Төсвийн тодотголоос онцлох гурван өөрчлөлт

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 02

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан энэ оны төсвийн тодотголоос онцлох гурван өөрчлөлтийг танилцуулж байна


 

Төсвийн алдагдлыг 3.7 их наядад хүргэнэ

 

Засгийн газраас цар тахлын үед төсвийн зарим шаардлагыг түр түдгэлзүүлэх нэрээр  томоохон өөрчлөлтүүд оруулж ирж байгаа. Үүнээс хамгийн их анхаарал татаж буй нь төсвийн алдагдал. Эдийн засаг сонирхогч, судлаачдын санааг зовоосоор ирсэн төсвийн алдагдал энэ удаагийн тодотголоор 3.7 их наяд төгрөгт хүрнэ. Энэ нь төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр байсныг даруй 3.7 хувиар огцом нэмэгдүүлэн 8.8 хувьд хүргэх томоохон өөрчлөлт болж байна. Одоо мөрдөгдөж буй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төвсийн алдагдлыг ДНБ-д эзлэх хувь хэмжээг  2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас хэтрүүлэхгүй заасан.

Улмаар 2023 оны төсвийн жилээс эхлэн ДНБ-ий хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсвэл ашигтай байхаар хуульчилсан байдаг. Тэгвэл тодотгол хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулснаар төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2020 онд 12.5 хувиас, 2021 онд 8.8 хувиас, 2022 онд 5.1 хувиас, 2023 онд 3.6 хувиас, 2024 онд 2.8 хувиас хэтрүүлэхгүй, 2025 оноос хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байхаар тусгажээ. Товчхондоо, нэгэнт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрчихсэн төсвийн алдагдалд хуулийг нь нийцүүлж батална гэсэн үг.  УИХ-аас  өнгөрсөн онд 2021 оны төсвийн  алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төлөвлөж, хуульчилж өгсөн. Засгийн газар ийм хэмжээний алдагдал хүлээх үүрэг хүлээсэн бөгөөд хуулийн төслийн танилцуулгаас харахад, бүх зүйлд цар тахал буруутай ажээ.   

Өрийн таазыг 70 хувьд хүргэж өндөрсгөнө

 

Төсвийн тодотголд тусгасан дараагийн нэг анхаарал татах зүйл бол Засгийн газрын өр. Цар тахлын хугацаанд огцом нэмэгдсэн Засгийн газрын өрийн хэмжээг Төсвийн тогтвортой байдлын хуулиар мөн хязгаарлаж өгсөн байдаг.  Тус хуулийн дагуу Засгийн өрийн үлдэгдлийн ДНБ- эзлэх хувь хэмжээг 2020 онд 70, 2021 оноос эхлэн 60 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Гэтэл  Засгийн газрын өрийн үлдэгдэл 2019 оны жилийн эцсийн байдлаар 24.2 их наяд төгрөг буюу ДНБ-ний 55.1 хувьд хүрээд байсан бол 2020 оны жилийн эцсийн байдлаар 27.9 их наяд төгрөг буюу  ДНБ-ний 62.3 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан хэмжээнээс хэдийнэ давж гараад байгаа. Энэ нь УИХ-аас 2020 оны найдугаар сард  “Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай” хуулийг баталж, Засгийн газрын өрийг удирдлагагүй болгосонтой холбоотой. Уг хууль хэрэгжсэн хугацаанд Засгийн газрын гадаад өр гэхэд л 1.1 тэрбум ам.доллароор өсөөд байгаа. Улмаар Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл ДНБ-ий 2021 онд 61.3 хувь, 2022 онд 63, 2023 онд 59.7, 2023 онд 54.5 хувьтал тэнцэх  төлөв гарчээ. Өрийн хэмжээ ийн өссөнөөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Засгийн газрын өрийн тухай төсвийн тусгай шаардлага шууд зөрчигдөж эхэлсэн. Тэгвэл Засгийн газрын өрийн дээд хязгаарыг  ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2021, 2022 онд 70 хувиас, 2023 онд 65 хувиас, 2024 онд 60 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн хийхээр зэхэж байна. Төсвийн тодотголын танилцуулгад дурдсанаар, Засгийн газрын дотоод өр 2020 оны жилийн эцсийн байдлаар 4.1 хувь, гадаад өр 89.1 хувь, баталгаа болон концесс 6.8 хувийг эзэлж байгаа аж. Мөн Засгийн газрын гадаад үнэт цаасны үлдэгдэл есөн хувиар, гадаад зээлийн үлдэгдэл 47.3 хувиар өсжээ. Монгол Улс  2022-2024 онд 2.3 тэрбум ам.долларын гадаад өр төлөх хуваарьтай байна. 

 

Төсвийн орлого, зарлагыг тус бүр хоёр их наяд орчмоор нэмэгдүүлнэ

 

УИХ-аас 2021 оны төсвийн орлогыг 11.8 их наяд төгрөг, зарлагыг 13.9 их наяд байхаар баталсан. Харин энэ удаагийн төсвийн тодотголд орлогыг 13.7 их наяд, зарлагыг 15.8 их наяд тэрбум төгрөг байхаар төсөөлсөн байна. Орлогоо нэмэгдүүлэхдээ уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтөд ихээхэн найджээ.  Ингэхдээ нүүрсний экспортын бууралтыг зэсийн үнийн өсөлтөөр нөхнө гэж итгэж байгаа бололтой. Тухайлбал, зэсийн үнийг 9,000 ам.доллароос дээш хадгалагдана. Улмаар зэсийн үнийн өсөлтөөс төсөвт орох орлого 572.1 тэрбум төгрөг нэмэгдэхээр  тооцсон байна.  Үүнээс Төсвийн тогтворжуулалтын санд 261.6 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 68.5 тэрбум төгрөг, улсын төсөвт 242 тэрбум төгрөг хуваарилна тодотголд тусгажээ. Дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлэн тогтмол өсөж байгаа. БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт, Өмнөд Америкийн зэсийн томоохон уурхайнуудад ажил хаялт зарласан зэрэг нь үүнд нөлөөлсөн. Энэ оны эхний таван сард зэсийн үнэ тонн тутамд дунджаар 8,967 ам.долларт хүрээд байгаа. Тэгвэл оны эхэнд биет хэмжээгээр өсөлттэй байсан нүүрсний экспортын зургаадугаар сарын дундаас таг зогссон.  БНХАУ-ын талаас нүүрсний экспортын гол боомтуудаар нэвтрэх автомашины тоог хязгаарласнаар улсын төсөвт тусгасан 42 сая тонныг экспортлох өөдрөг төсөөлөл замхарсан гэж болно. Нүүрсний экспортын биет хэмжээ төлөвлөснөөс 13.3 сая тонноор буурах урьдчилсан тооцооллыг дагаад  төсвийн орлого 368  орчим тэрбум төгрөгөөр буурна гэж тодотголын төсөлд дурдсан байна. Уг нь энэ оны батлагдсан төсөвт олон улсын зах зээл дээрх зэсийн үнийг тонн нь 6.500 ам.доллар, нүүрсний үнийг 89-125 ам.доллар байхаар тооцож, 3.4 их наяд гаруйн орлого төвлөрүүлэхээр баталсан. Биет хэмжээний хувьд зэсийн баяжмалын экспортыг 1,438 мянган тонн, нүүрсний экспортын биет хэмжээг 42 сая тоннд хүрнэ гэж тооцож байлаа.  Харин төсвийн зарлага талдаа хүүхдийн мөнгө, албан газар, айл өрхүүдийн ус тогны төлбөрийн чөлөөлөлт тэргүүтэй халамжийн бодлогууд үргэлжилнэ. Засгийн газарт төсөвт иргэдийн орлогыг хамгаалж, эдийн засгаа дэмжих чиглэлээр 618.9 тэрбум төгрөгийг тодотголоор нэмж тусгах шаардлага тулгарсан. Өнгөрсөн сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүүхдийн  100  мянган төгрөгийн тэтгэмжийг энэ оныг дуустал олгохоор шийвэрлэсэн.  Энэхүү арга хэмжээнд нийт 576 тэрбум төгрөг нэмж  зарцуулна. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр үргэлжлүүлэн олгосноор халдварын тоо өндөр байх магадлалтай ирэх саруудад бага болон дунд орлоготой өрхүүд орлогын ядууралд өртөхөөс хамгаалагдах болно гэж үзсэн байна. Энэ нь худалдан авалтаар дамжин дотоодын бараа, үйлчилгээний борлуулалт нэмэгдэх, бизнесүүд хэвийн үйл ажиллагаа явуулах, татварын орлого төлөвлөсөн хэмжээнд хүрч бүрдэх зэрэг эерэг нөлөө үзүүлэх гэнэ. Мөн 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд  тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгохоор болж байгаа. Халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188 мянган төгрөгийг энэ оныг дуустал 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн өгнө зэрэг халамжийн арга хэмжээнүүдийг тодотголд тусгажээ. Үүнээс гадна төсөвт маш өндөр ачаалал авчирч байгаа соёлын төв, хөшөө дурсгал гэх мэт нийт 1.6 их наяд гаруй төгрөгийн 1106 төсөл, арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top