Ковидын үеийн ЗЭЭЛ, ТУСЛАМЖУУД ба бэлэн бус БЭЛЭН БАЙДАЛ

2021 оны 07 сарын 19

Монгол Улс 2020 оны эхнээс арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд ковидын эсрэг “бэлэн байдлыг” хангахдаа, олон улсын донор байгууллагууд болон хөгжлийн түнш орнуудаас 418.9 сая ам.долларын зээл, тусламж авах гэрээ байгуулсныг өмнө нь мэдээлж байсан билээ.

Төсвийн дэмжлэг, төслийн санхүүжилт гэсэн нэршлүүдтэй ч, эцсийн дүндээ улсын өрийн хэмжээг 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх гэрээнүүд гэж хэлэхэд болно. Цар тахлын эсрэг бэлэн байдлыг хангахад чиглэсэн зээл, тусламжийн гэрээнүүдийн хүрээнд төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирэх санхүүжилтүүд  өнгөрсөн оны сүүлийн сар гэхэд 70 орчим хувьтай  байсан. Түүнчлэн ковидын үед гаднаас орж ирж буй  мөнгөний зарцуулалт анхаарал татсан сэдэв байх ёстойг сануулъя.

Бүтэн арван сарын туршид элдэв олон зээл тусламжаар БЭЛЭН БАЙДЛАА хангасан гэх хэр нь эрүүл мэндийн салбар нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн бэлэн байдлаа хангаагүй хэвээрээ байсан нь 2021 оны төсвийн тодотголд нэмж тусгасан зардлуудаас харагдаж буй.

Тэгвэл онцгой үед зардлуудаа эрэмбэлж чадахгүй биднийг мунгинаж суугаа энэ үед ч олон улсын байгууллагуудаас  ээлжит тусламжийн мэдээ ирж байна.

Тухайлбал, Азийн Хөгжлийн Банк (АХБ) Монгол Улсад коронавирусний өвчлөлийг оношилж, тархалтыг хязгаарлах арга хэмжээг бэхжүүлэхэд зориулж 5.36 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох шийдвэрийг энэ сарын 12-ны өдөр гаргажээ.

“Цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд урвуу транскриптацат полимеразийн гинжин урвалын буюу RT-PCR шинжилгээ хийх сургалт явуулж, шаардлагатай нөөц бололцоогоор хангахын зэрэгцээ хүн амын зорилтот бүлгийг ковидын эсрэг вакцинд хамруулах замаар цар тахлын тархалтын эсрэг Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх юм байна.

АХБ-ны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкулов “Монгол Улсад КОВИД-19 үргэлжлэн тархах эрсдэл өндөр хэвээр байна. Үүнээс үр дүнтэй сэргийлэхийн тулд КОВИД-19-ийн оношилгооны лабораторуудын сүлжээг өргөтгөж, RT-PCR шинжилгээ хийх хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний хажуугаар цар тахлыг хяналтдаа авч, хилээр нэвтрэх хөдөлгөөн, аж ахуйн нэгжүүд, сургуулиудыг аюулгүй нээхийн тулд ковидын бүрэн вакцинжуулалтад нэн яаралтай бэлтгэх шаардлагатай” гэсэн байна.

Энэхүү буцалтгүй тусламжаар молекул биологийн 10 лабораторийг RT-PCR шинжилгээ хийх хүчин чадалтай болгон өргөжүүлж, хувийн хамгаалах хэрэгсэл, гар ариутгагч, халуун хэмжигчийн нөөцөөр ханган, дархлаажуулалтыг аюулгүй явуулахад дэмжлэг үзүүлнэ. Төслийн хүрээнд вакцинжуулалтын эрүүл ахуй, хяналтыг сайжруулах зорилгоор зорилтот бүлгүүдийг амжилттай вакцинд хамруулах, вакцины дараах хяналтыг хийхэд мөн тусламж үзүүлэх аж.

АХБ нь Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-гаас энэхүү төсөлд олгох 5 сая ам.долларыг удирдан зарцуулна. Япон Улсын Засгийн газрын санхүүжилттэй ЯБЯС нь сүүлийн 20 гаруй жилийн турш Монгол Улсын ядуурлыг бууруулж, амьжиргааг дээшлүүлж, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүдэд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын Засгийн газар мөн уг төсөлд 360 мянган ам.долларын хамтарсан санхүүжилт олгох юм.

Энэхүү төсөл нь ковидын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамруулах АПВАКС хөтөлбөрийн санхүүжилттэй нягт уялдаж байгаа аж. Тус хөтөлбөр нь 2024 онд дуусах юм.

Тодотгоход, ковидын эсрэг арга хэмжээнд зориулж дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагуудаас Монгол Улсад тусламж үзүүлсэн тухай мэдээллүүд бий. Тэдгээрээс заримыг нь дурдвал: 

 

  • Европын Холбоо 2020-2023 онд Монгол Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая еврогийн буцалтгүй тусламж олгох шийдвэрийг 2020 оны тавдугаар сард гаргасан. Энэ хүрээнд эхний ээлжийн 16 сая еврогийн санхүүжилтийг өнгөрсөн оны аравдугаар сард олгосон. Уг санхүүжилтийг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад ашиглана гэж манай улс авсан.

 

  • ХБНГУ олон жилийн түнш Монгол Улсад  цар тахлын  үед дэмжлэг үзүүлж, 2020 оны наймдугаар сард 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгосон. Холбооны Батлан хамгаалах  яамнаас олгосон энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгийг  ковидын халдварын эмчилгээнд шаардлагатай  эмчилгээний тоног төхөөрөмж, эм болон хамгаалалтын хэрэгслээр хангахад зориулна гэж мэдэгдэж байсан.  Энэ хүрээнд Герман улсаас 20 ширхэг зөөврийн амьсгалын аппаратыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд  Г.Сайханбаярт хүлээлгэн өгч байв.

 

  • Монгол Улс хүн амынхаа 60 хувийг КОВИД 19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулах зорилтыг хэрэгжүүлэхэд Япон Улсын Засгийн газраас санхүүгийн томоохон дэмжлэг үзүүлэх шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 10-нд гаргасан. НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан олгох 21,5 сая  ам. долларын энэхүү буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах чиглэлд хэрэгжүүлэх хоёр төслийн санхүүжилтэд зарцуулах бөгөөд төсөл нь бүх нийтийг ковидын эсрэг дархлаажуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зарцуулах юм.

 

  • Эрүүл мэндийн салбарт үзүүлэх дэмжлэг туслалцааны хувьд КОВИД-19 цар тахлын эсрэг Дэлхийн банкнаас үзүүлэх эрүүл мэндийн яаралтай тусламжийн эхний багцад Монгол Улс багтсан. Нийт 26.9 сая ам.долларын санхүүжилттэй Mонгол улсад КОВИД-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төсөл нь цар тахал дэлхий дахинд дэгдэж буй энэ үед эрүүл мэндийн яаралтай тусламжийн хэрэгцээг хангах, цаашид эрүүл мэндийн хямралын нөхцөлд илүү бэлтгэлтэй байхад туслах юм. КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхийн тулд Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Дэлхийн Банк олгохоор болсон. Тус санхүүжилтийг нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж болон хяналт шалгалтын эрсдэлтэй цэгүүд дээр ажиллаж буй албан хаагчид, эрүүл мэндийн салбарын ажилчдад хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн.

 

Ковидын үед гаднаас авсан, цаашид авахаар гэрээ байгуулсан зээл, буцалтгүй тусламжийн мэдээллүүдийг бүгдийг нь жагсаавал урт дараалал гарах төлөвтэй. Гол нь бид эргэн төлөх зээл ч бай, буцалтгүй тусламж ч бай, аль алийг нь үр дүнтэй, өгөөжтэй зарцуулж чаддаг болох шаардлагатай юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mnbvc(88.116.92.142) 2021 оны 07 сарын 19

Дарга нар н хувьдаа авчихсан

0  |  0
Зангараг (202.179.24.161) 2021 оны 07 сарын 19

Зарцуулалтын тайлан, хяналт хаагуур явагдаж байгаа вэ малнууд аа?

1  |  0
Top