2021 оны төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. /2021.06.29/ Төсвийн тодотголын төсөл ерөөсөө л ковидын эсрэг зарцуулагдана гэсэн концепцитэй хийгдлээ хэмээн онцлов.
Эрүүл мэндийн салбарт хоёр үндсэн чиглэлээр санхүүжилтүүдээ авч явна. Нэгт, төсөв дээрээсээ урсгал зардал болон хөрөнгө оруулалтуудыг нэмэх чиглэл барина. Хоёрт, ЭМД-ын сангаас тарифаар дамжуулж, ковидын эсрэг тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. ЭМД-ын санд төвлөрүүлсэн хөрөнгөнөөс 493.9 тэрбум төгрөг, нийтдээ 725,1 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхээр төсөвт тодотгож танилцуулж байна гэлээ.
Иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгаа дэмжих чиглэлээр 618,9 тэрбум төгрөг нэмж, төсөвт тусгах шаардлага бий боллоо. 1.2 сая хүүхдэд он дуустал 100 мянган төгрөг үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, 71.5 мянган иргэнд 100 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэврийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 42.9 тэрбум төгрөг, нийтдээ 618,9 тэрбум төгрөгийг нэмж тусгалаа.
Сая дурдагдсан төсвийн зарцуулалтуудаас гадна улсын үйлдвэрийн газрууд “Эрдэнэт Үйлдвэр” болон “Тавантолгой түлш” компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд долоодугаар сарын 1-н хүртэл олгож байсан цахилгаан, дулаан, ус уурын төлбөрийг он дуустал үргэлжлүүлнэ. Сайжруулсан түлшийг ирэх оны дөрөвдүгээр сарын 15-н хүртэл 50 хувиар хөнгөлөх, зөрүүг төрөөс олгох зохицуулалтуудыг төсвөөс гадуур хийхээр Засгийн газар хэлэлцэж, шийдвэрлэлээ гэв.
Төсвийн тодотголд хөрөнгө оруулалтын түвшинд баримтлах зарчмыг танилцууллаа. Зургаадугаар сарын 25-ны байдлаар гэрээ байгуулаагүй, худалдан авах ажиллагааны явц хангалтгүй, бэлтгэл ажил бүрэн хангагдаагүй, гүйцэтгэл удаашралтай төслүүдийн санхүүжилтийг 90 тэрбум төгрөгөөр бууруулсан. Үүнд, 22 төсөл хамрагдаж байна.
Энэ мөнгийг эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, эмнэлэг, лабораторийн үйл ажиллагаанд шаардлагатай байгаа зүйлсэд зарцуулна. Мөн эрүүл мэндийн салбарт цаашид хийх шаардлагатай болсон бүтээн байгуулалтын ТЭЗҮ зэргийг хийхэд шаардлагатай 8 тэрбум төгрөгийг тусгаж байна. Тэгснээр энэ жилийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал баталснаас 28 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тусгагдаж байна гэв.
Эдгээр асуудлуудыг тусгаснаар энэ жилийн батлагдсан төсөв хэрхэн өөрчлөгдөж буйг танилцууллаа.
2021 оны төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар тооцож, баталсан бол тодотголоор 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдсэнээр, нийт алдагдал 3.6 их наяд төгрөг болж, ДНБ-д эзлэх хувь 5.1 хувиас 3.7 хувиар нэмэгдэж, 8.8 хувь болж байна.
Сануулахад, 2021 оны төсвийн алдагдлыг 2020 оныхоос 2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөж, хуульчлан баталсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
3,6 трилион гэдэг чинь эрх баричгдын цавчааны төлөвлөгөө байхгүй юу. Бодит алдагдал үүнээс хэдэн арван хувь давна гэсэн үг.