Дэлхийд тархсан коронавирусний нийт биеийн жин дөнгөж 10 кг хүрнэ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Одоогийн байдлаар дэлхийд эргэлдэж буй SARS-CoV-2 коронавируснүүдийг нийлүүлэхэд нийт жин нь дөнгөж 10 кг хүрнэ гэж Израилийн Вейцманы хүрээлэнгийн мэргэжилтнүүд тогтоожээ.

“Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд дурдсанаар, нэг хүн хэдий тооны коронавирусийг тээдэг болохыг тооцоолохын тулд эрдэмтэд сармагчны уушги, бүйлсэн булчирхай, тунгалгийн зангилаа болон хоол боловсруулах тогтолцооны эсүүд дэх вирусний хэмжээг тодорхойлсон өмнөх судалгаануудын үр дүнд тулгуурласан байна. Эдгээр өгөгдлийг хүний бие организмын онцлог болон хүний биед байхдаа хувьсан өөрчлөгддөг вирусний мутацтай хамт тооцоолсны үндсэн дээр эрдэмтэд нэг хүн халдварын оргил үедээ 1-10 микрограмм вирус тээдэг болохыг тогтоожээ. Дэлхийд халдвар авсан хүний тоог харгалзан үзвэл дэлхийд тархсан коронавирусний нийт биеийн жин дөнгөж 0.1-10 кг хүрэх гэнэ. Жингийн хэлбэлзэл ийм их байгаа нь хүн бүрт вирусний ачаалал өөр өөр байдагтай холбоотой аж. Шинж тэмдэггүй өвчтөнүүдийн биед вирусний агууламж бага байх бол хүнд хэлбэрийн өвчтөнүүдэд энэ үзүүлэлт өндөр байх юм.

Израилийн эрдэмтэд тэдний энэхүү судалгааны ажил мэргэжил нэгт нөхдөд нь шинэ судалгаа хийх сэдэл өгнө гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.24.161) 2021 оны 07 сарын 10

Хүн төрөлхтний эсрэг хийсэн ноцтой нэмт хэрэг буюу корона вирусийн голомт Хятадад байгаа. Монголд тархааж монголчуудыг өвчлүүлж үхүүлснийхээ төлбөрт 10 их наяд америк доллар төлөх ёстой Хятад улс. Үүнийг нэхэмжлэхийг Хүрэлсүхээс, Занданшатараас, Оюун Эрдэнээс шаардаж байна.

0  |  0
Top