Дэлхийн хамгийн том одон орны төв Шанхайд нээгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 05

Дэлхий дээр хамгийн томд тооцогдох одон орны төв БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 18-нд нээгдэх гэж байна.

Пудун шинэ дүүрэгт байрлах энэ цогцолборын барилгын ажил 2016 оны арваннэгдүгээр сард эхэлжээ.  Гол барилга нь 38 мянган ам метр талбайг эзэлж байгаа бол цогцолбор бүхэлдээ 58.6 мянган ам метр талбайг хамарчээ. Төвийн албан ёсны нээлт болохоос өмнө сурвалжлагч, шинжээчдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөгийг хэдэн хоног үргэлжлүүлэн зохион байгуулж, байгууламжийн үйл ажиллагааг туршилтын журмаар шалгах гэнэ.

Одон орны төв нь үндсэн болон хэд хэдэн туслах байгууламжаас бүрдэнэ. Үүнд залуучуудын судалгааны төв болон олон нийтэд зориулсан од эрхэс ажиглах хоёр байгууламж зэрэг багтаж байна. Үзэсгэлэнгийн танхимд төрөл бүрийн солирын 70 орчим хэлтэрхий, Сар, Ангараг, Веста солирын үзмэрүүдийг дэлгэхээс гадна  Исаак Ньютон, Галилео Галилей, Николай Коперник зэрэг шилдэг эрдэмтдийн судалгааны ажлын эх хувилбаруудыг үзэх боломжтой. Энэ төвд өгөгдлийг үзэгдэл болгох, нэмэлт бодит байдал, био хэмжээс, хиймэл оюун ухаан зэрэг шилдэг технологийг өргөнөөр ашиглах гэнэ.

Гол барилга од гарагсыг санагдуулам гурван байгууламжаас бүрдэнэ. Харин цогцолбор гаднаасаа уран зөгнөлт киноны сансрын хөлөг эсвэл гарагс эргэлдэж буй тойрог замыг санагдуулах гэнэ. Цогцолборыг экологийн цэвэр материалаар ногоон технологийн шилдэг шийдлийг ашиглан байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top