэ л “ном”-доо шимтэн дурлаж, чинад утгат нэвтрэхийг хүснэ.

Энэ нутагт эхээс төрж, хүй цөглөсөн  Ламын  Гэгээн Лувсанданзанжанцан “Арвин буян бэлгэ төгс Их тэнгэр Хангай ханд өргөх сан тахил” номдоо "Их тэнгэр Хангай ханы өнгө нь болохоор баруун гартаа шижир алт мэт их эрдэнэ бадруулан барьж, зүүндээ мөнгөн тавгийг эрдэнээр дүүргэн дүүргэн билхүүсний дээхнэ барьсан, их эрдэнийн найман чимгээр чимээд торгон шамтавыг алтан бүсээр бүсэлж, дээд хөлөг морь, чимэг зэвсгээр чимсний дээр хаан цэнгэлийн аясаар заларч, хэдэн чөтгөр, олон ягчсаар хүрээлүүлэн, мангас элээ элчийг дагуулан, зүүнээ орших эрхтний  Их  тэнгэр-Хангай  хааны лагшингийн  өнгө бадмаараг адил улаанаар эргэлдэн, мөшилзөн хээмсэрлэсэн байдалтай, чин үнэн мэлмийгээр болгоосон ширэн  хуяг дуулга хөдөрч. баруун мутартаа очир хийгээд төмөр гох барин, зүүнээ дайсны тотгорыг хүлэх цалам  барьсан, аянган гилбээлгэн  мэт улаан морин дээр машид үзэсгэлэнгийн ёсоор оршин. шонхор бүргэд элчийг дагуулж, бас түүний өмнө лянхуат тавцанд шулмасын догшин хар морийг зэр зэвсгээр чимэн, Их тэнгэр Хангай  хааны лагшингийн өнгө хав хар болоод, хар урин хилэнгээр мэлмий хөдөлгөн, хөмсөг бөгөөд сахлын үс нь үзэсгэлэнтэйеэ дээш сөрвийсөн, доод уруул нь унжсан, үхээрийн  орны  чимгээр чимсэн, дөрвөн мутрын баруун хоёртоо сүх, төмүгээ, зүүн хоёртоо нум сум, цалам саадаг барьсан, дөрвөн завсартаа Их хатан  охин тэнгэр дөрөв, бас тэдгээрийн эргэн тойронд газар дэлхийн эзэн дөрвөн  хатан, бас чу тэнгэр, мангас,  найман  аймгийн  цэргийн  чуулган, цаглашгүй тэргүүлсэн хамаг нөхөд тэргүүндээ цагаан УМ, хоолойдоо улаан АА, зүрхэндээ хөх УМ завсардсан  болой” хэмээн бурханчлан илэрхийлсэн ажгуу.

Ийм чинадын  эзний ивээлд багтааж  яваадаа  баялан  бахдаж, сүсэглэхээс  өөр аргагүй. Тунгаан  бодоход Хангай хаан минь Мөнх тэнгэрийн ивээл дор есөн эрдэнээр гэрэлтэн солонгорч, аюулыг хааж, аймшгийг зайлуулан, хүний есөн хүсэл гүйцэлдэх үүдийг нээж өгөн, ар биедээ асарч, өвөр биедээ өлгийдөн мөнхийн суудлаа  эзэлдэг ажгуу.

Тэгэхээр Хангай  хааны “ном”-ын чинад утга нь “Ум  ма хум” гэдгийг Ламын Гэгээн тайлан уншиж  түмэн олонд түгээсэн байна. Ламын Гэгээний энэ тунгаал  нь дээдийн номнолын эш үзлээр лагшин, зарлиг, таалал гурваар шидийг бүрэлдүүлж, гурван цагтаа арга билгийн цаглашгүй нэгдлийг ханган, нигүүлсэхүйн ихавшиг буяныг хүртээж төгөлдөр оршихуйн  билиг ерөөл буюу. Энэ нь найман түм, дөрвөн мянган номын цогц утгаас уг авсан дээд  сэрэхүйн хүртээл гэж бодном. Иймд Хангай хааныхаа дэлгэмэл“ ном”-ыг “уншиж” сэрүүн оршино гэдэг тэнгэр буюу  бурханд ивээгдсэн өндөр хувь заяа юм. Ум сайн амгалан  байх  болтугай.

Соёлын гавьяат зүтгэлтэн Н.ДАВААДАШ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк (150.129.141.116) 2021 оны 06 сарын 26

төв хорооны үзэл суртлын хэлтсийн дарга маань . УМАА ХУМ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ ГЭЖ БАЙНА ККК\n

0  |  0
Top