Д.Эрдэнэчимэг: Нэлээн хожуу СУИС-д сурч төгссөн болохоор л би харамсдаг юм

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 29

Алсын Америк улсад амьдран суугаа дуучин, ая зохиогч Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


 

-Та өдгөөгөөс арваад жилийн өмнө “Дурдан аялгуу” нэртэй цомгоо гаргаж, уран бүтээлийнхээ цэнгүүнийг түмэндээ өргөн барьж байсан цагаас төдийлөн олны өмнө гарсангүй. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар?

-Тэр цагаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Би чимээгүй байгаа хэдий ч өөртөө зав чөлөө үл олгон, үргэлж хийж, бүтээж, хүсэж тэмүүлж, урсан өнгөрч  буй цаг хугацааны  араас хөөцөлдөж  гүйж явна даа.

-Алсын Америкийг зорьсон шалтгаан юу байна?

-Алсын Америкийг зорьсон  шалтгаан гэвэл ердөө энгийн.  Хань минь түрүүлээд Америкийг зориод бараг таван жилийн  нүүрийг үзэж байсан юм. Тийм  болохоор нөхөртөө очиж, нэгэн дээвэр дор нэгдсэн амьдралаа үргэлжлүүлье гэж, мөн өсөж яваа хоёр хүүгийнхээ ирээдүйн үйлсийг  бодож хоёр хүүтэйгээ гурвуулаа явсан хэрэг.

-Саяхан таны аялгуугаар бүтсэн “Дуугаар аргадах хорвоо” ном олны хүртээл болсон. Үүнээс харахад АНУ-д уран бүтээлийн олз омог ихтэй л амьдарч байгаа хэрэг?

-Тийм ээ, баярлалаа.  Дэлхий нийтээр тархсан энэ аюулт цар тахал өвчин надад хийхээр төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх том боломжийг нээсэн. Дан ганц надад ч биш, бусад бүх хүмүүст эерэг талаас нь харвал асар их боломж, амарч тайвшрах, цаашдын ажлаа төлөвлөх цаг хугацаа, боломжийг олгосон байх. 2019 оныхоо төлөвлөгөөнд “Хорвоог аргадах аялгуу" нэртэй дууны номоо гаргана даа гээд төлөвлөөд явж байсан боловч яг барьж аваад суух цаг хугацаа надад хомсхон олдож байлаа. Харин гэнэт Америк улсад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорио тогтоосон тэр үед дууны номондоо өдөр шөнөгүй анхаарлаа хандуулж, бэлэн болгож чадсандаа баяртай байгаа.

-Алсад амьдарч байгаа хэн ч нутаг усаа үгүйлнэ. Тэр тусмаа уран бүтээлч хүний сэтгэлд нутаг ус нь илүү уяатай явдаг байх гэж боддог. Харин энэ бүхэн эргээд уран бүтээл болох юм уу?

-Тэгэлгүй яахав. Үргэлж  л эх орны минь агаар салхи, уул ус, өссөн  орчин, аав, ээж, ахан дүүс, найз нөхөд минь нүдэнд  харагдаж, сэтгэлд минь дурсагдаж явдаг. Гадаадад байгаа болохоор  ч тэр үү эх орноо санасан  харьд байгаа монголчуудын тухай шүлэг илүү их сэтгэл татдаг. Тийм болохоор би фээсбүүк дээрээс "Монголдоо нэг очихсон доо" гэдэг шүлэг олж уншаад түүнд ая хийгээд МУСТА дуучин М.Баярмагнайгаар дуулуулж олны хүртээл болгосон. Дуулуулахаасаа өмнө шүлгийн эзнийг бараг хоёр жил хайсан. Хайсан ч гэж дээ нэг сайтан дээр энэ шүлгийн эзнийг Чехэд амьдардаг гэж ташаа мэдээлсэн байсан болохоор Чехэд амьдардаг хүмүүсээс асууж, сураглаад байсан  юм. Тэгээд за, за олдохгүй юм бол юу ч гэсэн дуулуулж л байя даа гэж бодоод байж байтал дуучин маань хоолойгоо  бичүүлэхээс хоёрхон хоногийн  өмнө шүлгийн эзэн олдсон.  Гэтэл тэр хүн АНУ-н  Денвер хотод олон жил амьдарч байгаа яруу найрагч Х.Лхамжав гэдэг хүн байсан. Тэгээд л хоолойгоо бичүүлэхийн өмнө шүлгээ шинэчилж засаж, өгөөд дуучин маань дуулсан. Энэ дуу маань клиптэй болсон.  Үзэх, сонсох бүрийд эх орноо санах, эх орноороо бахархах, огших сэтгэл төрдөг шүү. Түүнчлэн өөр олон  олон дуунууд төрсөн байгаа.

-Зав чөлөөтэй буюу сэтгэл санаа минь аз жаргалтай байх үед л ер нь голдуу ая, аялгуу бүтдэг дээ?

-Тийм ээ, "Эх үрийн дуу" даа би их хайртай. Энэ миний хамгийн анхны зохиосон бүтээл минь болохоор. Түүнээс хойш гурван жигүүртэй дуу хийгээгүй. Учир нь би өөрөө зохиогоод, өөрөө дуулаад байвал нэг л учир дутагдалтай,  үнэ цэнэгүй юм шиг надад  санагдаад байдаг юм. Түүний оронд яруу найрагчдын шүлгэнд ая оруулж, тэдэнтэйгээ ханьсаж дуундаа сэтгэл, санаагаа  зориулж байвал хамаагүй  дээр гэж боддог. Хүмүүс шинэ уран бүтээлээ өлгийдөж авлаа гэж ярьдаг шүү дээ. Аав, ээж нь хүүхдээ төрүүлээд хоёул хамтдаа анхаарал хандуулж, хайрлаж байвал тэр хүүхэд сайн хүн болж өсөх нь ойлгомжтой. Тэрэнтэй л адил. Гурван жигүүртэй дуунуудыг л хийгээд байвал өрх толгойлсон ээж хамаг чадлаараа хэдэн хүүхдүүдээ хүн болгох гээд мэрийгээд, заримдаа шантрах, хүчин мөхөсдөх үе олон байхтай л утга адил гэж боддог. Энэ дуунаас хойно үг аяыг нь өөрөө зохиосон “Хээтэй даалин" гэдэг хоёр жигүүртэй дуу хийсэн юм байна. Би өөрөө даалин урладаг, хатгамал  хатгадаг. 2010 оны  Монгол Улсын уран хатгамалчдын улсын уралдаанд зүү ороосон бүтээлээр оролцоод Монгол Улсын уран хатгамалч цол тэмдгээр шагнагдсан. Ер нь бүр багаасаа тав, зургаа дугаар ангиасаа зүү ороож, даалин урладаг байсан. Олон  ч даалин  урласан, захиалгаар нэртэй уяачдад урлаж өгдөг байсан. Тийм болохоор даалингаа урлаад сууж байхдаа энэ дуугаа зохиосон.  Энэ дууг минь залуу дуучин Наранцэцэг дуулж, дүрсжүүлээд олны хүртээл болгож яваа.

-Та мэргэжлийн дуучин төдийгүй ая зохиогч хүн. Тэгэхээр чухам ямар цаг үед, хаана илүүтэй хөг аялгуу ирэх юм?

-Тийм ээ. Би бүр хоёр мэргэжлийн  багштай. Хамгийн анх СУИС-д ороход минь хүлээж авсан багш минь МУСТА. Гэрэлбаатар багш минь. Түүний хайрт гэргий Оюунтуяа концертмейстр багш минь байлаа. Гэрлээ багш минь олон чадварлаг дуучдыг төрүүлсэн. Сургуулиа яг төгсөх жилдээ найман сард хичээл арай эхлээгүй байхад хоёр багш маань  намайг сургууль дээр дуудаад охиндоо хэлэх юм байна гээд… Тэгээд юу хэлэх гэж байгаа юм болоо гээд догдлоод яваад очсон чинь хоёр багш нь Хөх хотын урлагийн дээд сургуульд  урилгаар очиж багшлахаар боллоо. Яг төгсөх жилд нь  хүүхдүүдээ  орхиод  явж байгаадаа л харамсалтай байна. Хэдэн хүүхдүүдээ бүгдийг нь багш нарт тараагаад өглөө. Одоо чи л үлдэж байна, багш нь чамайг уйлж байна гэж зүүдлээд гэж хэлээд хоёр багш нь ярилцаад чамайг А.Бүтэд багшид өгөхөөр боллоо. Охиноо өөрөө хүлээлгэж өгнө гээд хүлээлгэж өгсөн. А.Бүтэд  багш минь болохоор хөгжим бүжгийн коллежид багшилдаг, СУИС-д цагаар багшилдаг байсан юм. Тэгээд  л би МУАЖ А.Бүтэд багшийнхаа шавь нь болсон. А.Бүтэд багшийг минь "Хөхөө гэрлэх дөхлөө" киноны гол дүрийн Сувдаа гэдгээр нь  хүмүүс андахгүй. Би А.Бүтэд багштайгаа хамтарч МУУГЗ. М. Булганы хөгжим, М.Наранболдын шүлэг "Энэ бидний жаргалын дуу" гэдэг дууг дуулж, дүрсжүүлсэн. Тэр үедээ багшийнхаа залуу цагийн амьдралыг яриулаад, шимтэн сонсох сайхан байдаг байлаа. Тэгээд ер нь бүх л шавь нартаа чин сэтгэлээсээ  хандаж, ажил, амьдрал, хичээл сургууль бүх зүйлд нь багшийн хувиар, ээжийн хувиар зөвлөж, бас заримдаа найз мэт ханддаг юм. Гэрэлбаатар  багш минь бас л байнга анхаарал  тавьж байдаг надад. Зөвхөн надад гэлтгүй ер нь бүх шавь нартаа. Сүүлийн хоёр, гурван жил би Гэрлээ багштайгаа байнга онлайнаар хоолойн дасгал уншиж байгаа. Тийм болохоор  би энэ энэ багшийнхаа шавь нь  болсондоо өөрийнхөө хувь заяандаа маш их баярлаж явдаг. Гэрэлбаатар багш минь өөрөө үг, аяыг нь зохиогоод л дуу хийдэг. Тийм сэдэвтэй тийм дуу дуулмаар байна гээд захиалахад л дор нь хийгээд өгдөг. Би бас дуулах гээд дуу захиалж хийлгүүлсэн. Хараахан дуулж амжаагүй байгаа. Багш минь зөндөө олон дуу зохиосон. Шавь нар нь голдуу дуулдгаас гадна Өвөрмонгол дуучид, шавь нар нь дуулдаг. Хоёр багш минь дуулах урлагийг зааж сургаснаас гадна өөр бүхий л талаар зааж, зөвлөж байдаг юм. Саяхан А.Бүтэд  багш минь МУАЖ болж, Гэрэлбаатар, Оюунтуяа багш нар маань төрийн дээд алтан гадас одонгоор шагнагдсан баярт мэдээтэй байна. Багш нартаа баяр хүргэж, эрүүл энхийг хүсэж, урлагийн алдартнуудыг төрүүлэх их үйлсэд нь амжилт хүсье.

-Ингэхэд аль нутаг цусны гаралтай хүн билээ?

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул. Аавын минь төрсөн нутаг  юм. Аавыг минь  Дашдорж,  ээжийг минь Дуламсүрэн гэдэг. Ээж минь болохоор Хэнтийн Цэнхэр  мандал суманд төрсөн. Тав, зургаа насандаа Төв аймгийн Мөнгөнморьт суманд ирж суурьшсан гэж ярьдаг юм. Аав, ээж хоёр минь анх Налайхад ирж амьдарч эхэлж байхдаа хоёуулаа нийлж амьдралаа холбосон. Тийм болохоор миний унасан газар,  угаасан ус минь Налайх хот. Би дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, айлын бага охин. Манай гэр намайг төрсөнөөс эхлээд уурхайчдын таван давхар гэж нэрлэгддэг улаан полконт гэдэг нэртэй байранд байсан. Улаан полконтой байр нь болохоор дарга нарын байр байсан.  Аав минь 14 дүгээр авто баазын даргын жолооч байсан болохоор тэнд байр өгсөн хэрэг. Таван өнгийн полконтой таван ширхэг таван давхар байрнууд Налайхын яг төвдөө байрладаг. Улаан, шар ногоон, цэнхэр, хөх полконтой байрнууд. Бүр бага байхад шар полконтой байранд нь дан оросууд амьдардаг байлаа. Тэгээд л гадаа бөөн орос, монгол хүүхдүүд холилдоод л тоглодог байж билээ. Тэр байрнуудын дунд л миний хүүхэд нас өнгөрсөн. Бас миний хоёр хүүгийн хүүхэд нас ч тэнд өнгөрсөн. Бүүр миний төгссөн нэгдүгээр 10 жилийн 10 “Г” ангид миний том хүү бас яг "Г" бүлэгт суралцаж төгссөн. Ийнхүү цааш нь яриад байвал их урт болно байх. Америкт ирэх хүртлээ Налайхдаа л амьдарч байсан. Аав минь дэндүү шударга, хүн бүхний хүндлэлийг хүлээсэн хүн байлаа. Ээж минь их олонтой хүн байсан. Хөгшин,  залуу бүх төрлийн  насны найз, нөхөд олонтой. Би аавынхаа амин охин нь байсан. Аав намайг заримдаа ажлаар хөдөө, гадаа хол явахдаа дагуулаад явдаг байлаа. Орой машинаа тавиад буцахдаа хүртэл намайг дагуулаад явна. Машинаа тавиад явган алхахад гэр их хол, би аавдаа хөтлүүлээд л хажууд нь гүйх мэт шогшоод л явдаг байлаа, аавынхаа алхааг гүйцэхгүй болохоор. Би ер нь аавтайгаа л байвал маш их жаргалтай байдаг байлаа. Аав минь нэг ч удаа архи ууж байгаагүй, ажил амьдрал, гэр бүлээ л гэдэг хүн байсан. Эр хүний хувьд бүүр огт уудаггүй  биш, найранд гурван хундагатай, хааяа найзтайгаа пиво дундаа тавиад олон цагаар  яриад суудаг байсан. Одоо бодоход зөндөө их пиво уудаггүй байсан байх аа. Ямар ч байсан огт согтуу байж үзээгүй. “Найзаар минь намайг таньдаг” гэдэгтэй адил аавын минь насаараа найзалсан найз нь аавтай минь яг адилхан. Хэзээ ч согтуу байгаагүй.  Аав, тэр хоёр л хааяа бүтэн сайн өдөр нутгаас нь айраг ирвэл хувааж уугаад их удаан яриад сууна. Дундговийн айраг алдартай шүү дээ. Аавдаа хөтлүүлж, тэднийд очоод буцаад л аавдаа хөтлүүлээд харьдаг байж билээ. Тэгээд аав минь бас анд явна. Ер нь эр хүн шиг эр хүн байсан  даа. Хүүхэд байхад аавынхаа ажил дээр очиход л жил бүр байгууллагын аварга  болдог байсан аав минь хүндэт самбар дээр байнга зураг нь байдаг байлаа. Би хүүхэд байхдаа айлын  эхнэр хүн л ганцаараа  гэрийн ажил хийдэг гэж ер нь огт мэддэггүй байсан. Яагаад гэвэл аав минь ээжийг минь их тайван амьдруулдаг байсан. Миний ээж 24 цагийн хүүхдийн цэцэрлэгт ээлжинд гарч ажилладаг байсан болохоор шөнийн ээлжинд гарсныхаа маргааш бол өдөржин унтана. Тэгээд ер нь өглөө босож цай чанаж байгаагүй. Аав минь л радио зургаан цагт нээгдэхэд сэрээд л цайгаа чанаж, талхаа жигнэж тавиад л ажилдаа явдаг байсан. Орой ажлаасаа  тарж ирээд талхаа зуурдаг, өглөө нь жигнэдэг байсан юм. Хоёр том дугуй талх барина. Тэр талх маань чихэртэй гоё талх. Бид дандаа идэж өссөн болохоор  нэг их тоохгүй. Харин гадны мэдэхгүй хүмүүс “Дуяа эгчийн  талх ёстой гоё амттай” гэдэг байлаа ээжийг хийдэг гэж бодоод тэр л дээ. Энэ мэтчилэн аав маань жолоочоосоо гадна гэртээ, тогооч, цахилгаанчин,  гуталчин, цаг засварчин, слесарь, оёдолчин, уран дархан, мужаан гэх мэт бүх мэргэжлийн хүний ажлыг хийдэг байлаа. Мөн ээж маань байнга даралт нь ихэснэ. Тэр болгонд аав л халамжилж, асардаг. Ямар сайндаа л ээж маань энэ хэдэн  хүүхдүүд байгаа ч өвгөнийг минь орлож чадахгүй юм гэж найздаа ярьж байлаа. Ээжийн  минь  найз байнга дурсан ярьдаг юм. Хаалга онгойлгоод л ааваас “Дуяа байна уу” гэсэн чинь айлд орохоор явсан гээд дан дээлийг нь индүүдээд сууж байсан гэж ярьдаг. Ингээд ер нь аав, ээжийнхээ тухай дурсаад байвал дуусахгүй шинжтэй. 2000 онд ээж минь элэгний  өвчнөөр өөд болсон. Бид аавтайгаа  үлдсэндээ харьцангуй  тайван байсан. Гэтэл аав маань ээжийн ажил явдал болоод дууссаны дараанаас дуугаа хураагаад эхэлсэн. Огт өвдөж, айлгаж байгаагүй аав минь тэгээд л ээжийн минь араас яг дөрвөн сарын дараа яваад өгсөн. Энэ үед л бид юу болоод  өнгөрөв гээд л үнэхээр шоконд орж, хэсэгтээ л хүнд байсан. Хамгийн гол нь би аав, ээжийгээ өнгөрсөнөөс хойно, нэлээн хожуу СУИС-д сурч төгссөн болохоор л би харамсдаг юм. Хүмүүс аав, ээж нь тэнгэрээс харж байгаа гэж ярьдаг хэдий ч үнэндээ хардаг ч юм уу үгүй ч юм уу, бас тэнгэрээс  харлаа харлаа гэхэд амьд байгаад үзэхээс мэдээж дутуу л байж таараа гэж боддог. Хэрэв аав, ээж хоёр минь  амьд байхдаа охиноо дуучин болсныг, тэр тусмаа дууны ая зохиодог болсныг минь үзсэн бол  маш их баяртай байх байсан. Ийнхүү би ээжийн тухай, аавын тухай эр хүний тухай дуунууд зохиосон хэдий ч яг өөрийн  аав, ээждээ тусгайлан зориулж дуу зохиож амжаагүй л байна. Учир нь би аавдаа дуу зохиовол дэндүү сайхан шүлгийг зориулах учиртай. Тэр шүлэг одоогоор олдоогүй л байгаа.

-Хоёулаа уран бүтээл рүүгээ оръё. Тухайлбал цомгийн талаар?

-"Дурдан аялгуу" цомогт минь  16 дуу байгаа. Тэр дотор өөрөө зохиосон дуунуудаасаа бас нэлээн хэдийг дуулсан. Хайр сэтгэлийн дуунууд нэлээн байсан ч би яг тэр дуу минь, би тэр дуундаа  л тэгж шатаж дуулсан гэж хэлмээр юм одоохондоо санагдахгүй байна. Анх нөхөртэйгөө  сууж байх үедээ  дөнгөж 20 гарсан, дуучин болох тэр тусмаа дуу зохиох энэ тэр талаар зүүдэнд минь ч ороогүй байсан үе. Би 29-тэй СУИС-д элсэж байсан. Үлгэр жишээ авмаар хүндэлж, хайрлаж явдаг хүмүүс гэвэл юуны түрүүнд  мэргэжлийн хоёр багшийгаа хэлнэ. Өөрийн эрхгүй үлгэрлэн дуураймаар зан чанарууд их бий, багш нарт минь. Ялангуяа А.Бүтэд багш минь бол эмэгтэй хүний  хувьд үзэсгэлэнтэй, биеэ сайхан авч яваагаас гадна юм бүхнийг хийж сурахыг хүсдэг, маш ажилсаг зан чанар нь  үнэхээр багш шигээ байх юмсан гэдэг хүслийг төрүүлдэг. Бас концертмейстр Оюунтуяа багшийгаа хэлнэ. Энэ  багш минь хүний дээд хүн, хүн бүхний төлөө, шавь бүрийнхээ төлөө байж чаддаг. Ер нь л ойр дотныхоо бүх хүнд, тусгайлан шавь нартаа хэрэгтэй үед нь яг тохирсон зөвлөгөөг өгч, хүний  төлөө л амьдарч байгаа юм шиг дэндүү сайхан хүн дээ багш минь. Бас намайг ая зохиоход үнэтэй зөвлөгөөгөө үргэлж хайрладаг хөгжмийн зохиолч, дэд профессор, удирдаач, найрал баян хуурч, "ЦАДБЧ"-н дарга Д.Мөнхзаяа багшийгаа хүндэлж, хайрлаж явдаг. Мөн дуурийн урлагийн алдар, гавьяатай алтан үеийн дуучид болон одоо мэргэжлийн залуу дуучдаа бэлтгэж байгаа СУИС болон Хөгжим бүжгийн консерваторийн эрдэмтэн багш нарыгаа, дуурийн урлагийн мастеруудыг бүгдийг нь хүндэлж бахархдаг.

-Ирээдүйд төлөвлөсөн зүйл их л байж таарна. Мөрөөдөл ч юм уу?

-Ирээдүйд төлөвлөсөн мөрөөдөл бол их байна. Би 2015 онд "Хорвоог аргадах аялгуу" нэртэй тоглолт хийж байлаа. Сая 2020 онд "Хорвоог аргадах аялгуу" нэртэй дууны номоо хэвлүүллээ. Одоо энэ номондоо орсон нэлээн хэдэн дуунаас онцолж өөрөө дуулж бичүүлэх ажилдаа  ороод явж байгаа. Энэ "Хорвоог аргадах аялгуу" нэртэй дуу минь яруу найрагч В.Нэргүйн шүлгэн дээр би ая зохиосон дуу минь байгаа юм. Энэ дуундаа би маш их хайртай. Үг нь дэндүү гоё. Нэргүй бид хоёр хамтдаа гурван дуу хийснээс хоёр дуу маань клиптэй. В.Нэргүйн шүлэгнүүд их гоё, амьдралтай, үнэн байдаг юм. Өөр бас төлөвлөсөн ажлууд их байгаа ч амжуулаагүй болохоор хэлэхэд арай эрт байна. Америк улсад одоогийн байдлаар ковид хамаагүй багассан. Бүх үйлчилгээний газрууд хэвийн цагаар ажиллаж эхэлж байна. Энэ намраас сургуулиуд хэвийн ажиллаж эхэлнэ гэсэн. Бүх иргэд вакцинд хамрагдаж эхэлсэн. Хоёр тунгаа тариулсан тохиолдолд зарим мужуудад маскгүй явахыг зөвшөөрч байгаа. Энд хүмүүс ихэвчлэн “Pfize”r компанийн вакциныг тариулж байна. “Pfizer” вакциныг л хамгийн сайн гэж хүмүүс үнэлж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.160.59) 2021 оны 06 сарын 29

Uran bvteeliin amjilt hvsie

0  |  0
Х(192.82.72.187) 2021 оны 06 сарын 29

Монгол хүний оюуны итгэлцлэлүүр их өндөр. Дэлхийд еврейн дараа ордог. Их бүтээлч, ажилсаг, өмнөө зорилго тэмүүлэлтэй эмэгтэй байна. Амжилт хүсье. Эх орноо зүрхэндээ тээж хайрлаж яваад баярлалаа.

0  |  0
Зочин(203.91.115.55) 2021 оны 06 сарын 29

Нутаг цусны гарал?? Ямар аймаар экстрим асуулт вэ?

0  |  0
Top