Австралийн эрдэмтэд шүршдэг вакцины туршилтыг эхлүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 26

Австралийн биотехнологийн “Technovalia” компани тус улсын хэд хэдэн тэргүүлэгч эрдэм шинжилгээ, судалгааны төвтэй хамтран гаргаж авсан коронавирусний эсрэг шүршдэг вакцины эмнэлзүйн туршилтын эхний үе шатыг эхлүүлээд байна.

Тус төсөлд оролцсон Сиднейн их сургуулийн мэдээлснээр, шинэ вакциныг бусад вакцины адил SARS-CoV2 вирусний генийг ашиглан бүтээсэн ч шинэ үеийн энэ вакцин ямар нэгэн нэмэлт бодис агуулаагүйгээс гадна шүрших замаар хэрэглэгддэгээрээ онцлог. Вакцин өндөр даралттай шүршигчийн тусламжтай арьсаар нэвтэрч, хүний дархлааны хариу урвалыг идэвхжүүлдэг гэж тус их сургууль онцолжээ.

Вакцин, халдварт өвчин судлалын Уэсфармс төвийн профессор Питер Ричмондын хэлснээр, КОВИД-19 халдварын эсрэг дараагийн үеийн вакциныг үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.

Баасан гарагт эхэлсэн эмнэлзүйн туршилтын эхний шатанд 150 сайн дурын оролцогч хамрагдаж байна. Тэд 30 хоногийн зайтай хоёр тун вакцин авах ба үүний дараа эмч нар дархлааны хариу урвалыг үнэлэх гэнэ.

Австрали улсад халдварын 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 910 хүн нас баржээ. Тус улс 2020 оны гуравдугаар сард хилээ хаасан ба өнөөг хүртэл Австралийн хилээ нээгээгүй байна. Энэ оны хоёрдугаар сарын 22-ноос эхлэн 25.6 сая хүн амтай тус улсад вакцинжуулалт эхэлсэн ба одоогоор 6.86 сая хүн эхний тунгаа хийлгээд байгаа бол 720 орчим мянган хүн хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тус улс “AstraZeneca” болон “Pfizer” вакциныг хэрэглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top