Ковидийн өмнө дэлхий дахин нуран унаж буйг харуулах НОЦТОЙ баримтууд -1

Админ | Zindaa.mn
2021 оны 07 сарын 09

Хүн төрөлхтөн коронавирустэй ''танилцаад'' өдгөө хоёр жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж, олон хүнийг энэ хорвоогоос авч одсон үхлийн аюулт өвчин өнөөдрийн байдлаар дэлхий даяар 4 сая гаруй хүний аминд хүрээд байна.

Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байгаа нь зарим улсуудын халдварын тоо баримтаас харахад ил билээ. 

Жишээлбэл, коронавирусийн мутацлагдсан дельта хувилбар анх илэрсэн Энэтхэг улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 30 саяд хүрч, дэлхий дахиныг түгшээсэн. Халдварлах чадвар өндөртэй дельта хувилбар Энэтхэгт 404 мянган хүний амийг авч одсон бөгөөд хайртай дотнын хүмүүсээ эцсийн замд нь үдэж, салах ёс хийх ч боломж олгоогүй. 

ЭНЭТХЭГ: Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, ариун Ганга мөрөн чандмань эрдэнэ болсон усаар бус хүний цогцсоор ''урсаж'' байсан өдрүүд дуусаагүй

Коронавирусээр өвчилсөн иргэд цээж дүүрэн амьсгалахыг мөрөөдөж, эмнэлгийн ор сулрахыг хүлээсээр таалал төгсөж байлаа. Цогцос чандарлах газрын ажилчид сэхээ авах завгүй үхэгсдийг эцсийн замд үдсээр тасралтгүй зүтгэж байлаа.

Туйлдаа хүрсэн эмч, эмнэлгийн ажилчид амь гуйсаар эцсийн амьсгалаа хураасан хэдэн мянган өвчтөнүүдийнхээ өмнөөс хэчнээн их шаналж, цөхөрсөн бол? Хүний нөөц хүрэлцээгүй, амьсгалын аппаратын хангалт муутай нөхцөлд эмнэлгийн гадаа амь тавьсан зүрх бүхний төлөө бид халдвар хамгааллын дэглэмээ сахиж, эрхэм баян эрүүл мэндээ хайрлаж, хариуцлагатай иргэн байх үүрэгтэй билээ.

ИНДОНЕЗ: Өдөрт мянган хүн нас барж, оршуулгын газрууд бүгд ДҮҮРСЭН

30 настай Пүжи Априанигийн хувьд энэ өдөр баярын өдөр ч байж болох байлаа. Тэрээр хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж байсан бөгөөд амаржихаасаа хэдхэн долоо хоногийн өмнө коронавирусээр өвчилж, нас барсан юм. Есөн сар тээж, уулзах өдрөө хоног тоолон хүлээж байсан үрийнхээ зулайг ч үнэрлээгүй энэ хорвоогоос явсан бүсгүй Индонезод дэгдсэн коронавирусийн мутацит хувилбараар өвчилж нас барсан 62 мянган иргэний нэг нь.

270 сая хүн амтай Индонез улсад коронавируст халдварын шинэ тохиолдлын тоо өдөр өдрөөр маш хурдацтай өсөж, өнгөрсөн долоо хоногт л гэхэд шинээр бүртгэгдсэн халдварын тоо хоёр саяыг давсан байна. 

Вирусийн мутацилагдсан өндөр халдварлах чадвартай дельта хувилбарт эзлүүлсэн Индонезид эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, хүндэрсэн өвчтөнүүдийг майханд тусгаарлан эмчилж байгаа ажээ. 

2,500,000 хүн амтай Медан хотод л гэхэд өнгөрсөн зургаан сарын турш сургуулийн насны хүүхдүүдийн дунд 1800 халдварын тохиолдол бүртгэгдэж, 14 хүүхэд нас барсан байна.

Мөн 1000 гаруй эмч, эмнэлгийн ажилчид коронавирусээр өвчилж, хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Тэдний 14 нь вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан байжээ.

Монголчууд үхэгсдийг эцсийн замд нь үдэхдээ ихэд хүндэтгэлтэй хандаж, нарийн ёсыг дагадаг. Гэтэл хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж үлдсэн гэр бүл, төрөл төрөгсөд нь эцсийн замд нь үдэж, шарилыг нь хүн ёсоор хөдөөлүүлэх эрхгүйн зовлонгоор олон сая Индонез иргэд шаналж байна.

СИНГАПУР, ТАЙВАНЬ: Голсон вакцин голд оров

Сингапур болон Тайвань улсууд хүн амаа вакцинжуулах ажлаа алгуур эхэлж, удаашралтай явуулж байгаа нь коронавирусийн өмнө сөхөрч уначxаад байгаагийн гол шалтгаан. Жишээлбэл, Тайвань улсад коронавируст халдварын тохиолдол бага бүртгэгдэж байх үед ард иргэд нь Астра Зенека вакциныг хийлгэхгүй хэмээн цааргалж байв.

Гэсэн ч өдөрт илрэх тохиолдлын хэмжээ нэмэгдэхийн хэрээр вакцин хийлгэхээр урт дараалалд зогсох болжээ. Хэдий иргэдийн вакцинд хамрагдах идэвх ихэссэн ч вакцины нөөц бололцоо шавхагдсан байна. Ингээд 24 сая иргэнтэй Тайвань улс 549 иргэнээ коронавируст халдварын улмаас алджээ.

Уг вирусээр өвчилсний эхний шинж тэмдэг 39-аас дээш ойрхон болон олон хоног халуурах, толгой өвдөх, ханиалгах зэргээр илэрнэ. Тухайн хүний биеийн дархлаанаас мөн шалтгаалаад өвчний илрэх шинж өөр өөр байдаг.

Дархлаа султай болон, өндөр настай, бага насны хүүхдүүд илүү хүндээр өвчилж хатгалгаа, бронхит болох нь элбэг. Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо одоогийн байдлаар дэлхий дахинд 185 саяд хүрсэн бол нас барсан хүний тоо 3,99 сая болоод байна. Албан ёсны мэдээ ийм байгаа боловч халдвар авсан хүний тоо хэд дахин их байгаа гэдгийг эх сурвалжууд баталсаар байна.

АМЕРИК: Амны хаалт ЗҮҮХГҮЙ байх нь миний эрх

Хөл хориог эсэргүүцэн жагсаал цуглаан хийнэ, вакцин тариулахгүй хэмээн тэмцэнэ, амны хаалт зүүх зүүхгүй нь миний эрх хэмээн үйлчилгээний ажилчидтай маргалдана. Мэдээж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөөг дагаж мөрдөх хүмүүс олон байгаа ч АНУ-ын төрийн тэргүүн нь хүртэл ''Коронавирус бол зүгээр л хамрын ханиад төдий'' хэмээж, өвчний хор хөнөөлийг дутуу үнэлснээс болж вирус газар авч, өдгөө энэ өвчнөөр 600 мянган иргэнээ алдаад байна.

Гэсэн ч энэхүү тоог дарагдуулсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд ойролцоогоор 900 мянга орчим хүн амь насаа алдсан хэмээж байна.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа тул зөвхөн хүндэрсэн, хавсарсан өвчтэй, өндөр настай, жирэмсэн гэх мэт иргэдийг хүлээн авна гэсэн ч дархлаа муутай ахмад настнуудад ч эмнэлгийн ор, тусламж олдохгүй эмнэлгийн гадаа амьсгал хурааж байна.

Мөхлийн ирмэг дээрх БРАЗИЛ

Өдгөө 530 мянган хүнээ коронавируст халдварт ялагдан, алдчихаад байгаа улс бол Бразил юм. 211 сая хүн амтай Бразил улсад 19 сая иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ.

Энэ оны гуравдугаар сард коронавирусийн шалтгаант нас барагсдын тоо 300,000 давах үед ард иргэдийн дунд бослого тэмцэж гарсан бөгөөд, эрүүл мэндийн салбарын учир дутагдалтай байгаа, төрийн өндөрлөгүүдийн утгагүй шийдвэрүүдийг эсэргүүцэн иргэд нь жагсаал байгуулсан билээ.

Мөн дараа нь коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 500,000 давах үед дахин жагсаал болсон юм. Тэд эрх баригчдыг огцорч, коронавирусийн эсрэг үр дүнтэй ажил хий хэмээн шаардсан юм.

Бразилын Ерөнхийлөгч уг асуудлыг улс төржүүлэх шаардлагагүй хэмээн иргэддээ уриалсан бөгөөд Цар тахалтай хүнд хэцүү үед гэртээ байж, жагсаал цуглаанд оролцох хэрэггүй. Амь насаа нэгдүгээрт тавих хэрэгтэй гэжээ.

Т.ТЭРГЭЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top