Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнгөрсөн баасан гарагт (2021.07.02) 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Төсвийн тодотголын төсөл ерөөсөө л ковидын эсрэг зарцуулагдана гэсэн концепцитэй хийгдсэн” гэж онцолж буй ч ковидын хүнд хэлбэрээр өвчилсөн, өвчлөх эрсдэлтэй байгаа иргэдийнхээ амь насыг хамгаалахад нэн шаардлагатай байгаа уушгины аппарат зэрэг шаардлагатай зүйлсдээ дорвитой анхаарал хандуулахгүй байна гэсэн шүүмж дагаж буй.
Тодотголын төсөл хуульчлагдан батлагдсанаар 1.5 их наяд төгрөгийн зардал нэмэгдэж, төсвийн нийт алдагдал 3.6 их наяд төгрөг болж, ДНБ-д эзлэх хувь 5.1 хувиас 3.7 хувиар нэмэгдэж, 8.8 хувь болж өсөхөөр байгаа.
Тэгвэл төсвийн зардал ийм хэмжээгээр нэмэгдэхээр ид хэлэлцэгдэж байгаа үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны гишүүдэд төсвийн тодотголын төсөлтэй холбоотойгоор асуух асуулт гарсангүй. Тодотголын төслийн ус шүүсийг сайн шахсан гэж үзэж буй бололтой.
Тодруулбал, тус байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа төслийн танилцуулгыг хийхдээ, Монгол Улсад цар тахлын дэгдэлт нэмэгдэж, урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлаас үүдэн, ард иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалахад чиглэсэн зайлшгүй шаардлагатай нэмэлт санхүүжилт хийж цаг үеийн шаардлага үүсэж байна. Иймд төсвийн тодотголын хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд нийт 735.1 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө болон халамжийн тэтгэмжийг он дуустал үргэлжлүүлэн олгоход 618.9 тэрбум төгрөг, Засгийн газрын нөөц санг 60 тэрбум төгрөгөөр, аймгийн Засаг даргын нөөц санг 20 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцсон гэдгийг тодотгохын зэрэгцээ төрийн байгууллагуудын төсвийн хэмнэлтийн хүрээнд урсгал зардлыг 132.9 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 90 тэрбум төгрөгөөр, гадаад зээлийн ашиглалтын зардлыг 60 тэрбум төгрөгөөр, нийт 282.9 тэрбум төгрөгөөр зардал танах бөгөөд эдгээр хэмнэгдсэн зардлыг Ковид-19 цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулах болно гэж байлаа.
Дээрх бодлогын арга хэмжээний үр дүнд Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн нийт орлого 13,7 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 15,7 их наяд төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 3,7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэхээр байна гэдгийг танилцуулгадаа дурдав.
Хуулийн төслийн талаар бусад Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороод эрхлэх асуудлын хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцсэн санал, дүгнэлтээ ирүүлснийг тус тус танилцуулсан.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын Ж.Чинбүрэн, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Ц.Даваасүрэн нараас гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалаа. Гишүүдийн зүгээс төсвийн төсөлд туссан төсөл арга хэмжээний байршил, нэр солихтой холбоотой санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олон тус тус дэмжив.
Ингээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Сэтгэгдэл ( 0 )