Мөнгөгүй бол та сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Сонгууль амлалтгүйгээр нааш эргэж байсан түүх манай улсад алга. Сууриа буруу тавьсан ардчилсан сонгуулийн гайг Монгол Улс, ард түмэн үүрч сүүлдээ улс төрийн нам, гишүүд маань ч амлалтандаа дарагдаж, амьсгаа нь бачуурч байгаа бололтой. Бэл муутайхан нэгэн бол сонгуульд өрсөлдөх тухай санаж сарвайх зүйл биш болчихлоо. Сонгуулийн амлалтууд улс орны эдийн засаг, ард түмний амьдралд байнгын дарамт болж ирснээс гадна сонгуулиас сонгуулийн хоорондох амлалтад улс орон өөрөө туйлдав. Ард түмэн ч УИХ-ын гишүүн бол өглөгийн эзэн мэтээр ойлгодог. Тэднийг тойрогтоо ажиллах үед өглөгийн эзэн ирсэн мэт санана. Айлд гийчин ирэхэд гарыг нь дагуулж хараад байдаг хүүхэд шиг л болчихсон. Гишүүд нь ч өөрсдийгөө бэрд гээд бодчихсон. Үнэн хэрэгтээ сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэг мөнгөтэй хүний хийх ажил болжээ. Тэр тусмаа ялалт байгуулаад парламентад сууна гэдэг бүр ч мөнгөтэй хүний ажил. 

Бэлэг сэлт тараахгүй, наадам наргиан зохион байгуулахгүй хэмээн хуульчилж өгөөд ч нэмэр алга. Эрх биш хуулийн хугацаанд ил цагаан шоу, бэлэг байхгүй болохоос биш бусад үед энэ бүхэн байсаар байна. Үүгээр ч зогсохгүй сонгуулиар мөнгө тараадаг гишүүд ч байсаар. Иргэдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, мөнгөтэй карт бэлэглэх явдал ч бий. УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө зарлагдаж, гишүүн болсон хойноо хэдэн тэрбумаар нь зарцуулж байна. Энэ их мөнгө хаанаас гарч байна вэ. Хөлсөө асгаж, хүчээ үзэж байж олсон мөнгө ямар үнэтэй билээ. Хөлс нэвчсэн мөнгийг бол ингэж цацах ямар хүн байхгүй. Тэгэхээр энэ мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байгааг нуух хэрэггүй.

Өнөөх л тендер, албан тушаалын наймаанаас орж  байгаа мөнгө хэмээн тайлбарлах нь бий. Нэгэн жишээ бий. Замын компанийн нөхрийг дуудаад барьсан зам чинь эвдэрчихлээ. Ямар муу зам тавьсан юм хэмээн зэмлэхэд цаад нөхөр нь “Замын тендер аваад намд 10 хувийг, тендер гаргаж өгсөн хүнд таван хувийг, өөр бусад зүйлд таван хувийг гээд 20 хувийг нь өгчихөж байна. Дээр нь надад бас мөнгөний хэрэг байдаг. Ингэхээр би ямар мөнгөөр сайн зам барих юм бэ” хэмээн өчсөн гэдэг. Өнөөдөр гишүүд дунд “Арван хувийн тэр” хэмээн нэр зүүсэн нөхөр ч байна.

Төсөвт чамгүй орлого бүрдүүлдэг Төрийн өмчит компаниудын захирал бол үйлээ эдэлдэг. Энэ албанд тавьсан гишүүд, дарга сайд нар үргэлж мөнгө нэхдэг тухай ярьдаг. Өндөр дээд албан тушаалтан нь их хэмжээний мөнгөн дүн дээр гарын үсэг зуруулах гэж дарамталдаг. Ийн гарын үсэг зураад шоронгийн хаалга татсан нөхөд ч цөөнгүй бий. УИХ-ын гишүүдийн тойрог тус бүрд таван тэрбум төгрөг тавьж өгдөг. Үүнийг гишүүн өөрөө халааслаад дур мэдэн зарцуулаад байдаг зүйл биш. МАХН-аас ард иргэдэд “Үнэгүй орон сууц” буюу урьдчилгаа төлбөргүй, хүүгүй төлөлттэй орон сууцанд хамруулах хөтөлбөр боловсруулан танилцуулсан нь сонгогчдын таалалд ихээхэн нийцэж байв. Юу юугүй л эхний ээлжинд 20 мянган орон сууц бэлэн болгоно хэмээн ам шүдээ өгч эхэллээ. “Үнэгүй орон сууц” тараах амлалт өгч байгаа МАХН-д үүнийг хэрэгжүүлэх эрх мэдэл ирэх эсэх нь эргэлзээтэйгээс гадна ихээхэн эрсдэлтэй зүйл. Өнөөдөр МАН-д дагаар орлоо. Бодоход сонгогчдын санал худалдаж авах нэгэн арга хэрэгсэл байх. Энэ нь зарим талаараа “Сонгуулийн тухай хууль”-иар хориотой зүйл. Улс төрийн намууд сонгуулийн санал худалдаж авах зорилгоор янз бүрийн амлалт өгдөг нь ганцхан МАХН ч биш. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар АН-аас “Эрдэнийн хувь” хэмээх малгай дор иргэн тус бүрт нэг сая ам.доллар өгөхөө амласан бол МАН-аас “Эх орны хишиг” хэмээн 1.5 сая төгрөг өгөхөөр амласан. Ингэхдээ “Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэдэд хувь хүртээх тухай” юм. Ийнхүү 2008 оны сонгуулиар МАН ялалт байгуулж, “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан иргэн тус бүрт 21 мянган төгрөг өгч байсан түүхтэй. Үүнийг өгөхийн тулд Хятадын “Чалько” компаниас 350 сая ам.доллар, “Оюутолгой” компаниас 100 сая ам.доллар зээлж байв. Эдийн засаг сайнгүй үед энэхүү амлалт нь чамгүй дарамт болсон. Энэ их мөнгөөр үйлдвэр үйлчилгээ юу ч босгож болох байсан ч зүгээр л тараагад өгчихсөн. 

Харин 2012 онд АН засгийн эрхэнд гарахдаа “Стратегийн болон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнээс олсон орлогоос иргэддээ “Эрдэнийн хувь” хүртээх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан байдаг. АН засгийн эрх авсан хэдэн жилд энэ мөнгийг олгохгүй гүрийсэн ч 2016 оны сонгууль болох мөчид иргэдэд 300 мянган төгрөг “Эрдэнийн хувь” нэрийн дор тараасан ч тэд амжилт олоогүй. Төсөвт бөөн дарамт үлдээгээд ялагдсан. Үүнээс гадна 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон  Ц.Элбэгдорж дахин нэг сонгогдохын тулд оюутнуудад 70 мянган төгрөг олгож эхэлсэн гээд төсөвт дарамт мундаагүй.

Ерөөсөө сонгуулиас сонгуулийн хооронд амлаж ирсэн амлалтууд Монгол Улсын хөгжил, эдийн засагт маш том дарамт болсоор ирсэн түүхтэй. Хэдийгээр засгийн эрх авах нь бүү хэл парламентад нэг ч суудалгүй ч МАХН-аас амлаж буй “Үнэгүй орон сууц” ч бас л нэг сонгуулийн амлалт, хэтдээ эдийн засагт дарамт болох нэг зүйл байсан ч хэзээ ч бүтэхгүй.  Нөгөө талаас сонгууль болохоор “Царцааны нүүдэл” явдаг байсан уу гэвэл явдаг.

Манай улс түүхэндээ хүн амын тооллогыг 10 удаа явуулсан байдаг. Тодруулбал, анх 1918 онд анх хүн амаа тоолсон бол  удаах тооллогуудыг 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 болон 2010 онуудад, завсрын тооллогыг 2015 онд явуулсны дотор сүүлийн  дөрвөн тооллогыг орон сууцны нөхцөлийн тооллоготой хамтатган зохион байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн ам 3 238 479 байна гэжээ. 1918 оны хүн амын тооллого бол Богд хаант Монгол Улсын үед явагдсан албан ёсны үйл явц гэгддэг бөгөөд тэр үед 647.5 мянган хүн тоологджээ.

Ер нь бол хүн амын тооллого нь 200 гаруй жилийн тэртээгээс тодорхой давтамжтайгаар явагдаж, үр дүн нь албан ёсоор тэмдэглэгдэж ирлээ. Гэхдээ Монгол Улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй бөгөөд XX зууны анхны тооллого  түрүүн дурдсанчлан 1918 оных гэж судлаачид үздэг.  Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог. Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлжээ. Жишээлбэл тооллогын үйл ажил­лагааг хурдасгах болон тоол­логын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан юм.

1963 оны тооллогоор нийт 1017.1 мянган хүн тоолуулсан. 1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаарх асуултуудыг оруулсан байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоос эхлэн тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй асуулгаар түүвэр судалгаа явуулж байв. Тухайлбал 1979 оны тооллоготой хамт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагч “Ажилчин”, “Малчин”-ы судалгааг, 1989 онд ажил эрхлээгүй хүн амын судалгаа, нөхөн үржихүйн асуудлаар эмэгтэйчүүдийн дунд түүвэр судалгааг явуулсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top