Тестостерон буюу эр бэлгийн дааврын төвшин багатай эрчүүд коронавирусний халдварын хүнд хэлбэрээр өвчлөх, нас барах эрсдэл өндөр болохыг Италийн эрдэмтэд тогтоожээ.
“MedicalXpress”-д мэдээлснээр, Миланы Сан Рафаэль их сургуулийн эмнэлгийн профессор Андреа Салониа тэргүүтэй эрдэмтдийн баг өнгөрсөн онд коронавирусний халдварын оноштой эмнэлэгт эмчлүүлсэн 286 эрэгтэй өвчтөний мэдээллийг судалсан байна. Эр бэлгийн дааврын төвшин багатай эрчүүд эрчимт эмчилгээнд орох, хиймэл амьсгалын аппаратад залгуулах нь их байжээ. Түүнчлэн ийм эрэгтэйчүүдийн эдгэрэх хугацаа удаан үргэлжилснээс гадна нас барах эрсдэл зургаа дахин өндөр байсан гэнэ. Ингэхдээ тэд цусаа хандивласан 305 эрүүл чийрэг эрэгтэйчүүдийн сорьцтой харьцуулсан байна.
Коронавирусний халдвар авсан эрэгтэйчүүдийн 90 орчим хувьд тесторстероны хэмжээ буурсан байжээ. Энэ үзүүлэлт дунджаар 2.5 хувьтай байсан бол эрүүл эрчүүдийн хувьд энэ нь 17 хувьтай байдаг байна. Хөнгөн хэлбэрээр халдварласан эрчүүдийн энэ үзүүлэлт 3-4 хувьтай байсан бол халдварын улмаас нас барсан эрэгтэйчүүдийн эр бэлгийн дааврын хэмжээ 0.7-1 хувь байсан аж.
Ингэхдээ эрэгтэйчүүдийн нас, биеийн жин өвчний явцад нөлөөлөөгүй байна.
Коронавирус эрчүүдийн дааврын хэмжээнд нөлөөлсөн үү эсвэл дааврын хэмжээ коронавируссний халдварын явцад нөлөөлснийг баттай хэлэх боломжгүй байна гэж эрдэмтэд онцолжээ. Учир нь эдгээр өвчтөний халдвар авахаас өмнөх мэдээлэл байхгүй байна. Гэхдээ Салониа профессор эр бэлгийн даавар эрчүүдийг олон төрлийн өвчнөөс хамгаалахад багагүй үүрэг гүйцэтгэдэг гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эр бэлгийн даавар чухал гэж байна шүү найз нараа.