ЦАХИМ ФОРУМ: Бүргэдчин охиноор танигдсан Баян-Өлгийн БРЭНДҮҮД

2021 оны 07 сарын 01

“Монгол, Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээ зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулагдаж  байгаа билээ.

Цахим форум, үзэсгэлэн өнөөдөр (2021.07.01) “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид Японы бизнес эрхлэгчидтэй хийх цахим уулзалт”-аар үргэлжлэн зохион байгуулагдаж байна.

 

Өнөөдрийн арга хэмжээнд Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтэн С.Лара оролцож, танилцуулга,  мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр “Баян-Өлгий аймаг Монгол Улсын баруун хэсэгт оршдог, 13 сум, нэг тосгон,  97 багтай. Газарзүйн байршлын хувьд таатай буюу хойд талаараа ОХУ-тай, баруун талаараа БНХАУ-тай, зүүн хойд талаараа Увс аймаг, зүүн урд талаараа Ховд аймагтай зэрэгцэн оршдог. Улаанбаатар хотоос хамгийн хол буюу 1709 км-ийн зайд оршдог, 105.853 хүн амтай” гэж мэдээллийн эхэнд дурдлаа.

Алт, мөнгө, гянтболд, төмрийн хүдэр зэрэг байгалийн нөөц баялагтай. Дэлхийд ховор эмийн ургамал, ан амьтан, жигүүртэн шувуудтай. Сүүлийн жилүүдэд ган, зуд багатай таатай орчинд малын тоо толгой өсөж байгаа. Сүүлийн таван жилд малын халдварт өвчин бүртгэгдээгүй, ногоон бүс нутаг юм. Мал аж ахуй хамгийн гол салбар. Мах махан бүтээгдэхүүн боловсруулах 10 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг.  ОХУ, БНХАУ, Казахстан, Иран зэрэг улс орнуудад мах экспортолдог.

Аялал, жуулчлал, үйлчилгээний салбар сайн хөгжсөн. Хатгамал эдлэл, орон нутгийн онцлог бүхий брэнд бүтээгдэхүүнүүд, сүү цагаан идээ зэргийн үйлдвэрлэл сайн явагддаг. Баруун бүсийн хамгийн томд тооцогдох ноос угаах, самнах  үйлдвэр манай аймагт үйл ажиллагаа явуулдаг. Европын холбооны улсууд руу угааж, самнасан ноосоо гаргадаг.

Баян-Өлгий аймгийг бүргэдгүйгээр төсөөлөх боломжгүй. Н.Айшолпан охин Баян-Өлгий аймгийг бүргэдээрээ таниулсан. Томоохон арга хэмжээнүүд Баян-Өлгий аймагт болдог.

Манай аймгийн үйлдвэрлэгчид өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн гаргаж байгаа. Чацаргана, каз, зөгийн бал, сүү,  цагаан идээ гээд нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн, зах зээлд гаргаж байна.

Аймгийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг аялал жуулчлалын салбар гэж үздэг. Жилд 6000 гаруй гадаад, 15.000 гаруй дотоодын жуулчид ирдэг. Монгол Улсад аялаж буй жуулчдын 5-8 хувь нь Баян-Өлгий аймагт аялдаг.

 

Баян-Өлгий аймаг өөрийн унаган төрхөө хадгалсан, 7 гайхамшиг гэж нэрийддэг газруудтай.

 

  • Мөнх цаст Цамбагарав уул
  • Найман мянга гаруй жилийн түүхтэй Бага Ойгарын Цагаан салаагийн хадны 10 мянга гаруй сүг зураг
  • Толбо нуур
  • Потанины мөсөн гол
  • Монголын Швейцар гэгддэг Бага түргэний хүрхрээ
  • Ёлтын сав газар
  • Алтай таван богд байгалийн цогцолбор газар

 

Монгол, Японы түншлэлийн үзэсгэлэнгийн хүрээнд манай аймгаас “Бест Алтай”, “Баян Булаг Өлгий”, “Алтайн оймс”, “Golden eagle tour”, “Kenjedara” гэсэн таван аж ахуйн нэгж оролцож байна.

“Алтайн оймс” компани орон нутагт угааж, самнасан ноосоор бүтээгдэхүүнээ хийдэг. Жилдээ 50-100 мянган хос оймс хийх боломжтой. “Баян Булаг Өлгий” нөхөрлөл нь цэвэр зөгийн бал, зөгийн лав, цэцгийн тоос зэргийг  үйлдвэрлэдэг.  “Kenjedara” компани мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жилээс лаазалсан болон хатаасан загасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. “Golden eagle tour”, "Бест Алтай”  компаниуд бол аялал жуулчлалын томоохон компаниуд. Олон төрлийн аялалыг жуулчдад санал болгодог.  Эдгээр компаниуд Японы бизнесүүдтэй хамтран ажиллах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэхэд нээлттэй байгаа гэлээ.




 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top