Энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 6.9 хувь байхаар Төв банк тооцоод буй. Энэ нь өмнөх төсөөллөөс өссөн тооцоолол юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх төсөөллөөс нэмэгдүүлсэн хэдий ч КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт эмзэг, жигд бус байна. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх бодлогын арга хэмжээ, гадаад орчны сэргэлттэй уялдуулан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүллээ.
Эдийн засгийн өсөлт 2021 оны нэгдүгээр улиралд төсөөллөөс өндөр гарсан хэдий ч цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор төсөөллийн тодорхой бус байдал нэмэгдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Өрхийн хэрэглээ сүүлийн хоёр улирал дараалан агшаад байгаа нь өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн бол хөрөнгө оруулалт сэргэж, цэвэр экспорт нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтийг тэтгэсэн байна. Түүнчлэн уул уурхайн салбараас гадна уул уурхайн бус ихэнх салбар уналтаас өсөлтийн төлөвт шилжиж байна. Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв КОВИД-19-ын дотоод тархалтын нөхцөл байдлаас өндөр хамааралтай үйлчилгээний салбар, түүнийг дагасан ажил эрхлэлт, өрхийн орлого, хэрэглээнээс хамааралтай байна. Мөнгө, сангийн бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээ, гадаад орчны сэргэлтийг даган уул уурхайн бус салбарын үйлдвэрлэлийн сөрөг зөрүү 2-3 улирлаар наашилж 2022 оны эхнээс хаагдах хүлээлттэй байна. 2021 оны дөрөвдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нь хоёрдугаар улирлын эдийн засгийн идэвхжлийг сааруулах нөлөө үзүүлсэн ч вакцинжуулалт үргэлжилж, хөл хорионы дэглэм суларснаар оны сүүлийн хагаст эдийн засаг аажмаар сэргэх суурь хүлээлт хэвээр байна. Ирэх онд уул уурхайн салбар дахь нөөцийн агууламжийн өөрчлөлттэй холбоотойгоор тус салбарын өсөлт саарах хэдий ч уул уурхайн бус салбарын өсөлт ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг тэтгэнэ. Түүнчлэн гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлогын өсөлт эдийн засгийн дотоод эрэлтийг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Чадах уу улаан коммунистууд.