Н.Алтантөгс: Өнөөдрийнх шиг ийм сайн харилцаа Монгол, Хятадын түүхэнд байгаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 04

Монголын түүхэнд урд хөршийн үзүүлсэн нөлөө их бол Хятадын түүхэнд монголчуудын үзүүлсэн нөлөө бүр ч их ээ. Түүхийн буурал навтаргад мөнхийн хоёр хөрш болсоор ирсэн хоёр улсын харилцаа өнөөг хүртэл ямархан өрнөж, хэрхэн хөгжиж, нэг нэгэндээ хэрхэн нөлөөлж ирсэн талаар түүхийн ухааны доктор Н.Алтантөгстэй ярилцлаа.


 

-Мөнхийн хөрш Монгол, Хятад улсын харилцаа хэдэн мянганы түүхтэй. Энэ түүхийн эхлэл болоод өнөөг хүртэлх хөгжлийн талаар яриагаа эхэлье?

-Монгол, Хятад хоёр үндэстэн эртний хөршүүд. Төр улс байгуулсан үеэсээ эхлэн хоорондоо худалдаа хийх, дайтах, найрамдах зэргээр харилцаж ирсэн. Монголын өвөг дээдэс Хүннү улсын шаньюй Хятадын Хань улсын Хуандитай байлдан ялж, Хүннү улсад давуу тал олгосон Энх ургийн гэрээ байгуулж, хоёр улсын хилийг Урт цагаан хэрмээр тогтоосон нь хоёр улсын одоогоор мэдэгдэж буй хамгийн эртний төрийн харилцаа юм. Түүнээс хойш 2000 гаруй жилийн турш Монголын Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Хятан, Их Монгол Улс, түүний дараах Монголын хаант улсуудын үед Монголын ба Хятадын төр улсууд ямагт тасралтгүй харилцсаар ирсэн.

Үүнээс гадна табгач сяньбигийн Вэй улс, Хятаны Их Ляо улс, Монголын Их Юань хэмээх Их Монгол Улс гэсэн эзэнт улсуудын үед монголчууд бүх Хятадыг буюу эсвэл умард Хятадыг эзлэн түрэмгийлж, дарангуйлан захирч байсан түүхтэй. Харин Хятадын төр улсуудын хувьд Монголыг бүхэлд нь эзэлж байсан удаагүй. Манж үндэстний байгуулсан Дайчин улсын тухайд Монгол, Хятад, Солонгос, Төвд, Хотон зэрэг Зүүн Азийн улсуудыг эзлэн дагуулж хүчирхэг эзэнт улс байгуулсан. Дайчин улсын үед Монгол ба Хятад нь адилхан Манж үндэстний төрийн харьяанд оршин байж, хоорондоо Дайчин улсын харьяат хүний ёсоор, Дайчин улсын хуулийн хүрээнд харилцан худалдаа эрхэлж байв. Энэ үед Дайчин улсын төр өөрийн дарангуйлан захирч байсан хятад мужуудад гардаг байсан олон тооны бослогыг монгол цэргийн хүчээр дардаг байв. ХХ зуун гараад Манж үндэстний Дайчин улс мөхөхөд тусгаар байдлаа олсон Монгол, Хятадын харилцаа ээдрээтэй өрнөж, заримдаа тасарсаар 1949 онд БНХАУ байгуулагдсанаас хойш хоёр улс харилцан нэгнээ хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоон найртай хөршийн ёсоор харилцаж өнөөг хүрсэн.

-Түүхэнд гарсан ээдрээтэй харилцаа хийгээд түүнээс үүдсэн гашуун түүх их олон байх?

-Манай хоёр улс олон мянган жил айл хөрш оршиж ирсэн тул сайн, муу янз бүрийн харилцаатай байж ирсэн. Түүхийн турш Монгол, Хятадын төр улсуудын хооронд асар их дайн тулаан өрнөж байсны хажуугаар бас дайнгүй үедээ их хэмжээгээр худалдаа хийдэг байсан. Монгол, Хятадын хамгийн сайн харилцаатай үе гэвэл өнөө үеийг л гэж хэлнэ дээ. Өнөөдрийнх шиг ийм сайн харилцаатай байсан үе Монгол, Хятадын харилцааны түүхэнд байгаагүй. Харин хамгийн муу харилцаатай байсан үеийн тухайд түүхийн турш манай хоёр улс харилцан олон удаа харгис ширүүн дайн тулаан хийж ирсэн, алийг нь хамгийн муу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Бүгд л муу харилцааны жишээ л дээ.

-Хоёр улсын түүхэн харилцаа ямар, ямар үе шаттай байсан бэ?

-Хамгийн ерөнхийд нь авч үзвэл нэгдүгээрт, нийтийн тооллын өмнөх III зуунаас эхлэн ХХ зууны эхэн үе хүртэлх эрт, дундад үе ба шинэ үеийн эхэн үеийн харилцаа, хоёрдугаарт, 1911 оноос 1949 он хүртэлх Монгол улс ба Дундад Иргэн Улсын харилцаа, 1949 оноос өнөөг хүртэлх Монгол, Хятадын харилцаа гэж үечилж болох юм.

-Хятад улсын улс төр, түүх, шашин соёлын өв санд монголчуудын оруулсан хувь нэмэр хэр байдаг вэ, хятадын олон үндэстэнг монгол хаад нэгтгэж байсан ч гэдэг шүү дээ?

-Монголчуудын өвөг дээдэс хятадын улс төр, түүх, шашин, соёлын өвд гүнзгий ул мөрөө үлдээсэн. Энэ нь ялангуяа Умард Хятадын соёлд тодорхой харагддаг. Монголчуудын өвөг дээдэс табгачийн Вэй улс, хятаны Ляо улсуудын үед Умард Хятадыг эзлэн авч, Умард Хятадын хэл, шашин, төрийн ёсонд өөрсдийн гүн ул мөрөө үлдээсэн. Вэй улсын үед табгач сяньбичууд Хятадад бурханы шашин ихээр дэлгэрүүлсэн нь өнөөдөр Хятадын голлох гурван шашны нэг болтлоо хөгжжээ. Хятаны Ляо улсын үеэс хойш Умард Хятадад нийслэл байгуулах уламжлал тогтож, үүнийг нь Монголын Их Монгол Улс, Манжийн Дайчин улсууд залгамжлан эзэнт улсын нийслэлээ Бээжин хотын орчим буюу шууд Бээжин хотноо байгуулж байснаас шалтгаалж өнөөгийн Бээжин хот Хятадын нийслэл болж үлдсэн. Угтаа хятадын төрийн уламжлалаар бол хятадад байгуулагдсан төрийн нийслэл нь Шар мөрний дунд урсгалаар, Чан-ань буюу Лоян, эсхүл Нанжин зэрэг төв ба өмнөд хэсэгт байрладаг байсан. Өнөөгийн Хятад улс Бээжинд нийслэлж буй явдал бол цэвэр монголчуудаас үлдэж хоцорсон уламжлал юм. Хятад анхандаа олон үндэстэн байсан нь үнэн, Цинь улсын Цинь шихуан гэдэг хуанди анх тэр олон үндэстнийг хүчээр нэгтгэж байсан.

Түүнчлэн хятад хэлэнд монгол гаралтай олон үгс бий. Тухайлбал, хятад хэлний өртөө гэсэн утгатай жан гэдэг үг нь Их Монгол Улсын үеийн зам гэдэг үг болохыг судлаачид нэгэнт тогтоосон. Хятадын зарим нутгийн аялганд орос үгийг монгол хэлээр дамжуулан авсан бололтой үгстэй ч таарч байсан. Бидний палааж гэж хар ярианд хэрэглэдэг даашинзыг заасан үг угтаа орос хэлний платье гэдэг үгийн хувирсан дуудлага атал Зүүн Хойд Хятадын хар ярианд даашинзыг па-ла-жи гэж хэлж байхыг сонссон. Энэ нь монгол хэлээр дамжуулан авсан байж болохыг харуулж байгаа юм. Мөн хятад хэлэнд орос гэхийг ө-луо-сы гэдэг. Энэ нь россия, русь гэдэг үг орос хэлнээс хятад хэлэнд шууд орсон биш, харин эхлээд монгол хэлэнд орос гэж хувираад, улмаар монгол хэлнээс хятад хэлэнд ө-луо-сы хэмээн орсныг харуулна. Иймэрхүү жишээ олон бий. Мэдээж хөрш улсуудын хооронд соёлын нэвтшил зохих хэмжээнд явагддаг нь хаа газар байдаг үзэгдэл дээ. Монгол хэлэнд ч хятад үг олон бий.

-Хятадад Монголын түүхэн шашдир, үнэт соёлын өвүүд асар их бий. Өдгөө хүртэл Хятадын түүх мэт музейд хадгалагдаж байдаг нь харамсалтай?

-Хятадад Монголын түүхэнд холбогдох соёлын өв их бий. Энэ нь олон шалтгаантай. Эн тэргүүнд өнөөгийн Хятад улсын нутаг дэвсгэрт Монголын түүхэн нутаг дэвсгэрийн томоохон хэсэг болох Урт цагаан хэрмээс хойш орших ӨМӨЗО, Хөх нуур, Шинжаан зэрэг газар харьяалагддаг учраас Монголын түүхийн археологийн болоод бичгийн дурсгалуудын томоохон хувь нь хуучин Монголынх байсан тэр газруудад байдаг. Мөн нөгөөтэйгүүр, Монголын Их Юань зэрэг зарим эзэнт улс Умард Хятадыг эзлэн авч хаад нь хятадыг дарлан суухдаа тэнд Монголын түүхэнд холбогдох асар их соёлын өвийг үлдээсэн бий. Бидний бахархал болсон Монголын нууц товчооны анхны эх Бээжингээс олдсон шүү дээ.

-Хятадаас Монгол судлаачид хэр их байдаг вэ, тэдний судалгааны бүтээлүүд хийгээд Монголын түүхэн бүтээлд оруулсан хувь нэмрийг  дурдвал?

-Хятадын монгол судлалыг ӨМӨЗО-ы судлаачид тэргүүлдэг. Өвөр Монголын монгол судлаач эрдэмтдийн хийж бүтээж буй бүтээлүүд ихэвчлэн эрт ба дундад үеийн түүх, монгол хэл, монгол соёл, монгол урлагийн тухай судалгаанд чиглэдэг. Бээжин хот дахь Төвийн Угсаатны Их Сургуульд монгол судлалын нэлээн том төв байдаг. Түүнээс гадна Хятадын нийгмийн шинжлэх ухааны академи судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиудад монгол судлалын төвүүд ажиллаж буй.

Тэдний ихэнх нь орчин үеийн Монгол Улсын улс төр, эдийн засгийн байдлыг Орос-Хятадын харилцаатай нягт уялдуулан судалдгаараа онцлогтой. Харин Монголоос мэргэжлийн түүхчид Хятадад очоод сурч буй нь тун цөөхөн. Хятадад түүхээр сурч буй магистрант, докторантуудтай уулзахаар ихэнхдээ түүхч биш, өөр мэргэжлийн хүмүүс байдаг юм. Миний мэдэхээр Түүхийн хүрээлэнгээс нэг докторант сурч байгаа, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн нэг судлаач саяхан Хятадад доктор хамгааллаа.

-Хятадын соёлын нөлөө буюу Монголд оруулсан түүхэн гавьяаг онцолбол?

-Хятадын соёлын нөлөө түүхийн турш монголчуудад бага хэмжээнд жигд үйлчилсээр ирсэн онцлогтой. Монголчууд хятадтай худалдаа хийж, цай, даавуу, торго зэрэг тариалангийн иргэншлийн бүтээгдэхүүнүүдийг олон зуун жил худалдан авч хэрэглэж ирсэн. ХХ зуунд Монголын хоолны соёл, ахуйн үйлчилгээний салбарт хятад гуанзууд болон хятад гуталчид чухал хувь нэмэр оруулсан. Хятадын урлагийн зах зээлд ардын дуу, хөөмий, морин хуур зэрэг монгол соёлын элементүүд зарим талаар урлагийн брэнд болтлоо алдаршсан нь монгол соёл дэлхийд гарахад их хувь нэмэр болж байгаа.

-Хоёр улсын эдийн засаг, зах зээлийн харилцаа түүхийн туршид байсаар ирсэн. Нэг нэгнээ нөхөж ирсэн эдийн засгийн харилцааны ач холбогдлын талаар ярина уу?

-Хөрш хоёр улсын харилцааг худалдаагүйгээр төсөөлшгүй юм. Монголчуудын хувьд үйлдвэрлэл өнөөг хүртэл хөгжөөгүй учраас чухал хэрэгцээт үйлдвэрийн барааг ихэнхдээ Хятадаас авсаар ирсэн. Хятадын хувьд малаар ядмаг учир түүхийн турш монголчуудаас адуу голцуу худалдан авч, газар тариалан болон тээвэрт ашиглаж ирсэн түүхтэй. Гэхдээ монголчууд хамгийн чухал зүйлсээ хятадаас авдаггүй, өөрсдөө хийдэг байсныг дурдах хэрэгтэй. Үүнд төмөрлөг боловсруулалт орно. Аль хүрэл зэвсгийн үеэс эхлээд монгол нутагт амьдрагчид дундад зууны төгсгөл хүртэл төмөрлөгөө өөрсдөө боловсруулж, зэр зэвсгээ өөрсдөө хийдэг байсан. Харин өнөөдөр бид төмөрлөгөө боловсруулж багажаа хийж чадахаа больсон. Өнөөгийн тухайд нүүрс, зэс, мод, алт, төмөр гээд байгалийн баялгаа урагш нийлүүлж эдийн засгаа хөгжүүлж байна.

-Хоёр хөршийн цаашдын бодлогыг түүхч хүний хувьд хэрхэн зураглаж байна вэ?

-Одоо хөгжиж буй түүхэн дэх хамгийн сайн харилцаа цаашид хэсэг хугацаанд тогтвортой хадгалагдах болов уу. Хятадын хувьд энэ харилцааг хэвээр хадгалах, улмаар хоёр улсын хооронд соёл, боловсрол, шинж­лэх ухааны харилцааг илүү түлхүү хөгжүүлэхийг эрмэлзэх байх.

Монголын хувьд Хятадтай тогтоосон эдийн засгийн харилцаагаа онцлон чухалчилж, илүү хөгжүүлэхийг эрмэлздэг байдал хэвээр байх болов уу. Гэвч манай хоёр улсын харилцааг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл бол Орос-Хятадын харилцаа хэвээр байх болно.

-Цар тахлын улмаас урд хөрш хилээ хаасан, гэхдээ манайд вакцин, бүтээн байгуулалтын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж гэх мэт хөрөнгө оруулалтыг өгсөөр байна. Цар тахлаас улбаалаад дүгнэхэд манай улс орны аюулгүй байдал, хэтийн төлөв ямар нөхцөлтэй тулгарч болзошгүй мэт санагддаг вэ?

-Хятад улс манай хамгийн том хандивлагчдын нэг. Гэхдээ хөнгөлөлттэй зээл түлхүү олгохыг эрмэлзэж ирсэн. Хятадын зүгээс хөрш улсууддаа хандан явуулдаг бодлого нь хариуцлагатай их гүрний шинжийг улам бүр олсоор байна. Энэ нь ч манай улсад зохих үр дүнгээ өгч байгаа. Цар тахлын үеэр Хятад улсаас манайд үзүүлсэн зарим тусламж нь үүнийг зарим талаар илэрхийлэх юм. Гэвч цар тахлын нөлөөлөл нь бас Монголыг хаагдмал улс гэдгийг бидэнд ахин сануулж байна. Хэрэв харилцаа холбооны систем байхгүй бол бид хоёр хөршийг дамжихгүйгээр гадаад ертөнцтэй шууд харилцах ямар ч гарц байхгүй гэдгийг цар тахал тодорхой харууллаа. Хэрэв ирээдүйд дэлхийг хамарсан өөр том хямрал, эсвэл их дайн дэгдвэл бид ямар түгжигдмэл нөхцөлд амьдрах ёстой болохыг одоо байгаа байдлаар төсөөлж болох юм. Манай ХХ зууны түүхээс үзэхэд хаагдмал байдал нь аль нэг хөршийн хэт давамгайллыг үүсгэх боломжийг агуулж байдаг учраас бидний хувьд одоо энэ цар тахлын хязгаарлалтууд нь манайд аль нэг хөршийн нөлөө хэт давамгайлах тун эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байна гэж миний хувьд харж байна.

-Өвөрмонголчуудын бичиг үсгийн асуудал дээр манайхан эмзэглэн хүлээж авсан бөгөөд монгол бичгээ төрийн бичиг болгохоор зорьж байгаа. Таны хувьд энэ тал дээр хэрхэн хүлээж авсан бэ?

-Юуны өмнө энэ бол Хятад улсын дотоод асуудал учраас манай улсын төрийн байгууллагууд ямар нэг байр суурь илэрхийлээгүй нь зүйтэй болсон. Харин монгол хүний хувьд энэ бол тэвчиж болшгүй соёлын геноцит юм. Миний хувьд энэ явдлыг эрс эсэргүүцэж, үзэл санаа нэгт нөхдийн хамт өнгөрсөн намар МУИС-ийн II байрны гадаа жагсаалд оролцож, ӨМӨЗО дахь монгол хэлний сургалтыг хадгалж үлдээхийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн шүү. Өвөрмонголчууд маань том гүрний хууль дор хүчин мөхөстөж байна. Бид монгол бичгээ төрийн бичиг болгох нь зүйн хэрэг бөгөөд биднээс маш их хичээл зүтгэл шаардагдах боловч бид үүнийг заавал хийх ёстой.

-Түүхэндээ хоёр улсын эв найрамдалт хамтын харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулсан ямар хүн байдаг вэ?

-Монгол, Хятадын найрамдалт харилцаанд хамгийн их хувь нэмэр оруулсан хүн бол Ю.Цэдэнбал гэж хувьдаа бодож явдаг. Өнөөгийн Монгол, Хятадын боловсрол, соёл, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын харилцааны суурь Ю.Цэдэнбалын үед, түүний идэвхтэй зүтгэл, санаачилгаар тавигдсан. Хамгийн гол нь Улаанбаатар-Жининий төмөр замыг барьж байгуулах ажлыг Монголын талаас Ю.Цэдэнбал оролцон Сталин, Жоу Эньлай нартай хэлэлцэж, гарын үсэг зурж, улмаар бодит ажил болгосон бөгөөд өнөөдөр ч Монгол-Хятадын харилцааны гол судас нь Ю.Цэдэнбалын үед байгуулсан төмөр зам хэвээр байгаа нь бахдууштай.

-Түүхч хүний хувьд хоёр улсын найрамдалт харилцааны тухайд юу хүсэж мөрөөдөж, бүтээн цогцлоогоосой гэж хүсдэг вэ?

-Хятад бол бидний мөнхийн хөрш юм. Манай улс хятад судлалын эртний уламжлалтай улс. Бид хөршөө байнга, тасралтгүй судалдаг байх хэрэгтэй. Гэтэл дэлхийд хятад судлалын хүрээлэнгүй бараг ганц улс нь манайх болж байх шиг байна. Хятад судлалыг дагнан эрхэлдэг, гадаад улсаас санхүүжилт авдаггүй, зөвхөн дотоодын хөрөнгөөр санхүүжиж судалгаа хийдэг тийм хятад судлалын төв буюу хүрээлэн бий болгоосой гэж хүсдэг дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ввв(202.126.89.177) 2021 оны 07 сарын 06

Муу хэлээд байгаа улсууд жоохон бодолтой байна байгаа! Хөрш улсуудынхаа хэл соёл, уламжлалыг судлахгүйгээр зөв бодлого явуулж чадахгүйг ойлгоцгоо. Сайн муу ямар бодлого явуулж байгаа, юун тухай ярилцаж байгааг тухайн улсын хэлээр юу гэж байгааг энэ судлаачид л зөв зааварлаж хэлж өгнө.\nХятадууд Монголд суух элч төлөөлөгчид өө монгол хэл сургаж бас хэдэн жил ахуйтай нөхцөлтэй дасгаж сургаж байж илгээдэг гээдгийг бодоцгоо тунгаацгаа!!!\nОдоо суугаа элчин монгол хэлээр ямар сайн ойлгож ярьж байгааг мэдэж байгаа биз дээ?! Гэтэл манай ГХЯам ямар нөхдүүдийг элчингээр томилж байгааг хар!!!

1  |  0
Зочин(64.119.23.99) 2021 оны 07 сарын 04

Зүгээр л байцгаая. Бие биенээ хүндэтгээд. Аль ч ард түмэн энэ бөмбөрцөгт байх өөрийн эрхтэй. Бид шийдэх юм биш.

0  |  0
Заагч(202.9.46.243) 2021 оны 07 сарын 05

Хар вирус хятадын пиарчин юмуудаа.

1  |  1
zochin(49.106.188.143) 2021 оны 07 сарын 05

ene gonjgor tharai uvaagui uvgun chig nuhur magtaad bga yum u yagaad

1  |  2
Top