“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж байгаа билээ.
Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд “Жайка” олон улсын байгууллагын “Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөөний төсөл”-ийн дэд ахлагч Нишия Мицүо оролцлоо.
Тэрбээр “Манай төсөл өнгөрсөн жилээс эхэлсэн. Монголын хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө юм. Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хийхийн тулд бид бүхэн хэд хэдэн туршилтын үйл ажиллагааг зохион явуулсан. Бодитойгоор хэрэгжих боломжтой зүйлсийг шигшиж авч, мастер төлөвлөгөөгөө зохиохоор төлөвлөж байна. Орон нутаг, тухайн бүс нутгийн онцлогт тохирсон жижиг төлөвлөгөөнүүдийг хийсэн. Үйлдвэрлэгчдээс хэрэглэгчид хүртэлх өртгийн сүлжээг хэрхэн амжилттай хийх вэ гэдэгт голлон анхаарсан. Хөдөө аж ахуйн салбарын бүх оролцогчид хамтарч илүү сайн төлөвлөгөө хийе гэсэн бодолтой байна.
Өнгөрсөн жил ковидоос хамаараад төслийн хүрээнд дорвитой зүйл хийгдээгүй. Тиймээс төслийн хугацааг нэг жилээр сунгаж, 2023 оны намар хүртэл үргэлжлүүлэх байх. Монгол Улсын аймаг бүрээс өөр өөрсдийнхөө онцлогоос хамаарсан санал дэвшүүлсэн байдаг. Тэндээс хэд хэдэн саналыг сонгон авч, урьдчилсан байдлаар төлөвлөгөө хийж үзье гэж буй юм.
Энэ удаагийн форумтай холбогдуулан авч үзэхэд, ямар бүтээгдэхүүн оролцуулж, хэрхэн борлуулах вэ гэдэгт чиглэн анхаарсан. Шаардлагатай зүйлсэд бидний зүгээс дэмжлэг үзүүлэх байр суурьтай ажиллаж байгаа.
Монгол Улс импортод тулгуурлах хандлага их байдаг учраас, импортыг орлох бүтээгдэхүүн юу байж болох вэ гэдэг талаас анхаарч байна. Жишээлбэл, чацаргана, тосны ургамал, рапсны тос, хонь, ямаатай холбоотой бүтээгдэхүүнийг энэ форумд холбогдуулан тайлбарлая.
Японы зах зээлд хүнсний импорт дээр шалгалт хатуу байдаг. Малын шүлхий өвчин зэргээс сэргийлдэг. Тэмээ, ямааны мах гаргахад нөхцөл байдал хүндрэлтэй учраас хүнсний бүтээгдэхүүн биш амьтанд зориулсан хоол гэсэн чиглэлээр гаргавал арай боломжтой гэж үзсэн.
Тухайлбал, ямааны шийр нийлүүлэх боломж байна. Монголд эхний ээлжийн боловсруулалтыг хийж, Японы компанид борлуулаад, тэнд боловсруулалт хийн эцсийн бүтээгдэхүүн нохой, муурны хоол болгох боломж байна. Адууны мах биш шөрмөс, яс, дотор эрхтэн зэргийг ч ашиглаж амьтны хоол хийх боломжтой гэж үзэж байна.
Мөн рапсны тосны талаар хэлмээр байна. Энэ удаагийн экспод Mind Tech гэж компани тосны ургамлыг ашиглаж, бүтээгдэхүүн хийж байгаа талаар танилцуулж байсан. Би өнгөрсөн сард энэ компанийн хүмүүстэй уулзаж ярилцсан. Гадаад руу бүтээгдэхүүнээ экспортлох сонирхолтой байсан. Бидний зүгээс маш их үнэ цэнтэй санаа байна гэж үзсэн гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )