“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.06.28) “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжилж буй юм.
Өнөөдрийн арга хэмжээнд “Тэсо” корпорацийн Экспортын албаны дарга Г.Энхбаяр Японы бизнес эрхлэгчдэд хандан танилцуулга, мэдээлэл хийлээ. Түүний өгсөн мэдээллээс хүргэе.
“Манай корпораци 1800 орчим ажилтантай, 14 жижиг салбар, долоон үндсэн үйлдвэртэй. Бизнесийн өсөлт бол нэлээн өндөр харагдаж байгаа. Одоогийн байдлаар олон улсын зургаан партнёртой. Дэлхийн брэндийг л бүтээхийн тулд бүх зорилгоо тавьж байгаа. Монгол Улсын хэмжээнд “Тэсо”-г тодорхой хэмжээгээр мэддэг байх, манай компани экспортод манлайлал үзүүлээд явдаг.
Япон улсын зах зээлийг тодорхой хэмжээнд мэднэ, орж байсан. Илүү тэлэх, илүү хамтрагчидтай болох хүсэлтэй байгаа учраас энэхүү арга хэмжээнд оролцож байгаа юм.
Бид анх зайрмагны зах зээл дээр хүчтэй тоглогч байсан бол сүүлдээ сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэний зах зээл рүү ороод, улмаар хөрөнгө оруулалт, глобаль бизнесүүд рүү орсон. Гадаад худалдаа, хүнс, хүнсний үйлдвэрлэл дээр тодорхой хэмжээний туршлагатай хамт олон.
Бидний үнэ цэн бол нэгдүгээрт, маш органик бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ хийдэг. Сүүлийн 7-8 жил “Тэсо” гарал үүсэл гэдэгт маш анхаарч, их хөрөнгө оруулж байгаа. Шинжилгээ лабораторийн түвшинд ажлуудаа явуулдаг.
ISO буюу олон улсын стандартын дагуу бүх үйл ажиллагаанууд хийгддэг. Лалын шашинтай орнуудад хэрэглэгддэг HALAL стандартыг хүртэл үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Стандартуудыг ийнхүү шийдвэрлээд ирэхээр экспорт руу тодорхой хэмжээний зорилго тавьж, 2016 оноос хойш хөгжүүлсэн. Үр дүнд нь нэлээн экспорт хийсэн.
Энэ удаагийн экспод бид өөрийн тодорхой брэнд бүтээгдэхүүнүүдээр оролцохгүйгээр түүхий эдэд чиглэсэн үйл ажиллагаагаараа оролцож байгаа. Бид Японы зах зээлийг судалж үзээд өөрсдийн брэндээр оролцох нь боломжгүй юм байна гэж үзсэн. Япон хүний сэтгэхүй, энд Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний хайрцаг саванд гарч байгаа сэтгэхүй гээд олон ялгаанууд байгаа учраас бид түүхий эд материалаар оролцох сонирхол их байгаа.
Экспортын туршлагын хувьд БНХАУ, түүн дотор ӨМӨЗО, Шанхай, Хонконг болон Казахстан, АНУ, БНСУ гээд экспортын туршлага гайгүй болж байгаа. Япон улс руу экспортууд хийж үзсэн. Одоо бол том зах зээлийн экспортыг сонирхож байна. Том зах зээл дээр хамгийн түрүүнд чацарганатай бүтээгдэхүүнүүд байж болно. Хуурай чацаргана, чацарганын үрийн тос, чацарганын тос капсултай, капсулгүй гээд бүх төрлөөрөө байж болно. Дээрээс нь тэмээ, ямаа, адуу зэрэг ногоон тэжээлт амьтдын сүүг боловсруулан гаргаж болно. Мөн махан төрлийн бүтээгдэхүүнийг боловсруулах байж болно. Эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүдийн түүхий эдийг бид энэ экспогоор санал болгож байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )